“Анод”, “Зоос” болон “Жаст" группын дампуурлын ард сонсогдож явсан “Монгол газар” компани санхүүгийн чадваргүй болжээ

Д.Тулга / Эдийн засаг

mynganbayar

-ШҮҮХЭД НИЙТ 84.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛ ИРҮҮЛЖЭЭ-"

“Монгол газар" ХХК дампуурлаа зарлах хэмжээнд хүртлээ хямарч, санхүүгийн чадваргүй болсон гэх мэдээлэл сүүлийн үедгарах болов. “Монгол газар" компани татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн аж. Иймд тус компанийн захирал Ц.Мянганбаяр өнгөрсөн зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Энэ мэт байдлаас улбаалан дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, “Монгол газар" компанийг төлбөрийн чадваргүйг тогтоосон байна. Тиймээс тус компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудыг шүүхэд нэхэмжлэл гаргахыг анхааруулан шүүхээс мэдэгдэл гаргасан. Цагтаа “Анод", “Зоос" гэсэн банкууд дампуурч эцэст нь “Жаст" групп дампуурч байсан үйл явцыг уншигчид мэдэх биз. Эдгээр байгууллагууд дампуурахад ард нь “Монгол газар" компани буюу Ц.Мянганбаярын нэр явж байсан. Шалтгаан нь тус компанийн “Олон овоот"-ын орд. “Анод", "Зоос" банкны барьцаанд байсан “Олон овоот" ордын лиценз банкуудыг хямрааж, дампууралд хүргэсэн гэж үздэг бол “Жаст" групп энэ ордыг эзэмших болсноос олон сая төгрөгийн алдагдалд орж мөн л дампуурсан. Харин эцэст нь “Монгол газар" буюу Ц.Мянганбаярындампуурал яригдаж эхэллээ. Гарч буй эл мэдээллийн ард ямар нэгэн зорилго байхгүй биз гэсэн асуулт тодорхой хүрээнд явж байна. Зарим хүн“Монгол газар"компани өр төлбөр хариуцлагаас мултрах гэсэн амархан арга нь дампуурал биш биз гэсэн болгоомжлол байгааг ч нуухгүй байна. Гэвч эцсийн дүндээ тус компанийн дампуурал болон санхүүгийн эрсдэлд орсон эсэхийг шүүх тогтоох юм. Иймд тус компанитай холбоотой өрнөөд буй мэдээлэлд анхаарлаа хандуулъя.

АВЛАГАТАЙ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

“Монгол газар" компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон.Харин нэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах үүднээс “Монгол газар" компанийн төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. “Монгол газар" компани дампуурлаа зарлах нь гэсэн мэдээлэл анх гарахад Ц.Мянганбаярыг нийгмийн даатгалд 10 гаруй, Монголбанкинд 30 гаруй, хувийн компаниудад мөн олон тэрбум төгрөгийн өртэй гэж мэдээлэгдэж байсан. Тэгвэл Татварын ерөнхий газар, Иточу корпораци, Монгол банк, Чингис хаан банк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар гээд гадаад, дотоодын томоохон төрийн болон хувийн хэвшлийн компаниуд шил даран нэмэгдэж буй бололтой. Тус компаниас авлагатай гэх нэхэмжлэгчдийн шүүх хурал болж, хуралдаанд нэхэмжлэгчээр хувь хүн, аж ахуйн нэгжийн 14 төлөөлөл оролцож, нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирүүлжээ.

"ИТОЧУ" КОРПОРАЦИД 59.8ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ГЭНЭ

Тухайлбал,ирсэн нэхэмжлэлийн 70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын "Иточу" корпорациас, “Монгол банк"-ны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум, Татварын ерөнхий газар 2.6 тэрбум, Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, “Киа моторс" компанид 68 сая төгрөг, “Хьюндай моторс компанид 18 сая төгрөг, иргэн Д-д 5 сая төгрөгийн тус тус өр нэхэгдэж байгаа аж. “Монгол газар" компаниас авлагатай аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэх хандлагатай байгаагэнэ. Нэхэмжлэгчдийн хурлаар “Монгол газар" компанийн санхүүд шалгалт хийгээд“Монгол такс" компани нэхэмжлэл гаргасны дагуу авлагатай компанийн нэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Иточу, “Монгол банк", Татварын ерөнхий газар, “Чингис хаан" банк зэрэг нэхэмжлэгчид “Нэхэмжлэгчдийн зөвлөл"-өөр сонгогдсонгэх мэдээлэл бий.

“МОНГОЛ ГАЗАР"БА Ц.МЯНГАНБАЯР

“Монгол газар" ХХК нь ашигт малтмалын ордын олборлолт, геологийн эрэл хайгуулын ажил болон худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготойгоор 1992 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдаж байсан гэдэг. Тус компани нь өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод гаргах, ая­лал жуулчлал, зочид буудал, рестораны үйлчилгээ гэх мэтээр бизнесийн гараагаа эхэлсэн. Алтны уурхайг ашиглахын зэрэгцээ, геологи хайгуулын судалгааны ажлыг явуулж, ашигт малтмалыг илрүүлж, судалгаа шинжил­гээний ажил хийснээр цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг.1994 онд Японы “Хасабе Интернэйшнл" ХХК-тай хамтран олон улсын жишгээр дөрвөн одтой “Цэцэг" зочид буудлыг байгуулсан гэнэ.

1996 онд ашигт малтмалын ордыг хайх, олборлох чиглэлээр “Монгол Майнинг" ХХК-ийг байгуулсан бөгөөд Хэнтий аймаг дахь Хемелийн орчмын 40.0 тонн /Р зэргээр/ алтны нөөц бүхий талбайд эрэл, хайгуулын ажил явуулж зохих хэмжээний олзворлолт хийсэн. 1997 онд инженер, геологи-хайгуулын “Их үүсгэл" ХК-ийг хувьцаагаар худалдаж авсан. “Их үүсгэл" компани нь геологи хайгуул, судалгааны ажлыг орчин үеийн түвшинд явуулах лаборатори, өрөм болон бусад техник хэрэгсэл, элс угаан баяжуулах скруббер үйлдвэрлэдэг механик цех, автомашины засварын газар, гарааш, агуулах, бензин түгээгүүр болон төмөр замын салаа, 4 га талбай барилга байгууламж бүхий 1.5 тэрбум төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй. 1998 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт орших Хонгилтын ордоос 350 кг алт олборлосон нь Монгол банкинд тушаагдсан алт олзворлогч аж ахуйн нэгжүүдийн долдугаарт бичигдсэн байна. 1999 онд Катерпиллерийн тоног төхөөрөмжөөр 400 кг алт олзворлосон.

2000 оноос шинээр нээсэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын алтны шороон ордыг Японы Иточу Корпорациас худалдаж авсан Комацугийн 35 нэгж техник, тоног төхөөрөмжөөр нийт 4.3 тонн алт олзворлосон байна. Улсад алт олборлолтоор 2001 онд 1-р байр, 2002 онд 2-р байр эзэлсэн. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Герман улсын “KRUPP" үйлдвэр, ОХУ-ын Байгалийн чанад дахь алт үйлдвэрлэгчдийн нийгэмлэгтэй нягт холбоотой ажилладаг. Алт хайлалтаар Өмнөд Солонгосын GN & Gold, хайгуулын ажлаар ОХУ-ын Новосибирскийн геологийн академитай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна “Монгол газар" ХХК нь МУИС, ТИС-ийн холбогдох тэнхимүүдтэй байгаль орчныг түргэн сэргээх боломжтой шинэ техник нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн гэсэн арвин их намтар гарч ирж байх юм.

ХАРИН АЛТНЫ МАГНАТ ГЭХ ТҮҮНИЙ ТАЛААР ИЙМ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 14-р сургууль төгсч, 1989 онд МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсчээ.

Дараа нь Дубна хотын Олон Улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оноос одоог хүртэл “Монгол газар" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч, Монголын Сумо бөхийн Холбооны ерөнхийлөгч,Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, 2000 оны Шилдэг бизнесмэн. 2001 оны Энэрэнгүй үйлстэн, 2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөлтэй, хүүхдийн төлөө ариун үйлстэн болж байсан байх юм.

Ц.МЯНГАНБАЯР: ЭНЭ АСУУДАЛ ДУУСАХААР НЭГ МӨР ЯРЬЯ

Энэ талаар зарим нэгэн зүйлийг“Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяраас тодруулсан юм.

-Танай компанитай холбоотой мэдээлэлгарч байна. Энэ бүхэн үнэн үү. Нэр дурдагдаж буй авлагатай компаниудын талаар мэдээлэл өгөөч?

-Шүүхийн шатанд явж буй асуудал.Энэ асуудал дуусахаар нэг мөр ярилцлага өгсөн нь дээр байх.

-Танай компани хэдийнээс санхүүгийн алдагдалд орсон юм бэ?

- Энэ тухай хэлэх, ярих цаг нь арай болоогүй байна. Мөн дээрээс ньнэхэмжлэлийн хэмжээ ч нарийн гараагүй байгаа. Ирэх гуравдугаар сар гаргаад энэ тухай дэлгэрэнгүй ярьсан нь дээр байх.

-Бидэнд үйл явдлын товч мэдээлэл хэрэгтэй байна. Боломжоороо энэ тухай яриач?

-Одоо хэрэггүй биз дээ хэмээн ярихаасаа татгалзсан юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар бол компанийг татан буулгах шийдвэр гаргах эрхтэй хоёр субъект байдаг. Үүнд нэгдүгээрт хувь нийлүүлэгчдийн хурал, хоёрдугаарт шүүх юм.

КОМПАНИЙГ НЭХЭМЖЛЭГЧДИЙН НЭХЭМЖЛЭЛЭЭР ХУУЛИЙН ДАГУУ ДАМПУУРУУЛЖ БОЛДОГ

Компанийн бүх нэхэмжлэгчид нэхэмжлэгчдийн хороог сонгон байгуулж компанийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагааны төлөвийг хэлэлцэх нэг арга бас байдаг байна. Дампууралд орсон компанийн хувьд хоёр сонголт байдаг юм байна. Нэгдүгээрт компанийн үйл ажиллагааг дэмжин үргэлжлүүлэх, үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлснээр компани дахин хэвийн байдалд орж чадна гэж үзсэн тохиолдолд ийм шийдвэр гаргадаг байна. Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчид өр төлбөрөө бүрэн гаргуулж авах боломж харьцангуй ихгэж үздэг бололтой.Шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш 60 хоногийн доторнийт нэхэмжлэлийн шаардлагын 1/3-ээс дээш хувийг нэхэмжилж буй нэхэмжлэгчид тус тус шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлэх эрхтэй байдаг байна. Гэвч нэхэмжлэгчид компанийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж үр дүнг хэлэлцээд компанийн үйл ажиллагааг яг одоо зогсоох нь цорын ганц арга зам юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэх нь цөөнгүй байдаг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.Сайн дураараа дампуурлаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд компанийг нэхэмжлэгчдийн нэхэмжлэлээр хуулийн дагуу дампууруулж болдог аж. Энэ тохиолдолд мөн компанийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах эсвэл бүрмөсөн зогсоох шийдвэр гаргадаг байна. Компани төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хуулийн дагуу дампуурлыг зарладаг аж. Юутай ч шүүх эцсийн шийдвэрийг гаргах хэдийч хуулийн хүрээнд авч болох олон арга бий гэдгийг эндээс харж болох юм.

Г.ЯЛГУУН

Эх сурвалж: DNN.MN



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.