АРГАЛ ТҮҮЖ ЗАРААД ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХҮҮХЭД ӨНЖҮҮЛЭХ ГАЗАР БАЙГУУЛЖЭЭ
"Эгч нь гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийж зараад олсон мөнгөөрөө Хүүхэд өнжүүлэх газрынхаа байшинг барьсан юм аа. Өлзийт хорооллын хүмүүс намайг энэ байшинг өөрийнхөө гараар босгосон гэдгийг мэднэ. Монгол хүний сайхан сэтгэл дундраагүй хэвээрээ байгаа шүү. Бидэнд тус болдог хүн олон бий. Саалийн хоёр үнээтэй хөгшин хүртэл хотод байдаг хүүхдүүд рүүгээ сүү өгч явуулахгүй юм байж бидэнд аваад ирдэг юм.
Сайн санаат хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар олон сайхан хүүхэд их амьдрал дунд хөл алдахгүй явж байна. Тэднээрээ би их бахархдаг." хэмээн ярих эмэгтэйг Булгаагийн Уранчимэг гэдэг. "Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн, "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай. 30 гаруй насны шавилхан биетэй энэ эмэгтэй Ховд аймгийн Мөст сумын уугуул, нөхөр хоёр хүүхдийн хамт Яармагийн автобусны хоёрдугаар буудлын хойд талын гэр хороололд амьдардаг.
Түүнийг уншигч та бүхэнд ийн танилцуулж байгаа нь учиртай. Тэрбээр 110 гаруй хүүхдийн ээж. Түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдсэн юм билээ. Одоо өөр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу бусдаас дутахааргүй ажиллаж амьдарч явна. Анх 2004 онд Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг цуглуулжээ. Тэдгээр 24 хүүхдэд хамаатан садан байсан ч амьдралд нь тус нэмэр болж анхаарахгүй байгааг Б.Уранчимэг эмэгтэй олж харсан байгаа юм. Бүтэн өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэрсэн болохоор тэдэнд туслахаар сэтгэл шулуудсан байна. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барьсан түүнтэй уулзахаар нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллыг зорьсон юм.
Хаврын урь орсон энэ өдрүүдэд уулын цас хайлан гуу жалга дүүрэн ус болжээ. Туул голын цөн түрж, мэлмэрсэн хөх ус намуухан урсах нь нэн таатай санагдах ажээ. Хотын баруун урагш давхисаар Өлзийт хороололд очиход холын буйд суманд очсон мэт. Морь хөтөлсөн хүн, адуугаа тууж яваа залуус, үхрээ туусан хүн, цагаан худгийн урд усанд дугаарлан зогссон хүүхдүүд харагдах аж. Өлзийт хорооллын иргэдээс "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг сураглаад, төвөггүйхэн олоод очлоо.
Нэлээд том хашаа байх аж. Улаан тоосгоор өнгөлсөн нэг давхар байшингийн цонх нь том, цэлгэр юм. Мөн хүүхэд тоглох талбай болон ногооны хоёр ч том хүлэмж байх ажээ. Хаалгыг нь цохилоо. 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гарч ирсэн нь бидний уулзах гэж буй Б.Уранчимэг байлаа. Түүнтэй мэнд мэдэлцээд хүүхэд өнжих газар руу нь яваад орлоо. Хананд нь хүүхдүүдэд зориулсан сургамжтай үгс наажээ. Нямбай гарын дүйтэй хүн хийсэн болов уу гэмээр гар аргаар хийсэн модон ширээ сандал эгнээтэй байлаа. Нам даралтын зуухнаас эхлээд хэрэндээ л тохилог орчин бий болгожээ.
Тус газрын тэргүүн "Та нарыг ирнэ гэдгийг мэдсэн бол хүүхдүүдээ цуглуулахгүй юу. Бүгдээрээ л өглөө ирчихээд хичээлдээ явцгаачихсан. Өглөөний ангийнхан арай л тарах болоогүй байгаа юм байна даа" хэмээн ярьсаар цай өгөв. Түүнтэй ийн хөөрөлдлөө.
24 ХҮҮХЭД МААНЬ БҮГД ТУС ТУСЫНХАА АЖЛЫГ САЙН ХИЙЖ БАЙГАА
-Таныг аргал түүж зараад олсон мөнгөөрөө гурван жилийн дотор энэ төвийн барилгыг барьсан гэж сонсоод шууд наашаа гарлаа. Таныг амьдралын түвшин доогуур амьдралтай болоод өнчин хүүхдүүдэд тусалдаг гэж сонслоо, энэ талаар яриагаа эхэлье?
-Та нар хэнээс сонссон юм бэ. Миний аргал түүж байшин барьсан гэдгийг мэдэх хүн ховор шүү дээ. Хүнд энэ талаараа ярихгүй яваад байгаа юмсан. Би бусдаас ямар нэгэн тэтгэлэг тэтгэмж, төсөл авч хүүхдүүдийг тэжээдэг асрамжийн газрын тэргүүн биш. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдөл бор зүрхээрээ өдий хүрч байна даа. Бусдын хүүхдүүдэд тусалж амьдралыг нь сайн сайхан болохыг харах сайхан шүү. Анх 2000 онд аав, ээж маань бурхны орон руу явцгаасан. Би дөнгөж аравдугаар анги төгссөн амьтан есөн өнчин дүүтэйгээ үлдэж байлаа. Хамгийн бага маань гурван настай. Өнчин дүү нартаа би аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болсон. Хамаатан садан байсан ч зовлон туулаад ирэхээр тусалдаггүй юм билээ. Бид гэртээ идэх хоолгүй сууж байхад хамаатнууд маань тарган үхрийн мах тогоо дүүрэн чанаад идээд сууж байдаг байлаа. Энэ намайг хурцалж өгсөн. Дүү нараа аваад нутгийнхаа ахын машинд суугаад хот руу ирж байлаа. Гурван дүүгээ асрамжийн газар өгөхөөс өөр сонголт үнэндээ байгаагүй. Тэгээд асрамжийн газруудыг судлаад яваад байсан чинь таньдаг хүн маань олон улсын "Сос" хүүхдийн асрах газрыг зааж өгсөн. Очоод үзсэн таалагдсан, гурван дүүгээ тэнд өгчихөөд өөрөө ажил хийж эхэлсэн дээ. "Нарантуул" захаас эхлээд эсгий таавчиг зарж болох бүх газраар явж 2500 төгрөгөөр зардаг байлаа. Миний ганц чадах зүйл тэр байсан юм. Тэгсэн манай нутгийн бүтэн өнчин хүүхэд хотод оюутан болж ирээд манайд суухаар болсон юм. Тэр хүүхэд бид хоёрын амьдрал адилхан байсан. Үүнээс л анх дунд сургуулиа төгссөн бүтэн өнчин хүүхдийг хүн бүр хаядаг юм байна даа гэдгийг ухаарсан. Бага насны хүүхдүүдийг нь хүн болгон л хайрлаж хамгаалдаг юм билээ. Харин яг амьдралаа шийдэх гээд түшиг тулгуур хэрэгтэй байгаа хүүхдийг "Чи том болсон өөрөө амьдралаа бод" гээд хаячихдаг байхгүй юу. Ингээд Ховд аймагтаа очлоо. Дунд сургуулиа төгсөх гэж байгаа өнчин хүүхдүүдийг хайгаад байсан 24 хүүхэд олдсон. Тэдэнтэйгээ хамт айлын зуны амбаар хөлслөөд амьдарч байгаа юм. Идэж уухаас эхлээд хэрэгцээ нь дийлдэхгүй. Оюутнуудад байсхийгээд л мөнгө хэрэг болно. Сургуулийн төлбөрийг нь олж чадахгүй байж сургуулиа хаяж болохгүй шүү гээд л зүтгээд байж. Тэгсэн нэг өдөр одоо сайд болчихоод байгаа Ц.Оюунгэрэлтэй уулзтал гадаадын тэтгэлэг олдож, 24 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийлгүүлсэн. Дараа жил нь гадаадын тэтгэлгээс гадна нутгийнхаа томоохон компанийн эзэдтэй уулзаад төлбөрийг хийлгүүлээд хоёр жилийг өнгөрөөж байлаа. Дараа жилээс нь улсаас төлбөрийг нь даадаг болж бид айх зүйлгүй бүгд сургуулиа төгссөн. Одоо нөгөө хүүхдүүд маань тус тусынхаа газарт ажлаа хийгээд нүүр бардам явж байна. Манай хүүхдүүдээс "Оюутолгой" лабораториос эхлээд улсын томоохон эмнэлгийн нэртэй эмч болсон хүн ч байна.
-Аргал түүж зарсан тухайгаа ярьсангүй?
-Оюутан хүүхдүүд сургуулиа төгслөө. Би ч гэр бүлийнхээ хүнтэй амьдралаа холбосон юм. Айлд дүү нартайгаа ирчихээд өөр хүний хүүхдүүд дагуулаад очилтой биш. Нөгөө хүүхдүүддээ айлын хямдхан байшин түрээсэлж өгч, сургуулиа төгсөөд ажил хийж байгаа хүүхдүүдийнхээ гэрт заримыг нь байлгах маягаар хэсэг аргацаасан. Гэсэн ч өөрийн гэсэн газар, байшинтай болчихвол санаа зовох зүйлгүй болох байх даа гэсэн бодол толгойноос огт салаагүй. Гэр бүлийн хүнийхээ машиныг ломбардаж, зээл авчихаад Өлзийтөд хашаа худалдаж авсан. Тэгээд амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд болон тусалж дэмжиж ирсэн хүүхдүүдийнхээ хамт энэ хавийн аргалыг түүж хашаандаа хатаагаад Яармагт аваачиж зардаг болсон. 1500 төгрөгийн үнэтэй модны хажууд 1200 төгрөгийн үнэтэй 25 килограмм гурилын уут дүүрэн аргал байхад аргал нь илүү борлогдоно. Аргал худалдаж олсон мөнгөөрөө тоосго цөөн тоогоор нь худалдаж аваад л байлаа. Өлзийт хорооллын урд дээгүүр даваад л дүүрэн үхрийн аргал байдаг байсан. Аргалыг хэн ч тоож түүхгүй байсан юм. Үүнийг л ашигласан гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ амралтын өдрүүдэд өглөө эрт гараад орой Зил-130 машины тэвш дүүрэн аргал түүчихдэг байлаа. Зарим үед ганцаараа явах үе ч гарна. Ингээд л хүнд зараад олсон мөнгөөрөө байшингаа барина. Эхний ээлжинд байшингийнхаа суурийг цутгасан юм. Дараа нь бага багаар тоосго өрж эхэлсэн. Хүмүүс намайг ингэж дэмий юм хийхээ боль гэж ирээд загнана. Харин тэр үед миний хүсч, мөрөөдөж байсан зүйлийг гэр бүлийн маань хүн мэдээд их тус болсон. Микрогоор шугаманд явсан орлого нь ч байшинд маань орсон. Ингэж л өдөр өнжүүлэх төвөө гурван жилийн дотор барьсан юм даа. Энэ хугацаанд шантрах, няцах, саад бэрхшээл олон гарч байсан. Өвлийн хүйтэнд цемент зуурч байгаад гараа хайраад л. Энэ бүгдийг нь туулаад гарсан даа.
ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ИХ МӨНГӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ЯРИАД ЦААСАН ДОТОР ЗАДГАЙ МӨНГӨ ХИЙЖ ЗУЗААН БОЛГОЧИХООД ӨГСӨН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙСАН
-Хүүхдүүдийн төлөө гэгдэх олон төсөл хэрэгждэг. Аль нэг байгууллагаас нь тусламж хүсэж үзээгүй гэж үү?
-Одоо манайд 50 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Ихэнх нь Өлзийт хороололд бий. Тэдгээр хүүхдүүд өдөр өнжүүлэх төв дээрээ хонох гээд байдаг юм. Даанч манайх асрамжийн газар биш. Асрамжийн газар байгуулах гэхээр их мөнгө орно. Ядуу биднээр мөнгө олдог, нэр хүнд олох гэсэн хүмүүстэй олон таарч байна даа. Гадаадын зочид төлөөлөгч нарын өмнө "Төсөл бүтчихсэн. Та нартаа баяр хүргэе" гэхэд хүүхдүүд бид нар баярлаад сүйд болж байгаа юм. Дараа нь төсөл чинь бүтээгүй гээд цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд яваад өгөх хүмүүс ч байна. Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидэнд тусалсан дүр эсгэж яриад цаашид бүх боломжоороо тусална гэж амлаад явна. Олон хүний өмнө их мөнгө өгч байгаа юм яриад цаасан дотор задгай мөнгө хийж зузаан болгочихоод өгсөн тохиолдол ч гарч байсан. Хүмүүсээс туслаач гэж гуйхаар "Намайг яаж рекламдах юм бэ" гэж шууд асуух хүн олон шүү. Ийм болохоор хэн нэгэнд хандах нь хүүхдүүдэд халтай, сэтгэлийг нь хиртүүлчих гээд байдаг болохоор чимээгүйхэн урдахаа хийсэн нь дээр гэж боддог. Тэгээд ч би ашгийн төлөө бус өөртэйгээ адилхан зовлонтой хүүхдүүдийн зовлонг нимгэлэхийг хүсэж, өнөөдрийг хүртэл өөртэйгээ, амьдралтай тэмцэж яваа. Би нэг сонин зүйл ярих уу.
-Тэг л дээ?
-Хойд ээжтэйгээ амьдардаг нэг хүү байгаа. Хоёр биенийгээ үзэхээ байчихсан. Хойд ээжийгээ аймаар үзэн ядна. Тэгэхээр нь тэр хүүд тэгж болохгүй гэдгийг сайн ойлгуулсан. Тэгээд нэг өдөр ээждээ тусал гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хүү ээжийнхээ оймсыг угаагаад зуухныхаа ард талын сандал дээр тавьчихсан байсан гэсэн. Дараа нь манай төвөөс хичээлдээ сайн сурсан гээд 20 мянган төгрөгийн урамшуулал өгсөн юм. Нөгөө хүүд шагналынхаа мөнгөөр ээждээ дуртай юмыг нь авч өг гэж хэллээ. Тэгсэн хүү ээжээсээ "Та юунд дуртай вэ. Би танд гоё юм авч өгье" гэж асуутал ээж нь "Чи наад мөнгөө хаанаас хулгайлсан бэ" гээд зөндөө загнасан байгаа юм. Бид "Танай хүү онц сурсан болохоор шагнуулсан юм. Шагналаараа танд бэлэг авч өгөх гэсэн байна шүү" гэж хэлж ойлгуултал тэр эмэгтэй үнэхээр их баярлаж байсан. Тэгээд хүүтэйгээ хамт дэлгүүр ороод хүүдээ болон өөртөө дуртай зүйлсээ авсан тухайгаа сүүлд ярьж байсан. Тэр хоёр одоо маш сайхан харилцаатай болсон. Тэр хүү хичээлдээ ч их сайжирсан. Үүнээс гадна манайд ээж нь бурхан болчихсон, аав нь бор дарсанд хэт орчихсон гурван хүүхэд байна. Тэдний ирээдүй их хэцүү байна. Хаанаас мөнгө олж, тэдэнд хувцас, хоол хүнс авч өгөх вэ гэж бодоод л сууж байна. Гэхдээ урин цаг ирж байгаа юм байна. Учир нь олдох байх аа.
-Таны халамж, нөмөрт өссөн хүүхдүүд одоо холбоотой байдаг уу?
-Манай төвөөр явсан хүүхдүүд бүгд л холбоотой байдаг. Гэхдээ үнэхээр л харж хандах хүнгүй байна гэдэг хэцүүг том болсон ч мэдэрч байгаа хүүхдүүд зөндөө байна. Одоо их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдээс арав нь төлбөрөө олсон байгаа. Гэхдээ үүний цаана төлбөргүй дөрвөн оюутан байна. Нэг нь сургуулиас хөөгдөх дээрээ тулчихсан гэнэ. Одоо очиж сургуулийн захиргаатай нь уулзах санаатай байна.
-Хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж байгааг гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авдаг вэ. Хүний өмнөөс ингэтлээ гүйлээ гээд дургүйцэх үе гардаг байх даа?
-Гэр бүлийн хүнийг маань А.Анхбаяр гэдэг. Миний ажлыг сайн ойлгодог. Харин гэр бүлээс гадна бусдын хүүхдийн төлөө ингэтлээ зүтгэж байгааг минь мэдэхгүй байж муу муухайгаар хэлэх хүн олон байна. Тэр болгонд өөрийн эрхгүй гомдох юм. Хүүхдүүдээр далимдуулж мөнгө идсэн. Хүүхдүүд ашиглаж байна гээд л гүтгэнэ. Үнэн хэрэгтээ ирэх хагас сайн өдөр хүүхдүүдээ цуглахаас өмнө 30 мянган төгрөг яаж олох вэ гэж бодоод сууж байна. Амралтын өдөр өнжих газраа ирэхэд нь сайхан хоол хийгээд сууж байвал тэд баярладаг юм. Гэртээ идэх хоолгүй амьтад төв рүүгээ яараад, гүйлдээд л ороод ирнэ шүү дээ. Гэхдээ би хүүхдүүдэд хоол биш боловсрол чухал гэдгийг ойлгуулах гэж их хичээдэг.
Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Биднийг яриа өрнүүлж байхад Батсайхан гэх хүү орж ирээд бие нь өвдөөд байгаагаа Б.Уранчимэгт хэлсэн юм. Б.Уранчимэг тэр хүүг харж хандах хүн байхгүй хэмээн бидэнд учирлаад өрхийн эмнэлэг рүү авч одсон.
Э.ХҮРЭЛБААТАР
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Чимэд [124.158.65.233] 2022-11-30 05:22:57
Мөстийн урианхай бүсгүй бололтой Уг ньторгууд, өөлд урианхай нар зовлон их үзсэн ард түмэн,бие биедээ их тусалдаг зан заншилтай юмсан Энэ бүсгүйд туслах боломжтой төрийн болон төрийн бус хүүхдийн төлөө нэртэй 126 байгууллага байдаг Гаднын төсөл байнга авдаг ,тэгээд өөрсдөө идчихдэг юм дуулдсан,Харин Ц.Оюунгэрэл бол тусланадаа Нэрэндээ таарсан оюунлаг бүсгүй Мөн хошин шогийн жүжигчидтэй холбогдох,тэд эмнэлэг засдаг байргүй хүүхдүүдэд байр барьж өгсөн байгаа Нөлөө бүхий сайхан сэтгэлтэй хүнийг олж түших хэрэгтэй юм байнадааӨөрөө явж хөөцөлдөх завгүй хүн юм байна Иймд Тэтгэвэрт гарсан хаана ч орсон хүсэлтээ ойлгуулж чадах хүн л зайлшгүй хэрэгтэй харагдаж байна. Би 80 гарчихсан явах чадвар муудсан учир нэмэргүй байна.
Иогэн [122.201.22.217] 2022-11-28 20:13:59
Зөв хүн байна .
Ахмад. [192.82.67.123] 2022-11-28 05:46:58
Ийм л сэтгэлээсээханддаг хүг ховор болждээ. Энэ хүнийг дэмжих ажлыг харьяа захиргаа ,хорооноос сайн зохион байгуулах ,хотын захиргаач дэмжих хэрэгтэй.
Зочин [64.119.17.176] 2022-11-28 02:11:47
Таалагдав.Ухаантай тусч хүн байна.Хүүхдүүдийнхэн ач буян нь энэ хүмүүст ирэх болтугай.
Ахмд [202.126.90.42] 2022-11-28 02:08:56
Сайн санааний үзүүрт тос гэдэг урт насалж удаан жаргаарай.
Ахмад [202.179.26.216] 2022-11-28 00:50:10
Ямар нөр их хөдөлмөр , Ямар их нинжин сэтгэл вэ , Маш их таалагдаж байна .Очиж уулзаж бага ч болов туслах юмсан даа ! Хөөрхий сайхан сэтгэлтэй эмэгтэй байна ! Монголын үрс маш олон болтугай ! Хүүхэд гэр бүл - залуучуудын газарт хандах хэрэгтэй ! Албан ёсны " ГЭРЧИЛГЭЭ " - авах хэрэгтэй! Аль болгон бор зүрхээрээ зүтгэх вэ , хэцүү шүү дээ ! ! ! Таныг хүндэтгэсэн : Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Бунчинсүрэн овогтой Цагаанцоож / өндөр настан / .