Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусний 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

МАНАЙ УЛСАД ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР ГЭЖ ҮНЭЛСЭН

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдэж, нийт 200 оронд халдвар гарлаа.

АНУ-д халдвар хамгийн эрчтэй байна, түүний дараагаар Итали орж, Испанид мөн халдвар эрчимжиж байна. Дэлхийн маш олон орон хөл хорио, хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Ингээд хязгаарлалтын арга хэмжээг зөрчвөл өндөр торгуультай байх зохицуулалт хийсэн.

Манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлсэн" гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна.

ТУСГААРЛАХ БАЙРУУДАД НИЙТ 309 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:Бид өнөөдрийн байдлаар нийт 3,500 хүнийг тусгаарлажээ. Яг одоогийн байдлаар 2,126 иргэн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан.Одоогоор халуун нь буурсан байна.

Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн. Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Бид тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах, бэлтгэхэд нэлээд анхаарч байна.

Ялангуяа, тусгай үүргийн онгоцоор гаднаас иргэдийг авчрах шийдвэр гарвал тохирсон бэлтгэлүүдийг хийж байна. Тусгаарлах байруудыг амралт, сувилал, зочид буудал, их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр гаргахаар судалж байна. Ингээд эхний удаад Улаанбаатар хотод болон хотыг тойрсон тусгаарлах байранд нийт 20,000 хүнийг хэрхэн тусгаарлаж болох талаар судалгаа гаргасан.

Түүнчлэн орон нутгийн чиглэлийн бүх галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд галт тэргэнд явж буй бүх хүний халууныг 2-3 удаа үзэж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлаж байгаа. Мөн Түргэн тусламжийн дуудлагад маш сайн хяналт тавьж байна. ЯТТТөв нь 1,393 дуудлага авснаас ихэнх нь 0-5 хүртэлх насны хүүхдийн болон төрөхийн, осол гэмтлийн дуудлага байжээ. Харин томуу, томуу төст өвчин амбулаторийн 1.8 хувийг эзэлж байна" гэлээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨСҮТ-Д 184 ХҮН ХЯНАГДАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнээс коронавирусийн халдвартай нэг иргэн бүртгэгдлээ. Гуравдугаар сарын 18-нд ирсэн бөгөөд Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд COVID-19 халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 нь гаднын улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн, нэг нь халдвартай гадаадын иргэн байгаа юм. Нэг өдөрт коронавирусийн халдвартай нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлж, 800 мянган төгрөг зарцуулж байна.