Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол Чингис хааны философийн үргэлжлэл юм

Aдмин / Улстөр

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамбыг “Монгол Улсын төлөө” буландаа урьж, ярилцлаа.

-“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийн тухай тантай ярилцъя гэж бодлоо. Олон нийт нэрийг нь хараад л зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын бодлоготой илүү уялдаа холбоотой гэж ойлгоод байна л даа. Гэтэл яг судлаад үзэхээр улс орны хөгжлийн цогц асуудал юм билээ. Түүхийн хувьд Чингис хааны байлдан дагуулалтын үеэс хэрэгжиж ирсэн стратеги гэж ойлгосон. Эхлээд түүхэн талаас нь тайлбарлахгүй юу та?

–Ер нь аливаа улс үндэстэн тодорхой сорилт, бэрхшээлтэй тулгарах үедээ түүнийг даван туулах өөрийн гэсэн стратеги, арга замыг сонгон хэрэгжүүлж ирсэн байдаг. Түүхэн цаг хугацааны хувьд авч үзвэл, Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс эхлэн ийм стратегийн сэтгэлгээ төлөвшиж ирсэн. Тухайн цаг үед удаан хугацаанд үргэлжилсэн дайн тулаан, дотоодын зөрчил, хагарал хуваагдлыг даван туулахын тулд нэгдмэл, цогц стратегийг хэрэгжүүлж эхэлсэн нь төр улсыг тогтоон бэхжүүлэх суурь болж иржээ. Үүнээс хойш Төв Азийн болон Монголын нутаг дэвсгэрт олон төрт улс мандан бадарч, зарим нь мөхсөн түүх бий. Ер нь аливаа улс үндэстэн нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг, байгаль цаг уур зэрэг олон талт сорилт, бэрхшээлийг даван туулж чадсан тохиолдолд оршин тогтнож, харин давж чадаагүй нь мөхөж байсан зүй тогтол ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, сорилтыг даван туулах чадвар нь тухайн улсын хувь заяаг шийддэг байжээ.

XIII зуунд Монгол угсааны олон овог аймаг тархай бутархай, дотоодын зөрчилтэй, мөн гаднын улс төрийн нөлөөлөлд автсан байдалтай байсан. Ялангуяа хөрш зэргэлдээх улс орнуудын нөлөө, дотоодын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь нийгмийн эв нэгдэл, үнэт зүйлсийг сулруулахад хүргэж байв. Ийм цаг үед Чингис хааны манлайлал дор төр, нийгэм, ард иргэдийн хамтын хүчин чармайлт, эв нэгдэлд тулгуурласан сөрөн тэсвэрлэх стратеги бий болж, тархай бутархай овог аймгууд нэгдэн Монгол хэмээх төрт улсыг байгуулсан. Үүний үр дүнд хүн ам, эдийн засаг, цэргийн чадавхаараа хэд дахин давуу байсан улс орнуудын эсрэг амжилттай сөрөн зогсож, улмаар Их Монгол Улсыг цогцлоон байгуулсан. Энэ үйл явцыг орчин үеийн олон улсын судлаачид ч “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийн нэг тод жишээ гэж хүлээн зөвшөөрч байна.

-Саяхан та АНУ-д очиж “Чингис хааны сөрөн тэсвэрлэх философи ба Монголын стратеги” лекцээ эрдэмтэн судлаач нараар хэлэлцүүлээд ирсэн. Ер нь Чингис хааны сөрөн тэсвэрлэх философийг судлаачид хэрхэн хүлээн авч тайлбарлаж байна вэ?

–Чингис хааны байгуулсан Их Монгол улсын амжилтын цаад суурь нь түүний сөрөн тэсвэрлэх философитой салшгүй холбоотой. Энэ нь зөвхөн цэрэг, дайны стратеги бус, харин аливаа улс үндэстэн болзошгүй хямрал, эрсдлийг урьдаас танин мэдэх, түүнийг даван туулж, хүчирхэгжин хөгжих цогц хандлага байсан гэж тайлбарладаг. Чингис хаан бага наснаасаа эхлэн асар их сорилт, бэрхшээлийг туулсан ч тэдгээрт сөхрөөгүй, харин ч улам хатуужиж, алдаанаасаа суралцан, илүү чадварлаг удирдагч болон төлөвшсөн. Тэрээр бэрхшээлийг ганцаараа биш, анд нөхөд, овог аймгийн эв нэгдэлд тулгуурлан даван туулж, илүү хүчирхэг дайсантай тулгарах бүрдээ өөрөө болон хамт олон нь улам бэхжин хөгждөг онцлогтой байсан. Энэ хандлагыг орчин үеийн судлаачид хэцүү бэрхийг даван туулах тусам хүчирхэгжих буюу сөрөн тэсвэрлэх стратегийн цөм гэж үздэг. 2015 оноос хойш өрнөдийн цэрэг, улс төрийн судалгаанууд энэ асуудалд илүү төвлөрч Чингис хааны арга барилыг орчин үеийн стратегийн сэтгэлгээтэй холбон тайлбарласан судалгаа шинжилгээний ажлууд ч гарсан.

Өнөөдрийн байдлаар үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, геополитикийн зөрчил мөргөлдөөний шийдлийн янз бүрийн хувилбарыг Чингис хааны стратегитай уялдуулан авч үзсэн олон судалгаанууд хийгдсэн.

Цаашлаад XIII зуунаас өнөөг хүртэлх Монголын түүхийг авч үзвэл, монголчууд бид гадаадын улс төр, эдийн засгийн дарамт, шашин, соёлын нөлөөлөл, дотоодын хямрал, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл зэрэг олон сорилтыг туулж ирсэн. Гэсэн ч монголчууд хүн ам зүйн өвөрмөц онцлог, нүүдлийн соёл иргэншил, эх хэл, өв уламжлал, төрт ёсны залгамж чанараа хадгалж чадсан нь мөн л энэ сөрөн тэсвэрлэх сэтгэлгээний илрэл юм. Тухайлбал, та бид Манж Чин улсын дарлал, социализм, орчин үеийн даяаршлын нөлөөлөл зэрэг нийгмийн олон өөрчлөлтийн үед үндэсний өвөрцөц байдал, үнэт зүйлсээ хадгалж ирсэн. Энэ нь бидний тулгарсан сорилтыг даван туулахын зэрэгцээ дасан зохицож, улмаар оршин тогтнох чадварыг илэрхийлж байна. Тэгэхээр энэ философи нь зөвхөн түүхэн ойлголт бус, харин өнөө цагийн бодлого, хөгжлийн чиг хандлагад ч чухал ач холбогдолтой.

Өнөөдөр ч дэлхийн дахинд геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн эрс, эмзэг өөрчлөлтүүд, эрчим хүч, стратегийн нөөцийн хямрал, дайн, олон улсын дэг журам, харилцаа, хамтын ажиллагааны мухардал зэрэг олон эрсдэл үүсэн гарч, зарим талаараа нөхцөл байдал дордож байна шүү дээ. Ийм нөхцөлд сөрөн тэсвэрлэх стратегиа зөв тодорхойлж, эв нэгдэл, зохион байгуулалт, тэсвэр хатуужилд тулгуурлан ямар ч хямрал, сорилтуудыг даван туулах ёстой.

-Тэгэхээр бид “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”- аа хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой вэ. Албан ёсоор батлагдсан баримт бичиг бий юу?

–Монгол Улсад “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг төрийн бодлогын түвшинд тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлд тодорхой алхмууд хийж эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийн геополитик, геостратегийн эмзэг өөрчлөлтүүд, эдийн засаг, улс төр, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тасалдал, технологийн тэгш бус байдал зэрэг гадаад, дотоод орчны олон сорилтыг харгалзан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-”ыг шинэчлэх үйл явц эхэлсэн. Үүний үр дүнд “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” буюу аливаа хямрал, эрсдэлийг даван туулах, үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэл бий болсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сөрөн тэсвэрлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хямрал, эрсдэл, сорилт үүссэн үед түүнийг даван туулах стратегийн удирдлага, нөөц, бүх нийтийг хамарсан цогц чадавхыг бий болгох, төрийн байгууллагаас эхлээд иргэд, олон нийтийн оролцоог хангах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх албан ёсны төрийн баримт бичгийг боловсруулж батлуулахаар шийдвэрлсэн. Үүний тулд Батлан хамгаалахын сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг тодорхой бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулсан.

Ажлын хэсгийн хийсэн судалгаа, дүн шинжилгээ, олон талын санал, санаачилга, баримт бичгийн төслийн хувилбаруудад хийсэн харьцуулалт, хэлэлцүүлэн, нэгдсэн ойлголтын үр дүнд Монгол Улс нэн тэргүүнд эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, гамшигтай тэмцэх чадавх, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэнэ.

Тэгэхээр энэ стратеги нь нэг удаагийн баримт бичиг төдий биш, харин төрийн бодлого, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн амьдрал, үйл ажиллагаанд үе шаттайгаар шингэж, хэрэгжилтийн шатандаа орсон аюулгүй байдлын стратегийн шинэ хандлага гэж хэлж болно. Цаашид үүнийг илүү тодорхой болгохын тулд салбар хоорондын уялдаа, институцийн чадавх, нийгмийн оролцоо, стратегийн нөөц бүрдүүлэлт зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

-Үндэсний хэмжээний цогц ойлголт гэлээ. Ер нь энэ стратегийн бодлого нь хамгийн чухал гэж хэлж болох зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбартайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

–Сөрөн тэсвэрлэх стратеги гэх ойлголт нь анх өрнийн орнуудад буюу тухайлбал Швед, Финланд, Украин, Латви зэрэг улсад батлан хамгаалах бодлогын хүрээнд хөгжсөн. Мөн Япон, Сингапур, Тайван зэрэг Зүүн Азийн орнууд ч энэ чиглэлд туршлага хуримтлуулсан. Эхний үед цэргийн түрэмгийлэл, довтолгооноос сэргийлэх, бүх ард түмний оролцоотойгоор улсыг батлан хамгаалах гэсэн үзэл баримтлалд төвлөрч байлаа. Гадаадын хүчтэй түрэмгийлэлд өртөх үед төр, нийгэм, ард түмэн, цэрэг, арми бүхэлдээ нэгдэн эх орноо хамгаалах бэлтгэл, чадавхыг бүрдүүлэхэд чиглэж байсан. Харин 2015 оноос хойш ойлголт нь илүү өргөжиж, зөвхөн цэрэг дайны аюул бус, улс төр, эдийн засаг, байгал орчны зэрэг улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх олон талт, “хосолмол/гибрид” шинжтэй аюул заналыг хамрах болсон. Үүнд улс төр, нийгэм, эдийн засаг, мэдээлэл, кибер орчин, соёл зэрэг олон хүчин зүйл багтдаг. Тухайлбал, Англи улс 2000-аад оноос эхлэн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээ тасалдах эрсдэлийг үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг хэмээн үзэж, төр хувийн хэвшил иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан хямралыг даван туулах хариу арга хэмжээний тогтолцоог хөгжүүлж эхэлсэн. Мөн Финланд, Швед зэрэг улс орнууд түүхэн туршлагадаа тулгуурлан бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоог, бэхжүүлж, улмаар нийгэм, эдийн засаг, технологи, кибер аюулгүй байдлыг бүхэлд нь хамарсан систем болгож чадсан. Монгол Улсын хувьд энэ стратеги нь мэдээж Зэвсэгт хүчинтэй нягт холбоотой. Үүнийг хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлаж болно. Тухайлбал, Зэвсэгт хүчин иргэдийг эх орноо хамгаалах бэлтгэл, ур чадвартай болгон сургаж бэлтгэж байгаа нь нийгмийн үнэт зүйл болсон эх оронч үзэл, ёс суртахуун, тэсвэр хатуужил буюу нийгмийн сөрөн тэсвэрлэх чадавхид чухал нөлөөтэй. Мөн цэргийн сургалт, бэлтгэлээр дамжуулан иргэний хамгаалалт, орон нутгийн хамгаалалтад оролцож үүргээ биелүүлэхэд бэлтгэж байгаа нь төр, захиргааны байгууллага, иргэдийн гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх, аливаа гамшиг, эрсдлийг хохирол багатай, тэсвэр хатуужилтай даван туулах чадварыг хөгжүүлж байга хэрэг юм.

Энэ мэтчилэн цэргийн арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр бүх нийтийн оролцоонд тулгуурласан аюулгүй байдлын үндэсний чадавхийг бэхжүүлэхэд төр, нийгмийн бүхий л хэсгүүдийн оролцоо, хамтын хүчин чармайлт чухал болж байна.

-Хүнээр зүйрлэвэл бид дархлаа бий болгож, гаднаас ирэх аливаа эрсдэлийг даван туулах гээд байгаа. Тэгвэл улс орон маань хэр зэрэг дархлаатай байна вэ?

- НҮБ-ын дэргэдэх олон улсын судалгааны “Энх тайвны сан” байгууллагаас дэлхийн 100 гаруй орныг хамруулж, хямралд тэсвэртэй байлын үнэлгээ хийсэн байдаг. Энэ судалгаагаар дэлхийн улс орнуудын сөрөн тэсвэрлэх чадавхыг долоон үндсэн бүлэг, 100 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд Монгол Улс 120 орноос 49 дүгээр байрт орсон. Энэ нь “шар бүс” буюу эмзэг, дунд түвшний үнэлгээ гэсэн үг. Цаашид тодорхой үзүүлэлтүүдээ сайжруулахгүй бол “улаан бүс” буюу өндөр эрсдэлтэй ангилал руу орох магадлалтай. Бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал “Ногоон бүс” буюу тогтвортой ангилал руу ахих боломж бидэнд бий. Судалгаанаас харахад анхаарал татсан хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдэл гэсэн үзүүлэлтээр Монгол Улс сул үнэлгээ авсан. Энэ нь нийгмийн дотоод нэгдэл, итгэлцэл хангалтгүй байгааг харуулж байна. Хоёрдугаарт, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төрийн бодлого, тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцох оролцоо сул байна гэсэн дүгнэлт гарсан. Иргэдийн хувьд аюулгүй байдлын асуудлаас илүүтэй өдөр тутмын амьжиргаа, эдийн засгийн хэрэгцээ давамгайлж байгаа нь үзүүлэлтэд нөлөөлж байна. Гуравдугаарт, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг суурь салбаруудын үнэлгээ сул байсан. Эдгээр нь улс орны дархлааг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Цаашлаад кибер аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, бизнесийн орчин, хүрээлэн буй орчин зэрэг 40 гаруй үзүүлэлтэд Монгол Улс дундаас доогуур байр эзэлж байна. Тэгэхээр Монгол Улс хямралын хариу арга хэмжээ, даван туулах чадвараар сул, гэнэтийн “цочрол”, хямралыг даван туулах чадвар хангалтгүй гэсэн үг. Нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг байдалд орсон байна. Ийм нөхцөл байдал Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь зүгээр нэг онолын ойлголт биш, харин зайлшгүй хэрэгжүүлэх бодит шаардлага юм. Сорилт, хүндрэлүүдийг сөрөн давж, илүү хүчирхэгжин хөгжих Чингис хааны маань философи одоо цагт нэн чухал байна.

- Чингис хааны сөрөн тэсвэрлэх философийг олон улсад хүлээн зөвшөөрч байна гэж та хэлсэн. Ямар түүхэн баримт нотолгоо дээр тулгуурлан судлагдаж, батлагдаж байгаа вэ?

-Монголын түүхэн туршлага, ялангуяа Чингис хааны байгуулсан төрт ёс, стратегийн сэтгэлгээ нь олон улсын судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь “Монголын амар амгалан (Pax Mongolica)” гэсэн ойлголт юм. Түүхийн урт хугацаанд хүн төрөлхтөн тасралтгүй дайн, мөргөлдөөний дунд оршиж ирсэн гэж судлаачид үздэг. Харин XIII зуунд Их Монгол Улс байгуулагдсанаар Евразийн өргөн уудам нутагт харьцангуй тогтвортой, аюулгүй орчин бүрдсэн нь онцгой үзэгдэл болсон. Энэ үед худалдаа, соёлын харилцаа идэвхжиж, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн гарал үл харгалзан хүмүүс тодорхой эрх чөлөөг эдэлж байсан гэж барууны судлаачид онцолдог. Дэлхийн нөлөө бүхий улс орнууд “Монголын амар амгалан” болоод Чингис хааны байгуулсан дэг журам, аюулгүй байдлын тогтолцоог онцгойлон үнэлдэг. Мөн судлаачид Чингис хааны амжилтыг зөвхөн цэргийн хүчээр бус, харин түүний стратегийн сэтгэлгээ, ялангуяа сөрөн тэсвэрлэх чадвартай холбон тайлбарладаг. Тэрээр олон ялагдал, сорилтыг туулсан ч тэдгээрээс сургамж авч, улам бэхжин, илүү хүчтэй өрсөлдөгчдөө ялж чадсан. Дайсантай тулгарахдаа шууд хүчээр биш, харин суу билиг, арга ухаан, зохион байгуулалт, дипломат арга барилуудыг хослуулан ялалт байгуулж байсан гэдэг. Иймээс орчин үеийн их гүрнүүдийн ярьж буй “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”, “Гибрид аюулд дасан зохицох чадвар” зэрэг ойлголтууд нь тодорхой хэмжээнд Чингис хааны хэрэглэж байсан зарчим, туршлагатай дүйцэхүйц гэж үзэх судлаачид ч бий. Тэр ч утгаараа энэ философи нь зөвхөн Монголын түүхэн ойлголт бус, харин дэлхийн стратегийн сэтгэлгээний нэгэн жишиг туршлага болон судлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж байна.

- Байгалийн гамшиг, давтагдашгүй үзэгдлүүд ч их болж байна. Энэ нөхцөлийг хэрхэн даван туулах тухай стратегид тусгасан гэж ойлгосон? Үүнд Зэвсэгт хүчин ямар үүрэгтэй вэ?

–Ойрын болон дунд, урт хугацаанд хүн төрөлхтөнд тулгарах хамгийн том эрсдэлүүдийн нэг нь байгалийн эко системийн эрс өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, түүнээс үүдэлтэй гамшигт үзэгдлүүд юм. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ой хээрийн түймэр, үер, ган, зуд, газар хөдлөлт зэрэг гамшгийн давтамж, цар хүрээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Зарим судалгаагаар байгалийн гамшгийн тоо өмнөх зуунтай харьцуулахад хэд дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс шалтгаалаад байгалийн гамшиг нь дангаараа бус, бусад эрсдэлтэй хавсарсан олон хүчин зүйлийн буюу системийн аюул болж хувирч байна. Жишээлбэл, байгалийн гамшиг тохиох үед зэрэгцэн эдийн засгийн хямрал, үйлдвэрлэл, үйлчилгээний тасалдал, онц чухал бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, цэрэг, улс төрийн зөрчил үүсэх магадлал нэмэгдэж байна. Энэ нь нэг эрсдэл нөгөөгөө өдөөж, гинжин урвалаар шатлан өргөжих аюулыг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд улс орнууд “Гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоо”-г бүрдүүлэхэд анхаардаг. Монгол Улс ч гэсэн төрийн байгууллага, орон нутгийн нэгж, иргэдийн оролцоонд тулгуурласан шаталсан бүтэц бүхийн гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоотой. Гэвч гамшгаас хамгаалах асуудал нь зөвхөн Онцгой байдлын ерөнхий газрын үүрэг биш харин бүх нийтийн оролцоо, үүрэг, хариуцлага, ухамсар, соёл гэдгийг ойлгох асуудал орхигдож байгаа нь нууц биш. Гамшгаас хамгаалах асуудал нь урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэх зэрэг бүх үе шатанд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцдог цогц тогтолцоо юм.

Энэ хүрээнд Монгол Улсын зэвсэгт хүчин ч тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хууль, эрх зүйн хүрээнд Зэвсэгт хүчин нь байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед авран хамгаалах, хор уршгийг бууруулах, сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй оролцдог. Зөвхөн сүүлийн 5 жилийн дотор Зэвсэгт хүчнээс ой хээрийн түймэр, ган, зуд, үер зэрэг гамшгийн үед давхардсан тоогоор 12 мянга гаруй алба хаагчид, 500 гаруй техник үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөн иргэд, хүүхэд, залуучуудыг цэргийн алба, цэргийн сургалт бэлтгэл, эх оронч үзэл олгох сургалт, олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан гамшиг, ослын үед өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, аврах ажиллагаанд сургаж бэлтгэж байгаа гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагааны нэг чиглэл болж хөгжиж байна.

- Монгол Улс “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ. Одоогийн нөхцөлд гадаад орчны нөлөөлөл, хүчин зүйл амаргүй байх шиг байна?

-Эрх зүйн хувьд тодорхой суурь аль хэдийн бүрдсэн гэж хэлж болно. Тухайлбал, Терроризмтой тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулиудад тусгасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд нь тус тусдаа салангид бус, харин хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлага, уялдаа холбоотой төлөвлөлт, зохицуулалтын зарчимд тулгуурласан байдаг.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжуудад бүх талын идэвхтэй оролцоо, ойлголт, үүрэг, хариуцлага, тодорхой эрх, үүргийн хязгаарлалтуудыг тусгах замаар хямрал, эрсдлийг зөв, эрсдэл багатай даван туулах эрх зүйн үндэс тавигдсан гэж хэлж болно.

Гэхдээ тодорхой бус асуудлууд ч бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэхэд Монголын нийгэм бүхэлдээ хямарч болохгүй. Харин урьдчилан бэлтгэсэн бодлого, нөөц, уян хатан зохицуулалтаар хохирол багатай даван туулах ёстой. Үүнтэй адил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах үед улсын орлого буурах ч нийгмийн тогтворгүй байдал, засаглалын хямрал руу шилжихгүй байх нь чухал хэдий ч эрх зүйн хүрээнд төр, нийгмийн уялдаа, зөвшилцөл бүрэн бий болоогүй байна.

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, эмзэг, ээдрээтэй, урьдчилан тааварлашгүй байна. Тухайлбал, Украины дайн, Ойрх Дорнодын хурцадмал байдал, Аз номхон далайн бүс дэх их гүрнүүдийн сөргөлдөөн, олон улсын зах зээл дээрх түүхий эд, эрчим хүчний нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал зэрэг нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлж байна. Энэ нөхцөлд гадаад орчны хямрал гэдэг нь зөвхөн тухайн бүс нутгийн асуудал биш болсон. Өөрөөр хэлбэл, нэг бүсэд үүссэн зөрчил, мөргөлдөөн дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг “системийн эрсдэл”-ийн шинжтэй болсон гэсэн үг. Жишээлбэл, нефть, шатахууны үнэ, нийлүүлэлтийн тогтворгүй байдал нь зөвхөн үйлдвэрлэгч орнуудад бус, импортоос өндөр хамааралтай улс орнуудад шууд дарамт болж хувирч байна. Монгол Улсын хувьд ч стратегийн бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэлт гадаад зах зээлээс хамаардаг учраас ийм эрс өөрчлөлтөд мэдрэг хэвээр байдаг.

Ийм нөхцөлд Монгол Улс сөрөн тэсвэрлэх чадавхиа бэхжүүлж, гадаад орчны хамаарлаа бууруулах, дотоод боломж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд тодорхой бодлогууд хэрэгжүүлж ажиллах нь чухал. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүд нь хүнсний үйлдвэрлэлийн дотоод хангалтыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулах төдийгүй эрсдэл, хямралын үед хүн амын амьжиргааны чухал бараа, бүтээгдэхүүнээр өөрөө өөрийгөө тэтгэх чадавхитай болоход чухал нөлөө үзүүлнэ.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны доройтол, цөлжилттэй тэмцэх замаар хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг манай улсын баялагийн эх үндэс болсон салбаруудын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. “Эрүүл Монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөнүүд нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, хүүхэд, залуучуудыг бүтээлч, эх оронч, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж, иргэн бүр нь аливаа гамшиг, эрсдлийг даван туулах чадвартай, монголын нийгэм үнэт зүйлтэй, дархлаатай болоход өндөр ач холбогдолтой юм.

Аюулгүй байдлын хүчтэй засаглал, төрийн зөв, оновчтой бодлого, олон нийтийн оролцоо, ухамсар, эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нь үндэсний аюулгүй байдлын бат бөх үндэс болдог. Иймээс өнөөгийн гадаад орчны нөлөөлөл нь Монгол Улсад шууд бөгөөд хүчтэй тусаж байгаа ч үүнийг зөвхөн эрсдэл гэж харах бус, харин дотоод чадавх, бие даасан байдлаа нэмэгдүүлэх боломж гэж давхар харж асуудлуудаа эрэмбэ дараалалтайгаар авч үзэх шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.