“Хотын залуучууд ‘Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ’ гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ”
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
АИХ-ын 89-р тойргийн депутат Л.Пүрэвгял: Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон онцгой комиссын дарга шадар сайд асан Пүрэвдорж нар дээр хэд хэдэн удаа орж мэдээлэл өгч, асуудал тавьж шийдүүлж байсан
-БНМАУ-ын АИХ-ыг сонгох 1990 оны сонгууль аль ч үед байгаагүй жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болсон. Энэ үед миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум-нэгдлийн даргын алба хашиж байгаад сум, нэгдлийн удирдлага салж Сумын гүйцэтгэх захиргааны даргын албаа өгч “Батзам” нэгдлийн даргаар үлдсэн үе.
Ардын Их Хурлын сонгуульд МАХН-аас саальчин Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн. Миний бие Эрдэнэцогтод хөдөөгийн 5 баг (бригад) сумын төв нийт 6 хэсэгт нэр дэвшүүлэх хурал удирдах боллоо. Хурал эхлэхийн өмнө бригадын зоотехникч эмэгтэйд Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлэх бодлогоо хэлж, санал оруулахыг зөвлөөд намтрыг нь өглөө.
Хурал эхэллээ. Өнөө эмэгтэй босдоггүй. Цагаанчулуун (малчин) босоод миний нэрийг дэвшүүллээ. Би аргаа бараад өөрөө босч Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн боловч ер нь авч хэлэлцэх шинжгүй.
Тэгэхээр нь дахин босч “Би МАХН-ын гишүүн хүн Ц.Жавзанг дэмжиж байна. Та нөхөд намайг байгаа болохоор ийм хандлага гаргалаа. Намайг хүнд байдалд орууллаа. Нэр дэвшүүлсэнд баярлалаа” гэдгээ хэллээ. Санал хураахад 100 хувь надад санал өгчээ.
Хурал тараад өнөө эмэгтэйг дуудаад “Яагаад боссонгүй вэ, чадахгүй бол хэлэх нь яасан юм бэ” гэж зэмлэнгүй асуухад “Манайхан аль хэдийнэ ярьж тохирсон болохоор айгаад чадсангүй” гэж байна.
Гаднаас харахад өөрөө очоод өөрийнхөө нэрийг дэвшүүлээд ирсэн мэт санагдаад сэтгэл зовж байтал бүх багуудаас миний нэрийг дэвшүүлснийг мэдэж дотор онгойж билээ.
1991 оны 6 дугаар сард аймгийн орлогч даргаар ажиллах болсон. Баянхонгор аймгаас сонгогдсон депутатуудын бүлгийн ахлагчийн хувьд аль нэг асуудлаар хамтарч зөвшилцөх бодол саналаа нэгтгэх, зохиогдож буй ажилд зохион байгуулалттай оролцох, ирцээ бүрдүүлэх зэргээр хуралдаантай зэрэгцсэн янз бүрийн ажлууд үе үе давтагдана.
Үндсэн хуульд улсын нэр, газар өмчлүүлэх, Засгийн газрыг огцруулах эсэх зэрэг эгзэгтэй асуудлууд дээр саналаа үнэхээр нэгтгэж чадаж байсан. Газар өмчлүүлэх асуудлыг дэмжиж намайг үг хэлж байхад Дархан, Сэлэнгэ чиглэлийн зарим депутатууд араас хашгирч дургүйцлээ илэрхийлэхэд манай аймгийн Гурванбулаг сумаас сонгогдсон О.Нямдаваа асан тэдэнтэй маргалдаж, өндөр дуугаар “Монголын үржил шимтэй газар нь суучихаад, та нар юу юм бэ өмчлүүлж л таараа” гэж байж билээ. Олонхын саналаар үнэхээр ч өмчлүүлэхээр шийдэгдсэн дээ.
Их Хуралд депутатуудын олон бүлгүүд байсан. Аймгийн депутатуудын бүлгээс гадна Өвөрхангай аймгийн дарга асан Төмөрбаатараар ахлуулсан аймгуудын депутатуудын ахлагчдын бүлэг чухал үүрэгтэй, их нөлөөтэй байсан.
Аймгийн дарга Г.Цэдэндагватайгаа утсаар байнга холбогдож бензин шатахууны хангалт, машин тэрэг хуваарилах, Улаанбаатарын төвлөрсөн хэрэгцээнд мах нийлүүлэх, говь, тал хээрийн бүсийг хамарсан цасан шуурганы үр дагаврыг арилгах, мал өвөлжилтийн асуудлуудаар аймгийн орлогч даргын хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон онцгой комиссын дарга шадар сайд асан Пүрэвдорж нар дээр хэд хэдэн удаа орж мэдээлэл өгч, асуудал тавьж шийдүүлж байсан.
Хилийн гарц нээхийн тулд Александр генерал, Батжаргал сайд нартай Баянхонгор аймгийн депутатууд уулзалт зохион байгуулж энэ уулзалтаар Ма Зун Шингийн хилийн боомт нээх асуудлыг эхлэн хүчтэй тавьж энэ нь нэг жилийн дараа шийдэгдсэн дээ. Харамсалтай нь Их говийн дархан газрыг дайрсан замтай учраас хожим хаагдсан.
Их Хуралд сонгогдсон депутатуудын бараг дөрөвний нэг нь нэгдлийн дарга нар байсан. Энэ нь нэгдэл, нэгдлийн дарга нар улс орны амьдралд ямар их үүрэг гүйцэтгэж байсны илрэл, нөгөө талаар нэгдлийн дарга гэдэг албан тушаалд шилдэг сайн боловсон хүчнүүд ажиллаж байсныг харуулсан үзүүлэлт гэж боддог.
1990-ээд оны эхэн үе гэхэд нийт хүмүүсийн амьдралын түвшин ойролцоо өмчөөрөө ялгарсан ялгаа газар аваагүй байсан үе. Хотын залуучууд “Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ” гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ. Амралт, завсарлага, хоол унданд бөөнөөрөө явна.
Ихэвчлэн гял, цал юмгүй даавуун пальтотой, туулай юм уу бужгар хурган малгайтай бөөдийсөн нөхөд л харагдаа биз. Мэдээж зонхилох нь хөдөөнийх юм чинь. Үндсэн хууль батлахад ер нь намчирхсан хандлага байгаагүй. Урт настай сайн хууль болгохыг хүн бүр зорьж байсныг хэлэх нь зүй.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Сэтгэгдэл