АТГ-аас оффшорчдод дахин нэг сарын “боломж” олгожээ

Д.Тулга / Хууль

offshor

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоол АТГ-т аравдугаар сарын 4-ний өдрөөс албажиж ирсэн байдаг. Хуулиараа аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой.

Үүний дараа АТГ-аас оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн. Энэ нэг сарын хугацаанд тэдгээр иргэд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл8 хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т эд хөрөнгөө татсан тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой байв. Энэ хугацаа өнгөрсөн ням гаригт дуусгавар болсон. Ингэснээр АТГ-аас нийт хэдэн хүн оффшороос хөрөнгөө оруулж ирсэн эсэхийг ард түмэнд мэдээлэх боломж бүрдэж буй юм.

-НЭГДСЭН БАЙДЛААР МЭДЭЭЛЛЭЭ ХҮРГЭХ ГЭЖ ХУГАЦААГ СУНГАСАН ГЭВ-

Бид энэ талаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй холбогдож тодрууллаа.

-Өнгөрсөн ням гариг буюу хоёрдугаар сарын 04-нд оффшор бүс дэх хөрөнгөө татсан иргэд АТГ-т мэдэгдэх нэг сарын хугацаа дууссан гэж ойлгож байна. Хэчнээн хүн хөрөнгөө татсан талаараа АТГ-т мэдэгдсэн бэ?

-Оффшор дахь дансаа оруулж ирсэн тухайгаа АТГ-т мэдүүлэх нэг сарын хугацаа хойшилсон. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан нийтийн албан тушаалтан нь оффшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр дуусгавар болно.

Сарын өмнө АТГ-аас мэдээлэхдээ эхний ээлжийн оффшор бүсэд бүртгэлтэй иргэд хөрөнгөө татсан тухайгаа хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т мэдүүлэх ёстой гэж байсан. Яагаад хугацааг нь дахиад сунгачихав?

-Олон нийтийн дунд оффшор бүсэд хөрөнгөтэй гэж дуулиан дагуулж байсан хүмүүсийн хөрөнгөө байршуулсан улс энэ жагсаалтад байхгүй байна, монголчууд төдийлөн зорчдоггүй бүс нутаг байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс их гарч байсан. Тиймээс оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, монголчуудын ихэнхдээ зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улс багтсан. Энэ бүс нутгуудад оффшор данстай иргэд Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 6-нд хугацаа нь дуусна. Тэгэхээр нэгдсэн байдлаар мэдээллээ гаргах гээд эхний ээлжийн хүмүүст хамаарах хуулийн хугацаагаа дахин нэг сараар сунгаад байна.

-АЛБАН ТУШААЛААС НЬ ХАЛАХ, ЭГҮҮЛЭХ ТАТАХ ХҮРТЭЛ
ХУУЛИЙН ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ-

Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай. Тиймээс мэдүүлэг гаргагч нар энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой. Тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм.

Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдсэн юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000