Хятад ханз бүхий замын самбар Монголынх биш Хятадынх

Д.Тулга / Хууль

Хятад ханзаар Улаанбаатар, Чойбалсан, Баруун-Урт, Зүүн хатавч боомтыг тэмдэглэсэн замын самбарын зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд анхаарлын төвд оров. Тодруулж хэлбэл уг “Монголын газар нутагт байх замын самбарыг одоо бүр хятад ханзаар бичдэг боллоо. Монгол улс Хятадуудад эзлэгдэх нь, Удахгүй Улаанбаатар хотын хаягууд хятадаар бичигддэг болох вий дээ” гэх айдас хүйдсийн утга бүхий постуудыг иргэд олноор шэйрлэв.

Манай сайт өнгөрсөн баасан гаригт хятад иргэд Завхан аймгаас хоёр хүүхэд хулгайллаа гэх мэдээлэл сошиал сувгаар тарсан ч эл мэдээлэл худал ташаа байсан төдийгүй, амнаас ам дамжсан цуурхал байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад илэрхий болсон талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Дээрх ханз бичигтэй самбарын хувьд ч мөн л сайтар нягтлаагүйгээс маш олон хүнд хүрсэн худал мэдээлэл болж таарлаа. Учир юу гэвэл Монголын газар нутагт ханз бичигтэй самбар огт байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Нягталж шалгаваас энэхүү самбар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрт байрладаг гэх бөгөөд зураг дээрх Зүүн хатавч боомт нь Монгол Улстай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг байх Бичигт боомтоор хиллэдэг хятадын боомт аж. Анх Хятад, Монгол хоёр улсын морин арилжааны газар байсан бол жилийн дөрвөн улиралд нээлттэй том арилжааны боомт болсон ажээ.

Зүүн Хатавч нь Хятад, Монгол хоёр улсын 1046 хилийн шугамын дэргэд байрлаж, Монгол Улсын бичигт боомттой хөршилдөг байна. Монгол Улсын Дорнод, Сүхбаатар, Хэнтий гурван аймагтай ойр байрлах бөгөөд Өвөр Монголын дунд зүүн бие, Хятадын зүүн хойд бүс нутаг болон умард бүс нутгийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа учир Хятадын эдийн засгийн хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг. 1992 онд БНХАУ-ын төрийн зөвлөлөөс Зүүн Хатавч боомтыг улсын нэгдүгээр зэрэглэлийн улирлын чанартай хилийн боомт болгохыг зөвшөөрч, жилийн дөрвөн улиралд тогтсон хугацаатай нээдэг болгосон юм. 2004 онд дахин олон улсын хэмжээний бүтэн жилээр нээлттэй байх хилийн боомтоор тогтоож, 2008 оноос нээж эхэлсэн байна.

Иймээс Зүүн Хатавч хилийн боомт нь Хятад, Монгол хоёр улсын хоорондох чухал нэг боомт болж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засагт том нөлөөг үзүүлсээр ирсэн байна. Хятад улс Зүүн Хатавч хилийн боомтыг Өвөр Монголын зүүн хэсгийн аймаг хот болон Хятадын зүүн хойд орны далай дагуух гармыг Монгол, Оростой холбох Ази-Европын том зам шугам болгон хөгжүүлэхээр хичээж байгаа юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000