Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүдийн тооноос үл хамааран ажиллах тийм улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог ердийн хуулиар эхлээд хий
Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж байлаа. Өнөөдөр дахин оруулахаар яригдаж байна л даа. Тодруулбал, сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор. Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт өөрчлөлт ороод байгаа энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-2019 онд өөрчлөлт оруулахад зарим зүйл заалт дээр нь нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байсан. Жишээ нь, 76 гишүүний тоог нэмэх асуудлыг огт дэмждэггүй байлаа. “76 авлигачид, хулгайч нарынхаа тоог нэмэх нь” гэх байдлаар хүлээж авч байсан. УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг, хуульч О.Мөнхсайхан нарын хийсэн судалгаанаас манайх шиг хүн амтай улс 120 гишүүнтэй байж болно гэсэн үр дүн харагддаг. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд улс төрийн намууд ч 120 гишүүнтэй байх нь зөв, сонгуулиа холимог тогтолцоогоор хийе гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна.Нөгөө талд хоёр танхимтай байна гэх асуудлыг хүмүүс хэлж байгаа. Хуучин бол 430 депутаттай Ардын их хурал байгуулдаг байлаа.
Ардын их хурлаасаа 50 гишүүнтэй Улсын бага хурлыг байгуулдаг байсан. Үүнийг зөв гэх хандлага байдаг. Холимог тогтолцоогоор сонгогдсон олон гишүүнтэй нэг танхимтай байх юм уу, жижиг мажоратораар сонгогдсон хоёр парламенттай явах нь зөв юм уу. Яаж үнэлэх юм гэдэг асуудал бий. Миний үзэж байгаагаар хоёр парламенттай танхим байж болно. Гэхдээ энэ нь эрсдэлтэй.
-Хоёр парламенттай болбол ямар эрсдэл гарч болох вэ?
-76 гишүүнээ хянаж чадахгүй байна шүү дээ. 76 гишүүн үндсэндээ мөнгөний зодоон дундаас л гарч ирж байна. Сая гэхэд л сонгуулийн өмнө эд хөрөнгө тараасан жишээ бий. Мотоцикл, мешок, дуран, шатахууны карт зэргийг айл бүрд тараасан хүн л сонгогдоод гараад ирсэн. Ийм хүмүүс 430 депутат сонгох жижигчилсэн мажоратораар өрсөлдвөл нэг сумыг хөнгөхөн залгих эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сонгогчдын сэтгэл зүй мөнгө тараахад илүү дуртай байна л даа. Ийм нөхцөлд 430 мөнгөтэй нөхдүүд нэг нэг сумыг худалдаад авчих боломжтой. Жижигсэх тусмаа мөнгөний сонгууль болох эрсдэлтэй л гэсэн үг. Мөнгө цацаж хууль тогтоох дээд байгууллагад гарсан хүмүүс Үндсэн хуулиар баталгаажсан улсын аюулгүй байдлын төлөө, эдийн засгийн зөв зарчим баримталж ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй. 76 хулгайч гэж харааж байгаа бол 430 хулгайч гээд зогсож байх ойрхон. Бүлэг фракцаараа хуваагдаад л ашиг сонирхлын төлөө нэгдээд явчихна. Ийм эрсдэл байна.
-Сонгууль зөв явдаг байх ёстой гэх байр суурийг та илэрхийлдэг шүү дээ. Тодруулбал, намын санхүүжилт ил тод байх ёстой гэх асуудлыг онцолдог.
-Сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намын санхүүжилт нь ил тод, сурталчилгаа нь зөв явдаг байх хэрэгтэй. Дан далд мөнгөний сонгууль, сонгогчдын зарим хэсэг нь юу өгөх бол гээд сууж байдаг болсон. Яаж сонгуулийг бага зардалтай хийх вэ. Яаж бие даагч нэртэй, хэн ч танихгүй хүмүүс, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж байгааг зогсоох вэ, гэх мэтийг түрүүлж бодох хэрэгтэй байна. Нэг сэтгүүл дээр бүх нэр дэвшигчдийн материал, мөрийн хөтөлбөрийг нэг стандартаар тараадаг, хямд өртгөөр сонгууль хийдэг байж болно шүү дээ. Ийм зүйлсийг хийхгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог 120 болгоод үр дүн гарах уу, үгүй юү гэдэг өөрөө асуудал.
-Нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс санаачилж Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоотой холбоотой хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хуульдаа гар хүрч байж л улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудлын зохицуулалтыг хийнэ гэх зүйлийг энэ ярьж байна л даа. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.
-Үндсэн хуульд гар хүрэхийн өмнө юу болохгүй байна вэ гэдгээ зөв оношлох хэрэгтэй. Ердийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Улс төрийн намын санхүүжилтийг тойрсон янз бүрийн асуудал гарна. Улс төрийн сонгуульд оролцож байгаа намын генсекүүд нь бараг гэмт хэрэгтний түвшинд оччихлоо. Санхүүжилтээ хэрхэн яаж зарцуулж байгаа нь худал, ил биш. Шуудхан хэлэхэд, ил цагаандаа гарсан байгаа, ухуулагчид нь архи барьж гүйнэ. Сонгогчдыг ийш нь тийш авч явна. Нөгөө талд сонгогчид ийм жишээнд дасчихаж. Хувь сонгогч “Би төр барьж байна” гэдгээ тоохоо больж л дээ. Ийм жишгээр сонгууль явдаг бол УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөөд ахиц гарахгүй. 76 байна уу, 120 байна уу, 430 байна уу үндсэндээ ялгаа байхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 120 болгохыг дэмжиж байгаа. Гэхдээ ердийн хууль дээрээ л сонгуулийг хэрхэн зөв явуулах тухай зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Үгүй бол эцсийн бүлэгтээ Үндсэн хууль буруутай юм шиг байнга өөрчилдөг, тогтворгүй байдал руу орно. 120 гишүүнтэй нэг танхим боллоо, энэ ерөөсөө бүтэхгүй юм байна. Одоо хоёр танхимаар тоглож үзье, Үндсэн хууль болохгүй байна гээд эхэлнэ.
Ер нь Ардын их, бага хуралтай хоёр танхимтай байх нь зөв гэж мэтгэж болно. Нэг танхимтай 120 гишүүнтэй байх нь илүү гэж мэтгэж болно. Энэ бүхэн аль ч зөв байж болно. Гол нь хэрэгжүүлэхдээ асуудал байгаа. Тогтолцооны шинэтгэл гэхээс өмнө ердийн хуулиудыг хэрэгжүүлдэг байх ёстой. Ердийн хуулиудаа хэрэгжүүлээгүй байж Үндсэн хууль буруутай байж таарахгүй.
-Хоёр парламенттай болъё гэвэл ард нийтийн санал суулга явуулж таарах уу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ардын их хурал, бага хурал гэсэн парламенттай болъё гэвэл одоогийн хүчин төгөлдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар ард нийтийн санал асуулга явуулахаас өөр арга байхгүй. Харин УИХ-ын 76 гишүүний тоог нэмж 120 болгоё гэвэл арай хялбар аргаар хийж болно. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хуралд хадгална” гэдэг өгүүлбэрийг өөрчлөхгүйгээр 21 дүгээр зүйлийн 1-д байгаа “УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй” гэсэн заалтыг л “Нэг танхимтай 120 гишүүнтэй” гэж өөрчлөөд явж болох асуудал.
-Сонгуулийн холимог тогтолцоог хийхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэх ёстой гэж үзэх хүмүүс байх юм.
-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр холимог тогтолцоотой байх уу, пропорционал байх уу, мажоратор байх уу гэдгээ УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдээд явах боломжтой гэж оруулсан. Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл.
Энд нэг зүйлийг онцлоход, 76 гишүүн цөөхөн байна гэдгийн сөрөг тал нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний илч мөн бөгөөд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасантай холбогдоно. Гэтэл одоо өөрийнхөө сонгогдсон тойрог руу төсөв татах уралдаан болдог болжээ.
мажоратораар сонгогдсон учраас үүнээс өөрөөр байж чадахгүй байна гэж тайлбарлах гишүүн ч байх юм. Энэ үйлдлээрээ өөрсдөө хуулиа зөрчиж байдгаа хүлээн зөвшөөрч байгаа л асуудал. 76 байгаад ард түмний өмнө ард түмний элчүүд улсын ашиг сонирхлоо баримтлаад явж чадахгүй байгаа бол 120 болоод, маш сайн парламент болж чадах уу? Харамсалтай нь хувь хүний хүчин зүйл, хажуугаар нь улс төрийн намын санхүүжилт, хэт намчирхах тогтолцоо, сонгогчийн боловсрол, дахин сонгогдох дон зэрэг хүчин зүйлс нийлээд мажоратораар явбал бүх ард түмний элч байх боломжгүй гэж нийгмээрээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Тэрийг нь пропорционал тогтолцоог оруулж ирснээрээ даван туулна гэсэн найдлагатайгаар улс төрийн хүчнүүд яриад байх шиг. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийн асуудлаа эхлээд ярь. УИХ 120 гишүүн байна уу, 76 байна уу, тооноос үл хамааран ажиллах тийм улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог ердийн хуулиар эхлээд хий. Тэрнээс биш Үндсэн хуульдаа гар хүрчихээд дараа нь хуулиа гоё болгоно гэвэл 120 гишүүнтэй бол яаж санхүүжилтээ намуудад ашигтайгаар хийх вэ гэдэг арга залиа бодож хуулиа батлах болно.
-Та Булганд нэр дэвшсэнээс хойш хэвлэл мэдээллээс хол байлаа. Одоо та юу хийж байна вэ?
-МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна. Үндсэн ажил маань шүү дээ. Хажуугаар нь ном бүтээл, судалгааны ажлууд хийж байна.
ӨДРИЙН СОНИН: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
Irgen [172.58.22.205] 2022-05-23 05:38:44
Gishyydiin toog nemehees tatgalzah heregtei.odoo 76 ihenh ne yamarch yyreggyi dargiin dohiogoor gar urgusun bertegchingyyd baina shyydee.songuuliin togtolcoog tomsgood toog heveer ne bailgah heregtei shyy.120 boloh boloogyi.daraagiin songuulidaa songogdohoor dorjhand met ulairch baina
Зочин [139.5.217.18] 2022-05-23 05:06:13
ENE MUNDAG ZALUU DAA
зочин [202.131.229.246] 2022-05-23 02:16:11
сонгуулиар том том хэвэлмэл ном тараадгийг болих хэрэгтэй хүүхдүүтэт унших ном олодхгүй байхад хэрэгжүүлсэн ажлын тайлан гээд бараг вританика тарааж байна ш дээ бүгд нэг хэвэлмэл хуудастай болвол тааран ёр нь 2 танхимтай болох нь чухал даа олон сонгуул ерөөсөө хэрэггүй анхан шатан дээр л сонгууль болдог байх хэрэгтэй харин орон нутагаас сүүлийн 6 жилд орон нутагтаа амьдарсан байх хэрэгтэй ийм хүмүүсийг сонгох хэрэгтэй
бАЯР [192.82.87.42] 2022-05-23 01:44:42
СУДЛААЧИЙН САНАЛ БОДЛЫГ УНШЛАА. БИ БОЛ 2 ТАНХИМЫГ ДЭМЖДЭГ. ХАМГИЙН ГОЛ НЬ ЯАЖ ЗӨВ ХИЙХВЭ ГЭДЭГ Л ЧУХАЛ. УГ НЬ БОЛ ЭНЭ ОЛОН СОНГУУЛЬ МАНАЙД ЕРӨӨСӨӨ ХЭРЭГГҮЙ. ЗӨВХӨН АНХАН ШАТААН ДЭЭР БАГ ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААС НУТАГ ДЭВСГЭРҮҮДИЙН ЛИДЕРҮҮДИЙГ СОНГООД ТЭД НАРААС НЬ ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ ЗАМААР ДЭЭД ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛЧИХАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ОРОН НУТАГТ НАМ Ч ХЭРЭГГҮЙ. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ДЭЭД ХУРАЛ Ч ГЭДЭГ ЮМ УУ ДЭЭД ТАНХИМАА БЙАГУУЛААД ЯВЧИХНА. ЭНЭ НЬ ПАРЛАМЕНТАА ХЯНААД ЯВЧИХНА. ПАРЛАМЕНТ БОЛ НАМУУД ПРОДОРЦИАНАЛ ЗАРЧМААР СОНГУУЛЬД ОРОЛЦОНО. АВСАН КВОТДОО ХҮНН ТАВИНА.. ХЭНИЙГЭЭ ТАВИХЫГ ТЭД МЭДЭГ