С.Эрдэнэ: Өөрийгөө шатаасны хор уршиг одоо хүртэл арилаагүй байна
Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригийн 09:20 цагаас “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан нойтон өлсгөлөн зарласан. Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаан шаардлагадаа өргөдлийн хариуг нь яаралтай шийдэж өгөх, "TTJVCo" ХХК-ийн ажилтан н.Азжаргалд хариуцлага тооцох, буруу шийдвэр гаргасан ажлын хариуцлага алдсан н.Чинбат захиралд арга хэмжээ авахуулахыг хүссэн байсан билээ.
Түүнийг ээлжийн амралтаа аваад орж ирснээс хойш буюу наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын байрыг нь булааж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн дарга, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга н.Азжаргал өөрийн компанийн хүнийг гаргасан байна.
Л.Ариунсаны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байсан байтал халах тушаал ч гаргалгүй ажлын байрыг нь шууд булаажээ. Иймд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж, дээрх шаардлагууддаа бичгээр хариу автлаа өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байв.
Энэ сарын 20-нд Л.Ариунсан шаардлагуудынхаа хариуг авсан гэж үзэж, өлсгөлөнгөө зогсоосон бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Юуны учир өлсгөлөн зарлах болсон талаар С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 2015 оны 11-р сард хэвлэлийн хурал хийх үеэрээ "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн гадуур хувцас дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.
-Д.ЧИНБАТ ДАРГА ХУРАЛ ҮЙМҮҮЛЖ, ХЭРҮҮЛ МАРГААН ӨДӨӨСӨН-
-Танай компаний оператор Л.Ариунсан шаардлагуудынхаа хариуг албан ёсоор бичгээр авч байж өлсгөлөнгөө зогсооно гэж мэдэгдээд байсан. Өлсгөлөнгөө зогсоосон гэхээр шаардлагынхаа хариуг бичгээр авчихсан гэсэн үг үү?
-Наймдугаар сарын 19-ний орой 20:00 цаг орчимд Л.Ариунсангийн бие муудаж, Цогтцэций сумын эмнэлэгт хүргэгдэн, албадан эмчилгээ хийлгэж эхэлсэн. Улмаар тэр өдөр Захиргаа удирдлагын газрын захирал н.Сумъяабаатар болон Захиргаа удирдлагын газрын дарга н.Гомбосүрэн нар уурхай дээр асуудлыг шийдэхээр ирсэн. Ингээд ярилцсаны үр дүнд Л.Ариунсангийн шаардсан гурван асуудлыг шийдвэрлэхээр болсон. Тодруулбал, Л.Ариунсан өөрийнхөө ээлжинд өөрийн техник дээр буцаж ажиллахаар болсон. Мөн "ТиТиЖиВиСө" ХХК-ийн ахлах ажилтан н.Азжаргалыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн бүсэд нэвтрүүлэхгүй болохыг Захиргаа, удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатарын албан бичгээр шийдсэн. Түүнчлэн уурхайн дарга Чинбатын асуудлыг маргаан таслах комисс байгуулж шийдэхээр захиргаа болон үйлдвэрчний эвлэл хоёр тохиролцсон.
-Л.Ариунсаны асуудал шийдэгдсэн байтал та яагаад өлсгөлөн зарлахаар болчихов оо?
-Асуудал шийдэгдэхээр болсон тул энэ мэдээг дуулгахаар би Цогтцэций сумын эмнэлэг рүү очиж, албан бичгүүдийг Л.Ариунсанд тайлбарлаж, өлсгөлөнг нь наймдугаар сарын 20-ны 14 цагт өөрийнх нь хүсэлтээр мэдэгдэл бичүүлж, гарын үсэг зуруулж албан ёсоор зогсоолгосон. Ингээд Л.Ариунсаны гурав дахь шаардлага болох Чинбат захирлын асуудлаар маргаан таслах комисс байгуулахаар захиргаа болон үйлдвэрчний эвлэл хуралдаж байхад Уурхайн дарга н.Чинбат орж ирж хурал үймүүлэн “Та нар яахаараа миний асуудлыг шийдэж байгаа юм. Би маргаан таслах комиссоор шийдүүлэхгүй. Захирлуудын зөвлөлөөр шийдүүлнэ” гэж байдлыг хурцатган асуудал дэгдээж, хэрүүл маргаан өдөөсөн. Тиймээс би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг уурхай дээр ирж энэ асуудлыг шийдтэл хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн.
-“ТА ЧИХЭР ОЛВОЛ ХЭНТЭЙ ХУВААЖ ИДЭХ ВЭ” ГЭХ МЭТ
АСУУЛТТАЙ СОРИЛ АВСАН-
-Д.Ариунболд захирлаас хариу ирсэн үү?
-Би өлсгөлөн зарлах өргөдлөө үйлдвэрчний эвлэлийн тамга тэмдэгтэй албан бланк дээр бичиж гаргаад, үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд өлсгөлөн зарлаж байна. Хүмүүс янз бүрийн байдлаар өөрсдийхөө санал бодлыг илэрхийлж байна. Ямар ч байсан компанийн зүгээс 24 цагийн хугацаа өгөөч гэсэн. 24 цагийн хугацаа нь өнгөрсөн. Хоёр хоног сунгаач гэж байна. Хоног хугацаа сунгаж, асуудал удах тусам шийдвэр гаргах нь бүрхэг болдог гэдгийг би өөрөө тэмцэж явсан хүнийхээ хувьд туршлагаараа мэдэж байна.
-Удирдлагууд чинь таны өлсгөлөн зарлаж буйг мэдэж байгаа юу?
-Д.Чинбат захирал, Д.Ариунболд захирал бүгд мэдэж байгаа. Ер нь Д.Ариунболд захирал их хайхрамжгүй хүн. Анх компанид орж ирэхдээ АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд баг хамт олноороо орж ирж ажиллаж байна. Улс төрийн зохион байгуулалттай багийн гишүүд байна гэсэн санаагаар нийт ажилчидтай уулзсан. Нэг сайн зүйл нь улс төрийн хариуцага хүлээх гэж орж ирж байна гэж ойлгосон. Би болон манай ажилчид бүтэн жилийн хугацаанд хамтарч ажиллахдаа тэмцэл гэхээсээ илүү дэмжиж, ойлголцох бүх л тактикаар ажилласан. Одоо тийм зүйл байхгүй. Бүх зүйл худлаа болсон.
-Яагаад тэр вэ?
-Арав орчим сар өнгөрсний дараа эргээд харахад ийм л дүр зураг харагдаж байна. Миний өлсгөлөн зарлаж байгаа гол шалтгаан ажилчдынхаа эрх ашиг, компанийхаа эрх ашгийг хамгаалах. Үйлдвэрчний эвлэлийн дарга гэдэг ажилчдаа тэргүүлж төлөөлөх ёстой хүн. Тиймээс хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ажилчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Уржигдар орой захиргааны ажилчид миний өлсгөлөн зарлаж байгааг бүртгэж авсан мөртлөө орой нь Чинбат захирлын гараар бичсэн “Таны өргөдлийг хүлээж авахгүй. Таныг ажлаас хална” гэсэн утгатай сүрдүүлэг дарамт ирүүлсэн. Би яадаг ч байсан энэ бүхнийг хайхрахгүй, эцсийг нь үзнэ. Эцэстээ хэн нь буруудах нь вэ. Хуулийн хариуцлага хэн хүлээх вэ харъя гэж бодож байна. Манай ажилчдаас авсан асуулга материалыг нийгэмд дэлгэсэн ч болно.
-Юун тухай асуулга материал билээ?
-Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сарын алдад манай компанийн ажилчдын дунд цалингаа нэмэгдүүлэх, зэрэг ахиулах долоо хоногийн курс хичээл орсон юм. Тэр хичээлийн үеэр биднээс их эвгүй, хүний дотоод нууц руу халдсан утгатай социологийн тест авсан. Тухайлбал “Чиний хамгийн муу хүн хэн бэ, хамгийн сайн хүн чинь хэн бэ, та чихэр олдвол хэнтэй хувааж идэх вэ” гэхчилэн асуулттай сорил байсан. Тэрэн дээрээ хүн бүрийн нэр усыг бичүүлсэн. Тухайн үед би хүний дотоод асуудлыг хөндсөн ямар нарийн мэдээлэл асууж байна аа гэж бодоод нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрсөн. Ажилчид маань сургалтын бас нэг даалгавар юм байна гэж бодоод бүгд бөглөж өгцгөөсөн. Тэрнээс хойш манай ажилчдын дунд ил далд яриа хөөрөө ихэссэн гэх мэт янз бүрийн асуудлууд үүссэн. Ер нь ажилчдаас авсан мэдээллээ манай удирдлагууд хувийн зорилгоор ашиглаж байгаа юм байна гэж ойлгогдож байгаа.
Д.Чинбат захирал үндсэн үүргээ гүйцэтгэхгүй, компанийн эрх ашгийг хойш тавьж ажилчдын хувийн мэдээллээр дамжуулан өөрсдөд нь тал засаагүй ажилчдыг ажлаас нь хууль бусаар халж, бусармаг арга ашигласан.
-ХОЖИМ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ИХ ХОВДОГ ШУНАЛТАЙ БОЛЖЭЭ-
-Л.Ариунсангийн нэг шаардлагын хариу тэгэхээр хойшлогдсон байх нь ээ?
-Тэглээ. Би үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд ажилчиддаа “Тэмцэж сур, өөрсдийнхөө төлөө үгээ хэл. Өөрийгөө хамгаал” гэж сургаж байсан хүн. Гэтэл шаардлагуудыг нь бүгдийг нь хүлээж авлаа гэсэн дарга нарын үгэнд орж Л.Ариунсанг өлсгөлөнгөө зогсоо гэж ятгахад маш хэцүү байсан. Л.Ариунсанг ажлаас халах гол шийдвэр гаргасан будлианы эзэн болох Чинбат захирал ийм характер гаргасан учраас надад ажилчныхаа эрх ашгийг хамгаалж өлсгөлөн зарлахаас өөр арга байгаагүй. Би Д.Ариунболдыг энэ компанийн захирлын хувьд газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаач гэсэн л шаардлага тавьсан. Хэрвээ надад үл итгэж байгаа бол энэ компанид байгаа ажилчидтайгаа уулзаад үзэх хэрэгтэй. Өчигдрөөс хойш надтай компанийн удирдлагуудын зүгээс уулзах нь бүү хэл утсаар ярихгүй байгааг бодоход үл тоосон шинжтэй байх шиг байна. Надтай уулзаж, зөвшилцөлд хүрэх шинжгүй байх шиг байна.
-Цагдаа авчирч өлсгөлөнг хүчээр зогсоох гэж байгаа гэсэн сураг дуулдлаа?
-Тийм. Манай нийгэмд өлсгөлөн зарлахаар асуудлыг нь сонсож, буруу зөвийг нь ялгаж шийдвэрлэх гарц хайхаасаа өмнө захирамж гаргаад л энэ хүнийг биеийн байдлыг нь бодож байна гээд албадан эмчилгээнд аваачиж оруулдаг болсон байна. Албадан эмчилгээ гэдэг бол өлсгөлөнг зогсооно гэсэн үг биш шүү дээ. Харин эмчийн хяналтад байлгах явцдаа асуудлыг нь шийдвэрлэх гэсэн аргачлал. Гэтэл манайд албадан эмчилгээнд оруулсан л бол өлсгөлөн зогслоо гэсэн ойлголттой болчихсон байна.
-Та хоёр хоног өлсгөлөн зарлачихлаа. Биеийн байдал ямархуу байнга вэ?
-Ах нь яах вэ дээ, нэгэнт өнгөрсөн хүн. 60 хүрч байгаа хүн нэг их тоохгүй шүү дээ. Өмнө нь ийм зам туулж байсан болохоор шантрахгүй. Л.Ариунсанг шийдвэр гаргаад зорилгодоо хүрэхгүй байж байгаад шантрах вий, эсвэл асуудлаа хурцатгаад эрүүл мэндээрээ хохирох вий гэж маш их санаа зовсон. Өлсгөлөн гэж тийм амар зүйл биш гэдгийг хэлсэн. Ингэснийхээ дараа илүү их дарамт мэдэрч мэднэ гэж маш их зөвлөж ярьсан. Гэтэл намайг ингэж зөвлөгөө өгсний төлөө зохион байгуулж, өлсгөлөн зарлуулсан гэх цуу тарааж байгаа.
-Хэрвээ Д.Ариунболд захирал тантай ирж уулзахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байх уу. Таныг өмнө нь өөрийгөө шатааж байсан болохоор дахиад ийм үйлдэл гаргах вий гэж ярих хүмүүс олон байна?
-Өөрийгөө шатаах бол тухайн үед миний гаргасан тэмцлийн эцсийн арга байсан. Олон нийтийг цочроож, олон нийтийн анхааралд “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг авчирсан. Миний энэ үйлдэл зохих үр дүнгээ ч өгсөн. Тухайн үед Тавантолгой гэдэг компанийг хэн ч анхаардаггүй, мэддэггүй байлаа. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод байгаа Х.Баттулга тухайн үед бидний тавьж буй асуудлыг нэлээд дэмжиж, хамгаалсан. Түүнийг ч тоодоггүй байлаа.
-Өөрийгөө шатаасны хор уршиг одоо биед тань илрэх юм уу?
-Өөрийгөө шатаах чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Үр дагавар нь одоо хүртэл бүрэн гүйцэд арилаагүй байна. Тухайн үед цочмог, гэнэтийн шийдвэр байсан. Өнөөдөр энэ хүүхдийн эрх ашгийг хамгаалсан асуудалд тийм үйлдэл гаргахгүй. Тэмцэх өөр боломжууд байдаг. Үхнэ гээд учиргүй айлгаад байдаг айлын эрх хүүхэд биш шүү дээ. Өдий жил амьдарсан амьдралын туршлага, тэмцэж явсан тэмцлийн турршлага байна. Энэ хамт олны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байна. Тиймээс арай өөр арга хэлбэрийн тэмцлийн хэлбэрийг сонгоно. Ний нуугүй хэлэхэд засаг барьж буй МАН руу улс төрийн хэмжээний шаардлага тавина гэж бодож байна. Энэ компанийн эд хөрөнгийг ил далд ууж идэж байгаа өчнөөн зүйл байна. Тэр бүрийг дэлгэж тавихад бэлэн байгаа.
-Улс төржих хэрэг байна уу?
-Хожим үеийн хүүхдүүд их ховдог шуналтай болчихсон юм байна. Аж ахуй нэгж, компанийн өмч хөрөнгийг илүү дутуу идэх гээд арга саам хайгаад, бүтцийн өөрчлөлт нэрээр компани дотор, ажилчдын дунд хэрэгтэй хэрэггүй албан тушаал нэмж хасч, шинээр хүн оруулах, тагнуулах чагнуулах, урвуулах гээд асуудал их байна. Ийм байж болохгүй. Энэ хэрээс хэтэрч байна. Тэсэхээ байгаад байна. Харин ч хоцорч оройтож ярьж байна. Манай уурхай дээр өчигдөр өглөө л гэхэд осол гарлаа. Хөдөлмөрийн дарамт ихтэй учраас л тэр хүн осол аваарт орсон байна гэж дүгнэж байгаа юм.
-Ямар осол гарсан бэ?
-Хүнд даацын машин овоолсон шороон дээрээс унасан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Иймэрхүү осол гэмтлүүд даамжрахаараа их ноцтой болдог. Манай дээр гарсан осол авааруудыг аль болох нуудаг хаадаг, төрийн өмчийн компанийг бизнес хийх аятайхан талбар гэж ойлгодог болсон гэх мэт олон асуудал манай компани, удирдлагуудад байна.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл