"Хан ресурс"-ын захирлыг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

jim doak“Хан ресурс” компанийн захирал Жим Доак өчигдөр өглөө Монголд "Blue sky" зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон мэдээлэл олны анхаарлын төвд байна. Түүнийг зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн гэсэн мэдээлэл буй ч цагдаагийнхан шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Талийгаач Жим Доак нь 59 настай, 2005 оноос хойш Дорнод дахь уран олборлогч “Хан ресурс” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн байна.

“Түүний үхлийн шалтгааныг мөнгөтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа” хэмээн Канадын томоохон хувьцааны брокер компанийн захирал Григ Боланд мэдэгдсэнийг тус улсын MSN суваг мэдээлжээ. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард олон улсын Арбитрын шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг “Хаан ресурс”-д 100 сая ам.долларын хохирлын мөнгө төлөхийг тогтоосон. “Хан ресурс”-ын уран олборлох лицензийг хүчингүй болгосон учраас гэрээний дагуу нөхөн төлбөрийг Монголын талаас гаргахыг дурьдсан байдаг. “Түүнийг санаатай хөнөөсөн байж болзошгүй” хэмээн Григ Боланд ярьжээ. Тэрээр талийгаач Жим Доактай олон жилийн турш дотно нөхөрлөсөөр ирсэн аж. Мөн Санхүүгийн шинжээч Петер Фостер “Тэр маш гайхалтай хүн байсан. Олон буяны ажил зохион байгуулсан. Бас уншигчдын хайртай нийтлэлч байсан” гэжээ.

Жим Доакийн нас барсан талаар гадны хэвлэлүүд мэдээлж байгаа ч тус компаний зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

“Хан Ресурс” компани нь 2009 оноос Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан ч 2011 оны эхээр Монголын Засгийн газар тус компаний лицензийг цуцалсан. Иймд тус компанийн зүгээс Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, 326 сая ам.доллар нэхэмжилсний дагуу Арбитрын шүүхээс энэ оны эхээр 100 сая ам.долларыг Канадын “Хан Ресурс” компанид өгөх шийдвэр гаргасан байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, энэ сарын 21, 22-нд “Хан Ресурс” компанийн захирал Жим Доак тэргүүтэй тус компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзсан байна.

Жим Доак гэж хэн бэ

Тэрээр дөрвөн хүүхдийн эцэг. Ажил мэргэжлийн хувьд санхүүгийн шинжээчээр 25 жил ажиллажээ. 2002 оноос хойш “Хан Ресурс”-ын салбар “Managing Partner of Megantic Asset Management” хэмээх Торонтод байрлах компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, энэ үүргээ 12 дахь жилдээ амжилттай биелүүлж иржээ.

Жим Доак өмнө нь “Cascades”, “Purepoint” уран олборлолтын групп, “Eurocopter Canada”, “PetroKazakhstan”, “Superior Propane”, “Spar Aerospace”, “ScotiaMcLeod”, “First Marathon Securities”, “McLeod Young Weir” зэрэг орон нутгийн болон олон улсын томоохон компаниудад захирал, гүйцэтгэх захирал, хэлтсийн дарга, санхүүгийн шинжээч гэх мэт албыг хашсан байна.

Мөн тэрээр 1997 онд “Enterprise Capital Management” компанийг үүсгэн байгуулж 2002 он хүртэл удирдах үүргийг гүйцэтгэсэн байжээ. Тэрээр өнөөг хүртэл Канадын томоохон хэвлэлүүдэд гэрээт тоймчоор ажиллаж, эдийн засгийн тухай өгүүлэл, тойм бичиж хэвлүүлсээр иржээ.

Торонтогийн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан тэрээр Торонтогийн их сургуулийг эдийн засагчаар төгсөж, McGill их сургуульд дараагийн зэргээ хамгаалжээ. Энэ хэрэг талийгаачийн найз нөхөд, гэр бүлийнхнийг ихэд цочирдуулжээ. Тэд ч ялгаагүй үхлийн шалтгааныг нь Арбитрын хэрэгтэй холбон үзэж буй бололтой.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.