БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр 98.5 хувийн ирцтэй байлаа
Өчигдрөөс эхлэн улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /06.15/ Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. “Элсэлтийн ерөнхий шалгалт-2017”-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна.
ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд ЭЕШ-ын шудрага, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги тамхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан гэлээ.
Өчигдрийн байдлаар Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагдсан нь 98.5 хувийн ирцтэй байна. Үүнээс 580 хүүхэд шалгалтаа өгч чадаагүйн 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй, үлдсэн хүүхдүүд нь шалгалтандаа ирээгүй байна.
-ШАЛГАЛТЫН ОНООГ ДОЛДУГААР САРЫН 01-НИЙ 09:00 ЦАГААС ЭХЛЭН ҮЗЭХ БОЛОМЖТОЙ-
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1.Бүртгэлийн хуудас
2.Суудлын хуваарь
3.Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
4.Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
Түүнчлэн шалгуулагч тухайн сонгож өгөх шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай.
Шалгуулагч шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог 2017 оны 07-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вебсайтаас үзэх боломжтой.
2017 оны 07-р сарын 03-аас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийн захиргаанаасаа батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл