Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д байгаа нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 61 боллоо

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр өвчилсөн хүний тоо таван мянга гарсан байна. Өнөөдөр коронавирусийн халдвар Лесотогийн Хаант улсад шинээр гарч дэлхийн 216 орон, нутаг дэвсгэр бүртгэгдлээ. Энэ өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас баржээ.

Мөн 1.6 сая хүн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас барсан бөгөөд ОХУ, Бразил зэрэг улсад нөхцөл хүнд байна.

Шинэ кластерууд бүртгэгдэж өвчлөл тархах хандлагатай болж байна. ОХУ-аас 340 сонсогчийг гурван тусгай үүргийн онгоцоор авсан. Сонсогчдийг ХӨСҮТ, Бага баян, Токио инн, Тоёока зочид буудалд тусгаарласан.

Манай улсад одоогийнб байдлаар ажиглалтад нийт 1,286 хүн байна. Тус хүмүүст 62 эмч, резидентүүд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа билээ. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг ОХУ-аас ирсэн гар ачаа, 12 автобус зэрэгт ариутгал халдваргүйтгэл хийсэн" гэлээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САЛБАР ЛАБОРАТОРИД АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ОРЖ ИРСЭН АЧАА ТЭЭВРИЙН 25 ЖОЛООЧООС ШИНЖИЛГЭЭ АВАХАД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусын халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийсэн. 18 хүнээс коронавирусынн халдвар илэрсэн. Бидний 21 хоногийн тусгаарлалт хийх нь хамгийн зөв үзэж байгаа. Өнөөдөр давтан шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ 192 хүн хянагдаж байна. ХӨСҮТ эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа" гэв.