ТҮҮХЭЭС СЭРЭМЖИЛЖ УЛАМЖЛАЛДАА ТУЛГУУРЛАН ХӨГЖИХ НЬ
Аливаа колониуд буурай оронд ноёлохдоо өөрсдийн гарыг шууд дүрэн, харгис нөлөөллөө аймшиггүй тогтоох аргыг хэрэглэхгүйгээр сул дорой, эрх мэдэлд дуртай, шунамгай сүүдрийн улс төрчдийг онилон, ашиглаж тэднээр үндэсний үзэлтэй, тэргүүлэх сэхээтнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлэх, мохоох, улмаар ял тулган, үйл хэрэг, үзэл санаа нь газар авахаас эмээн үндэсний үзэлтэй, эх орончдыг хороосон түүх давтагдсаар иржээ.
Нэгэн тод жишээ нь үндэсний үзэлтэй, өргөн мэдлэгтэй 1921 оны ардын хувьсгалаар тогтсон БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, Аж ахуйн яамны сайд ( 1924-1925), Дотоод яамны сайд, (1926-1927), Ерөнхий сайд (1928-1939) асан Анандын Амарыг их гүрний харалган, харгис бодлогыг даган, хүлцэгч улс төрийн бүлэглэл, тодруулбал Х. Чойбалсан түүний тойрон хүрээлэгчид “ урвагч, эсэргүү” нэр зүүлгэн гүтгэсэн явдал юм. “ А. Амар Монголын товч түүх 1990” номын оршилд эрдэмтэн түүхч А. Очир гуайн өгүүлэх нь:
...1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хуралд, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав “ Амарын нам бус явдлын тухай” илтгэл тавьж, түүндээ “ А. Амар бол ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчдөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан бөгөөд өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв. Тус орны нам, аж ахуй, соёлын байгууллагын ажилд гарсан дутагдал нь Амарын үйл ажиллагаанаас болсон...” гэхчлэн түүнд хамаг нүглийг чихэхийг оролдон давшилсныг Х. Чойбалсан дэмжин,” Ийм өнгөө будсан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэнд, түүнчлэн тэргүүлэгчээр нэг цаг, нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино. Ерөнхий сайдын тушаалаас шууд хаяваас таарна” гэжээ.
Уг хурал дээр А. Амар “ Надад ийм аюултай мөндөр ирж, ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхдүүд намайг хаяж таягдах болжээ. Нэгд, феодалын үр хүүхэд би өөрөө бэйс зэрэгтэй явсан болох тул өдгөө ангийн тэмцэл гарч, хувьсгал хөгжихөд багтаах газаргүй, гишгэгдэн хаягдах бол гомдох газаргүй. Хоёрт, Нөхдөөс эсэргүү нартай холбоотой хэмээн үздэг юм уу, аль эсвэл эсэргүү нараас ноцдогоос... намайг хардах ахул би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй... Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. “ гэжээ. Мөн өдрийн орой БНМАУ-ын XXII бага хурал болж, Х. Чойбалсан “ Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай” илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд “ Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноос урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрийн эсэргүүцлийг учруулж, үнэ хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүргэсэн” хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлээд мөнхүү хурлаар Х. Чойбалсан Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд болжээ. Үүний дараа А. Амарыг ЗХУ-д хүргүүлэн И. В. Сталины шадар этгээдүүдээр “ хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны долдугаар сарын 10-нд цаазаар аваачжээ. А. Амар эцсийн мөрдөн байцаалтад өөрийнхөө ямар ч гэм буруугүйг нотлоод өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл, Үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огт биш... гэж өчжээ. А. Амар үнэхээр улс төрийн эсэргүү, эх орноос урвагч бус үндэсний үзэлтэн, тэргүүлэх сэхээтэн, хүчирхэг лидер байсан нь өөрийн бичиж үлдээсэн олон бүтээлээс бэлхэн харагдах ажээ.
А. Амар: “ Үндэсний эрх чөлөө хэмээх нь чухам өөрийн улс төр, өөрийн газар шороондоо бүрэн эрхтэй эзэн нь болж чадаад өөрийн үндэсний зан суртлаа дагаж, бусад ямар ч этгээдийн хавчилтгүйгээр өөрийн хэргийг өөрсдийн аль тохиролцож болох заншил байдалдаа зохицуулан явуулж чадах эсэхэд харгацах бөгөөд бусдын эрх мэдэл,засалт удирдлагын доор орох аваас хэзээд өөртөө эрх жаргал байхгүй болно” хэмээсэн нь түүний эх орныхоо төлөөх чин халуун сэтгэлтэн мөнийг нотлох ажээ.
А. Амар гуайн “ Монголын товч түүх” хэмээх бүтээл өдгөө ч үнэ цэнээ алдаагүйн дээр Монголчуудын үүсэл, гарваль түүх, Чингис хааны байлдан дагуулалт, бодлого, үйл ажиллагааг судлан өөрийн үнэлэлт, дүгнэлтийг илэрхийлсэн нь хожмын судлаачдын чиг баримжаа болж чаджээ. Ийм эрхмийг улс төрийн хилс хэрэгт гүтгэн, хороолгосон нь юутай харамсалтай. Улс орныхоо төлөөх халуун сэтгэлийг нь жинхэнэ урвагчид харлуулан гүтгэсэнд ихэд ганцаардан, цочирдсон нь түүний ...Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна... гэж халаглан өгүүлснээс илт ажиглагдах аж.
...Төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шударга ёсыг нэвтрүүлж, аливаа хэргийн мөн чанар, түүний гарсан нөхцөлийг сайтар судалж шийдвэрлэхдээ ямагт бодитой хандаж, төр, хуулийн хүмүүжүүлэх үүргийг өндөрт тавихыг чухалд үздэг байжээ. Намаас тус орныг хөрөнгөтний бус замаар жолоодон, шинэ боловсрол, соёлыг хөгжүүлэхдээ , өөрийн хуучин соёлын өвд тулгуулахаас гадна дэлхийн дэвшилт соёлоос сурахыг ч тэрбээр үгүйсгэдэггүй байсан нь түүнийг үндэсний консерватив үзэлтэн байсныг нотлох ажээ.
Өдгөө Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, эрх чөлөөт нийгэм тогтсон ч хүн бүхэн эрх тэгш боломж эдлэн амьдрах хувь заяа хараахан бүрэлдээгүй нь харамсалтай. Түүхийг мушгин гуйвуулж, оюун санааны дархлааг бүдгэрүүлэн, үндэсний дархлааг эрлийзжүүлэх харийн бодлогод тасралтгүй сульдсаар ахул монгол гэх нэр л үлдэх аюул ойрхон. Одоо биднийг юу аврах вэ? Үндэсний эв нэгдэл, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өөрсдийн эрх чөлөөнд сэргэмжлэх хүн бүрийн хүчин зүтгэл, ухаарал сэхээрэл хэрэгтэй мэт. Монголчуудын нэгдэл улс төрийн томоохон хоёр нам, хоёр үзэл баримтлалд хуваагддаг. Нэгийг нь оргүй устгаж, нөгөөд нь төр бариулах харийн неоколонизмын аюул аль хэдийн аянгын хар үүл мэт нөмөрснийг хүн бүр сэнхэрсүгэй. Ардчилсан намын дарга Х. Баттулга гишүүдээрээ батламжлагдсан даруй үндэсний консерватизмыг тунхагласан нь цаанаа ямар нарийн учиртайг өгүүлэхэд
Нэгэн зүйл: Төр нийгмийн нэр зүтгэлтэн С. Зориг агсан үндэсний уламжлалдаа тулгуурлан шинэ хөгжлийн бодлогоо тодорхойлох замаар улс орон хөгжин дэвших гарцыг аль эрт олж харан: “Төр улсынхаа төрхийг сэргээн төрлөх шалтгаанаа ухагтун, хүсэхүй сууринаас ангижран магад оршихуйг баригтун”... хэмээн өөрийн гар бичмэлдээ үлдээсэн ажээ. Үүнийг ухваас уламжлалдаа суурилан хүчирхэг төрийн төрхөө сэргээн, хувийн эрх ашиг бус, улс, үндэстнийхээ оршихуйг урьтал болгохыг захисан мэт.
Нэгэн зүйл:
Санжаасүрэнгийн Зоригийг харамсалтайгаар амь насаа алдахад монголчуудын зориг итгэлийн гал бөхөх шахсантай зэрэгцэн өсөхийн өлөн нь өтөлтлөө дарагдаагүй эрлийз, харь сэтгэлтнүүдийн гайгаар хүн амын дийлэнх нь ядуу амьдарч, эдийн засгийн эрх чөлөөг зүүдлэн хүлээх хүртлээ доройтжээ. Харин төрийн тогтолцоог мафижуулж, харийн нөлөөлөлд автсан цөөхөн улс төрчдийн гайгаар Ардчилсан нам тогтсон зөв үзэл баримтлалгүй дүрэм байсан ч мөрдөх боломжгүй нөхцөл байдалтай удсан. Энэ бол либерал үзлийг хуулбарлан даган дуурайснаас гажуудсан тогтолцооны нэг хэсэг. “Монгол хүн” гэдгээ танихгүй болтлоо самуурсан, будилаантуулсан гэж товчилмоор. Үндэстнийхээ бахархал, сэтгэлгээний дархлааг гээсэн. Гэр бүлийн гишүүд нэгнээ хүндлэхээ больж нийгмийн бүх хэсгүүд үүсрэх, хямрах байдал руу оржээ. Нийгэм маань гаднаас нь харахад тайван, хөгжингүй юм шиг ч дотроосоо ялзарч мэдэхээр. Залуучууд өөрийнхийгөө гадуурхаж, өрөөлийн хүйтэн, хөндий соёлыг шүтдэг болсон нь ирээдүйд хортой төдийгүй үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай ба Хятадын колони маягийн дагуул, нийлүүлэгч зах зээл монголчуудын эрх чөлөөг улам боомилох арга хэрэгсэл.Манж Монголыг дарлахдаа үндэсний үзэлтэй тэрийгээ ил гаргасан ноёдыг цалин пүнлүүгээр хахуульдах, манлайлсан эх орончдыг алах, хавчих, үр үндсийг таслах хүртэл харгисаар мохоож залхаан цээрлүүлээд зогсохгүй монголын баялгийг хуйгаар нь цөлмөсөн. Дараа нь улаан коммунизм мөн л эх орончдыг талж, эрдэмтэн мэргэдийг хядаж байгаад 70 жил мөлжив. Монголоос өөр үндэстэн ор мөргүй болох энэ ээлжилсэн талхилцалд тэсэж үлдсэн шалтгаан нь бидний уламжлалт ахуй соёл, үндэсний дархлаа. Аав Ээж гэр бүлийн гишүүдээ тэжээх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үүрэг, үр хүүхэд нь эцэг эхээ хайрлах, эх орноо хайрлах, байгаль дэлхийгээ шүтэх, ахуйгаа тордох гайхамшигт тогтсон уламжлалын хууль биднийг энэ хүртэл чирчээ. Харин одоо юмс гэрлийн хурдаар өөрчлөгдөн уламжлал руу тал талаас нь сөрөн дайрч, мэрэх, талцал хэрүүлийн тамын зовлонд өртөх болжээ. Энэ бол ердөө л цагаачдын олж, хэрэгжүүлсэн цоо шинэ колонизм буюу либерализм нөмөрч дээрэм хийж гаршсан барууныхны гай. Тэдний ойлголтоор хэнд ч эх орон гэж байхгүй нэг дэлхий дээр улс хүн бүр нэг л улс шиг амьдрах ёстой гэх. Гэвч энэ бол сүйрэл. Аливаа юм бүхэн эерэг, сөргөөс бүтэж гэмээ нь орших агаад өргөжин тэлэх, тэсэж үлдэх, буурах, мандах бүхий л ээдрээг туулна. Үндэстний түүх, тусгаар тогтнол бол дэлхийн сүйрлийг удаашруулах амин дархлаа, архивын баримт. Ийм ч учир дэлхийн томоохон улс төрчид өөрийн үндэстний соёлыг өргөн хүрээтэй сурталчлах болсон. Дэлхийд гагц нүүдэлчин үндэстний төрийн голомт, туурга тусгаар Монгол улс ч одоо сэрж хүн бүр тусгаар тогтнолоо манах цаг болжээ. “Монголын консерватив үзэл гэж юу бэ?
Монголын консерватив үзэл гэдгээр Монгол улс транснационал буюу үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, Монгол улсыг дэлхийн топ улсын жагсаалтанд дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байна. Яг л 13-р зууны Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн идеологи байх ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улстөр, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм. Тиймээс тэр хэлбэрийг авч үлдэн орчин үетэй хослуулж чадвал даяарчлалын том давалгаанд Монгол улс тэсч үлдэх болно. Цаашлаад даяарчлалын дараагийн том давалгааг үүсгэх боломж ч нээгдэх болно.”
Б. Янжинлхам “ Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” УБ 2012
А. Амар “ Монгол товч түүх” УБ 1990 номууд
“ДАЯАРЧИЛСАН ДЭЛХИЙ ДЭХ МОНГОЛЫН БАРУУНЫ УЛСТӨР”
Б. Үнэнбат нийтлэлээс тус тус ишлэв
Д. ЭНХБАТ
Сэтгэгдэл