“Эмчийн буруугаас бяцхан хүүгийнхээ хөөрхөн халуун гарыг атгаад л харамсалтайгаар алдчихлаа”
-ТЭД “БИДНИЙ БУРУУ. ГЭХДЭЭ БИД МӨНГӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ,
ХУРАЛДАЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙЯ” ГЭСЭН-
Өнгөрсөн тавдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн “Амгалан” амаржих газарт 19 настай М бүсгүй төрөхөөр очиж, эмч нарын буруугаас үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр “Би хүүгийнхээ бяцхан халуун гараас хэдхэн удаа л атгасан. Ганц ч удаа энгэртээ тэвэрч, амлуулаагүй, эмч нарын хайхрамжгүй байдлаас болж хүүгээ алдлаа” хэмээн нулимс асгаруулан ярьсан юм. Түүний яриаг уншигч танаа толилуулъя.
-Та яг хэзээ төрөхөөр эмнэлэгт очсон бэ?
-Би анх энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр төрөхийн өвдөлт өгөөд, “Амгалан” төрөх газар буюу гуравдугаар төрөх эмнэлэгт очсон юм. Уг нь миний төрөх сүүлийн хугацаа тавдугаар сарын 19-ний өдөр. Гэтэл гэнэт өвдөөд, гуравдугаар эмнэлэгт очиход эмч нар нар намайг үзээд “Ураг орчмын шингэн багадалттай байна” гээд хэвтүүлсэн. Тав хоногийн дараа эмч нар “Чамайг бид хүнтэй андуурсан байна. Чамд ургийн ус багадалт байхгүй байна. Одоо төрөхөө л хүлээ” гэсэн. Ингээд тариа хийхээ ч больж, сүүлдээ эмнэлгээс гаргасан.
-Эмнэлгээс гарахад биеийн чинь байдал хэр байсан бэ?
-Тавдугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гарахад бие гайгүй байсан. Гэтэл гэнэт 17-ноос эхлэн 20-ны өдөр хүртэл өвдсөн. Энэ хугацаанд өдөр болгон гуравдугаар төрөхөд очиж үзүүлж байсан. Шөнөжин өвдөөд, сүүлдээ болохоо байгаад үүрээр эмнэлэгт очиход эмч нар нойрмог үзээд, “Болоогүй байна” гээд л буцаадаг байсан. Миний анхны төрөлт. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд доогуур үзлэг хийж байхдаа тухайн эмч нь миний усыг хагалчихсан юм. Мэдээж салианаасаа өөр юм чинь надад мэдрэгдэж байсан. Тэгээд эмчдээ “Доошоо шингэн зүйл ихээр гарч байна” гэтэл “Гардаг юм гардгаараа гарч байна” гэж над руу уурласан. Эмнэлгээс гардаг орой салиа гарсан. Нэг эрхлэгч эмч нь доогуур үзлэг хийж байна гээд маш их цус гартал үзсэн. Үзлэг хийсний дараа алхаж чадахгүй, хүчтэй өвдөж байсан ч эмнэлгээс гаргачихсан. Тэрнээс хойш маш их өвдөж байсан. Тавдугаар сарын 18-ны үүрээр халуураад очиход надад өвчин намдаах лаа хийгээд буцаасан. Миний төрөх хугацааг 23-ны өдөр болгосон.
-Та тэр хугацаанд өвдөлт өгөх бүрт эмнэлэгт очиж үзүүлж байв уу?
-Тийм. Би өдөр болгон л очиж үзүүлж байсан. Харин ганцхан 16-нд очоогүй. Тавдугаар сарын 20-ны үүрээр очиж “Доошоо юм гараад байна” гэхэд “Гардаг юм гардгаараа гарч байна” гээд лаа хийгээд буцаасан. Тэр өдөр дахин очиж байж тариа хийлгүүлсэн. Тухайн өдрийнхөө 12 цагийн орчимд ямар ч оёлдолгүй, өөрөөрөө төрсөн. Манай хүү 3800 кг, 51 см төрсөн юм. Гэтэл манай хүүхэд сэхээний тасагт эмчлүүлж байгаад гэнэт л эндсэн. Хүүхэд эндсэн өдөр намайг эмнэлгээс гарвал чи бараг үхнэ гээд эхэлсэн. Манай нөхөрт “Танай эхнэр өөрөөрөө төрсөн нь аз гэж бодоорой. Хийсвэрийн аргаар төрсөн бол умайгүй, тахир дутуу хүн болох байсан” гэж хэлсэн байсан. Надад болохоор тэгж хэлээгүй. “Чиний бие сайн байна” гэж байснаа хүүхэд эндсэн өдөр “Чи эмнэлгээс гарах юм бол үхнэ шүү, байж бай” гээд байсан. Намайг эмнэлгээс гаргахгүй гээд байсан. Манай гэрийнхэн, эмээ маань очиж муудалцаж, уйлж байж намайг гаргасан.
-Таны бие тухайн үед муудсан юм уу?
-Үгүй муудсан юм байгаагүй. Гуравдугаар эмнэлгийн эмч нар их муу байна гээд байсан. Эмнэлгээс гараад хувийн эмнэлэгт бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд ямар ч өөрчлөлт илрээгүй. Намайг эмч нар маш сайн төрсөн. Сав их сайн агшиж байна. Шавхарга үлдэгдэл байхгүй, одоо гар гэсэн. Тэгэхээр нь би “Миний хүүхэд сэхээнд эмчлүүлж байгаа шүү дээ” гэсэн.
-Гуравдугаар эмнэлэгт хэвтэж байхад таны шинжилгээний хариу ямар гарсан юм бэ?
-Гуравдугаар эмнэлгийн эмч нар надаас цусны дэлгэрэнгүй шинжилгээ авсан. Гэтэл хариугаа одоо хүртэл надад үзүүлээгүй. Мөн хүүхдийн маань шинжилгээний хариу хоёр сарын дараа гарсан. Саяхан хүүхдийн нас барсан шинжилгээний хариу гарсан. Би тухайн өдөр хариугаа аваад эмнэлэгт өргөдөл өгсөн.
-Шинжилгээний хариуд хүүхэд юунаас болж эндсэн гэж гарсан юм бэ?
-Шинжилгээгээр хүүхдэд эхээс халдвар дамжсаны улмаас элэг, дээлүү томорсон гэсэн байсан. Ургийн гажиг болон бүх төрлийн шинжилгээг тухай бүрт нь өгөхөд ямар ч өөрчлөлт илрээгүй байсан. Би дээрээ дөрвөн эгчтэй, жирэмсний нэг сартайгаас эхлээд бүх төрлийн хяналт үзлэг, шинжилгээндээ хамрагдаж байсан. Яг цагтаа үзүүлээд л явж байсан. Мөн эм болон витамин зэргийг маш сайн хэрэглэсэн. Би жирэмсний хугацаандаа хүүхдийн зүрхний бичлэг хийлгэхэд сайн гарч байсан. Гуравдугаар төрөхөд хэвтэж байх хугацаанд энэ бичлэгийг хийлгэхэд өөр болсон байсан. Ургийн усыг хагалсан байхад хүүхэд бүрэн амьсгалж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. (уйлав.сурв)
-Гуравдугаар төрөх эмнэлгийн зүгээс энэ тал дээр юу гэсэн хариу өгч байна вэ?
-Энэ сарын 15-наас хойш хурал болно. Үүнээс хойш дуудна гэсэн. Би гуравдугаар төрөх эмнэлэгт очиж уулзчихаад, хашаанаас нь гараа ч үгүй байхад над руу нэг эмч залгаснаа “Чи маргааш ирж үзүүлнэ гэл үү. Манайх чамайг хүлээж авахгүй шүү” гэж хэлж байгаа юм даа. Өргөдөл өгсөн бичиг дээр манай хадам ээж болон эмээгийн маань дугаар байж байхад ганцхан над руу залгаад тэгж хэлж байгаа юм. Гуравдугаар эмнэлгийн эмч нар огт тоохгүй байна лээ. (уйлав.сурв)
-Та цагдаад өргөдөл гомдол гаргасан уу?
-Одоохондоо гаргаагүй байгаа. Манай гэрийнхэн яах учраа олохгүй л байна. Ямар ч байсан гуравдугаар төрөх эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авахыг хүлээж байна. Гэхдээ энэ эмч нар тоохгүй байгаа болохоор явдаг газар бүрээр нь явна гэж бодож байна. Ганцхан над дээр ийм алдаа гаргаагүй шүү дээ.
-Таньд энэ янз бүрийн хариу хэлээд байгаа эмч нар нь ямар ямар хүмүүс байсан юм бэ?
-Нэрийг нь сайн мэдэхгүй. Зөндөө олон эмч бие бие рүүгээ чихээд, мэдэхгүй гээд байсан. Тухайн үед эмч нар хэлэхдээ “Чиний бие муу байна. Гарах юм бол ухаан алдаад үхнэ” гээд гаргахгүй байсан. Би зүв зүгээр байсан шүү дээ.
-Гаргахгүй гээд байсан шалтгаан нь юунд байсан юм бол?
-Эхэндээ бөөрний архаг үрэвсэлтэй гэж байснаа сүүлдээ цусны халдвартай гэсэн. Үнэхээр тийм юм болов уу гээд эмнэлгээс гараад, “Чимэг Оюу” гэх эмнэлэгт бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд зүгээр гарсан. Намайг гуравдугаар төрөхийн эмч нар эмэгтэйчүүд болон цусандаа халдвартай гээд байсан. Тухайн хувийн эмнэлгийн эмч “Төрөхийн эмч нар намайг цусны болон эмэгтэйчүүдийн халдвартай, бөөрний архаг үрэвсэлтэй гэж байна” гэж хэлэхэд их гайхаж байсан. Энэ шинжилгээний хариунд үнэндээ жаахан ч хувийн өөрчлөлт алга байна шүү дээ гэсэн. Улаан эсийн хувьд угаасаа төрөхөд бага зэрэг өөрчлөлттэй байдаг. Гэхдээ энэ нь төрөх үед хэвийн үзэгдэл гэж байсан.
-Та уг нь хэвийн хүүхдээ тээгээд биеийн байдал хэвийн байсан байна шүү дээ?
-Харин тийм. Намайг тавдугаар сарын 18-ны өдөр үзүүлэхэд миний төрөх хугацааг тухайн ээлжний эмч хойшлуулаад 23 болгосон. Гуравдугаар төрөх эмнэлэг миний үзүүлсэн өвчтөний түүхийг надад огт харуулаагүй. Бас өгөхгүй байгаа.
-Та өвчтөний түүхээ авмаар байна гэж хандсан уу?
-Төрсний дараа зөндөө асуусан. Манай эмээ хүртэл авмаар байсан гэж хэлэхэд одоо хүртэл өгөхгүй л байна. Чанарын албаны дарга нь шинжилгээний хариу ийм байна гээд байгаа юм. Миний ойлгосноор ургийн ус гарснаас болж хүүхэд эхсээ залгиад нас барсан гэсэн. Гэтэл миний усыг хагалж гаргачихаад эмнэлгээс гаргасан шүү дээ. Би өвдөх тоолондоо очиж үзүүлж байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Өчнөөн хоног буцаасан шүү дээ.
-Ургийн ус хагарсныг эмч нар мэдээгүй юм уу?
-Эход харуулсан, юу ч хэлээгүй. Ус гараад удахаараа хүүхэд салиагаа залгиад архаг бүтэлттэй, цус нь бохирдсон төрсөн юм билээ. Энддэг өдөр нь эмч хэлэхдээ “Ус нь гараад удаад ногоорсон байсан. Үүний улмаас эхсээ залгиад, цус нь бохирдон нас барсан” гэсэн. Эндсэнийх нь дараа, арван минут орчим болоод тэгж хэлж байсан. Хүн болгон хүүхдээ тэвэрсэн, хөхүүлэхийг хараад тэнд байж чадахгүй гармаар байсан. Би гуравдугаар төрөх эмнэлгийн эмч нарт маш их гомдож байна. Манай хүүхдийг дөнгөж төрөөд угаахаар авч явах гэж байхдаа эх барьж авсан эмч нар “Энэ хүүхэд ямар үмхий юм бэ, бөөлжлөө” гэж байсан. Надад маш хэцүү сонсогдсон. Надад миний хүүхдийн үнэр гоё үнэртэж байсан, гэтэл миний хүүг үмхийгээр нь дуудаж байсан. Би хүүхдээ төрүүлчихээд хоёр хоног сэхээнд байхад нь нэг ч удаа амлуулаагүй. Ганц ч удаа энгэртээ тэвэрч үзүүгүй (уйлав.сурв). Гуравдугаар төрөхөд халуураад очиход л манай хүүхэд сонин болсон байсан байх. Гэтэл эмч нар өвчтэй учраас халуурсан гээд байсан.
-Таныг төрөхөд эмч нар үнэхээр хайхрамжгүй хандсан бололтой?
-Тийм. Тавдугаар сарын 20-ны өдөр халуураад очиж, өдөр 11 цагт тариа хийлгээд, доошоо дүлэлт өгч 12 цаг 01 минутад төрсөн юм. Нэг эх баригч эм нь их сайхан ааштай “Миний дүү хүүгээ нэг үнсчих. Битгий сэтгэлээр унаарай. Хүүхэд чинь нэг хоног ч болтугай аппаратад ороод л гайгүй болно” гээд миний сэтгэлийг тайвшруулахад нь би их баярласан. Тэгээд гэрийнхэн рүүгээ залгаад “Хүүхэд зүгээр байна” гээд ярьж байсан.
-Сэхээнд байхад нь эмч нар таньд биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгөөгүй юу?
-Сэхээнд орсон эхний өдрийн ээлжийн эмч их сайхан ааштай хүн таарсан байсан болохоор надад миний хүүгийн биеийн байдлыг тухай бүрт нь хэлж байсан. “Миний дүү хүүхэдтэйгээ уулзмаар байвал ороод ирээрэй, хориглохгүй шүү” гэж байсан. Харин дараагийн “Хүүхдээ харах гэсэн юм, эмч ээ” гээд очиход “Яах гээд байгаа юм бэ? Маш муу байна” гэж загнаад оруулаагүй. Эхний өдөртөө л би хүү дээрээ байнга орж байсан. Дараагийн өдөр эмч намайг ганц ч удаа хүүхэдтэй маань уулзуулаагүй.
-Эхний өдөр хүүхэд дээрээ орж ажиглахад ямар байдалтай байв?
-Амьсгал нь хэвийн байсан. Амьсгал нь 90 тэй байх ёстой. Гэтэл 80-тай байгаад байсан. тэгээд 80 гараад ирэхээр нь гайгүй байна даа л гэж бодож байсан. Манай хүүхэд анх төрөөд бага зэрэг таталттай байсан. Эмч нар “Таталттай уйлчихлаа” гээд сэхээн рүү аваад явсан юм. Ургийн усгүй, гэдсэн дотроо удсан болохоор амьсгалж чадахгүй уушги нь тэлж өгөхгүй байсан. Тэгээд аппаратанд оруулбал уушги нь тэлээд, амьсгалаад гоё болно. Бие нь тэнхрэхээр нь эмнэлгээс гараарай гэж байсан. Үнэхээр харамсалтай. Гэтэл манай хүүхэд шиг архаг бүтэлттэй төрсөн хүүхдүүдийг ээж нар нь хөхүүлээд, өөрсдөө орж хуурайлаад болоод байсан. Сэхээний хоёр өрөөний нэг талын өрөөнд олон хүүхэд байхад нөгөө талын өрөөнд нь манай хүүхдийг ганцааранг нь гэрлийг нь унтраагаад байлгаж байхыг харах үнэхээр эвгүй, зүрх өвдөж байсан (уйлав.сурв). Угаасаа эмч нар хүнийг мөнгө авч байж л төрүүлдэг юм билээ. Цуг хэвтэж байсан эгч нар би эмчид их мөнгө өгсөн болохоор маргааш тариагаар төрөхөөр болсон гээд л ярьж байсан. Тэгэхээр нь би яахаа мэдэхгүй, мөнгө өгөх гэж хүртэл үзсэн. Гэхдээ хэнд нь яаж өгөхөө мэдэхгүй байж байгаад өнгөрсөн. Мөнгө өгсөн хүмүүсийг амралтын өдөр хүртэл сахиж байгаад төрүүлээд яваад өгдөг юм билээ. Гэтэл намайг хариуцах ч эмч байхгүй. Дандаа өөр өөр эмч нар үзээд шийдвэртэй эмчилгээ юу ч хийгээгүй. Тариа ч тарихгүй, Өөр өөр онош хэлээд байсан.
-Усгүй удсанаас болж хүүхэд үнэртэй төрсөн юм уу?
-Тийм. Төрөхдөө бага зэрэг ногоорсон төрсөн. Усгүй байсан учраас гэдсэн доторхи хүүхэд агааргүйдээд, арьс нь өнгө орсон байсан. Бүтэлттэй төрсөн болохоор арьсны өнгө нь цагаан цайвар, цайсан юм шиг байсан. Орой нь хөөрхөн, хамаг бие нь халуун бүлээн болсон байсан. Өнгөрдгийн өмнөх өдөр нь намайг байнга очиход хөл нь халуун бүлээн байсан. Би тэр оройноо унтаж чадаагүй. Ээж маань гадаадад байдаг. Над руу залгаад “Миний охин хөл, гар нь хүйтэн болох юм бол эмчдээ шууд яаралтай хэлээрэй” гэсэн. Тэгээд энддэг өдөр нь өглөө 9 цагт орж уулзуулсан. Ороод гар, хөлийг нь баритал хүйтэн болсон байсан. Тэгээд би ээж рүүгээ сандарч хэлээд, эмчдээ хэлсэн. Эмч үзээд зүгээр байна гэхээр нь санаа амраад шөнө нь нойргүй хоносон байсан учраас унтсан юм. Гэтэл унтаад 30 минут ч болоогүй байхад сувилагч ирээд “Хүүхэд чинь болохгүй байна шүү” гэхээр нь очоод хартал эмч нар тойроод зогсчихсон, зүрхэн дээр нь иллэг хийгээд байж байсан. Тэгээд л удаагүй хүү минь өнгөрчихсөн. Би гуравдугаар төрөхийн эмч нарт үнэхээр их гомдож байна. Элдэв бусаар хэлээд, янз бүрийн онош хэлээд үхнэ хатна гээд байсан.
-Эмч нарын зүгээс өөрсдийгөө хамгаалж чиний биеийн байдлаас боллоо гэж тайлбарласан гэсэн?
-Тийм. Эхэндээ бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн. Хүн болгон л төрөхөд бөөрөнд нь өөрчлөлт ордог шүү дээ. Бас эмэгтэйчүүдийн үрэвсэл гэж байснаа сүүлдээ цусны халдвар гэж оношилсон. Их инээдтэй. Гэтэл шинжилгээ хийлгэхэд би цоо эрүүл гарсан. Би одоо бүх газарт хөлөө чилтэл явна.
-Эмч нар таниас уучлалт гуйсан уу?
-Сүүлд очиж уулзахад “Бидний буруу юм байна. Гэхдээ бидэнд хохирлын мөнгө гэж өгөх мөнгө бол байхгүй шүү” гэж байгаа юм даа. Би тэгэхээр нь “Та нараас мөнгө авна гэж огт хэлээгүй шүү дээ. Яасан сонин хүмүүс вэ?” гэсэн чинь “Зүгээр хэлсэн юм” гэсэн. Хүүхдээ алдаад байхад мөнгө яриад байгаа юм. Мөнгө байлаа гээд хүүхэд худалдаад явдаг юм уу? Би үнэхээр их гомдолтой. Манай гэрийнхэн ч гэсэн гомдолтой байгаа.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАЯР
Сэтгэгдэл
DR UROLOGIST [129.205.124.230] 2022-06-10 21:24:40
IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Зочин [202.126.90.94] 2020-09-03 16:26:25
юу ч гэхэв дээ монголыг.хүн төрөж болохгүй болсон цаг шүү.хохь болоо л зовно