Эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө

Д.Тулга / Эдийн засаг

мэдээЭдийн засаг хямарлаа, хүндэрлээ гэх яриа хүн бүхний амнаас гарсаар л байгаа. Эдийн засаг үнэхээр ч тогтвортой бус байгааг хаана хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэлээ гээд бид амандаа үглээд суух бус энэ хүндрэлийг хэрхэн давах вэ гэдэг арга замыг олж харах нь л чухал.

2015 онд эдийн засгийн хүндрэлийг давах тухай төлөвлөгөөг ярьж эхлээд байгаа. Энэхүү төлөвлөгөөг өнгөрөгч оны хаврын чуулганаар “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах 34 дүгээр тогтоол” нэртэйгээр батлуулсан юм. Уг тогтоолыг үргэлжлүүлж нэмэлтээр хэд хэдэн төлөвлөгөө оруулжээ. Ямар арга зам, шийдлээр Эдийн засгийн хүндрэлийг давахаар төлөвлөж буйг сонирхвол.

Засгийн газар төлөвлөгөөнийхөө дагуу Төрийн банкны бонд гаргах, “Таван толгой” төслийн стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах, Төрийн өмчийн хороог корпорацийн хэлбэрт шилжүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, олон улсын жишигт нийцсэн, энгийн ойлгомжтой болгох ажлыг эхний хагас жилд хийх аж. Мөн бизнесийг дэмжих, идэвхжүүлэх хөшүүрэг болох ажлууд хийнэ.

Засгийн газрын баталгааны сан, зээлийн батлан даалтын сан, үндэсний давхар даатгалын корпораци, экспортын даатгалын компани байгуулна.

Засгийн газрын эхний хагас жилд амжуулах ажлын нэг нь улсын гадаад өрийн төлөвлөгөө боловсруулна

Төсвийн нэгдмэл, ил тод, хариуцлагатай бодлого хэрэгжүүлж, бизнесийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг сэргээнэ.

Өрийн удирдлагын тухай хуулийг батлах, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, тэдэнд Монголын бизнесийн орчны талаар бодитой мэдээлэл өгөх, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэх зэрэг арга хэмжээ авна.

Хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгийг бий болгох.

Аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлэх

Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах Эдийн засгийн Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах.

Хөрөнгө оруулалтын санг байгуулна. Зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээлд өгнө гэж үзэж байгаа.

Нөгөө талаас, долларын ханшид сар тутам 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай 2 арга хэмжээ авна. Ирэх 12 сард багтаан ОХУ-ын Төв банктай своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр, ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублиэр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр манай долларын хамгийн том зардал рубльд шилжиж, ханшид шууд эерэг нөлөөлөл бий болно гэх.

30, 40 жилийн дараа төлөх, бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа нөхдөг төслүүдийг санхүүжүүлэх, харин бондын богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжинэ.

Нүүрснээс хий, шингэн гаргах, хос төмөр зам, Талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станцуудын 2 төслөө эхлүүлнэ. УБ дахь хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун 5 аймгийн замын төслөө 2016 оноос өмнө амжуулна” зэрэг нэн тэргүүнд хийгдэхээр яригдаж байгаа эдгээр төлөвлөгөөнүүдийг дурьдаж болохоор байна. Нэгэнт тавьсан зорилго, зорилтыг популистуудын оролцоогүйгээр ажил хэрэг болгох нь хамгийн чухал гэлтэй.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.