Жинхэнэ эх орончдыг төрд ажиллуулах хэрэгтэй
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, Ботаникийн хүрээлэнгийн ахлах агрономич С. Балдантай ярилцлаа.
Та ид залуу насныхаа тухай дурсана уу?
-1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн сургууль төгсөөд элсэлтийн шалгалтад орох гэтэл аймгаас тоо нь гүйцээгүй цэргийн нөхөөсөнд татагдаж, Холбооны 065-р анги, Дорнод аймгийн Халхгол сум, Хамар даваанд Монгол Улсын агаарын хилийн зурвас хянах үүрэгтэй операторын алба хааж халагдсан.
-Цэргийн алба хаасны дараа?
-Элсэлтийн шалгалт өгөх хүслээ гүйцэлдүүлээгүй учир ахтайгаа аймгийн намын хороонд Баянцагаан сумд эвлэлийн үүрийн дарга болох санал өгтөл шууд илгээлтээр явахыг үүрэгдсэн. 1000 хурга, 200 ишиг авч отроор Баацагаан сумын Дунд нуруунд нүүж хүрээд малаа гар худгаар цуварч услах, бэлчээрт дасгах өөрийн гэсэн аргаа өвөг дээдсийн ухаантай хослуулан хорогдолгүй 4 жил малласан даа. 1986 онд малаа мах бэлтгэлд тушааж, шалгалтаа өгч Их сургуульд явах гэсэн ч миний эр хургыг авахгүй, өөр айлынхыг авч намайг зориуд орхиж билээ. Сумын төв орж дарга нартай уулзахад “Чиний материалыг бүрдүүлээд аймаг явуулсан. Богд сумд илгээлтийн эздийн чуулга уулзалтад заавал яв” гэлээ. Яваад иртэл элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүд бүгд аймаг явсан, сумын төв эл хуль. Гэртээ харьж малаа цасан хялмаан дунд туусаар сумдаа ирж, хоёр айлд хувааж өгөхөөр нэгэнд нь хүлээлгээд, нөгөөх нь авдаггүй ээ.
Ингээд гуйж гурван хоног малаа харуулахаар тохирч аймгийн төв орлоо. Миний материал ор сураггүй өөр хүүхэд бүртгүүлжээ. Намайг нааш гэх хүнгүй үед Лханаагийн Мөнхтөр дэмжиж, шинээр материал бүрдүүлэв. Цэрэгт явахаас өмнө надтай хамт онц сурч байсан ангийнхан маань төгсөөд ирсэн, шалгалтын комисс намайг таньж бүдэг тал тамга тамгатай бичгээр арай гэж эрхээ олж аваад, тооны шалгалтаа онц өгч нягтлангийн ангид элсчих санаатай хүлээж суутал Гурванбулаг сумын нэгдлийн даргын хүү нь авчихлаа. Тухайн үед хэчнээн оноогоор дүгнэдэг ч яг анги хуваарилахад хүссэн сургуульдаа орохын тулд дарга нарын нөлөө, арын хаалга байсан л юм даа. Ингэсээр хамгийн сүүлд нэрийг нь ч мэдэхгүй агрономийн ангид бүртгүүллээ. Мал маллах хэцүү биш, хөдөлмөр өдрийн хөлс, нэмэгдэл, урамшуулал аваад гачигдалгүй амьдарч болох ч сурах хүслийг минь албаар боогдуулж хэлмэгдүүлсэнд шар хөдөлсөн хэрэг.
ХААИС-д элсэж сар өнгөрөөд, ангийн дарга, дотуур байрны зөвлөлийн ажилд тохоогдов. Ингээд намрын ургац хураалтанд явцгааж, “ шар малгайт” нэртэй сайн ажиллаад л орой болгон шагнуулна. Ургацын баяраар бөх барилдуулж нэг аймгийн заан цолтой бөх, бид гурвуул үлдээд тойрч барилдаад нэгнийгээ унагачихлаа. Бид гуравт хонины өрөөл мах чанаж идүүлээд, шуудай төмсөөр урамшуулав. Сургуульдаа сайн суралцаж, ерөнхий эрдэм үзэж дуусгаад анги хуваарилахад надад хүссэн мэргэжлээ сонгох боломж гарч ирсэн ч агрономийн ангидаа үлдсэн.
-Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд 1990 оны 3-р сарын эхээр Энхтайвны гүүрэн дээгүүр бөөнөөрөө төв талбай руу орж ирснээр ихээхэн хүч нэмэгдүүлсэн гэдэг? Та оролцож байв уу?
-Оролцолгүй яахав. Манай сургуулийн оюутны зөвлөл, ангийн дарга нар оюутнуудаа уриалан өлсгөлөнг дэмжиж, төрийн ордон гороолон алхсан юм. Хичээлээ таслаад л жагсаалд явахад зарим багш нар дургүйцсэн ч ихэнх нь дэмжих байр сууринаас цаг үеийн эргэлтийг дагасан. ХААИС руу тэр үед дулааны шугам татаагүй бид халаалтгүй байранд амьдардаг учраас шаардлага тавьж шугам тавиулсан мэтээр тэр үеийн оюутан залуус тийм л сэргэг, ажил хэрэгч, зоригтой байлаа даа.
-Сургуулиа төгсөөд хаана томилогдсон бэ?
-Манайхаас 33 мэргэжилтэн л бэлтгэгдэж төгсөөд Хөдөө аж ахуйн яаман дээр ангийн даргын хувьд хуваарилалт хийсэн. Би өөрөө 5-р курстээ дадлагажсан Ботаникийн хүрээлэнд захирал Өлзийхутаг гуайн урилгаар очиж 18 жил ажиллажээ.
-1998 онд С. Зориг агсан бусдын гарт амиа алдсан үйл явдлыг та хэр мэдэх вэ?
-Мэдэлгүй яахав. Арай дэндүү ил цагаан юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн үед Ерөнхий сайдад халзан хочит Да. Ганболдыг бараг 5 удаа зүтгүүлээд барахгүй, Их хурлын гишүүд С. Зоригийг оруулаад ирвэл шууд зөвшөөрөх байв. Маргааш нь УИХ-аар орох гэж байхад шөнө нь егүүтгэсэн... гэж Нинжийн ярьсантай би санал нийлнэ. Зориг амьд сэрүүн байсан бол ардчиллаас Ерөнхийлөгч, хотын дарга гэж дээгүүр тонгочсон нөхдүүдэд момент гарахгүй гэдгийг бүгд хэлнэ. Ардчилсан намын даргын төлөөх тэмцэл хурцдах тусам бүх юм тодорхой болсоор.
-Ард түмний хүсэл зоригоор сэрсэн ардчилал хоёр гуравхан хүний тоглолтод ороод гажуудсан гэж та хэлэх гээд байна уу?
-1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болоод ТЕГ-ын ажилчдыг нь халаад хүн амын удмын сангийн бүртгэл, мэдээллийг архивтай нь устгаж, холимог цустнууд бөөнөөрөө төрд шургалах, их гүрний санхүүжилтээр төрийн бүтэц бохирдох хэмжээнд туссан. Монгол цустай хүн төрийн эрх барьсан бол элэг нь хаачих вэ. Арай ч ийм нөхцөл байдалд орохгүй л дээ. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан, хувьчлал нэрийн дор бүх том үйлдвэрүүдийг бааз, сууриар нь устгаж, бүх ажилчдыг нь халсан нь эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах эхлэл болсон гэдэгтэй санал нийлнэ. Одоо Ардчилсан намыг хуваагаад сууж байгаа С. Эрдэнийн талын цөөхөн хүмүүс чинь бүгд нэг талдаа гарсан тонуулчдын бүлэглэл. Ийм ч учраас жирийн олон мянган гишүүд Х. Баттулгыг 90 гаруй хувиар дэмжээд гаргаад ирж байгаа биз дээ.
- Ардчилсан намыг ийм байлгах хэнд ашигтай гэж та боддог вэ?
- Эрх баригч нарт ашигтай. Асуудалтай нөхдүүдийг барьцаалж төрийн эрхийг аль болох удаан эзэгнэх сонирхолтой.
-МАН 1990 оноос хойш шинэчлэгдээгүй гэж үү?
-“Сохрын газар сохор доголонгийн газар доголон” гэгчээр шинэчлэл нэрийн дор хуучин арга барилаараа явж, улс орноо өөд нь татах бодлого аль ч намаас дорвитой гарсангүй. Урд зүгийн стратегиар Монголын хүн амыг эдийн засгаар нь боомилох улмаар хүнсээр нь хордуулах хэмжээнд тулчихлаа.
-Агрономич хүний нүдээр харахад Монгол Улсыг гадны бодлогоор зориуд экологийн сүйрэлд оруулсан гэж хэлж болох уу?
-Болно. Түүхэн уламжлалт харилцаагаа бодсон ч оросуудыг монголоос гаргахдаа найрамдалт харилцааны бат бэх сууриа бэхжүүлэх ёстой байсан юм. Оросуудын Монголд байгуулж өгсөн нөөцийг бүтээлчээр ашиглаж чадсан бол ядаж экологийн тэнцвэрээ хадгалах байсан юм шүү дээ. Оросыг шууд үгүйсгэн Хятад руу наалдах бодлого хариуцлагагүй, зах замбараагүй олон уул уурхай монголд цэцэглэх, том том эзэмшил, чухал газруудад дандаа хятад эзэн суух улмаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал алдагдах аюулд оруулсан. Хятад, Орос хоёртой тэнцвэртэй харилцааг үүсгээгүйн гайгаар газар нутаг маань гол харлам болчихлоо. Говьд гүний цэнгэг усыг шууд соруулж уул уурхайд ашигладаг нь маш буруу. Хилээр гадагш урсаад гарчихдаг хангайн усаа хоолойгоор татаж ашиглах хэрэгтэй. Хямд зардал, залхуурал, шунал гурваас үүдэлтэй хариуцлагагүй уул уурхай хоногт сая куб метр ус хэрэглэж байгаа нь эх орноо боддог монгол хүнээс гарах үйлдэл биш. Миний цэргийн албаа хаасан Мэнэнгийн талыг хятадын хөрөнгө оруулалтай газрын тосны компани там болгочихсон нь Пунсалмаагийн Очирбат гэх Амгалангийн хужаагийн эрлийзийн хийдэл шүү дээ.
-Экологийн байгууламжийг арчилж, тордож байж үр дүнг нь үздэг шиг доройтсон улс орноо бид яаж өөд нь татах ёстой вэ?
-Нэгдүгээрт: яаралтай Ардчилсан намд бугшсан муу муухайг цэгцлэх ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол бид шууд тусгаар тогтнолоо алдана.
Хоёрдугаарт: Үндсэн хуульд дорвитой суурь өөрчлөлт оруулах, хоёр танхимтай парламентыг хуульчлан, хэт төвлөрлийг бууруулах, газар нутагтаа монгол хүн бүр эзэн байх боломжийг нээх ёстой
Гуравдугаарт: төрийн байгууллагад ургийн бичгээр шалган оруулдаг механизмыг бүрдүүлэх, жинхэнэ эх оронч хүнийг төрд ажиллуулах, тусгай боловсролоор төрийн албан хаагчийг гадаад, дотоодод сургаж, улс төрийн бүхий мэдлэгээр цэнэглэж гэмээн төрд ажиллуулдаг болох шаардлагатай.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
зочин [202.55.191.194] 2022-06-13 03:21:39
Үнэхээр бахархаж бна. Төрийн түшээд маань жирийн нэг агрономичийн дайтай сэтгэж, холыг харахгүй нь туйлын харамсалтай.
Зочин [64.119.27.226] 2022-06-10 04:40:39
монголын улс төрч гээд өөрийгөө өргөмжлөсөн баячуудад эх оронч хүн байхгүй. тэд мөнгөөр эх орноо худалдаж байгаа, бас худалдах бэлэн хүмүүс.
Зочин [202.55.188.42] 2022-06-10 03:28:40
Энэ хүний санааг дэмжиэ байна Монголын төрд эх орончид үнэхээр дутаж байна Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй энэ бол гадны захилага шүү гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй Генерал Баярмагнай л эх оронч байж чадах байх
Зочин [202.9.46.89] 2022-06-10 03:15:49
Ардчилал ард иргэдийн чөлөөт сонголтыг үл ойшоон төрийг тогтворгүй байлгах ААНүүд эдийн засгаар ард түмнийг боомилон ядуу хараат байлгах далд бодлогыг хэрэгжүүлэн урд нь тээгэлсэн болгоныг ардчилалын дайсан эсэргүү нэр хоч өгч үзэл суртал амь насаар егүүтгэн нухчин дарж сүүлдээ хөрш оронтой муудалцуулан яс хаяж ард иргэдийн амар тайван амьдрах эрх чөлөөнд халдаж бна
Зочин [203.91.115.51] 2022-06-10 02:04:49
Харин чухам тэр эх орончид чинь л өнөөдөр улс орныг маань дампууруулж байна шүү дээ. Танайхаас гаралтай нэг мундаг эх оронч л гэхэд улс орныг маань нохойн замаар орууллаа. Эх оронч нь чухам эх оронч байсан л даа. Харин Оросын эх оронч байсан шиг билээ. Бурхан минь, улс орныг минь эх орончдоос аварч хайрла.
Зочин [192.82.68.22] 2022-06-10 01:12:39
Монголын төрд мөнгөтэй хүн л ажилладаг юм бишүү эх орноо ард түмнээ гэх сэтгэлтэн тэнд алга