Г. Мөнхбаяр: Шинжлэх ухааныг төрөөс дэмжвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй

Aдмин / Нүүр

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Та физикийн багшаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 2004 онд их сургуульд элсэн орж 2008 онд төгссөн. Төгсөөд их сургуульдаа багшаар орсон. Физикийн багшаар яг 11 жил ажиллаад одоо Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

-Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад манай улсын баг 100 хувийн амжилттай оролцсон. Өнгөрсөн жилүүдэд ямар амжилттай оролцож байсан бэ?

-100 хувь гэдэг нь оролцсон бүх сурагч шагнал, медаль хүртсэн гэсэн үг. Өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад таван хүүхэд оролцсоноос хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр эзэлсэн. Олон улсын олимпиадад шагналт байр болон медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн топ 100 сургуульд сурах урилга авбал Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар тухайн сургуульдаа тэтгэлэгтэй суралцах боломж нээгддэг.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байна, танай сорилгод олон хүүхэд хамрагдсан уу?

-Бидний үед физикийн ангид 90-100 оюутан элсдэг байсан. Өнгөрсөн жил их сургуулийн физикийн ангид 25 орчим хүүхэд элссэн. ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан физикийн хөтөлбөрөөр суралцаж буй хүүхдүүдэд МУИС-иас 100 хувийн тэтгэлэг олгодог. Одоогийн нөхцөл байдлыг харахад олон улсын олимпиадад шагнал, медаль хүртсэн хүүхдүүдэд тэтгэлэг, мөнгөн шагналыг ч өгч байна. Багаас нь бэлдэж байгаа хүүхдүүд физикт маш сонирхолтой байна л даа. Ер нь нэг хэсэг унаж боссон үе байсан. Учир нь дунд сургуульд физикийн хичээл ордог цаг багассан. Хуучин бидний үед долоо хоногт 5-8 цаг ордог байсан бол саяхныг хүртэл хоёр цаг орсон. Мөн физик биш нийтэд нь “Байгалийн ухаан” гэдэг хичээл орох жишээтэй. Одоо бол аятайхан болж байна аа. Одооны хүүхдүүд ч арай өөр болсон. Хичээж байгаа, физикийг сонирхож байгаа нь, бодлогыг авч үзэх байдал нь ч тэр. Тиймээс энэ жил хүүхдүүдийг багаас нь бэлдэж үзье гэж шийдсэн.

-Уг нь бол хүүхдүүд байгалийн ухаан, физикт сонирхолтой байснаар инженерүүд бэлтгэгдэнэ шүү дээ. Энэ чиглэл дээр салбартаа яаж анхаарч ажиллавал зохистой юм бол...

-Төрөөс том бодлого хэрэгжүүлэх ёстой юм билээ. Ялангуяа суурь шинжлэх ухаан болох математик, хими, физик, биологи, газар зүйд. Одоо хүүхдүүд технологийн эрин зуунд яаж амар хялбараар мэргэжилтэй, ажлын байртай болох вэ гэж бодох болсон. Мэдээж байгалийн ухааны хичээл хэцүүгийн хувьд хэцүү. Тиймээс хүүхдэд “хэцүү” гэх бодол толгойд нь суучихсан сонирхолгүй байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж байгалийн ухаанаар сурах гэж буй хүүхдүүдэд шинэ боломж олгож гадны их дээд сургуулиудад сургах, мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарвал зохистой санагддаг. Энэ ажил шуурхай хийгдвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд МУИС-иас бодлого гаргаж байгалийн ухааны таван чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгож байна.

-МУИС-иас ямар таван чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгодог юм бэ?

-Математик, физик, хими, биологи, газарзүй. Одоо ч гэсэн энэ таван чиглэлийг сонирхож байгаа оюутан ЭЕШ-ын 700-гаас дээш оноотой бол 100 хувь, 600-гаас дээш оноотой бол 50 хувийн тэтгэлэгтэй сурах боломжтой. Явцын дунд тухайн 50 хувийн тэтгэлэгтэй хүүхэд онц сураад байвал 100 хувь үнэгүй сурах боломж ч бий. 600-гаас доош оноотой бол тэтгэлэгт хамрагдахгүй.

-Ер нь физик хүнд юуг өгдөг юм бэ?

-Физик хөрвөх чадвар маш сайтай. Би бас анх физикээр сурдаг байхдаа их гайхдаг байсан л даа. Яагаад гэвэл математикаар олимпиадад бэлтгэж байгаад гэнэт физикийн шинжлэх ухаан руу орж ирсэн. Жишээлбэл, физикийн бодлого өөрөө асуудлыг олон талаас нь харж шийддэг. Нэг тоог энд сууж байгаа 12 хүүхэд бүгд өөр аргаар бодож болно.Асуудлыг 12 өөр аргаар шийдэж байна гэсэн үг. Энэ нь агуулгаараа амьдрал дээр гараад тулгарч буй асуудлыг ямар аргаар шийдэх вэ, ямар боломжтой аргууд байна гэдгийг эрэлхийлнэ гэсэн үг.

-Олон улсын физикийн олимпиадад ямархуу бодлогууд орж ирдэг юм бэ?

-Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд сурагчдаар маш том асуудлыг шийдүүлэх гээд байгаа юм. Жишээлбэл, хамгийн сүүлд та бүхний мэдэж байгаачлан “хар нүх”-тэй холбоотой бодлогууд орж ирж байна. Түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг хүүхдүүдээр хийлгэдэг, оюутнуудаар биш. Тэгэхээр нэлээд хүнд бодлогууд орж ирдэг. Дэлхий дээрх маш олон судалгааны багууд шинэ нээлт болгоноо бодлого болгоод л хүүхдүүдээр бодуулаад байна гэсэн үг. Ямар шийдэл гаргаж ирэх нь вэ гээд л. Энэ жилийн олон улсын олимпиадад дэлхийн 88 орны 300 гаруй хүүхэд оролцсон. Тэдгээр 300 гаруй хүүхэд бүгд өөр өөрийн гэсэн бодолтоор бодох боломжтой.

-Олимпиад хоёр өдөр үргэлжилдэг. Нэг өдөр нь таван цаг туршилт, нэг өдөр нь бодолт. Ямар туршилт хийдэг юм бэ?

-Олимпиадын эхний өдөр туршилт хийдэг. Тухайлбал, лазертай холбоотой сүүлийн үеийн өгүүллүүд ч юмуу түүнтэй холбоотой туршилтыг яаж хийж болох вэ гэдгийг бодно. Маш энгийн бодлого байгаа юм. Эсвэл нэг гараг дээрээс 50-20 мянган метрийн өндөрт нэг бие унагана. Тэгээд түүнд ямар ямар хүч, гадны нөлөө үйлчилж байна вэ гэдгийг бодно. Гаригийнх нь тухай бид мэдэхгүй. Тэгээд тухайн гаригийн масс, нягт, хүндийн хүчний хурдатгалыг олох ёстой. Тэгэхээр хүүхдүүд төсөөлж эхэлнэ. Туршилтаас шийдэл олно.

-Монгол хүүхдүүд юун дээр түлхүү алддаг вэ?

-Бэлтгэлийн үед гол дутагдаж байсан зүйл нь хурд, цаг маш богино хийх зүйл их. Манай хүүхдүүд дахиад нэг л цаг байсан бол гэж хэлж байсан. Хүүхдүүдэд өгөгдсөн 100 гаруй хуудас цаасан материалтай таван цаг ажилладаг. Тэгэхээр бид хурд гэдэг зүйлдээ анхаарах ёстой. Энэ жил хурд маш их бэлдсэн.


Сэтгэгдэл

зочин [150.129.140.228] 2022-08-21 09:41:06

төрөөс тэнэг байлгах, дайжуулах бодлого баримталж байна уу. гэж боддог морь бөх яриад элийрч балайраад яваад өгдөг. сүүлийн жишээ 6 н залуу заан гэсэн нэвтрүүлэг. уяачийн эрдэм гэсэн хичээл. шинжлэх ухаан хөгжил гэж огт ярихгүй. ирээдүйгээ биш өнгөрсөн баларсанаа эргэж ухна судална гээд сууж байна.

Зочин [103.229.122.150] 2022-08-20 22:13:08

Мааш зөв дөө шинжлэх ухааныг төрөөс дэмжих хэрэгтэй хамгийн зөв тэгэж байж л улс хөгжинө.

Зочин [192.82.71.138] 2022-08-20 14:11:31

Өөрөө эхлээд юмаа сайн хий, танигдаж гэмээ нь дэмжинэ шүү дээ.

Зөв [192.82.74.126] 2022-08-20 09:08:25

Байгалийн ухааныг л олон улсад шинжлэх ухаан гэдэг. Улс их сургуулиудаа, ялангуяа, шинжлэх ухааны судалгаа хийж, сургалт явуулж байгаа төрийн өмчийн сургуулиудаа дэмжих ёстой. Дор хаяж, сургалтын төлбөрөө өөрөө шийдэх эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй. Төлбөр, үнийг зориудаар барих нь тухайн салбараа хөгжүүлж байгаа биш, харин булшилж буй хэрэг юм

Зочин [192.82.71.138] 2022-08-20 14:18:05

Санал нэг байна. Бодол богино нэг бус ТВ-ууд олон нийтээс "сайн" үнэлгээ авах гэж, төлбөр нэмлээ гэж буруутгаж хэвшсэн нь чухамдаа энэ улсын боловсролын системийг унагахад хувь нэмэрээ оруулсаар байгаа хэрэг....


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.