Хүний нөөцийн бодлоготой улс хөгждөг нь ОУ-ын жишээгээр батлагдсан

Д.Тулга / Нийгэм

П.Гандолгор: Хүний нөөцийн бодлоготой улс хөгждэг нь олон улсын жишээгээр батлагдсан…

Улс орны хөгжил хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтнаас хамаардаггүй, харин хувь хүний мэдлэг боловсролоос хамаардаг. Мэдлэг боловсролтой, итгэл сэтгэлтэй хувь хүн амьдарч байгаа нийгэмдээ эрүүл хандлагыг тогтоодог. Нийгмийн эрүүл тогтолцоо, хувь хүний мэдлэг чадварыг хөгжүүлэхэд ажил мэргэжлээ зориулж яваа Пүрэвжавын Гандолгортой ярилцлаа.

-Та хувь болоод ажил мэргэжлээ танилцуулаач?

-Бид эцэг эхээс долуулаа, айлын отгон охин. Улаанбаатар хотод төрж өссөн. Миний эцэг, эх санхүүгийн салбарт ажилладаг жирийн сэхээтэн хүмүүс байсан. Дунд сургуулиа төгсөөд бизнес удирдлагын чиглэлээр их сургууль төгсөөд, бизнесийн салбарт ажиллаж байгаад АНУ-д мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж магистрийн зэрэг хамгаалсан. Мөн АНУ-ын засгийн газрын “Hubert Humphrey”-ийн тэтгэлэгт тэнцэн суралцаж, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх болсон.

Хувь хүний хөгжил, менежементийн сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр сүүлийн 9 жил турш ажиллаж байна. Ганабелл Институтаа 4 жилийн өмнө байгуулж, одоогийн байдлаар 300 гаруй байгууллагын 20 гаруй мянган хүнд сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна. Энэ хугацаанд би хувь хүний хөгжил тал дээр судалгаа хийдэг. Түүнийгээ нэгтгээд “Амжилтын Арван Алхам” ба “Амжилтын ажиллах дэвтэр”, “Цаг төлөвлөлтийн ХАЖ дэвтэр” гэдэг нэртэй оюуны бүтээлүүд гаргасан нь олон мянган хувь борлогдож, олон хүн амжилтанд хүрч болох юм байна гэсэн итгэл найдварын галыг төрүүлж чадсан. “Таны номыг уншаад, таны сургалтад хамрагдаад надад ийм өөрчлөлтүүд гарч байгаа” гэсэн шавь нарын маань чин сэтгэлийн үгс надад урам зоригийг өгч байдаг.

-“Улс төрд шинэ манлайлагч” ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож байгаа шалтгаан нь таны хийж байгаа ажилтай холбоотой байх. Энэ талаар та бодлоо хуваалцаач.

-Тиймээ, миний энэ нэвтрүүлэгт оролцох болсон гол зорилго маань өөрийн судалгаан дээр тулгуурлаж байгаа. Улс орны хөгжилд хүний нөөцийн бодлого маш чухал нөлөө үзүүлдэг. Хөгжиж чадсан улс болгон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй, түүндээ тулгуурласан хүний нөөцийн бодлоготой байсан, байсаар ч байна. Гэтэл бидэнд тийм зүйл алга. Бидний алдааны гол нь энд л байна гэж үзэж байгаа юм. Үүнийг бодлого боловсруулагчдын сонорт хүргэжхүний нөөцийн бодлого ямар хэрэгтэйг ойлгуулах, цаашлаад улс орныхоо хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулья гэж энэ нэвтрүүлэгт орсон байгаа.

-Хүний нөөцийн бодлого гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаач.

-Хүний нөөцийн бодлого гэдгийг дэндүү хол хөндий, эсвэл туслах ач холбогдолтой зүйл мэтээр авч үзээд байх шиг. Энийг хувь хүн дээр буулгавал өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Хүн өөрөө л хичээх юм бол өөрчлөгдөж болдог, хөгжиж болдог. Манай байгууллага хувь хүмүүсийг өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Үүнд дэмжлэг болох хувьчилсан зөвлөгөө, сургалтуудыг системтэй явуулдаг.

Байгууллагын хэмжээнд хүний нөөцийн бодлогыг аваад үзвэл байгууллагынхаа стратеги төлөвлөгөөнд түшиглэж, хүний нөөцийн капиталыг урт хугацаанд хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна гэсэн үг. Одоогийн бизнес бус, ирээдүйн бизнесийн алсын харааг бодож хүмүүсээ хөгжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь уг хүний чадварыг харгалзаж тохирсон ажилд нь оновчтойгоор хуваарилж, тэднийг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Үүнийг байгууллагын хүний нөөцийн бодлого гэдэг. Бизнесийн байгууллагууд хүний нөөцийн бодлого ямар чухлыг анзаарч эхэлж байна. Хэдэн жилийн өмнөөс анзаарч эхэлсэн байгууллагууд ирээдүйн удирдагчаа бэлтгэх, хүмүүстээ зориулан сургалтын төлөвлөгөө гаргах, цалин урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр цогц үйл ажиллагаа явуулснаар ач холбогдлыг нь хүртээд явж байна. Харин үүнийг ойлгоогүй компаниуд чадварлаг хүмүүсээ алдаж, ашиг орлого буурсны дараа л хүний нөөцийн бодлого хэрэгтэйг ойлгодог.

-Тэгвэл хүний нөөцийн бодлого улс орны хэмжээнд яаж ойлгогдох вэ?

-Улс орны хэмжээнд хүний нөөцийн бодлогыг ярихад эхлээд урт хугацааны хөгжлийн бодлогоо гаргаж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байх шаардлагатай. Тэдгээр тэргүүлэх чиглэл дээр тулгуурлаж хүний нөөцөө төлөвлөнө гэсэн үг. Хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг том баримт бичиг гарсан. Гэтэл одоо үүнийг ярьдаг хүн байхгүй болж. Эсвэл засах шаардлагатай гэж үзээд шинээр гаргах гээд байна уу? Хэрэв тийм бол хурдан хийгээсэй. Сонгуулийн 4 жил гэдэг чинь улс орны хөгжлийн түвшинд асуудлыг ярих гэхээр дэндүү ахархан хугацаа юм. Хөгжлийн бодлого дор хаяж 20 жилээр гаргах нь зөв. Тэр хөгжлийг бүтээх нь Монгол улсын иргэд тул тэднийг хөгжүүлэх цогц бодлого чухал. Өмнөд Солонгосын хөгжлийн түүхээс жишээлээд үзэхэд тэд 1960-1980 хооронд хэрэгжих стратеги төлөвлөлтөө эхлээд гаргасан байдаг. Үүнийгээ тав таван жилээр хуваагаад, хүмүүсээ сургаж, хөгжүүлснээр түүндээ хүрч чаджээ.

Хүний нөөцийн бодлогыг дан ганц хөгжлийн бодлого дээр суурилж хийнэ гэвэл бас өрөөсгөл. Яагаад гэвэл Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоорондоо уулзаж өгөхгүй байна. Эрэлтийг ажил олгогч нар, нийлүүлэлтийг боловсролын байгууллага бий болгодог. Гэтэл боловсролын байгууллагаас бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа сургууль төгсөгчид, ажил олгогч нарын наад захын шаардлагыг хангасан чадварыг эзэмшихгүй байна. Иймд хүний нөөцийн бодлогыг гаргахдаа улс орны тэргүүлэх чиглэл дээр түшиглэхээс гадна, боловсролын байгууллага болон бизнесийн байгууллагын эрэлт хэрэгцээг уях ажлыг бас давхар тооцоолно гэсэн үг.

-Хувь хүний өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө нь амжилтын эхлэл гэж та хэлж байна. Тэгвэл, энэ нөөцөө олж хардаггүй хүмүүс их байх шиг. Тэд яагаад олж хардаггүй юм бол?

-Энэ бол нэгдүгээрт өөртөө итгэх итгэлгүй, хоёрдугаарт өөрийгөө таньж мэдээгүйтэй холбоотой. Өөрийгөө таньж мэдэх алхмуудыг зөв хийх тусгай аргачлалууд байна. Эрэл хайгуул хийж, юу чаддагаа мэдэж, сул талаа давуу тал болгож хөгжүүлнэ гэдэг өөрийнхөө нөөцийг нээж илрүүлэх үйлдэл байдаг. Аливаа нөөцийг сэргээгддэг, сэргээгддэггүй гэж хуваадгийг та бид мэднэ шүүдээ. Хүний нөөц бол сэргээгддэг нөөц баялагт орно. Бүүр хэтрүүлэн хэлбэл хязгааргүй нөөц баялаг ч гэж хэлж болно. Учир нь хүнд асар их эрч хүч нуугдаж байдаг.

-Одоо тэгвэл энэ асар их нөөц баялагийг ашиглахын тулд юу хийх ёстой вэ?

-Эхлээд нийгмийн бүхий л түвшинд энэ талаар ярьмаар, ойлголцмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн харааг энэ тал руу чиглүүлэх хэрэгтэй байна. Үүнийг манай лидерүүд хүсвэл хийж чадна. Яагаад гэвэл тэд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай. Дараагийн ээлжинд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Энд нийгмийн салбарын бүх түвшинд хамтрах хэрэгтэй байна. Үүний үр дүнд улс орны хүний нөөцийн бодлогоо боловсруулах хэрэгтэй.

Эцэст нь тэр бодлогоо хуульчилж өгөх нь зөв. Тэгэхгүй бол дараагийн дарга гарч ирээд л тэс өөр зүйл яриад явчих магадлал тун өндөр.

-Улс орны хөгжилд хамгийн чухал түлхүүр юу болохыг асуугаад яриагаа өндөрлөе.

-Зөв хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг хүн олон байх тусам улс орны хөгжил хурдацтай явна. Түүнчлэн алсын хараатайгаар хүнээ хөгжүүлэх нь улс орны хөгжлийн түлхүүр гэдэгт итгэдэг. Төгсгөлд нь хэлэхэд хүний нөөцийн бодлоготой улс хөгждэг нь олон улсын жишээгээр батлагдсан. Иймд Монгол улс хүний нөөцийн бодлогоо даруй боловсруулах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.