Хүүхэд “хэт” цэвэр орчинд өсөх нь олдмол харшилтай болоход нөлөөлдөг
-ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 20 ХУВЬ НЬ ХАРШИЛТАЙ-
Харшил нь маш элбэг тохиолддог өвчин. Генийн болон гадаад орчны хүчин зүйлс нь харшлын гол үүсгэгчид болдог. Харшил өвчин нь ерөнхийдөө хортой эд юмсад үзүүлэх дархлааны урвалд орох үзэгдэл буюу хариу үйлдэл юм. Тодруулбал, тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг.
Дэлхийн хүн амын 20% нь харшилтай гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Хотжиж, зах зээл хөгжиж эхэлснээс хойш харшлын өвчин нэлээд ихэсч буй судалгааг мэргэжлийн эмч нар хийжээ.
-ХАРШИЛ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДСЭЭР БАЙНА-
Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартай байдаг аж. Түүнээс гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоосон байна.
Гэр доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/ хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөнгүй. Саяхан гэхэд улиасны үр хийсч, хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж түүнээс болж айхтар харшил өгсөн.
Бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн химийн ямар нэгэн элемент агуулж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Нийт насанд хүрэгчдийн таван хувь, хүүхдийн 15 хувь нь харшилтай гэсэн тооцоо хийжээ.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд харшлын улмаас эмчид хандаж буй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 92 хувь нь хамар, нүдний зовиур хавсарсан, гурван хувь нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр хүндэрсэн гэсэн дүнг харшил судлаач эмч Н.Раднааханд гаргажээ. Харшлыг хайхрахгүй явах, эсвэл ямар нэгэн өөр төрлийн өвчинтэй андууран цаг алдах нь амь насанд ч аюул занал авчирдаг.
-ХАРШИЛТАЙ ЭСЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД-
Харшлын үед дархлааны хариу үйлчлэл харшил үүсгэгч бодисыг эсэргүүцдэг. Загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдгүүд харшлын үед илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг. Нийтлэг харшлын өвчнүүд цэцгийн тоосноос, сул шорооноос, гэрийн тэжээвэр амьтдын хагнаас, тоосноос үүдэлтэй байдаг. Мөн хоолны болон эмийн харшлууд нь нийтлэг тохиолддог.
Шавьжинд хазуулах, үнэт эдлэл, энгэсэг, халуун ногоо болон бусад зүйлээс болж харшлын үйлчлэл үүсэх нь ч бий. Зарим хүмүүс халуун хүйтний, нарны болон бусад гадаад орчны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлээс үлдсэн харшилтай байдаг. Заримдаа үрэлтээс болон харшлын шинж тэмдгүүд илрэх нь ч бий. Өвөрмөц харшлууд гэр бүлийн хүмүүсээс дамждаггүй ч эцэг эх тань хоёулаа харшилтай байх магадлалтай бол, таны ээж тань харшилтай бол түүнийг тусах магадлал улам их байна.
-ХАРШИЛ ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ-
Харшлын эх үүсвэрийг хэд хэд ангилж үзэх боловч манай оронд ургамлын тоосонцрын, хоолны, эмийн, гэрийн тоосны харшлууд амбулаторийн үзлэгийн дийлэнхийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Харшлыг илрэх шинжээр нь дөрөв ангилдаг. Түүний дотроос доорх хоёр ангилал нь түгээмэл тохиолддог байна.
“Шууд илэрдэг харшлыг нэгдүгээр зэргийн харшил гэж нэрлэх нь бий. Энэ тохиолдолд харшил үүсгэгч биед орсноос тав, арван минутын дараа найтаах, нулимс гоожих зэргээр биед хариу урвал шууд илэрнэ. Шууд харшил нь шарилж, ургамлын тоосонцор, шавьж хорхойн хор, хүнсний зарим бодис, эмийн үүдэлтэй байдаг. Мөн харшил нь хөгцний тоосонцор, гэрийн тэжээмэл амьтны үс ноос, тоосны хачиг, резинэн материалиас үүсч болно.
Харшлын урвалын хамгийн хурц хэлбэр бол анафилатик шок юм. Ихэнхдээ хүн өөрт таарахгүй эм хэрэглэх, зөгий зэрэг элдэв амьтанд хатгуулж хазуулсны дараа үүсдэг. Анафилатикийн шоконд орсон үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн судасны даралт огцом буурдаг байна. Мөн судасны лугшилт маш сул болж, царай цонхийн хүйтэн хөлс асгарна. Ингэж шоконд орсон үед яаралтай тусламж авахгүй бол амь алдах аюултай.
Харин харшлын нөгөө нэг хэлбэр бол харшил үүссэн шинж тэмдэг хэд хоног өнгөрсний дараа илрэх тохиолдол юм. Ийм харшлын ангилалд металл (никел, шүдний ломбонд ордог металын хольц), хувцас, савхи, үсний будаг, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнд ордог хольцууд, резинэн материалаас үүдэлтэй харшлууд багтдаг.
Шууд бус илэрдэг харшлын үед цусны цагаан бөөмс арьсанд ихээр цуглардаг бөгөөд харшил өгдөг бодис хэрэглэсний дараа хоёроос гурван хоногийн дараа арьс загатнах, цэврүү маягаар пөмбийж улайх зэргээр илэрнэ. Одоогоор ийм харшил үүсгэж магадгүй 3000 орчим төрлийн бодисыг дэлхий нийт илрүүлээд байгаа аж.
-ХАРШИЛ ЮУНААС ҮҮСДЭГ ТАЛААР ТА МЭДЭХ ҮҮ-
Удамшил, хоол хүнсний зохисгүй нөлөө зэргээс гадна стресст ихээр орох, тамхи татах, хүүхдээ сүү орлуулагчаар тэжээх зэрэг нь харшлын эх үүсвэрийг тавьж өгдөг байна. Мөн “хэт” цэвэр орчинд хүүхэд өсөх нь олдмол харшилтай болоход нөлөөлдөг гэсэн судалгааг зарим эрдэмтэд дэвшүүлээд байна. Тэдгээр эрдэмтэд хүүхэд байгаль, газар шороотой ойр, тодорхой хэмжээний бохир орчинд ойр өсөх нь биеийн эсэргүүцлийг хөгжүүл¬дэг гэсэн үндэслэлийг гарган тавьжээ. Хэт цэвэрхэн, байгалиас хөндий өсөх нь хүүхдийн төрөл¬хийн эсэргүүцлийг унтраадаг бөгөөд ингэж эсэргүүцэл дорой өссөн хүүхэд хүрээлэн буй орчныхоо хамгийн энгийн жижиг зүйлд ч хүчтэйгээр хариу урвал үзүүлдэг байна. Антибиотик ч бас харшил үүсэхэд нөлөөлдөг. Хүчтэй эм бэлдмэл, антибиотик ихээр хэрэглэх нь хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой, зайлшгүй хэрэгтэй бичил биетүүдийн бүтцийг өөрчлөн харшилтай болоход нөлөөлж байдаг.
-ХАМГИЙН ИХ ТОХИОЛДДОГ НЬ УРГАМЛЫН ТООСОНЦОРЫН ХАРШИЛ-
Ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг.
Одоогийн байдлаар дэлхийн хүн ам дахь шарилжны харшлын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн аж. Ингэж шарилжны тархалт ихсэхэд шинээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна уу эсвэл харшилтай хүний симптом улам хүчтэйгээр илэрч байна уу гэдгийг ч дахин нягтлан судалж байгаа талаараа эрдэмтэд дурдсан байна.
-ГЭРИЙН ТООСНЫ ХАРШИЛ ХАЧИГНЫ ЯЛГАДСААС ҮҮДЭЛТЭЙ-
Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг. Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд амьдардаг. Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг. Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь тоосны харшил бус ажээ.
Энэхүү хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй. Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд харшаад байхгүй. Хэт мэдрэмтгий юмуу биеийн эсэргүүцэл муутай хүмүүст нөлөөлж харшилж эхэлдэг. Энэ хачиг нь хүчирхэг найман хөлтэй, түүгээрээ хивсний үснээс зуурах тул тоос сорогчинд ч сорогддоггүй ажээ. Нэмэх 20-30 градусын дулаан, 75-80 хувийн чийглэг орчин тэдний амьдрах, өсч үржих хамгийн боломжит нөхцөл болдог. Харин хасах 25 градуст тэрээр нэгээс хоёр цаг л тэсдэг аж.
-НАРНЫ ХАРШИЛ ХЭЗЭЭ ЭХЭЛДЭГ ВЭ-
Нарны харшил нь зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг. Хэт мэдрэг арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг. Шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч, маш зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой.
Нарны харшлын үед биеийн наранд ил гарсан хэсгээр биржгэр тууралт гарч, улайх, загатнах, хавдах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед зохих дэглэмийг сайтар сахиснаар эдгэрч болно. Нарны харшлын хүнд хэлбэрийн үед цэврүүнцэр тууралт гарах ба түүнийг маажисны улмаас арьс шархалж, үрэвсэл даамжрах хандлагатай тул эмчид яаралтай үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
- Наранд аль болох удаан явахгүй байх (Ялангуяа 10-16 цагийн хооронд нарны тусгал хурц байдаг тул энэ цагт наранд гарахгүй байх)
- Нарны шил зүүж, наранд биеэ ил гаргахгүй байх (урт ханцуйтай цамц, өргөн хүрээтэй малгай өмсөх)
- Хэт нимгэн болон хэт ягаан туяа нэвтрүүлдэг материалтай хувцсаас зайлсхийх
- SPF15-аас дээш хамгаалалттай нарны тосыг хоёр цаг тутам түрхэж хэрэглэх
- Нарны гэрэлд мэдрэг болгодог эм хэрэглэхгүй байх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен, г.м)
- Арьс чийгшүүлэгч тогтмол хэрэглэх
Хоол хүнс нь уураг, нүүрс ус, өөх тос, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисыг агуулдаг ба тэдгээрээс хамгийн түгээмэл харшил төрүүлэгч /аллерген/ нь уураг юм. Хоол хүнсний гаралтай аллерген нь хоол боловсруулах замын ферментүүдийн үйлчлэл болон хүчиллэг орчинд тэсвэртэй, өндөр температурт тогтвортой, усанд уусамтгай шинж чанартай байдаг.
-ХООЛНЫ ХАРШИЛ ХҮНДРЭХЭЭР “ШОК”-НД ОРДОГ-
Хоол хүнсийг хүлээж авах чадвар өөрчлөгдөх нь хүнсний харшил юм. Хүнсний харшлаас үүсэж болзошгүй хүндрэл нь дэлхий дахинаа анхаарч буй асуудлын нэг юм. XX зуунд харшлын өвчин гуравдугаарт, энэ зуунд бүх өвчлөлийн дотор нэгдүгээр байранд орох төлөвтэйг ДЭМБ мэдээлжээ.
Бие махбодид хоол хүнс хэт мэдрэг урвал үүсгэж, улмаар харшлын өвчин үүсгэдэг эмгэгииг хүнсний харшил гэж орчин үед нэрлэж байна. Харшлын шалтгаант гастроэнтерколит, бүдүүн гэдэсний цочрол элбэг биш тохиолдох ба бусад эрхтэнд ч нөлөө үзүүлдэг.
Харшил үүсгэгч хүнс: Газрын самар, сүү, өндөг, улаан буудай, шар буурцаг, модны самар, загас, дун, бусад буюу нийтлэг тохиолддоггүй аллерген /эрдэнэ шиш, желатин, мах-үхрийн, тахианы, хонины, гахайн, үр-наранцэцгийн, намуу цэцгийн, амтлагч-гоньд, сармис, гич/
Илрэх шинж тэмдгүүд: Загатнах, нулимс гарах, хамар битүүрэх, найтаах,ханиах уруул хавдах, амьсгал шуугих, гэдэс өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, бөөлжих, арьс загатнах, гүвдрүүтэх, туурах цусны даралт унах, ухаан алдах гэх мэт заримдаа маш хурдан хүнд хэлбэрт шилждэг ба анафилаксийн шок болно.
Харшлын урвал хэдэн минутаас хоёр цаг хүртэл үргэлжилнэ. Харшлын урвал хурдан илрэх болон хэр хүндрэлтэй явагдах нь тухайн хүнсэнд мэдрэг байдал, хир хэмжээний хоол хүнс хэрэглэсэн, ямар аргаар боловсруулалт хийсэн тухай үед өөр ямар хоол хүнс хэрэглэсэн зэргээс шалтгаална. Эхэндээ шинж тэмдэг нь бүдэг байж болно.
Харшлыг оношлох:
- Мэргэжлийн эмчид үзүүлэх
- Харшлын сорил тавиулах
- Лабораторийн шинжилгээ өгөх
- Хоол хүнсийг амтлуулж сорил хийлгэх
- Хоолны дэглэмийг багасгах
- Харшил үүсгэж байгаа хоол хүнсийг таниулах сорил хийлгэх
Эмчилгээ: Харшил өгч буй хүнсний зүйлийг мэдэхгүй байх олон төрлийн хоол, хүнсэнд харшилтай байвал харшил голлон өгч буй зүйлсийг нь бүрэн хорьж бусдыг нь дөрвөөс тав хоногийн зайтай бага багаар идэж болно.
Харшил үүсгэж буй хоол, хүнсийг давтан хэрэглэх хугацаа нь ихэвчлэн тав хоногоос дээш байх нь зүйтэй бөгөөд өдөрт нэг удаа идэж болно. Ингэж хооллохдоо тухайн хоол хүнсний /ялангуяа ургамлын гаралтай/ овог, язгуурыг нарийн тогтоож солбих урвал өгөх байдлыг хянана.
Урьдчилан сэргийлэлт. Хамгийн чухал нь харшил төрүүлэгч хүнсний зүйлийг хэрэглэхгүй байх, зайлсхийх болон хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар унших, аялалаар явах үедээ өөрт тохирсон хоол хүнсээ авч явах, хүнсний бүтээгдхүүнийг шошгожуулах мөн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах шаардлагатай.
Харшлын шинж тэмдгүүд өөр өөр байдаг.
- Амьсгалахад хүндрэлтэй
- Нүд халуу оргих, нулимс гойжих, загатнах
- Нүдний халдвар (нүд улайж хавдана)
- Найтаалгах
- Суулгах, гэдэс суулгах
- Толгой өвдөх
- Арьс улайж хавдах
- Ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах
- Нус ихээр гарах
- Арьс бижрүүтэх
- Гэдэс базлах
- Огиудас хүрэх
- Амьсгаа давчдах
Танд илэрч байгаа шинж тэмдгүүдийг үүсгэдэг бодисууд биеийн тань аль нэг хэсэгтэй холбоотой байдаг. Жишээ нь:
Амьсгалсны дараа хамар битүүрэх, ам хамар загатнах, шингэн залхаг (нус) хамраас гойжих, найтаалгах, амьсгал давчдахад хүргэдэг харшил үүсгэгч.
Нүдэнд хүрэхэд загатнуулдаг, нулимс гоождог, улайн хавдахад хүргэдэг харшил үүсгэгч.
Харшил өгөх хоол хүнс нь бөөлжис цутгах, огиудас хүрэх, хэвлийгээр өвдөх, гэдэс базлах, гэдэс гүйлгэх,бие улам муудах, амь насанд халгаатай шинж тэмдгүүдийг үүсгэж болдог.
Харшил үүсгэгч бодис арьсанд хүрэхэд арьс бижрүүтэх, улайж хавдах, загатнах, цэврүүтэх явдал гардаг ба арьс хүртэл хуурч унадаг тохиолдолд байдаг.
Энгийн харшлууд биеийг бүхэлд нь хамардаг ба янз янзын шинж тэмдэгүүдийг үүсгэдэг.
Шинжилгээ:
Шинж тэмдэгүүд харшлынх эсвэл өөр бусад хүндрэлээс үүдэлтэй эсэхийг харшлын шинжилгээгээр тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь: муудсан хоол идсэнээс болж илэрдэг шинж тэмдэг нь хоолны харшилтай ижилхэн байдаг. Зарим эмүүд (аспирин, анпицилин гэх мэт) улайж хавдах зэрэг харшлын бус хариу үйлчлэл үзүүлдэг.
Арьсны шинжилгээ бол харшлын өвчнийг шинжлэх хамгийн сайн арга юм. Үүний нэг бол хатгах шинжилгээ ба харшлын шинж тэмдэг бүхий тодорхой хэсэг газрыг хамардаг. Дараа нь тухайн хэсгийг хатгаж доторх бодисыг арьсны гадаргууд гаргаж ирэх. Улайж хавдсан шинж тэмдэг бүхий хариу үйлчлэхийг ойрын зайнаас харж ажиглана. Арьсны шинжилгээг бага насны хүүхэд болон нялх хүүхдүүдийг сонгон авч хийж болно.
Бусад төрлийн нөхөх шинжилгээ гэж байдаг. Цусны шинжилгээгээр өвөрмөц харшил, түүнд хамрагдах бодис ялангуяа иммуноглобулин Е-ийн түвшинг шалгахад хийдэг. Бүрэн гүйцэд цусны тооцоолох, тэр дундаа иосиопил цусны цагаан эсны тооцоолол нь харшлыг илрүүлэхэд тусалдаг.
Зарим тохиолдолд эмч нар эерэг үр дүн харахын тулд зарим харшил өгөх зүйлийг хэрэглэхгүй байхыг мөн муу нөлөө үзүүлэх зүйлийг хэрэглэснээр үр дүнг нь шинжилдэг “хэрэглэх эсвэл хасах шинжилгээг” ашигладаг. Энэ арга нь голдуу харшил хоолных байна уу, эмийнх байна уу гэдгийг шинжилдэг.
Эмч нар таны халуун, хүйтэн мөн гадны цочроогоор үүсэх сэрлээр үүсгэгдэх хүчин зүйлд үзүүлэх хариу үйлчлэлийг шинжилдэг. Зарим үед харшлын шинж тэмдэгийг үүсгэгч бодисыг доод зовхинд үйлчлүүлж харшлын хариу үйлчлэлийг шалгаж үздэг. Гэхдээ энэ шинжилгээг зөвхөн эмч хийж гүйцэтгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Шинж тэмдэгийг намдаах хамгийн сайн арга бол Танд харшил өгөөд байгаа зүйлээс зайлсхийх явдал юм. Энэ арга хэмжээг ялангуяа хоолны болон эмийн харшлын үед авдаг. Харшлаас сэргийлэх, эмчлэх эмүүд хэд хэдэн төрлөөрөө байдаг.
Танд илэрч буй харшлын шинж тэмдгийн төрлөөс хүндэрсэн байдлаас хамаарч эмчийн тань ямар эмийн эмчилгээ хэрэглэх нь шалтгаална. Харшлаас (эстна, цэцгийн тоосноос үүсдэг халууралт, үлд) үүсгэгддэг өвөрмөц өвчнүүд өөр төрлийн эмчилгээ шаардагддаг.
П.УРНАА
Сэтгэгдэл