Б.Амгаланбаяр: Эмчилгээний зориулалттай гэсэн цуу ярианд итгэж мал амьтны эрхтэнг түүхийгээр идэхгүй байх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Ховд аймгийн төвд эмчлүүлж буй 27 настай өвчтөний биеийн байдал хүнд, Цэцэг суманд эмчлүүлж буй 17 настай хүүхдийн биеийн байдал дунд зэрэг байгаа аж. Тэдэнтэй нэгдүгээр хавьталд орсон 146, хоёрдугаар хавьталд орсон 504 хүн байна. Нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж антибиотик эмчилгээнд оруулжээ. Ингээд ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ховд аймагт хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдсон. Энэ өвчин хүнд яаж халдварладаг юм бэ?

-Тарваган тахал өвчний халдвар нь тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхэд дамжиж халдварладаг. Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарваган тахал өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна. Өөрөөр хэлбэл өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт 11 хүн гурван тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн.

-Хэзээ агнаж хэрэглэсэн бол?

-Энэ нь зургаадугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдал. Ингээд зургаадугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, улмаар Бүсийн оношилгооны эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Эхний ээлжийн түргэвчилсэн тестээр цэр, булчирхайн шүүрснээс сорьц авахад эерэг гарсан нь уушгины хэлбэр байж болзошгүй гэж гарсан. Энэ нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-Тарваган тахал өвчин уушгины хэлбэрт орохоор ямар аюул дагуулах вэ?

-Тарваган тахал биед халдварласан тохиолдолд бүх биеийн эрхтэн тогтолцоонд тархаж, уушгинд очсоноор амьсгалын замаар халдварладаг. Уушгинд халдварласнаар нас барах магадал маш өндөр байдаг.

Эдийн засгийн судалгаа хийхэд тарваган тахал өвчин орон нутагт нэг тохиолдолд 60 орчим сая төгрөг, нийслэлд 100 гаруй сая төгрөгөөр эмчилгээ хийдэг асар өндөр зардалтай. Иргэдийн дунд гарах нөхцөл байдал үүссэн учраас Ховд аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, тухайн сэжигтэй тохиолдлын явсан газраар ариутгал халдваргүйжилтийг хийж ажиллаж байна. Мөн хэсэгчилсэн хөл хориог тогтоосон байгаа.

ТАРВАГАН ТАХАЛ ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ, ЯМАР АЮУЛТАЙ ӨВЧИН БОЛОХЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД МЭДДЭГ

-Одоо коронавирусын үед уушгины тарваган тахал гарна гэдэг нь давхар судлалын хувьд маш их эрсдэлийг үүсгэж байна. Эрсдэлд орохгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Зооноз өвчин ямар нэгэн амьтантай харьцах, тухайн амьтанд хүрэх үед халдвар авдаг. Иймээс бид иргэдэд мэдээлэл өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулаад ажиллаж байна. Тарвага агнах нь хууль бус үйлдэл. Хууль бус үйлдлийг хийж байгаа нь тухайн хүний хариуцлагатай холбоотой. Хууль бус үйлдлийг хийж өөрийгөө эрсдэлд оруулдаг. Мөн гэр бүл найз нөхдөө эрсдэлд оруулахаас гадна нийгмийг тэр чигт нь эрсдэлд оруулж байна. Хууль бус ан агнахгүй байх хэрэгтэй. Мөн эмчилгээний зориулалттай гэсэн цуу ярианд итгэж, мал амьтны эрхтэнг түүхийгээр идэхгүй байх хэрэгтэй. Дэлхийн нийтэд зооноз өвчлөл ихсэж байгаа нь түүхий бүтээгдэхүүн хэрэглэж байгаатай холбоотой.

-Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт уушгины төрлийн тарваган тахал гарч байсан. Иргэд яагаад анхаарч сэрэмжлэхгүй байна вэ?

-Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн нас барсан тохиолдол гарсан. Энэ хоёр хүн тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэсний улмаас болсон. Ер нь иргэдийн хайхрамжгүй байдлаас болж байгаа. Тарваган тахал хэрхэн халдварладаг ямар аюултай өвчин болохыг монголын ард түмэн бүгд мэддэг. Манай улсад бүртгэгдэж байгаа тарваган тахлын үүсгэгч чинь өндөр учраас нас баралт их байдаг. Иймээс иргэдийг урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Вакцинжуулалт хийгдэж байгаа юу?

-Вакцинжуулалт тодорхой хэмжээнд хийгдэж байна. Гэхдээ хууль бус агнуур хийж тарваган тахал өвчнөөр өвчлөх эрсдэлүүдийг бий болгохгүй байх хэрэгтэй. Мөн тарваган тахал өвчин гарсан үед голомтын хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эмч. эмнэлгийн мэргэжилтэн. цагдаагийн байгууллагын ажилтнуудад вакцинжуулалт хийж байгаа. Вакцинжуулалтыг зургаадугаар сарын 15-наас хийж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 20 хувьтай байна. Харин Ховд аймагт 10 хувьтай байгаа. Сая бүртгэгдсэн тохиолдол тарваган тахлын вакцинд хамрагдаагүй байсан.


Сэтгэгдэл

Зочин [172.58.143.245] 2020-07-02 22:22:22

Munhagaasaa bolj ger bulee ugui hiihdee hurchee

Зочин [150.129.142.158] 2020-07-02 11:58:03

ОДОО ЧИНЬ ХОРИННЭГДҮГЭЭР ЗУУН ГЭТЭЛ ЯГ АДГУУС АМЬТАН ШИГ ЗЭРЛЭГ АМЬТНЫ ТҮҮХИЙ МАХ ИДДЭГ ХҮМҮҮС БАЙНА ГЭХЭД АЙМААР Ч ЮМ ШИГ .

иргэн [202.9.46.111] 2020-07-02 02:20:18

Энэ бол мунхагруулаг шүү дээ.!!!!!!!"!!манайхан мунхаглалд хэт автсан хэт их юм шүтэн бишрэлтэй хүмүүс .одоо болих хэрэгтэй.Тэгэж ч.ингэж.ч болохгүй .өнөөдөр муу .маргааш сайнн гээд өөрсдөө залхуу болсон хүмүүс!!!!!""!!Бурхан бүхниыг тус бүр сайхан аар бүтээсэн.Бүтээсэнээ эргээд харахад Сайхан байсан .ЯАГААД бид муу болох вэ.Сайхан амьдраач !!!!!!!"малын шагай амьтаны шагай өөрчилт өгөхгүй.!!!!!!!!Харин ТЭНГЭРТ БАЙДАГ БУРХАН ГУЙВАЛ ӨГНӨ !!!!!!!!!!??????ХАЙ.ЭР ТОГШ.!!!!!!!!ОЛДОНО.!!!!!!!********


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.