С.Оюунгэрэл: ХААДС долларын зээл, тусламжийг хэнд ямар шалгуураар өгсөн нь тодорхойгүй

Aдмин / Эдийн засаг

Хөдөө аж ахуйг дэмжих санд АТГ-ын захиалгаар хөндлөнгийн аудит хийсэн “Голден пэйж аудит” компанийн захирал С.Оюунгэрэлтэй ярилцаа.

-Хөндлөнгийн дүгнэлтээр ямар алдаа, дутагдал байв. Та бүхэн хэрхэн дүгнэж байна вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангууд нэгдэж Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэй болсон юм билээ. Гол асуудал бол санхүүгийн бүртгэл тооцоо хөтөлж, тайлангаа үнэн зөв гаргадаггүй. Уг нь Сангийн сайдын тушаалын дагуу сангийн тайлан гаргах маягт, заавар, аргачлал, дүрмийг баталсан байдаг. Үндэсний аудитын газар өнгөрсөн жил Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө, өр төлбөр, зохистой харилцаа алдагдсан. Орлого, зарлага тодорхойгүй гэдэг үндэслэлээр санхүүгийн тайланд нь дүгнэлт өгөхөөс татгалзсан. Мөн байгууллагын орлого зарлага, хөрөнгийг үнэн зөв мэдээлдэггүй. Авлага, өглөг хэмжээ хязгаараасаа хэтэрсэн. Авлага буцааж төлөгдөхгүй хэрнээ дандаа алдагдалтай гарч байгаа нь баримтаар тогтоогдсон.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулж, сонгон шалгаруулдаг боловч учир дутагдалтай. Сонгон шалгаруулалтын комисст гаднаас буюу хөндлөнгийн хараат бус хүмүүсийн төлөөлөл байхгүй. Худалдан авах ажиллагааг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тогтоолоор явуулдаг. Яамны сайдын хавсралтын тушаалаар дэмжих аж ахуйн нэгж, хувь хүний нэрийг гаргадаг. Буудайн урамшуулал, техник хэрэгслийн дэмжлэгүүд ийм л журмаар явагдаж байна. Хараат бус байдлаа бүрэн алдсан гэж хэлж болно. Мөн харилцагч байгууллагаас ирсэн, явсан бичиг, хүсэлт, албан тоот эмх цэгцгүй. Бүртгэл дутуу, архивладаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, хэнтэй харилцсан нь тодорхой бус, эргэх холбоогүй.

Тооцоог тулган баталгаажуулж, тайлан гаргадаггүй учраас өглөг авлага эргэн төлөгддөггүй. Нягтлан бодох бүртгэлийн хуульд нягтлан бодогч, тооцооны ажилтан, ерөнхий санхүүчид тооцоог хянан тулгаж баталгаажуулсныхаа дагуу тайлан балансаа гаргах ёстой. Ингэж тооцоо нийлэхгүй болохоор төрийн өмч хөрөнгөнд тавих хяналт алдагдсан гэсэн үг. Тооцоо, тооллого хийдэггүй, хэлэлцдэггүй юм байна. Хуулиар бол стандартын дагуу тоо болгон тодруулга, тодотголтой байх ёстой.

Үйл ажиллагааны тайлан сүүлийн жил л хагас дутуу байсан. Өмнөх жилүүдийн үйл ажиллагааг хэлэлцэж, хэрэгжүүлж, тэмдэглэл хөтөлж удирдлагадаа тайлагнасан зүйл алга. Удирдах зөвлөл нь ямар хурал хийж, юу хэлэлцсэн нь тодорхойгүй гээд маш олон ноцтой зөрчил, эрсдэл байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүд байх ёстой шүү дээ?

-Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг хараат бус гээд байгаа гишүүд нь жинхнээсээ хараат буюу Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнууд байдаг. Яамны шийдвэр гаргадаг эрх бүхий газрын дарга нар өөрсдөө ТУЗ-д ажиллаж байх жишээтэй. ТУЗ шийдвэр гаргахдаа олон талын хүсэлт гомдлыг хүлээж авч, шинжлэх ёстой. Тийм зүйл огт байгаагүй.

Хүний нөөц асуудалтай. Сайд есөн удаа солигдсон. Сүүлийн жилүүдэд дэмжих сангийн дарга 15 удаа солигдсон байх жишээтэй. Нэг албан тушаалтан ирэхэд үүргийг нь гүйцэтгүүлэхгүй яагаад солиод байдаг нь тодорхойгүй. Үндсэндээ яам сангаар дамжуулж орлого зарлагын гүйлгээ хийдэг. Нэг ажилтан халагдаад явахдаа дараагийн хүндээ ажлаа шилжүүлж өгдөггүйгээс эрсдэлтэй байдал үүсч байна.

-АТГ-аас авлигын эрсдлийг бууруулах ажлын хүрээнд та бүхнээр хийлгэсэн гэсэн. Авлигын эрсдэл ямар байсан бэ?

-Авлигын эрсдэл маш өндөр гэж дүгнэхээр нөхцөл байдал илэрсэн. Ажилчид, ногоочид, тариаланчдаас судалгаа авахад авлига дээд шатандаа их байдаг гэж хариулж, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудаа нэрлэсэн. Үүнээс харвал үйл ажиллагааны ил тод байдал алдагдаж, мэдээллийн хүртээмж хангалтгүй. Ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж, техник орж ирж байгаа нь тодорхойгүйгээс гадна дэмжлэг, урамшууллыг ямар шалгуур үзүүлэлтээр хэнд өгч байгаа нь ойлгомжгүй байна. Эднийх яамны тушаал хэрэгжүүлдэг байгууллага болсноос олон тэрбум төгрөгийн алдагдалтай. Ямар ч үр өгөөжгүй болсон.

-Сүүлийн жилүүдэд хэдэн төгрөгийн авлага, өглөгтэй байна вэ?

-Хамгийн сүүлд 252 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гэж гарсан. Буудайн урамшуулал, дэмжлэг олгодог, техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлдэг байгууллага хэрнээ яамны давуу байдал тушаал шийдвэрээр явдаг шударга бус тогтолцоотой. Тухайлбал, малын тэжээл авна гээд 23 байгууллагад 40 тэрбум төгрөг олгосон байна. Үүнээс Түмэн шувуут компани мөнгөө төлсөн. Бусад газрууд эргэж төлөөгүй, авлагатай явж байна.

Сангийн яамтай дамжуулан зээлдэх гэрээгээр тоног төхөөрөмж авсан маш их өртэй. Тариаланчдад доллараар буюу найм, арван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл олгосон. Гэтэл өр нь төлөгдөхгүй хүү нь нэмэгдээд ханшийн алдагдалд орж дампуурлын ирмэгт ирсэн байна. Тиймээс цэгцэл гэсэн хугацаатай зөвлөмж өгч АТГ ажиллаж байгаа.

-Уг нь хууль журмаараа энэ байгууллагад хяналтыг хэн тавих ёстой вэ?

-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шалгалтын газар тавих ёстой. Хоёрдугаарт, Үндэсний аудитын газарт тайлангаа өгч байгаа. Гэтэл жил бүр тайлангаа тулган баталгаажуулдаггүй гэсэн зөвлөмж, албан шаардлага өгдөг ч тэр нь хэрэгждэггүй. Хамгийн сүүлд аудитын газар татгалзсан дүгнэлт өгсөн.

-Зээл дэмжлэг авсан хүмүүсийн дунд томоохон аж ахуйн нэгж, төрийн өндөр албан тушаалтнууд байсан уу?

-30 сая, хоёр, гурван тэрбум төгрөгийн зээлүүд бол нэр хаягтайгаа байгаа. Харин сая ам.доллар буюу тэрбумаар хэмжигдэх тоног төхөөрөмж нийлүүлээд байгаа компанийн нэр тодорхойгүй. Хаана, ямар нөлөөтэй компани болохоор нууц байгаад байгааг мэдэхгүй байна. Танилцуулга, мэдээлэл ирүүлээгүй, олоогүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.4] 2021-11-14 09:29:35

Залуучууд нь биш үү , олог жилээс улбаатай архагууд - алдар цолтнууд ...

Зочин [66.181.161.4] 2021-11-14 09:27:27

Мэдээж , нууц носнтон нь : ГҮНГААДОРЖ л байгаа ш дээ - тэгээд МАН - ын архагууд ...

Зочин [103.57.92.242] 2021-11-13 00:45:09

Зориуд замбараагүй байлгаж иддэг биз дээ

ИРГЭН [202.126.88.186] 2021-11-12 11:58:33

АУДИТ ГУАЙ битгий юм гуйж байгаа юм шиг яриад бай СЭЛЭМ ГЯЛС толгой бөндгөс л байх ёстой. АТГ-т хурдан материалыг нь бүрдүүлж өг төрийн хулгайч нарыг цэвэрлэхэд таны үүрэг их шүү. шуурхай ажил

Зочин [66.181.161.68] 2021-11-12 06:40:17

Аудитын тухай хуулинд нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж өгөх үүрэг шалгуулагч тал хариуцна гэж заасан байдаг.Санхүүгийн баримтуудаа гүйцэд гаргуулж авч чадаагүй бололтой юм.Гүйцэтгэл дутуу л харагдаж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.