Нарны харшил дархлаа султай, эмзэг арьстай хүмүүст элбэг тохиолддог
-НАРНЫ ХАРШИЛТАЙ ХҮМҮҮС ЧИЙГЛЭГ АГААРААР АМЬСГАЛЖ, ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХ ХЭРЭГТЭЙ-
Зуны сар дундаа орж байна. Гэсэн ч зургадугаар сарын сүүлч бол нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хавар, намар, зуны улиралд нар салхины улмаас нарны харшил элбэг тохиолддог. Нарны харшлыг дархлаа султай хүмүүс илүү их тусдаг. Ер нь ямар ч харшил дархлаа султай хүмүүст элбэг тохиолддог. Тэр дундаа зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе байдаг. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг байдаг. Уг харшил нь нар, салхинд эмзэг мэдрэг хүмүүст арьсны хэлбэрээр гардаг. Уг харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч, маш зовиур шаналгаатай болдог.
НАРНЫ ХАРШЛЫГ СЭДРЭЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БИЙ ЮУ
Хүмүүс харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх сайн талтай. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй. Нарны шүхэр барих нь хүртэл бас нэг хамгаалалтын арга хэрэглэж болно. Нэгэнт нарны харшилтай болсон бол хоол унд, нойр амралтаа зөв зохицуулж нарнаас хамгаалах ёстой. Нарны харшилтай хүмүүс наранд богино хугацаанд байсан ч бие нь загатнадаг. Наранд арьс нэгэнт мэдрэг болсон тохиолдолд халууныг хүлээж аваад байдаг. Тиймээс нарны харшилтай хүн эмчид үзүүлж эмчилгээ болон урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авах ёстой. Ер нь бол энэ өвчнөөр хүүхэд, хөгшид гэлтгүй бүх насныхан өвчилдөг.
-МОДНЫ ЦАГААН ХӨВӨН ХАРШИЛТАЙ ХҮМҮҮСИЙН ХАРШЛЫГ СЭДРЭЭДЭГ-
Жил бүрийн зургаан сарын дундуур модны цагаан хөвөн хийсэж иргэдийг бухимдуулдаг. Энэхүү цагаан хөвөн нь улиас модноос гардаг бөгөөд нэг ёсондоо улиас мод тоосоо хүртээж байгаа явдал юм. Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон талын ашиг тустай. Уг мод нь эр, эм цэцэгтэй бөгөөд эр цэцэг нь тавдугаар сарын эхээр дэлгэр ч, тоосоо гүвдэг.
Үүнээс сар гаран хугацааны дараа эр цэцгийн тоос хүртсэн эм цэцгүүд задарч бидний нэрлэж заншсан модны цагаан хөвөн буюу улиасны улингар задран гардаг байна. Энэхүү цагаан хөвөн нь хотын гудамж талбайд унаж салхинд туугдан иргэдийн ам хамар луу орох, идэж буй зүйл дээр нь унах, бие эрвэгнүүлэх, загатнуулах зэргээр хүмүүсийг бухимдуулдаг. Иргэд үүнийг харшил үүсгэдэг хэмээн ярьдаг. Харин мэргэжлийн эмч нар цагаан хөвөн дээр тогтсон тоосонцор харшил үүсгэдэг гэдгийг хэлдэг. Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс тодрууллаа.
УЛИАС МОДНЫ ЦАГААН ХӨВӨН ХАРШИЛ ҮҮСГЭДЭГ ҮҮ
-Нийслэлийн ногоон байгууламжийн ихэнхи хувийг улиас мод бүрдүүлдэг. Улиас олон талын ач холбогдолтой. Тоос шороонд маш тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг, хурдан өсдөг, олон жил насалдаг. Тийм ч учраас манайхан улиас мод их тарих болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд улиасны хөвөн харшил үүсгэн таагүй нөхцөл үүсгэж байна гэх болсон. Улиас эр, эм гэсэн хоёр төрлийн цэцэгтэй. Эр цэцэг нь тавдугаар сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, 1-3 хоногийн дотор агаарт тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог юм. Улиасны тоосны харшилаар дэлхийн томоохон хотуудын иргэд ч гэсэн өвддөг. Гэхдээ үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилж, луулийн цэцэгнээс үүссэн харшлаас бага хэмжээтэй.
Нийт ургамлаас үүдэн бий болсон харшлын гурван хувийг эзэлдэг боловч хар, нарс мод зэргээс үүдэлтэй харшлыг бодвол илүү өндөр. Улаанбаатар хотод хамгийн их ургадаг улиас мод харшил үүсгэгч тоос ялгаруулдаг. Гэвч энэ нь бидний нүдэнд харагдаж, хамгийн ихээр ад үзэгддэг улиасны хөвөн биш юм. Тус хөвөн нь өөрөө харшил төрүүлэх шинжгүй. Харин модны хөвөнд харшил үүсгэгч тоос, тоосонцор наалдсан байдаг. Түүнчлэн газар унасан хөвөн салхинд туугдан агаарт хөөрөх юм уу хүний биед хүрэлцэхдээ нарийн ширхэгт тоосонцрыг агаарт тараадаг. Тиймээс ам хамар луу ороход харшил үүсгэдэг. Заавал үүсгэхгүй ч гэсэн харшилтай хүмүүсийн харшлыг сэдрээдэг.
ТООС ШОРООНЫ ХАРШИЛТАЙ ХҮМҮҮС МОДНЫ ЦАГААН ХӨВӨНГӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
-Нийгмийн хөгжилтэй холбогдож бий болсон өвчлөл гэж үздэг л дээ. Зууны өвчин гэж харшлыг нэрлэх болсон. Халдвартай, халдваргүй гээд харшил дотроо олон төрөл. Олон хүчин зүйлээс үүсдэг. Одоогоор 20 гаруй харшил үүсгэгч илрээд байна. Сүүлийн үед хамгийн их өвчлөл үүсгэх болсон нь ургамал. Цэцэгт ургамлын дохиурын тоос агаарт тархснаар харшил үүсдэг. Харшлын шалтгаант олон янзын ургамал байдаг. Үүнийг ерөнхийд нь мод сөөг, үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилжны гээд ангилсан байдаг. Манай орны ургамлын аймгийн нийт зүйлийн бүрдэлтийн 7.2 хувь буюу 200 гаруй нь харшлын шалтгаантай. Үүний 40 орчим нь онцгой харшил үүсгэдэг нь тогтоогдсон.
Хамгийн аюултай харшил үүсгэгч нь шарилжны төрлийн ургамал. Эдгээр ургамлыг ургах явцад нь хадах зэргээр дохиурын тоосоо тархуулахгүй байх арга хэмжээг авч байвал ургамлын харшлаас айх зүйлгүй. Юун түрүүн харшилтай хүмүүс юунаас харшилж байгааг тогтоолгох шаардлагатай. 100 айлд байдаг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хандаж харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшилж буй хүчин зүйлийг тодорхойлсны дараа түүнийхээ дагуу эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй. Ялангуяа дөнгөж харшил өгч байгаа хүмүүс эмчилгээ хийлгэвэл амархан эдгэрнэ. Модны цагаан хийсэж байгаа үед нүд, ам хамраа хамгаалж маск шил зэргийг зүүх хэрэгтэй. Мөн цонхоор хийсэж орж ирэхээс хамгаалан тор татах, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр сэргийлж болно.
ЗАРИМ ХҮН УРГАМЛЫН ХАРШИЛТАЙ ГЭХЭЭС ӨӨР НАРИЙН ЗҮЙЛ МЭДЭХГҮЙ ӨВЧНӨӨ ХҮНДРҮҮЛДЭГ
Танд харшил үүсгэдэг зүйл надад харшил үүсгэдэггүй. Гэтэл манайхан таамгаараа миний харшил бол шарилжных. Бат ургамлын харшилдаа хэрэглэсэн эм надад ч таарна гэсэн маягаар дураараа өөртөө эмчилгээ хийснээс өвчнөө хүндрүүлдэг. Хэрэв харшлын шинж тэмдэг илэрвэл дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлийн харшлын эмчид хандах хэрэгтэй. Манайд ургамлын зүйлийн төвшинд оношлох 11 төрлийн оношлуур бэлтгэгдсэн байгаа. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв. Эмчилгээний хувьд бид харшил төрүүлэгчээсээ вакцин гарган авах судалгааны ажил хийж байгаа. Энэ бол 70-90 хувийн үр дүнтэй эмчилгээ. Судалгааны үр дүнд харшлын эсрэг тарилга, цацлага гаргаж авсан. Сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд одоо клиник туршилтдаа явж байна. Мөн шахмал болон хүүхдэд зориулсан сироп гарган авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл