Кардинал М.Жиоржиа: Ромын пап Монголыг түүх соёл, уламжлалын хувьд онцгойлон үнэлдэг
“Зууны мэдээ” сонины “Трэнд зочин” булангийн энэ удаагийн зочноор Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал М.Жиоржиаг урилаа.
-Юуны өмнө урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Та Ромын пап Францискаас Кардинал хэмээх эрхэм цолоо аваад удаагүй байгаа гэсэн. Хамгийн залуу Кардинал болсонд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Миний хувьд өмнө нь төсөөлж байгаагүй гайхалтай үйл явдал болсон. Кардинал цол хүртэх ёслол наймдугаар сард Ватиканд болсон. Би энэхүү нэр хүндтэй хэргэм зэргийг миний ард байдаг, монгол католик сүмийн сүсэгтэн олон, ажилтнуудын өмнөөс хүртэж байгаа гэж ойлгож байна. Ромын пап лам энэ шийдвэрийг гаргасан нь хэдий католик шашинтай хүмүүс олон биш ч, арвин түүх соёл ихтэй сайхан оронд байдаг Католик сүсэгтнүүдийг онцгойлон харсны илрэл юм болов уу гэж ойлгож байгаа. Ромын пап лам Монголын түүх, соёл уламжлалыг хүндэлж шийдсэн гэж ойлгож байгаа.
-Таны бага нас болон өсөж төрсөн газар орны талаар яриагаа эхэлье. Таныг Итали гаралтай гэж сонсч байсан?
-Би Италийн баруун хойно байдаг Пьемонт мужийн Күнэо хотод төрсөн. Намайг гурван настай байхад аав минь шинэ газар руу ажиллахаар болоод аав, ээж, эгч бид дөрөв Турин хотод суурьшсан. Тиймээс би өөрийгөө Турин хотын уугуул гэж боддог. Манай хотыг монголчууд бас мэдэх байх аа. Альпийн нурууны өвөрт байрладаг, Франц Швейцарийн хилтэй ойрхон, 2006 онд өвлийн Олимп болж байсан сайхан хот байдаг.
-Та анх ямар замналаар шашны санваартан болж байсан бэ. Багын хүсэл мөрөөдөл байв уу, эсвэл гэнэтийн шийдвэр байсан уу?
-Миний аав, ээж энгийн сүсэгтэн хүмүүс байдаг. Аав маань хуульч мэргэжилтэйгээс гадна сэтгэл судлаач хүн байсан. Харин ээж маань нийгмийн ажилтан. Эгч минь философич, шашин судлаач. Шашны мөр хөөсөн минь гэнэтийн шийдвэр гэж хэлж болно. Би дунд сургуульд орох үеэсээ миний итгэл бишрэл амьдралд минь ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг нэлээн нухацтай бодож эхэлсэн. Тэр үед манай Турин хотод маш мундаг Католик шашны санваартнууд амьдардаг байлаа. Би тэдэнтэй ойртож нөхөрлөөд, дараа нь тэдний нэг болох өөрийн дотны санваартныг миний шашны багш болохыг хүссэн. Эндээс л би итгэл бишрэлдээ илүү бодитой ханддаг болсон.
Өөрөөр хэлбэл, 15-16 настайдаа шашны зан үйл, залбирлын сайхныг амсаж мэдэрч эхэлсэн гэсэн үг. Гэхдээ тэр үед ч би том болоод санваартан болно гэсэн бодолтой байгаагүй. Харин дараа нь ахлах ангидаа Турин хотын нэгэн лицейд сурсан. Тэр үедээ шинжлэх ухааны хичээлүүдээс гадна латин, грек, итали хэлийг нэлээн дэлгэрүүлж үздэг байлаа. Миний сурч байсан лицей тухайн үеийн Италийн хамгийн эртний бөгөөд нэлээд хатуу чанга дүрэмтэй сургуулийн нэг байлаа.
Өглөөнөөс орой хүртэл хичээл хийдэг байсны хажуугаар би Скаутын гишүүн болж, католик Скаутын бүлгэмд элссэн. Мөн спортоор, тэр дундаа туялзуур жадаар хичээллэдэг байсан. Иймэрхүү завгүй байдлаар залуу нас маань өнгөрсөн. Тэр лицейг төгсөх зунаа би шашны сургуульд орох уу эсвэл аавынхаа мэргэжлийг өвлөж хуулийн сургуульд сурах уу гэсэн сонголтын өмнө ирсэн. Надад хууль зүйн их сургууль гэдэг тухайн хүний ухамсрыг бэхжүүлдэг, зөв мэдлэгийг олгодог гэсэн итгэл үнэмшил байсаар байсан. Энэ үедээ би хэдэн залуу санваартнуудтай залбирал, бясалгалд хамт яваад маш хүчтэй мэдрэмж авсан. Тэндээс би тэнгэр бурхан намайг дуудаж байгаа юм байна гэж ойлгож, шашны их сургуульд орохоор зориг шулуудсан. Анхны хоёр жилдээ философи, теологийн судалгаа хийгээд дараагийн жилүүддээ илүү итгэл бишрэл, бясалгалын талаар суралцаад анх удаа сахил хүртсэн. Дараа нь Ромд очоод, шашны чиглэлээр бакалавр, магистр хамгаалж, 2001 онд Католик шашны санваартан болсон.
-Сонирхолтой түүх байна. Гэрийнхэн тань энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав ээж, эгч маань анх их гайхсан. Гэхдээ тэд маань намайг хориогүй. Хэрэв явцын дунд чи бодлоо өөрчилвөл, хэвийн амьдралдаа орлоо гэхэд бид хэзээ ч дургүйцэхгүй, гомдохгүй гэж хэлсэн. Намайг ингэж хүссэнээр минь, эрх чөлөөтэй байлгасанд гэр бүлийнхэндээ маш их баярладаг.
-Кардинал гэдэг нь шашны цол хэргэм үү, эсвэл зэрэг дэв юм уу?
-Католик шашин дотроо хамгийн өндөр цол хэргэм юм. Нэг ёсондоо хамба ламын дээд цол. Би хамгийн залуу буюу 47 насандаа кардинал цол хүртсэн нь нэр төрийн хэрэг гэж их талархаж бэлгэшээдэг. Түүх сөхвөл, кардинал нь Ромын пап ламыг дундаасаа сонгодог, түүний ажилд тусалдаг Ромын шашны хүрээний санваартнуудаас эхлэлтэй. Энэ анхны бүлгэм өргөжөөд, зөвхөн Ромын төдийгүй, Итали болон өөр улсын хүндэт санваартнууд болоод цаашлаад дараагийн пап ламыг сонгох, пап ламд туслах, зөвлөгөө өгөх, ажлыг нь дэмжиж, зөв тайлбарлах үүрэгтэй хүмүүс болсон.
Сүүлийн жилүүдэд Кардиналын бүлгэм нь Ромын пап Францискийн шийдвэрлэснээр илүү өргөн бүрэлдэхүүнтэй болсон. Одоогийн Кардиналын бүлгэм 226 гишүүнтэй. Нэлээд олон улсын төлөөлөл бүхий кардиналууд төрсөн.
-Ингэхэд католик шашны санваартнууд эхнэр авдаг уу?
-Латин уламжлалтай католик санваартнууд эхнэр авдаггүй.
-Та Монголд 2003 онд ирсэн гэж байсан. 19 жил гэдэг хүний амьдралын бас л багагүй хугацаа. Анх ямар учрал тохиолоор Монгол Улстай холбогдож байв?
-Би 2003 онд анх Монголд ирснээс хойш 19 жил өнгөрсөн байна. Намайг шашны гүн ухааны судалгааны ажлаа дуусч байх үед манай шашны байгууллага тухайн үеийн Монгол дахь хамба ламтай зөвлөлдөөд Монголд шинээр төв байгуулах, очиж ажиллах санал тавьсан. Тухайн үед католик шашин тэгтлээ түгэн дэлгэрээгүй газар оронд очиж, таниулан сурталчлахыг чухалчилж байсан үе л дээ. Би ч саналыг баяртайгаар хүлээж авсан.
-Монголын талаарх анхны төсөөлөл юу байв. Анхны сэтгэгдэл төсөөллөөс зөрсөн үү?
-Мэдээж Монголын талаарх мэдлэг мэдээлэл маш бага байсан. Гэхдээ би Азид ажиллах хүсэлтэй байсан болохоор Монголд ажиллах санал тавихад дуртайяа хүлээж авсан. 2003 онд Улаанбаатар хот одоогийнхоос шал өөр байсан. Тэр үед бүх юм маш сонин. Цоо шинэ газар орон, шинэ цаг уур, уламжлал соёлд орж ирсэн. Надад шинэ бүхнийг сурах хүсэл их байсан учраас угаасаа л би сурна, мэднэ гэсэн бодлоор хүлээж авсан. Анхны гурван жилд Улаанбаатарт суурьшиж, хэлний бэлтгэлд суусан. Тэр үед бид яг л оюутны амьдралаар амьдарч байлаа. Энгийн түрээсийн байранд амьдарч байхад монгол хэл сайн мэдэхгүй ч өдөр өдрөөр шинэ үг сураад, хөрш айлаасаа хүртэл суралцдаг байлаа. Энэ олон жилд үл ойлголцол ч, хөгжилтэй зүйлүүд ч олон тохиолдож байлаа.
-Та монгол хэлээр их сайн ярьж байна шүү. Монгол хэлийг зарим гадаад хүмүүс сурахад хэцүү гэж хэлдэг?
-Би одоо ч сурсаар байгаа. Анх их хэцүү санагдаж байсан. Би итали хэлтэй учраас ч тэр үү, монгол хэлийг сурахад өгүүлбэрийн бүтэц, үгийн дуудлага бүгд маш хэцүү байсан. Гэхдээ тэр хэрээрээ маш сонирхолтой байсан. Ялангуяа хэл сурахын зэрэгцээ тухайн улсын онцлогийг анзаарч, ойлгож эхэлсэн учраас надад их таалагдсан.
-Энэ олон жилд Монгол эх орны минь юу нь танд хамгийн их таалагдаж Монголд ээнэгшин амьдрах болсон бэ. 19 жил, тэр тусмаа хөдөө нутагт голдуу амьдарсан гэхээр бас л сонирхолтой санагдаж байна?
-Намайг анх ирж байснаас хойш мэдээж Монгол маш их өөр болсон. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хөгжиж дэвшсэн, өдөр өдрөөр сайхан болж байгааг харах надад таатай байдаг. Амьдралын хэв маяг ч нэлээд өөрчлөгдсөн. Би 2006 оноос хойш Өвөрхангайд амьдарсан.
-Хөдөөгийн амьдрал, мал ахуйн талаар хэр мэдэх вэ?
-Би хотын хүн, Италид байхдаа ч хотын нөхцөлд амьдарч байсан учраас хөдөөгийн амьдралын туршлага надад байгаагүй. Гэхдээ анх ирснээсээ хойш бага багаар дасаад хоол хүнс, нүүдлийн соёлын тухай, мал ахуй гэх мэтийг аажим аажмаар суралцсаар л байгаа. Манай сүм Өвөрхангайд, энгийн гэр хороолол дунд байдаг. Заримдаа хөдөө өвөлжөөнд буусан, эсвэл зусланд буусан монгол гэрийг харахад 800 жилийн өмнөх монгол гэртэй яг л адилхан юм шиг санагддаг.
Монголчуудын амьдрах ухаантай холбоотой зүйлсийг би хөдөө амьдрахдаа илүү ойлгосон. Хүмүүсийн яриа, зүйр цэцэн үгийг хүртэл ойлгодог болоод байгаа. Монгол бол хуучны уламжлалаа удаан хугацаагаар маш сайхан хадгалж үлдсэн ард түмэн гэдгээр би их бахархдаг. Ер нь монголчуудын амьдралын хэв маягийг судлаад үзэхэд маш өвөрмөц, сонирхолтой бас эрхэмсэг санагддаг.
-Та бол нэг талаар гадаад хүн боловч олон жил Монголд амьдарсан учраас монголжсон гадаад хүн гэж ойлгож болно. Таниас гадаад хүмүүс монголчуудын талаар хэр асуудаг вэ. Монголчууд ер нь ямар хүмүүс вэ гэж асуувал та юу гэж хариулах бол?
-Надаас монголчуудын талаар асуух нь их хэцүү асуулт. Аль нэг ард түмнийг шууд ийм тийм гээд ягштал тодорхойлох боломж, эсвэл дүрэм журам бараг байхгүй. Ганц хоёр ерөнхий шинж байдаг ч түүгээр нь тухайн ард түмнийг тэр чигээр нь тодорхойлно гэдэг хэцүү бөгөөд зөв тодорхойлолт болж чадахгүй гэж боддог. Энгийнээр хэлэхэд, италичууд бүгдээрээ гитар тоглоод, пицца идээд байдаггүйтэй адил. Тэгэхээр хүмүүс надаас монголчуудын талаар асуухад би “Шууд ийм тийм гэсэн ерөнхий ойлголт авч болохгүй шүү” гэж заавал тайлбарладаг. Гэхдээ мэдээж зарим онцлог бий.
Монголын тухай ярихад хоёр Монголын талаар ярих хэрэгтэй болдог. Нэг нь Улаанбаатар хотын монгол, нөгөө нь хөдөө орон нутгийнх. Энэ хоёр монгол аливаад хандах хандлага, амьдралын хэв маяг шал өөр болсон. Яахав нийтлэгээр нь үзвэл миний хувьд монголчууд маш тэсвэр тэвчээртэй хүмүүс.
-Мэдээж ингэж бодогдуулсан шалтгаан бий байх?
-Монгол цаг агаарын эрс тэс байдлаас эхлээд хүнийг их сорьдог санагддаг. Заримдаа маш халуун, заримдаа асар хүйтэн гэх мэт. Тэр эрс тэс цаг агаарт зохицож амьдарна гэдэг их тэвчээр шаарддаг юм шиг санагдсан. Мөн үүнээс гадна сэтгэл санааны хувьд аливаа асуудал, зовлон тохиолдоход ч даван туулах чадвар өндөр юм шиг санагдсан. Ялангуяа Өвөрхангайд амьдарч байхад ойр тойрны найз нөхөд, танилуудад жаргал зовлон аль аль нь л тохиолдож байхыг харж хуваалцаж байлаа. Тэр болгонд монгол хүмүүс маш их тэвчээртэй уужуу ханддаг. Ер нь монголчууд ямар ч юманд “Болно доо” гэж өөдрөг ханддаг нь гоё санагддаг.
-Хэр олон монгол найз нөхөдтэй вэ?
-Олон монгол найз бий. Дотны найзууд байгаа, мөн олон танил нөхөдтэй болсон.
-Монголчуудыг хөндлөнгөөс харахад уужуу сайхан, тэвчээртэй гэж та хэллээ. Нөгөө талаар “Монголчууд нэг ийм юм даа, энийгээ өөрчилчихөөсэй” гэсэн бодол хааяа төрдөг үү?
-Нуулгүй хэлэхэд хүн юу бодож, санаж байгаагаа шууд илэрхийлдэг байвал зүгээр гэж би боддог. Монголчууд үүнээс эсрэгээрээ санагддаг. Гэхдээ зөвхөн монголчууд биш ерөнхийдөө Азиуд ийм талдаа. Европууд болон Ази хүмүүсийн хоорондын соёлын ялгаа эндээс тод харагддаг. Европууд бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлдэг, азиуд шууд хэлдэггүй, тойруу байдлаар, далд утгаар хэлдэг. Нэг талаар энэ нь зүгээр ч гэлээ заримдаа ойлгоход хэцүү санагддаг. Тэр тусмаа найзууд хэлэх зүйлээ шууд хэлчих нь харилцааг илүү хялбар болгодог.
-Монголчууд дийлэнх нь буддын шашинтай. Та буддын гүн ухааныг хэр судласан бэ?
-Монголд ирэхээсээ өмнө буддизмыг сайн судлах хэрэгтэй гэж зорьж тодорхой хугацаагаар судалж байсан. Анх гадаад хэл дээр хэвлэсэн ном уншдаг байсан. Дараа нь монгол хэлээ сайжирсны дараа монгол хэл дээрх өгүүлэл, материал уншиж судладаг болсон. Ерөнхийдөө сүүлийн үед Монголын буддизм гэж судлаачид тусад нь ялгаж ярьдаг болсон байна.
-Тэр нь ямар онцлогтой юм бэ?
-Мэдээж нарийн өнцгөөс нь тайлбарлахад надад амар биш. Гэхдээ уламжлалт, ном судруудаас гадна Монголын өөр элементүүд нэвтэрч, Монголын буддизм гэдэг ойлголтыг бий болгосон гэж хэлж болох юм шиг. Ялангуяа миний сонссоноор зан үйлийн хувьд тийм онцлогууд байна. Би ерөнхийдөө католик буддын шашин гэж ялгалгүй, шашин хоорондын зөв ойлголттой байх чиглэлээр олон жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Манай Католик шашны Ватиканы нэг хороо энэ зорилгоор ажилладаг. Энэ утгаараа би шашин хоорондын хэлэлцүүлэгт ч тогтмол оролцохыг хичээдэг. Би 2015 онд Энэтхэгийн Будгаяа хотод очиж Католик, Буддизмын олон улсын хуралд сууж байсан. Тэр уулзалт шашин хоорондын ялгаа ба ижил төстэй байдлыг тодорхойлох, зөв ойлголт бий болгоход маш их ач холбогдолтой, сайхан уулзалт болсон. Би олон орноос ирсэн буддын судлаач нартай танилцаж, найзалж нөхөрлөсөн.
Миний буддизмын талаарх ойлголт ч өөр болсон. 2017 онд Тайваньд болсон уулзалтад бас оролцсон. Тэр үед би Эрдэнэзуу хийдийн тэргүүн Х.Баасансүрэн хамбатай хамт оролцсон. Монголоос анх удаа католик шашны болон буддын шашны төлөөлөгч нэг хуралд оролцсон нь энэ л дээ. Ийм уулзалтууд зөвхөн судалгааны төдийгүй харилцааны хувьд ч бидэнд их сайхан боломж олгодог. Бүтэн долоо хоног хамт байрлаад, чөлөөт цагаа хамт өнгөрөөснөөр бие биеэ илүү ойлгож, хүндэтгэж ойртох боломж бий болсон.
-Та монгол лам найзтай юу?
-Би олон лам найзтай. Би дотны найз гэж үздэг. Дашчойлан хийдийн тэргүүн хам Ч.Дамбажав, тамгын лам Ц.Алтанхүү нар бий. Мөн түүнчлэн Гандангийн тэргүүн хамба Д.Чойжамц, ОНХА-ны дарга Ж.Одгарьдтай хэд хэдэн удаа уулзаж сайхан харилцаатай байдаг.Өвөрхангайд байхдаа Арвайхээр хотын Гандангийн хамбатай бас сайн найз болсон. Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн хамбатай бас их найз болсон.
-Энгийн үгээр хэлбэл, шашны гол зорилго ч юм уу, эцсийн хүсэл нь юу юм бэ?
-Миний ойлгодгоор, шашин гэдэг бол оюун санааны болон амьдрах ухааны гол асуултуудад хариулт өгдөг. Мэдээж шашны урсгал өөр өөр ч бүх шашин ерөнхийдөө оюун санааны хэрэгцээг хангаж өгөх зорилготой гэж ойлгож болно.
-Шашин гэдэг үгтэй хамт гэгээрүүлэх, ёс суртахуунтай байх тухай асуудал байнга хамт явдаг. Үүнийг бүгд мэддэг хэрнээ дэлхий ертөнц дээр дайн дажин, шашны мөргөлдөөн тасрахгүй байсаар байна шүү дээ. Хүмүүс бурхны сургаалийг мэддэг хэрнээ түүнийхээ эсрэг буруу, муу үйл хийчихээд би бурханд итгэдэг, шүтдэг гэдэг. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Уг нь жинхэнэ шашны сургаалаар явахад хэзээ ч дайн мөргөлдөөн болох ёсгүй юм. Гэвч шашны сургаалиудыг гуйвуулдаг, буруу зүйлд сурталчилдаг асуудал түүхэнд байсаар ирсэн, одоо ч байгааг үгүйсгэхгүй. Хэрэв бид бүх шашны сургаалиудыг багцлаад харах юм бол тийм маргаан мөргөлдөөн гарах нөхцөл байхгүй. Тийм учраас шашин хоорондын хэлэлцээр, ойлголцол маш чухал. Тиймээс саяхан Казакстанд шашны тэргүүлэгчид чуулж эв нэгдлийн төлөө үгээ хэлсэн.
Шашин бол тухайн нийгэмд чухал нөлөө үзүүлдэг учраас өөр өөр шашны төлөөлөгчид ч байсан өөрсдийн дуу хоолойгоо өргөх ёстой. Мэдээж олон шашны хооронд ялгаатай тал зөндөө байгаа. Тэр шашны хувьд ингэж үздэг, энэ шашны хувьд ингэж үздэг гэдгийг мэддэг, харилцан хүндлэх ёстой. Түүнээс биш ялгаатай учраас маргаан үл ойлголцол, зөрчилдөөн үүсэх ёстой гэсэн үг биш.
Тэр ялгааг ойлгож, бие биенээ хүндэлж чадвал зөрчил маргаан гэдэг зүйл үгүй болно. Ингэхийн тулд тухайн хүн өөрийн шашнаа сайн судалсан байх ёстой. Өөрөө шашнаа сайн судлаагүй бол бусад хүнтэй яаж харилцах вэ гэдэг бас нэг асуулт. Ер нь шашны сургаалиуд ерөнхийдөө нэлээд төстэй. Мэдээж шашин бүрт өөр өөрсдийн онцлог ялгаа байгаа учраас бие биеэ хүндэтгэх, ойлгох нь хамгийн чухал гэж хэлэх гээд байгаа нь энэ.
-Шашин ярихаар ёс суртахууны асуудлыг хөндөх болдог. Таныхаар шинэ үеийн хүн төрөлхтний ёс суртахуун ямар төвшинд байна гэж үзэж байна?
-Миний бодлоор шашныг үгүйсгэсэн, шашингүйн үзэл бодлоос болоод ёс суртахууны төвшин нэлээн доогуур болсон. Барууны орнуудад XVIII зууны үед зөвхөн шинжлэх ухаанаар бүх асуудлыг шийдэж болно гэсэн хөдөлгөөн өрнөсөн. Гэхдээ тэр хөдөлгөөн биеллээ олж чадаагүй. Дан шинжлэх ухаанаар амьдрахад хэн ч амьдрах ухааны гол асуудлуудаа бүрэн дүүрэн хангаж чадаагүй. Тэгэхээр үүгээрээ ямар ч нийгэмд шашны сургаал хэрэгтэй гэж би батлан хэлж чадна. Шашны сургаалиудаа хадгалж, хэрэгжүүлж чадсан нийгэмд ёс суртахууны төвшин өндөр байдаг. Огт шашин хэрэггүй гэдэг нийгэм ёс суртахууны төвшин доогуур байдаг нь анзаарагддаг.
Мэдээж ямар ч шашингүй мөртлөө өндөр ёс суртахуунтай хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Миний зарим найз нар дунд ч шашингүй үзэлтэй хүмүүс байдаг. Бид бие биеэ сайн ойлгодог. Гэхдээ ерөнхийдөө шинжлэх ухаанд итгэж явж болох ч шашинг тэр чигээр нь үгүйсгэх нь учир дутагдалтай. Шашин гэдэг тухайн нийгэмд чухал үнэ цэнийг харуулах үүрэгтэй. Шашингүй үзэл байж болох ч шашинтай үзэл бодлоо ч бас хүндэтгэх ёстой. Аль аль нь бие биенээ хүндэлж балансыг зөв олох хэрэгтэй. Католик шашны хувьд шинжлэх ухааныг үгүйсгэдэггүй харин ч их дэмждэг.
-Монголчуудын 80 гаруй хувь нь буддын шашинтай, цөөнх хэсэг нь Христийн болон бусад шашин шүтдэг. Манай Улсад Ромын папын төлөөлөгчийн газар байдаг бүр хамгийн залуу Кардинал төрсөн гэхээр их сайхан санагдаж байна. Та Ватиканы төлөөлөгчийн газрын талаар ярихгүй юу?
-Ватиканы төлөөлөгчийн газар нь 1992 онд Монголын Засгийн газар Гэгээн Ширээт (Ватикан) Улстай дипломат харилцаа тогтоосон үед байгуулагдсан. Чухамдаа энэ жил бид олон улсын үр өгөөжтэй харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Уг хугацаанд бид боловсрол, эрүүл мэнд, Монголын соёл урлаг, хүмүүнлэг зэрэг олон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна бид католик шашныг монголчуудад таниулан мэдүүлэх, танилцуулах үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бурхны сургааль, маш үнэ цэнэтэй зүйлийн талаар бусадтай хуваалцаж байгаа учраас их хүндэтгэлтэй ханддаг. Манайд тэдэн хүн сүмдээ авчрах, элсүүлэх гэдэг тоо, хязгаар, үүрэг хариуцлага байдаггүй.
Хийх ёстой юмаа зөв аргаар, сайн сайхны төлөө хийж байгаа нь л бидэнд үнэ цэнэтэй байдаг. Шашин гэдэг их эмзэг, нандин сэдэв. Буруу аргаар явбал маш хурдан бусдад буруугаар ойлгогдох эрсдэлтэй. Тиймээс би монгол хүнийг зөв ойлгож, мэдэх хэрэгтэй, үүх түүх соёл уламжлалтай нь нарийн танилцаж, хүндэлж байх хэрэгтэй гэж сүмийнхэндээ захидаг.
-Таны бодлоор шашны цаашдын ирээдүй ямар байх бол? Орчин үед цаг үеэс шалтгаалсан өөрчлөлт гарах болов уу?
-Бүх шашны туйлын нэг хүсэл байдаг. Тэр нь бүх сургаалиудыг нь сүсэгтнүүд жинхнээсээ ухамсартайгаар ойлгож өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж байгаасай гэсэн хүсэл. Өөрөөр хэлбэл, оюун санааны хувьд гүнзгий төвшинд хүрч чадвал амар амгалан болж, элдэв зөрчилдөөн үгүй болох юм. Үүнийг л бүх шашин хүсдэг. Мөн үүний зэрэгцээ бие биедээ хүндэтгэлтэй байгаасай гэж боддог. Монгол бол эрт дээр үеэсээ олон шашны төлөөлөгчид нэг дор амар тайван амьдарч байсан түүхтэй. Миний нэг хүсэл бол Монголын энэ үлгэр жишээч түүхийн энэ сайхан баримтыг бусад орны хүмүүс бас мэдээсэй гэж боддог. Бусад улс орон Монголын энэ эртний сайхан туршлагаас суралцах боломжтой.
-Ер нь католик шашны Монголтой холбоотой түүх хэдий үеэс эхэлсэн юм бол?
-Судлаачдын үзэж байгаагаар VII, VIII зууны үед Христийн шашин Төв Азийн нутагт, тэр тусмаа Монголд дэлгэрсэн байсан гэсэн археологийн олдворууд байдаг. 2000 жилийн өмнө анхны Христийн шашинтнууд дэлхийн олон улс, орон газар нутаг руу явж, тархан суурьшсан байдаг. Ромын Эзэнт гүрэнд 300 жилийн дотор албан ёсны шашин болсон бол зүүн тийш хийсэн энэ аялал арай удаан өрнөсөн, гэхдээ зогсоогүй. XIII зууны үед Ромын папын монгол хаадуудтай тогтоосон анхны холбоо бий болсон гэж үздэг. 1246 онд IV Иннокент пап лам өөрийн төлөөлөгчөө Монголын Эзэнт гүрэн рүү илгээсэн. Итали гаралтай Плано Карпини гэдэг хүн Францын Лион хотоос гарч жил хагасын дараа Хархорумд ирж Ромын папын захидлыг өгсөн байдаг.
Тэр үед Гүег хаан захидлыг хүлээн авч албан ёсны хариуг пап ламд илгээсэн байдаг. Тэр цагаас хойш пап ламын монгол хаадуудтай тогтоосон албан ёсны харилцаа эхэлсэн гэж үздэг. Гэхдээ үүнээс ч өмнө Христийн шашин Монголд дэлгэрсэн байсан. Хар Хорумд ирж сонирхсон католик шашны санваартан, дипломат Рубурук гэж хүний тэмдэглэлд “Хархомумд Буддын шашны олон сүм хийд байдгаас гадна Ислам шашны хоёр моск, Христийн шашны шүтээний газар байв” гэсэн тэмдэглэл байдаг. Энэ нь олон шашны төлөөлөгчид Монголд байсны бас нэг гэрч болж үлдсэн.
-Казакстаны нийслэл Астанад болсон шашны удирдагчдын долоо дахь удаагийн чуулганд Ромын хамба оролцсон нь онцлог байлаа. Ватиканы тэргүүн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Дайн байлдаангүй, энх тайван, ирээдүйн төлөө боловсролд хөрөнгө оруулъя” гэж уриалсан. Та Ромын хамбын энэ айлчлалыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ромын хамба Франциск пап лам болсноос хойш анх удаа энэ Их чуулганд өөрийн биеэр оролцсон. Мэдээж дэлхий дахинд болж байгаа адармаатай асуудлуудад дохио сануулга болгож, нөгөө талаар шашны удирдагчдыг уриалан эв нэгдэлтэй, энх тайван дэлхий ертөнцийн төлөө үгээ хэлсэн нь маш их өндөр ач холбогдолтой айлчлал болсон. Ромын папын хүсэл мөрөөдөл бол бүх газар дэлхий амар тайван байгаасай гэсэн чин сэтгэл байдаг. Тийм учраас хэдий өөр өөр урсгалын ч гэлээ бүх шашин энх тайвны төлөө ажилладаг шүү гэсэн гол мэссэжийг өгөхийг зорьсон.
-Ромын пап Монголд хэр элэгтэй хүн бэ. Монголын талаар хэр мэдэх бол?
-Монголын талаар маш сайхан сэтгэгдэлтэй байдаг. Намайг Кардинал цолоо хүлээж авах ёслолын үеэр ч Монголоос очсон төлөөлөгчдийг маш их баяртайгаар хүлээн авч уулзсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын хамба Францискийг Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урьсан гэж байсан. Энэ айлчлал ойрын үед болох болов уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дамжуулан, Ватиканд очиж Ромын хамбатай уулзсан. Ерөнхийлөгчийн урилгыг пап лам талархалтайгаар хүлээн авсан. Монголд очно гэдгээ хоёр ч удаа хэлсэн байгаа. Айлчлалын бэлтгэл ажил удахгүй эхэлнэ. Гэхдээ яг хэзээ айлчлахыг одоогоор хэлж чадахгүй байна.
-Монголчууд бид дэлхийн талыг эзэлж явсан эзэнт гүрний үр сад, хойч үе, Ватикан бол хэдий газар нутаг жижигтэй ч дэлхийн түүхэнд тодоор үлдсэн Ромын эзэнт гүрний залгамж. Энэ талаараа хоёр эзэнт гүрний хойч үе уулзалдана гэдэг бас л түүхэн уулзалт болох болов уу?
-Надад ч бас их сайхан санагдаж байгаа. Ромын пап Монголыг түүх соёл, уламжлалын хувьд ч онцгойлон үнэлж байдаг нь Монголоос шинэ Кардинал сонгож тодруулсны илрэл болов уу.
-Монголчууд Ватиканыг нэг талаар хот улс гэж мэдэх ч нөгөө талаар тийм ч сайн мэддэггүй санагддаг. Ер нь Монгол-Ватиканы харилцаа ямар төвшинд байдаг юм бол?
-Өмнө хэлсэнчлэн хоёр орны харилцаа нэлээн эртний, тэр дундаа 800 жилийн түүхтэй гэж би хэлэх дуртай. Харин орчин үеийн Ватикан Монголын хоорондын харилцаа 30 жилийн түүхтэй. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа. Монголоос Женевт суугаа Элчин сайд Ватикантай харилцах харилцааг давхар хариуцдаг, Ватиканы талаас Солонгост суугаа Элчин сайд хавсран гүйцэтгэдэг. Ойн жилийн хүрээнд энэ харилцааг улам хөгжүүлэх, бататгах чиглэлээр нэлээд олон ажил хийж байгаа. Ватиканы Вант улс 2000 жилийн түүхтэй. Гэхдээ яг одоогийн газар нутаг, засаг захиргааны хэлбэрээр 1929 онд тусгаар тогтнолоо баталсан гэж үздэг.
-Та яриандаа гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн урилгыг албан ёсоор дамжуулж Ромын пап ламтай уулзсан гэж байна. Ер нь монголчууд Ватиканд очих боломж хэр байдаг вэ?
-Монголчууд сүүлийн үед Ватиканд очих нь эрс нэмэгдэж байгаа. Ялангуяа Итали, Ромд аялангаа Ватиканд заавал очиж үзэхийг хүсдэг болсон. Тэр тусмаа Ватиканы музей бол гайхалтай олон урлагийн бүтээлүүдээрээ алдартай, бараг дэлхий дээрх анхны музейн нэг гэж хэлж болно. Энэ музей нь анх ромын папуудын урлагийн цуглуулга байсан бол дараа нь бүх ард түмэнд нээлттэй болсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ватиканд очих үеэрээ энэ музейд зочилсон. Тэр надад урлагийн өндөр мэдрэмжтэй санагдсан. Музей байгаа урлагийн ховор бүтээлүүдийн талаар хөтөч тайлбарлагчдаас олон сонирхолтой асуулт асууж, мэдээлэл солилцож байхыг нь сонсоод их бахархаж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл