Гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэв

Д.Тулга / Улстөр

chuulgan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо.

Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан бөгөөд өнөөдөр албан ёсоор дууссан юм. Гэсэн ч өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Лүндээжанцан нарын гишүүд оролцов.

УИХ өнгөрсөн долдугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Түүнд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж зээл авах боломжоор хангахад чиглэж байв. Гэвч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд гомдол гаргаснаар эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ гаргасан байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Иргэд хашааныхаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон сууцтай болох төрөөс орон сууцын зээлээр дэмжих арга хэмжээ иргэдэд хэрэгтэй зээл юм биш үү. Дэлхий нийтээрээ иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Иргэдийн өмчилж авсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэхийг яагаад Үндсэн хуулийн цэц эсэргүүцээд байгаа юм бэ. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ” гэхэд Цэцийн хуралдааныг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуллаа.

Тэрээр “2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийг 2015 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулаад барьцааны гэрээгээр барьцаалагдсан газрыг эдийн засгийн эргэлтэд аль болох оруулах, тэр чиглэлийн өөрчлөлтийг хийсэн. Иргэд газраа барьцаалж, зээл авч орон сууцтай болох энэ бололцоог нээж өгөхийн тулд өөрчлөлтийг хийсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц дээр очоод иргэний газрыг банк, санхүүгийн байгууллага шүүхийн хяналтаас гадуур худалдан борлуулах замаар авч, өмчлөгчийн эрхийг зөрчих гэж байна гэсэн үндэслэлээр УИХ-аас гаргасан хуулийг хүчингүй болгосон байгаа. Би санал нийлэхгүй. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд газар, байшин, үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авч, эдийн засгийн цусны эргэлтийг хэдий чинээ сайжруулна, төдий чинээ зах зээлийн эдийн засаг зөв зам руугаа ордог гэдгийг бүгд мэднэ. Харамсалтай нь Иргэний эрх хянан шийдвэрлэх хуулийн 184.1-т газар барьцаалах гэрээ байгуулсан тохиолдолд нотариатаар батлуулаад, нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх баталгаажуулсаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар оруулна. Шүүхийн хяналтын дагуу барьцааны газрыг дуудлага худалдаанд оруулах бололцоог нээж өгсөн байхад ҮХЦ шүүхийн хяналтаас гадуур энэ асуудлыг явуулах гэж байна гэсэн шийдвэр гаргасан байгаа. Буруу ойлгосон байгаа. Тийм учраас ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дахин тодруулж “олон иргэн хувьчилж авсан газраа эргэлтэд оруулж, орон сууцтай болох, 70 гаруй мянган иргэн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан байна.180 мянган өрх гэр хороололд амьдардаг. Нийслэлчүүдийг орон сууцжуулах энэ төрийн бодлого тасарлаа. Сөрөг нөлөө, сөрөг үр дүнг хэн хариуцах вэ. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Энэ талаар байнгын хороон дээр ярьсан зүйл байна уу” гэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Байнгын хорооны хуралдаан дээр нухацтай ярилцсан. Үүн дээр МАН-ын бүлгийн хуульч нөхөр Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн. Юмыг нь зүгээр аваагүй шүү дээ. Нөгөө талаасаа мөнгийг нь өгөөд зах зээлийн харилцаагаар явж байгаа. Олон шатны шүүхээр яваад хугацаа нь уртсаад ирэхээр зээлийн хүү, зардал өндөрсдөг. Зээл авч байгаа хүн тултлаа зээл авч чаддаггүй. Энэ байдлыг хүмүүс ойлгохгүй байна. Цэц уг нь агуулгаар нь хандах ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд дахиад нэг шатны шүх байгаа гээд “өчигдөр Ц.Баярсайхан гишүүний оролцсон Моргейжийн зээлийн суурь болж байдаг Иргэний хууль, Ипотекийн зээлийн өөрийн хууль гээд дөрөв, таван зүйлийг хүчингүй болгосн байгаа. Тэр хууль хүчингүй болсон. Одоо Монгол банк, СЗХ, бусад санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэх мэт байгууллагуудаас ирсэн бичгийг гишүүдэд тараасан. Ерөөсөө Моргейжийн зах зээлийг явуулах боломжгүй боллоо. Цаашид зээлийн хүүг өсгөхөөс өөр аргагүй байдалд орохоор боллоо. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд ипотекийн системийг устгах гэж байгаа бол буцаад хуучин хэвэндээ оруулна шүү гэдэг бичиг ирүүлээд байгаа. Хашааны газар бол есөн давхар байшингийн гурван өрөөгөөс ямар ч ялгаагүй хувь хүний хөрөнгө шүү дээ. Иргэдэд өмчлүүлсэн. Тэрийг орон сууцнаас ялгаатай авч үзэж, ялгаварлан гадуурхаж байсныг энэ жилийн хавар УИХ шийдвэр гаргаж ялгаагүй зүйл юм гэж үзээд хоёр, гурван зуун сая төгрөгийн үнэтэй газрыг эргэлтэд оруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр ердөө жилийн нас үзсэнгүй. Одоо буцаахаар ойлгох болов уу гэж бодож байна” гэлээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000