САЙН МЭДЭЭ: Дэм дэмэндээ дээс эрчиндээ

Д.Тулга / Нийгэм

haraggui

Дулааны IV цахилгаан станц ажилчдынхаа энэ жилийн нормын бээлийг хийлгэхээр Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрийн төвд захиалга өгчээ. ДЦС IV-ийн захирал “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан авах, цаашилбал, хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор захиалгаа эдний байгууллагад өглөө” гэсэн байна.

­­­­­Хараагүйчүүд өнөөдөр бусдын адил хөдөлмөрлөж, сурч боловсорч, тэмцэж байгаагийн нэг жишээ бол Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр юм. Тус үйлдвэр анх 1964 онд байгуулагдаж, тухайн үедээ элсэн чихэр, гурил будаа савладаг байсан бор уутууд, гялгар уут, товч, хуванцар зүйлс хийдэг байжээ. Харин 1990 онд зах зээл шилжих үед энэ үйлдвэр бусад үйлдвэрүүдийн адилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зогсоож, үйлдвэр үндсэндээ зогсолтын байдалд орсон байна. Гэсэн ч үйлдвэр төрийн өмчийнх, цаашилбал, хараагүй хүмүүсийн нийгэмшил, тэгш эрх, эрх чөлөөг хангах зорилготой учир ашиг олохгүй байсан ч хаалгаа барьсангүй өдийг хүрчээ.

Бид Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрийн төвийн захирал З.Болдсайхантай ярилцлаа.

-Үйлдвэрлэлийн ажил эхэлсэн үү? Одоо ямар шатандаа явж байна вэ?

-Эхэлчихсэн. Одоо станцад нийлүүлэлтээ хийгээд явж байна. Үйлдвэрлэсэн бээлийнүүдээ эхнээс нь станцад хүлээлгэж өгөөд, үлдсэнийг нь манай ажилчид үргэлжлүүлэн үйлдвэрлэж байгаа.

-Станцаас нийт хэдэн бээлийний захиалга орж ирсэн бэ?

-Нийтдээ 13.800 орчим бээлийний захиалга орж ирсэн.

-Энэ захиалга орж ирснээр танай үйлдвэрт ямар ашиг гарч байна вэ?

-Маш чухал ач холбогдолтой, чамгүй ажил. Энэ ажлыг нийт дүнгээр нь бодоход 29 сая орчим төгрөгийн борлуулалт болж байгаа юм. Ялангуяа сүүлийн хоёр жил 2013, 2014 онуудад үйлдвэрийн борлуулалт нилээд унасан, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед манай үйлдвэрийн санхүү эдийн засаг нилээд унасан, муу байгаа. Яг энэ үед маань ийм чухал ажил орж ирнэ гэдэг бидний хувьд маш том дэмжлэг юм шүү.

-Бас их хариуцлага байх. Техник технологийн хувьд бүрэн хангагдсан байсан уу?

-Тийм ээ. Манай үйлдвэр монгол гэр, сав баглаа боодол, оёдол гээд олон чиглэлээр ажилладаг. Оёдлын хувьд манай оёдлын цех үйлдвэрт байх ёстой бүх техник технологиор хангагдсан байдаг. Өмнө нь бид сүүлийн үеийн хөвөнтэй, эсвэл берзинтэн бээлий хийж зах зээлд нийлүүлдэг байсан юм. Тэгэхээр станцын зүгээс бидний туршлага, техник технологи болоод ажиллах боловсон хүчнийг бодолцсон болов уу гэж бодож байна. Бидэнд бүрэн боломж бий.

haraggui

-Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрээс гарч байгаа бээлий хараатай хүмүүсийн оёж байгаа бээлийнээс юугаараа ялгаатай вэ?

-Манай оёдолчид хараатай, эсвэл хараагүй биш ч өөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Үгүй бол хараагүй хүмүүс гараа хатгаж, оёчих гээд хэцүү. Харин туслах ажилтнууд нь хараагүй болоод сул хараатай хүмүүс байгаа. Бид хараатай бусад хүмүүсийн бүтээгдэхүүнийг үгүйсгэхгүй ээ. Хараагүй хүний гарын мэдрэмж сайн хөгжсөн байдаг учраас ийм төрлийн ажил давуу талтай байдаг. Бас тэд ажил сураад дадаад хийгээд эхэлбэл хийж байгаа ажилдаа маш үнэнч, чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Яагаад гэвэл хараагүй хүний ажил хийх боломж эрүүл хүнийхтэй харьцуулахад харьцангуй хомс учраас хэрвээ тэр хүн ямар нэг алдаа гаргаж ажлын байраа алдвал ахиад ажил олдохгүй. Хараатай хүмүүс ажлаа голж, шилж, солиод яваад байх боломжтой. Бас хараагүй хүн анхаарлаа маш сайн төвлөрүүлж чаддаг юм шүү. Тиймээс л манайхны бүтээгдэхүүн бол харьцангуй чанартай, ялангуяа бид нар энэ станцаас захиалж хийлгэж байгаа бээлийнүүдийн чанар стандарт, шаардлагыг бүрэн хангаж чадаж байгаа гэж хэлж болно.

-Чанар, стандарт гэхээр ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Бид хөвөнтэй бээлий бас 800 орчим берзинтэн бээлий нийлүүлэх гэж байгаа. Жишээ нь, даавуу нь гэхэд нейлонгүй, цэвэр ноосон даавуун материал байх жишээтэй. Бат бөх талаас нь бодолцож давхар оёддог.

haraggui

-Бээлийгээ нийлүүлээд эхэлчихсэн болохоор станцын зүгээс чанарын хувьд ямар үнэлэлт өгч байна?

-Болж байна гэсэн хариу хэлж байгаа. Ямар нэг гомдол саналгүй.

-ДЦС IV-ийн жишгийг харж өөр үйлдвэрүүд танайд захиалга өгөхөөр бол ямар, ямар бараа бүтээгдэхүүн хийдэг тухайгаа танилцуулахгүй юу?

-Манай үйлдвэрийн хувьд хамгийн гол бүтээгдэхүүн бол монгол гэр. Иж бүрэн дөрөв, таван ханатай, дээд тал нь 10, 20 ханатай гэрүүдийг захиалгаар хийдэг. Нийт борлуулалтын 90 гаруй хувийг монгол гэр эзэлдэг шүү. Тэгээд сав баглаа боодлын чиглэлээр цаасан болон даавуун тор уутууд, бичиг хэргийн дугтуй гэдэг ч юм уу тийм зүйлүүдийг үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үед бидний хувьд хамгийн их анхаарлаа хандуулаад буй салбар бол сав баглаа боодол юм. Төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлж байна. Ер нь гадаадад сав баглаа боодол гэдэг бол хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн том чиглэл байдаг. Ялангуяа гарын мэдрэмжээр хийдэг зүйлүүд үүнд багтана. Ер нь манай хамт олон хараагүй хүн хийж болох ямар л ажил байна түүнийг нэвтрүүлж нэг ажлын байрыг ч сул орхихгүй гэсэн зорилго тавин ажиллаж байна. Мэдээж дан хараагүйчүүд ажиллаад үр дүнд хүрэхгүй шүү дээ. Хараатай хүмүүстэй хамтарч ажиллаж байна.

haraggui

-Ер нь үйлдвэр ойролцоогоор хэдэн хараагүй иргэнийг ажлын байраар хангасан бэ?

-Манай үйлдвэр 120 иргэнийг ажлын байраар хангадаг. Тэрний 80 гаруй хувь буюу 90-ээд хүн нь хараагүй хүн байгаа.

-Үйлдвэрийн эдийн засгийн чадавхийг хөгжүүлэх тал дээр цаашдаа ямар ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ? Байдал одоо ямар байна?

-Яг үнэндээ 2013, 2014 онуудад борлуулалт эрс буурсан. Манайх 2012 онд 2 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж байсан бол өнгөрсөн 2014 оны байдлаар 800 сая орчим төгрөгний борлуулалт хийсэн байгаа юм. Тэгэхээр борлуулалт 65, 6 хувиар буурсан гэсэн үг. Эдийн засгийн хувьд яг үнэндээ нилээд хүнд байгаа. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой. Гэхдээ бид нар яахав аль болох боломжийг эрэлхийлж уламжлалт бүтээгдэхүүнээсээ гадна, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж шинэ зах зээл рүү орох гэх мэтээр борлуулалтаа өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2016 оноос гайгүй болох байх гэж найдаж байгаа, 2015 онд бол нилээд хүнд байдалтай байна гэсэн прогнозтой байгаа. Тиймээс ямар ч байсан 2015 оныг тэсэж давах гэсэн тийм л стратегитэй ажиллаж байна.

-Энэ үед төрийн зүгээс ямар нэг дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юу?

-Манайх чинь 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар л даа. Манай тогтмол зардал болох цахилгаан дулаан, усны зардлыг бол Нийгмийн хамгааллын яамнаас төсвөөс олгодог юм. Тийм учраас л харьцангуй гайгүй. Энэ жил тогтмол зардалд 300 орчим сая төгрөгийг төсөвлөж өгсөн байгаа. Тэр тулдаа л арай ч хаалгаа барьчихгүй байж байна. Яг ийм үед хийж байгаа ажлыг маань дэмжсэн явдал маш чухал байлаа.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.