Р.Жигжид: Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглана

Д.Тулга / Эдийн засаг

jigjid

“Дисковери Монголиа-2015” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож үг хэллээ.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

Үүний үр дүнд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлээд байна. Стратегийн ордод төр өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох ажлыг холбогдох яам, агентлагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдлаа. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.

Монгол Улс чулуун болон хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг өнөөгийн уламжлалт аргаар ашиглахын зэрэгцээ хагас болон гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байна. Энэхүү ажлын хүрээнд Таван толгойн орд газарт Нүүрсний давхаргын метан хий олборлох анхны туршилтын үйлдвэр ашиглалтад орлоо.

Цаашдаа ашигт малтмалын өмчлөл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил хязгаар, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, тусгай зөвшөөрлийн олголт зэрэг асуудлуудыг илүү ойлгомжтой, тодорхой болгож улмаар эрдсийн бүтээгдэхүүний гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ангилал стандартыг шинэчилж, эрдэс баялгийн бирж байгуулах зорилго тавин ажиллаж байна.

Уул уурхайн үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг ашиглалтад оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж дотоодын хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг Уул уурхайн яам тал бүрээр дэмжин ажиллах болно” гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.