“Монгол Улсын жолооны хуурамч үнэмлэх байна”
-СҮҮЛД ХЭВЛЭГДСЭН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ МОНГОЛООС БУСАД ОРОНД “ХУУРАМЧ” ГЭЖ ГАРЧ ИРДЭГ-
Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд тухайн орны жолооны үнэмлэх эзэмших шаардлага тулгардаг. Гэвч Монгол улсын жолооны үнэмлэх хуурамч байна гэсэн шалтгаанаар гадны орнуудад манай иргэдэд жолооны үнэмлэх олгохгүй байгаа тохиолдол цөөнгүй гарах болжээ. Монгол Улсын иргэн Б эдүгээ БНСУ-д ажиллаж амьдарч буй бөгөөд манай сайтад “Би Солонгост ажиллаж амьдардаг юм. Жолооны үнэмлэхээ солиулах гээд очтол миний үнэмлэхийг хуурамч байна гээд буцаагаад байна. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд, замын цагдаагийн тодорхойлолт зэргээ өгсөн. Бас болохгүй байна гэсэн. Солонгос элчин дээр очоод тамга ч даруулж авчирлаа. Бас л болсонгүй. Яах вэ" гэсэн мэдээлэл ирүүлсэн юм. Энэхүү мэдээллийн дагуу Замын цагдаагийн холбогдох албаны хүнтэй холбогдож энэ талаар тодруулахад “Хуурамч үнэмлэх олгогдох ёсгүй” гэсэн хариулт хэлсэн юм. Бид иргэн Б-тэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Таны жолооны үнэмлэх хуурамч байгааг БНСУ-ын албаныхан яаж тодруулсан бэ?
-Тусгай ионы гэрлээр хардаг юм билээ. Шалгаж үзээд баталгаагүй, хуурамч байна, БНСУ-ын жолооны үнэмлэх олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Монголд жолооны үнэмлэхээ ямар журмаар авсан бэ?
-2012 онд гээгдүүлээд, дахин дүрэм журмынх нь дагуу авсан. Гэтэл хуурамч байна гэж үзсэний улмаас цаг хугацаа алдаж, их чирэгдэл учруулж байна.
-Яг юу нь болохгүй байгаа юм бол? Өөр үнэмлэхүүдтэй харьцуулж үзсэн үү?
-Өмнө нь хэвлэгдсэн үнэмлэхүүд нэг талдаа гялгар наалттай, түүндээ нууцлал нь байдаг юм байна. Гэтэл миний үнэмлэх дээр гялгар наалт байхгүй байгааг саяхан мэдсэн. Хуулга нь гялтганахгүй байна.
-Ийм асуудал тулгарч байгаа монгол иргэн олон байна уу?
-Олон байна. Сүүлийн жилүүдэд хэвлэгдсэн үнэмлэхүүд бүгд асуудалтай байх шиг байна. Ийм үнэмлэхүүд Монголоос өөр оронд хуурамч гэж гарч ирж байгааг олон хүн хэлж байна. Хуулга нь зүв зүгээр уут, ямар ч нууцлал, мэдээлэл байхгүй. Солонгосын замын цагдаагийнхан гэрэлд ойлгож хараад, хуурамч гээд солихгүй байгаа юм. Үнэмлэхээ солиулаад аваад ир гэж байна лээ.
-Солонгос өөрсдөө хуурамч үнэмлэхээ яаж таньдаг юм бол?
-Шууд скайннерт хийхээр бүх мэдээлэл нь гарч ирдэг.
-Нэмж хэлэх зүйл юу байна вэ?
-Жолооны үнэмлэх гэдэг бол зарим нэг хөгжилтэй оронд хамгийн чухал бичиг баримт болдог. Гэтэл албан ёсны байгууллагаас авсан жолооны үнэмлэх хуурамч байгаад маш их бухимдаж байна. Ингэж хүмүүсийг чирэгдүүлж байгаад харамсаж байна. Нэг хэсэг жолооны үнэмлэхний бэлдэц дууссан гээд хэвлэхгүй байсан. Өнгөрсөн онд дүү маань жолооны үнэмлэхээ авсан, минийхтэй яг адил байна гэж хэлж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол олон иргэн хохирсоор байна гэж хэлье.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Гантулга [106.132.82.51] 2019-09-09 07:15:51
Японд яг ингэж буцаагдаад метрогоор харьж явна даа. Нууцлал алга хуурамч үнэмлэх эсэхийг мэдэх арга алга гэнэ дээ