Ж.Галбадрах: Төрийн өмчийн сургуулиудад реформ хэрэгтэй байна

Aдмин / Улстөр

Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Боловсролын яамнаас Шинэ Монгол сургууль руу мөнгө шилжүүлсэн. Үүнд нь таныг нөлөөлсөн гэдэг зүйл яригдаад байсан. Та тайлбар өгөхгүй юу?

-Шинэ Монгол сургууль руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв төрийн бус байгууллага нь Монголын төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төслийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлж байгаа юм. Өмнө нь хоёр үе шатыг төрийн өмчийн сургуулиуд дээр амжилттай хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх үед нээлттэй зарлал гаргаж сургуулиуд нь өөрсдөө оролцох хүсэлтээ өгөөд оролцоод явсан. Энэхүү төслийн үр дүнгийн талаар төслийн багийнхан

Боловсролын яаманд танилцуулж, гуравдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Ер нь бол манай улсын төрийн сургуулиуд ямар түвшинд байгаа билээ. Боловсролын салбарыг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Миний хувьд ажлын гараагаа Төв аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулиас эхэлж байлаа. Дараа нь Япон улс руу мэргэжил дээшлүүлэхээр явсан.

Харин тус улсын хөгжлийн нууц нь боловсрол юм байна. Тэр дотроо ахлах сургуулийн боловсролыг их сайн өгч байгааг хараад нутагтаа ирээд Шинэ Монгол сургуулиа байгуулсан. Хорин жилийн хугацаанд сайн сургуулийг босгох гэж хичээсэн, алдаж онож туршлага хуримтлуулсан. Тэгээд 2020 онд сургуулийнхаа 20 жилийн ойг угтаад нийгмийн хариуцлагын хүрээнд найман сургууль дээр анх энэ төслөө эхлүүлсэн юм.

Ингэхдээ сум, аймгийн сургуулиудаас хоёр, хоёрыг, нийслэлд гэр хороолол, хотын төвөөс гэсэн байдлаар манай туршлагыг судлах хүсэлтэй сургуулиудаас сонгосон. Сургуулиудын хүүхдийн тоо нь хүртэл харилцан адилгүй тийм сургуулиуд байсан.

Анх Шинэ Монгол сургууль менежментийг үнэ төлбөргүйгээр хуваалцах гэж байна гэхэд нийт 117 сургуулиас хүсэлт ирсэн. Бид өөрсдөө зардлаа гаргаж, тэднийг дагуулан сургах байсан учраас эхний байдлаар ердөө наймыг нь сонгон авч төслөө хэрэгжүүлсэн. Долоо хоног бүр сургуулийнхаа төслийн багт хичээл зааж, гэрийн даалгавар өгч, хоёр жилийн турш явуулсан. Ингэхэд 165 сая төгрөгийн зардал гарсан.

-Энэ төсөл хэрэгжиж байх үеэс л яамны зүгээс сайшааж, дэмжиж байсныг санаж байна л даа. Л.Энх-Амгалан сайдын үед бил үү?

-Төсөл хэрэгжиж байсан найман сургууль дээр тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан очиж танилцсан байдаг. Улмаар намайг дуудаж, манай сургууль дээр ирж ажиллаад хоёр ч удаа сургалт хийлгэсэн.

Мөн Боловсролын яам 2023 оныг Сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Сургуулийн менежмент гэдэг ямар чухлыг тал талдаа ойлгож байсан учраас энэ төслийг маань дэмжиж, аль болох олон сургууль хамрагдах боломжийг ярилцаж байсан. Ингээд манайх төслөө дараагийн шатанд 60 сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн.

Салбарын сайд ч төрийн сургуулиудад сайн туршлагыг түгээж, сургуулиудын менежментийг сайжруулахын тулд яаж дэмжвэл хэрэгтэй байна гэж асууж байсан. Сургууль бүр өөрсдөө менежментийн зардалтай учраас тэндээсээ сайн дурын үндсэн дээр 60 сургууль хамрагдсан.

Нэг сургуулиас 4 сая төгрөгийн төлбөр авч, хоёрдугаар шатны төслөө хэрэгжүүлсэн. Төлбөр гэж байгаа ч энэ тулж ажиллаж дагуулж сургаж байгаа багш нарын цалин, төслийн багийнхны хөдөө орон нутагт очиж ажиллах зам унааны зардал болдог юм. Сургуулиуд дандаа сайн дурын үндсэн дээр, өөрсдийнх нь хүсэлт гаргасны дагуу бид сонгосон.

Хоёр дахь шатанд нийт 191 сургуулиас хүсэлт ирсэн. Цаана нь орохыг хүссэн сургууль ч маш их үлдсэн. Ер нь хот, хөдөөгийн олон сургууль менежментээ хөгжүүлэх арга замыг эрэлхийлж, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн. Тухайн үед Боловсролын ерөнхий газар нэг сургуулиас 10 сая төгрөг авч, менежментийг нь сайжруулах төсөл хэрэгжүүлж байсан.

Азийн хөгжлийн банкнаас хэд хэдэн сургуулийг сонгосон өөр нэг төсөл ч явж байсан. Сургуулийн менежментийг сайжруулах төсөлд хамрагдсан 60 сургуулийн 58 нь амжилтаа хуваалцаж тайлангаа тавьж байсан гэдэг нэгийг хэлэх болов уу.

-П.Наранбаяр сайд мөнгө шилжүүлсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ хувийн зардлаар эхлүүлж байсан тухай хэлсэн дээ. Дараагийн шатанд сургуулиудынхаа тоог нэмээд ажиллахад үйл ажиллагааны зардал дутаж эхэлсэн. Багш нарынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд байдаг, гэтэл сурч мэдэх гэсэн төрийн өмчийн сургуулиудын сурч мэдэх хэрэгцээ байгаад байдаг. Сүүлдээ аж ахуйн нэгжүүдийн хандив тусламж авч төслийг санхүүжүүлж байж энэ төсөл маань амжилттай өндөрлөсөн.

Би төсөл эхлэх үед хамрагдаж байгаа сургуулиудад “Та нар Шинэ Монгол сургууль шиг болно” гэж хэлэхэд төрийн өмчит сургуулиудын багш, захирал, ажилтнууд бараг эхлээд цочдог. Гэхдээ тэр 60 сургуулийн бараг 45 нь яг л Шинэ Монгол шиг менежменттэй сургууль болчихсон гэж би нүүр бардам хэлнэ. Бид ингэж яваад амжилтад хүрсэн, та нар үүнийг дуурай гэснээр дагаж дуурайгаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Алхам алхмаар дагуулж, чиглүүлж даалгавар өгч, шалгаж эргэх холбоотой, ойр дотно ажиллаж байж хамтдаа бид энэ амжилтыг бүтээж чадсан.

Гэхдээ гурав дахь шатыг эхлүүлэх тухай зарлаа ч үгүй байх үед бидэнд 300 гаруй сургуулиас хүсэлт ирсэн. Яг энэ үед УИХ-ын сонгууль болж, би жагсаалтаар гишүүн болсон. МАН-аас боловсролын салбарыг улам бүр сайжруулахад хамтран ажиллаж, энэ төслөө далайцтай хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрт оруулаад яваач гэсэн санал надад тавьсан юм шүү дээ. Тийм ч учраас Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар би одоо ажиллаж байна.

Төслийн гуравдугаар үе шатанд нийслэлээс 40, говийн болон төвийн бүсээс 40, 40 гээд нийт 120 сургуулийг өөрсдийнх нь хүсэлт гаргасны дагуу сонгон авсан. Сургуулиуд өөрсдөө мэдээд менежментээ сайжруулж, багш нартаа сургалт авахад зарцуулдаг зардал гэж байдаг. Гэхдээ энэ зардал нь сургууль хүсэлт гаргаснаар сайд зөвшөөрч гарын үсэг зурдаг зарчмаар явсан.

-Сургуулиудын менежментийг нь л сайжруулчихвал асуудал ер нь шийдэгдэнэ. Боловсролын салбарт том ахиц болно гэж та үзэж байна уу?

-Боловсролын реформ гэдэг чинь сургуулийн л реформ байгаа юм. Сургууль сайжирч байж л боловсрол дээшилнэ. Гэтэл манайхан чинь том, том бодлого яриад л байдаг. Тэр нь сургууль дээрээ очихгүй явж ирсэн. Сургууль бүр өөртөө тохирсон Алсын хараа, Эрхэм зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Манай сургуулийн өнөөгийн бодит байдал нь ямар юм. Хаана хүрч чадах вэ гэдгээ өөрсдөө л гаргана.

Түүнээс биш яамнаас дэлхийн иргэн бэлдэнэ энэ тэр гэсэн гоё юм тавьчихсаныг нь хуулж тавиад нэмэргүй. Үүнээс гадна хамгийн эхлээд сургууль дотроо эерэг соёлыг түгээх хэрэгтэй. Сургуулийн соёл гэж юу юм. Үүнд хэн, хэн хамаатай байх вэ гээд сургуулийнхаа соёлыг төлөвшүүлэх ёстой. Дараа нь багш нар багаар ажилладаг болох.

Нэг нэг хичээлийг дандаа салангад заачихаад л болчихдог хүмүүс шүү дээ. Тэгвэл долдугаар ангид ордог бүх багш нар нэгдээд хэн нь хүмүүжлийн хувьд доголдолтой, хэн нь бусдаас илүү сураад байна гэдгийг ярилцдаг болох нь хамгийн чухал. Дараа нь багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх ёстой.

Туршлагатай багш нараасаа залуу хүмүүс нь суралцаад явах нь их чухал байдаг юм. Мөн хүүхдэд хичээлээс гадна зүрх сэтгэлийн боловсрол, зөв хандлагыг заах ёстой. Үүнийг манай төрийн сургуулиуд бүр хаячихаад байгаа юм. Харин үүнийг манай Шинэ Монгол сургууль өгч чаддаг учраас түүнийгээ бусад сургуулиудтай хуваалцъя гээд байгаа хэрэг. Ер нь бас нэг чухал зүйл нь эцэг эх, багш нар нэг талдаа гарах ёстой.

ПЭцэг эхтэйгээ харилцах, ангийн хурлыг хэрхэн хийх гээд ажлаа сайтар төлөвлөдөг болох хэрэгтэй. Төлөвлөнө гэдэг нь нийт ажлын 50-60 хувь шүү дээ. Сургуулиуд төгсөгчдийнхөө эргэх холбоог ашиглаж байх нь бас зүйтэй. Олон олон зүйлийг сургахын тулд нэг сургуулийн бүтэн жилийн төлбөр нь 10 сая төгрөг. Мөн энэ төсөлд хүчээр оруулсан нэг ч сургууль байхгүй. Сургуулийн менежментийн төсөлд хамрагдсан аль ч сургууль руу холбогдоод сэтгэгдлийг нь асууж болно. Ямар ахиц дэвшил гарч байгааг нь ч асууж болно.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.71] 2025-04-15 21:38:39

Муухай шуналтай хүн. Хүн сийрэг толгойтой байх нь сайн, гэхдээ хүний төрөлх чанар өөрчлөгддөггүй юм шиг байна. Ч.Ганзоригт яаж хандсныг чинь хараад чамайг ямар амьтан болохыг чинь мэдсэн дээ.

Зочин [66.181.178.186] 2025-04-15 16:48:49

тэгээд төслөө хэрэгжүүлээд явахгүй яах гэж гишүүн болчоод гэнэт төслөө хиймээр байна гэх

Зардалгүй юм гэж юу байхав дээ [157.15.7.113] 2025-04-15 16:22:29

Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг гэдэг үнэн шүү, ер нь зөвхөн сургууль гэлтгүй бүх төрийн байгууллагад реформ хэрэгтэй. Үр ашигтай менежмент хэрэгтэй, сэтгэлтэй менежер хэрэгтэй, бодит жишээ нь Шинэ Монгол юм биш үү

Зочин [157.15.7.102] 2025-04-15 14:49:26

улсын мөнгө идэхээ больчих

Реформын агуулга нь тэгээд юү байх юм бэ? [66.181.160.51] 2025-04-15 14:38:50

Сургуулийн реформыг МУ-ын иргэдийг хаагуур суурьшуулах бодлоготой байгаагаас эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв АЙМГУУДАД гол төлөв хүн амаа ТОГТООЁ гэж байвал аймаг сумдын сургуулиудыг яаж СУРАГЧИДТАЙ байлгах уу, аймаг сумдад багш нарыг хэрхэн тогтоох уу, хөрөнгө оруулалт яаж хийх үү гэдгээ ЭХЛЭЭД шийдэх хэрэгтэй. Аймаг сумдын сургуулиудыг УЛСЫН төсвөөс бүрэн санхүүжүулэх ЁСТОЙ. Харин хотын сургуулиудыг дотор нь хувааж, талыг нь улсын төсвөөр, нөгөө хэсгийг нь хувиас санхүүжүүлж байвал зохимжтой. Ийм юмыг манай боловсролын салбар хийж чадах уу?

Зочин [202.126.90.80] 2025-04-15 13:35:05

Ерөнхий боловсролын сургуулийн зарим багш нар хүүхдэд гээгүй нөхдүүд байна шүү зарим сургуулийн багш нар 9сарын 1 - нд эрдмийн баярт сурагчдыг оруулахгүй S багтахгүй ч гэх шиг, тэгсэн ээ уух юм авчирч болохгүй шүү гээд хүүхдүүдийг дугаарлаж харьцах гээд ёс суртахууны бөөн асуудалтай авгай хүүхнүүд багшилж байгаад үнэн харамсаж байна шүү

GG [203.217.139.240] 2025-04-15 12:29:19

Ene khun ikh shunaltai uudgui, tsug naimaa khiij jaavsan nukhruu zalilaj jaavsan gar gesen shuu!!! BOLGOOMJIL! Muu tsag ued muu khumuus zasgiin erkhend garakh juum daa!!!

Зочин [59.153.114.119] 2025-04-15 11:16:29

Мөнгөнд нүд нь улаассан Галбадрах худлаа шүү. Өмнө нь нялх хүүхдүүдийг шалгах нэрээр мөнгө иддөг байсан, одоо бүр шуналтай болсон биз.

Мундаг ярьсан улс [66.181.188.26] 2025-04-15 09:00:10

Худлаа ярьж суутал 4жил нь дууслаа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.