ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдөр /2025.07.04/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төсвийн байнгын хороо 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хийлээ.
Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу холбогдох өөрчлөлтийг төсвийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгаж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Дээрх саналуудад үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд төсвийн холбогдох тооцооллуудыг хийж, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн гэдгийг тэрбээр онцлов.
Мөн танилцуулгад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслүүдийг батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан байлаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 573.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1 их наяд 809.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцэл -1 их наяд 364.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -1.5 хувьтай тус тус тэнцэхээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулгадаа тодотгож байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Түвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, О.Номинчимэг, Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, М.Мандхай, Ө.Шижир, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн зарцуулалтын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үнэлэх, төсвийн зарлага нэг бүрийн эдийн засгийн үр өгөөжийг Сангийн яам тооцдог болох, улмаар төсвийн урсгал зардлыг 15 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүй байвал цаашид хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг нар төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй Улсын Их Хурлын гишүүдийн зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнийг онцлоод үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төсвийн төслийг хэлэлцэх зохицуулалтын зүйл, заалтыг эргэн харах шаардлагатай талаар санал хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн асуудлыг иж бүрнээр нь хуульчилж эрэмбэ тогтоох, уул уурхай, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтыг татах асуудалд бодлогын түвшинд хууль эрх зүйн орчинд тодорхой болгож зарлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцуулав.
Тэрбээр, “Эхийн алдар одон” нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүндлэл, нийгмийн үнэлэмж, хөшүүргийн бодит хэрэгсэл болсоор ирсэн. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2 дахь хэсэгт “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг шалгуур тавьж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэхүү зохицуулалтаас үүдэн хүүхдээ нэг нас хүргэлгүй алдсан нь зөвхөн эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлага болж, эхчүүд төрийн хүндлэлийг хүртэх эрхгүй, сэтгэл зүйн хувьд дарамтад орох, нийгмийн үнэлэмжээс гадуур орхигдох зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж, 16 дугаар зүйлийн 5-д “... хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 нас хүртэлх эрхийг нь хангах” талаар тус тус заасан. Тиймээс энэхүү хуулийн төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2 дахь хэсэгт “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг шалгууруудыг хасаж, төрүүлсэн, өсгөсөн, асарсан бүх хүүхдийг ялгаварлалгүй тооцон “эхийн алдар” одон болон төрөөс үзүүлэх урамшуулалд тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг онцолж байлаа.
Хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", “байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас”, “1 ба түүнээс дээш настай" гэсэн болзлыг хасаж, хүүхэд тээн төрүүлсэн болон асарсан хөдөлмөрийг бодитоор үнэлэх зохицуулалтыг тусгахын зэрэгцээ, хуулийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих агуулгыг тусгасан гэв.
Хуулийн төсөл батлагдсанаар “Эхийн алдар” I зэргийн одон авах эхчүүдийн тоо 10154, II зэргийн одон авах эхчүүдийн тоо 27140 болж нэмэгдэх бөгөөд үүнд 7.5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт шаардлагатай болно. Энэхүү зардал нь нийгмийн халамжийн нийт төсвийн 0.2 орчим хувийг эзлэх бөгөөд хүүхдийн эрхийг сэргээх, хүний эрхийн тэгш зарчмыг хангах, төрийн бодлого ялгаварлалгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн ам зүйн бодлогын хэрэгжилтэд үр өгөөжтэй бодит хөрөнгө оруулалт болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ онцолсон.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг дэмжиж хэлсэн үгэндээ, Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орж, үүнд заасан төрийн хүлээх үүргийг биелүүлэхээр болсон. Нэг нас хүртэлх хүүхдийг хуульд заасан зохицуулалтад хамруулалгүй олон жил явсан нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил тул уг заалтыг нэн даруй өөрчлөх нь зүйтэй гэдгийг онцлоод хуулийн төслийг дэмжихийг гишүүдээс хүслээ.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл