“ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗӨВЛӨМЖИД ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Д.Тулга / Улстөр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар тус үйлдвэрийн “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх журам” баталсантай холбогдуулан уг журмыг танилцуулах сургалт өнөөдөр боллоо. Сургалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал энэхүү журмын эрэлт хэрэгцээ, онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн бол журмын бүтэц, агуулгын дэлгэрэнгүй танилцуулгыг Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн Хяналт шалгалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Б.Хулан хийлээ. Журмын танилцуулга сургалтад Эрдэнэт үйлдвэрийн худалдан авахын А3 гэрчилгээтэй үнэлгээний хорооны гишүүдээр ажилладаг ажилтнууд, хараат бус гишүүд болон газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зарим асуудал, журмын агуулга чиглэлээр санал бодлоо солилцов.

Энэ онд тус үйлдвэрийн хэмжээнд нийт 1000 гаруй худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж, Үнэлгээний хороодыг байгуулж эхлээд байна. Үүнтэй уялдуулан “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх” журмыг шинэчлэн баталж, хэрэгжүүлэгчээр Хяналт хариуцсан менежер томилогдон ажиллаж байгаа юм.

Эл журмын онцлог болон баримтлах бодлого чиглэлийн талаар Хяналт хариуцсан менежер И.Мөнхжаргалаас тодруулахад, “Энэ журмаар хэд хэдэн асуудлын зохицуулалтыг тодорхой тусгасан. Тухайлбал, худалдан авахтай холбоотой хардлага, буруу ойлголтод ил тод мэдээлэл өгөх, иргэдэд хүртээмжтэй, хяналттай болгох үүднээс Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах боломжийг нээлттэй болгох, тэднийг урьж оролцуулан, үнэлгээний хорооны хүний нөөц бүрдүүлнэ. Мөн үнэлгээний хороод өрсөлдөөнийг хязгаарладаг гэсэн шүүмжлэлд их өртдөг. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч байгууллагуудын дунд тавигддаг шаардлагад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг заалт оруулахгүй байхаар журамд тусгасан. Нөгөө талаар, үнэлгээний хороонд голлон ажилладаг хангамжийн менежерүүд, албан тушаалтныг тодорхой хугацаанд үйлдвэрлэлийн нийт ажилтнуудаас сэлгэн ажиллуулах зарчим баримтлах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах технологийн түүхий эд, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт дээр байнгын үндэслэлгүй гомдол гаргаж, үйлдвэрлэлийн горим доголдуулж болзошгүй үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг чиглэлтэй ажиллана. Түүнчлэн, өмнө нь захиалагчийн хяналт зөвхөн хуулийн хүрээнд хийгддэг байсан бол уг журмаар үнэлгээний хороо шийдвэр гаргасан тохиолдолд 300 сая төгрөгөөс дээш худалдан авалт дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхийг тусгасан. Энэ нь нэг байгууллагын худалдан авалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад харилцан хяналт тавих, хараат бусаар ажиллах боломж нээж өгч байгаа юм” гэж онцоллоо.

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийг худалдан авах үйл ажиллагааны бүхий л шатанд ашиглаж байгаа ч хуулийн хүрээнд хяналтыг хүний оролцоотойгоор хийж, үнэлнэ. Мэдээж, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийн хяналтын үйл ажиллагаанд хөндлөнгийн мониторинг хэлбэрээр ашиглаад явна гэдгийг Хяналт хариуцсан менежер энэ үеэр дурдав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.