У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд ‪У.Хүрэлсүх ‪Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “УИХ-аас COVID-19-н цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаад өнөөдөр албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарсан байна. Өнөөдрөөс эхлэн уг хууль албан ёсоор үйлчилж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцэн Засгийн газраас тогтоол гарлаа.

Нэгдүгээрт, Цар тахлын төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол

Хоёрдугаарт, Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай гэсэн хоёр тогтоолыг албан ёсоор гаргаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

  1. 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож байна. Өнөөдөр, маргаашдаа багтаж дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг хүүхэд болгонд олгоно.
  2. Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл насанд хүрсэн 122,3 мянган иргэн сардаа 16 мянган төгрөг авдаг байсныг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болгож байна. 118 мянган хүүхэд 8 мянган төгрөг авдаг байсныг 16 мянган төгрөг болгосон.
  3. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Ингээд 288 мянган төгрөг болно гэсэн үг. Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт улсаас 796 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
  4. Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, малчдын амьдралыг дэмжих үүднээс УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутамд 20 мянган төгрөг олгоно" гэлээ.