Ч.Хүрэлбаатар: Самурай бондоос 50-иад сая доллар дутуу орж ирсэн байна

Д.Тулга / Улстөр

hurelbaatar

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Ажлын хэсэг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, Чингис, Самурай бондын зарцуулалт зэргийг шалгаж байгаа юм. Одоогоор Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарч, шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болжээ.

Хөгжлийн банк үйл ажиллагаанаас гадна байгууллагын бүтэц орон тоо, цалин хангамж, гадаад дотоод томилолтын зардалд багагүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сарын зургаан сая төгрөгийн цалинтай бөгөөд улиралд зургаан сая төгрөгийн урамшуулал авдагаас гадна Ерөнхий сайдаас дөрөв дахин өндөр томилолтын зардалтай байсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Эдийн засгийн байгын хорооны байгуулсан шалгалтын ажлын хэсэгт багтсан Ч.Хүрэлбаатар гишүүнээс тодрууллаа.

-Хөгжлийн банкинд шалгалт хийж буй ажлын хэсгийн ажил ямар шатандаа явна вэ. Шалгалтын дүнг олон нийтэд хэзээ танилцуулах вэ?

-Ажлын хэсэг дөрөв, таван удаа хуралдсан. Орж ирж байгаа материалууд дунд сэтгэл зовоосон олон асуудал байсан. Ажлын хэсэг дээр тэр бүгдийг эцэслэн гаргана гэсэн байр суурьтай байгаа. Гаргасан хөрөнгүүдийг үр ашиггүй, сонгон шалгаруулалтгүй, зарим мөнгө нь хаачсан бэ гэмээр олон асуудал байгаа. Ажлын хэсэг дээр эцэслэн хуралдаад, гарын үсэг зурсны дараа мэдээлэл хийнэ. Зарим асуудал дээр баримт, материалыг бүрэн гаргаж өгөхгүй байгаа. Ажлын хэсэг авч чадахгүй байна.

-Дэд захирал нь зургаан сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл цацагдлаа. Шалгалтын явцад үнэхээр тийм зүйл илэрсэн үү?

-Үүнээс ч илүү олон асуудал бий. Тухайн үед 1.5 тэрбум долларын бонд гаргасан. Үүнтэй холбоотой бичиг баримт одоо болтол бидний гар дээр ирээгүй байна. Мөн Самурай бондын зуучлалын гэрээний нэлээн хэдэн төгрөг дутсан. Зуучлалын гэрээг одоо болтол нэхээд бидэнд өгөхгүй байгаа.

-Ойролцоогоор хэдэн төгрөг вэ?

-30 тэрбум иенийн бонд босгосноос 5.7 тэрбум нь орж ирээгүй. Үүнийг долларт шилжүүлвэл 280 сая долларын бонд гаргасан юм. Үүнээс 50-иад сая доллар дутуу орж ирсэн. 280 сая долларын зээл авах гээд 50 сая доллар нь алга болчихоод байвал хэцүү биз дээ.

-Аудит хоёр янзын дүгнэлт гаргаад байна гэсэн. Байнгын хорооны гишүүдэд өөр тайлан өгсөн гэсэн?

-Аудитын тайланг үзэхээр Самурай бондын хоёр хувь буюу 5.7 тэрбум иенийг суутгасан гэж бичсэн байсан. Гэтэл бодоод үзэхээр цэвэр 19 хувь нь байгаа юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.