Монгол сэтгэлгээг ховордуулж болохгүй
Нийгмийн түвшинд аливаа сэтгэлгээ төлөвших, бүрэлдэх, хөгжих нь олон хүчин зүйлээс хамаарах ч өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэн Монгол сэтгэхүй, сэтгэлгээ ховор өнгөц төдий болж эхэллээ. Хэлбэрдэлтээр нүдсэн сурталчилгааны чиглэлээр буюу хэн нэг улс төрчийн ганцхан насны улс төрийн рейтинг өсөх хэрэглүүр төдий үзэгдэж мэдэх монгол бахархал түүхийн баримт, учир шалтгааны хувьд хөнгөн хуумгай байж болзошгүй байдалд зарим талаараа орж байна. Төрийн үйл ажиллагаа монголынхоо уламжлалыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бодлогоор хөгжиж байгаа ч сэтгэлгээний залгамжийг хамгаалах тал дээр орхигдуулсан зүйл бишгүй. Жишээ нь байгальтай харьцах ёс уламжлал, эрх зүй гүн ухааны чиглэлээр дэлхийд хосгүй арвин туршлагатай ард түмэн. Гэтэл Монголд сүүлийн 30 гаран жилд хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн уршигт нөхцөл байдал бий болж оргилдоо хүрээд байгааг хэн ч зарчимчлан ярих дургүй байна. Учир нь нийгэм улс төрийн чиглэлийнхэн амьдрал ахуй нь уул уурхайтай холбоотой, хамаарахгүй байж чадахааргүй нөхцөлд байдал бий болсон.
Монголын уламжлалт гүн ухаан хийгээд эрх зүйн түүхэнд газар дэлхийгээ ээжтэйгээ зүйрлэж, ухаж сэндийчэх нь бүү хэл газар бэлчээр, өвс ургамалын амин шимийг хамгаалах дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг бүхэл бүтэн ахуйн дархлааг хэдэн мянганы турш өвлөж ирсэн нүүдэлч, малч ухаан одоо ч монгол улсын стратегийн гол эх үүсвэр хэвээр байна. Гэвч хөдөө аж ахуй, уул уурхай хоёрын хоорондын харилцаа, менежмэнт, эрх зүйн зохицуулалтыг нарийвчилж чадаагүйгээс малчид бэлчээргүй, амьдрал ахуйгүй болох аюул улам нүүрлэж байна. Ерөнхий ажиглалтын дүнгээр Монголын засгийн газар малчдаа төрийн бодлогоор дэмжихгүй шахам орхигдуулж харин уул уурхайг хүчээр түрж оруулах, гадаадын хөрөнгө оруулагч нэрээр голдуу урд хөршийнхөнд хугацаатай эрхээр газрын доорх баялгийг эзэмшүүлсэн нь өдгөө нэгэнт нууц биш болж.
Хариуцлагагүй уул уурхайн уршигаар монголын говь экологийн сүйрэлд автсан ч төр засаг үргэлжлүүлэн лиценз олгосоор байгаа нь хачирхалтай. Эдийн засгийн үр ашиг улсын төсөвт төвлөрүүлэх боломж их ч үйлдвэрлэлгүй түүхий эдийн хамаарал нь нэг улс, нэг боомтоос хамаарсан сул дорой байдлыг үүсгэжээ. Мөн уул уурхайгаар дэмжигдэн хөдөө аж ахуйгаа давхар хөгжүүлэх болов уу гэсэн ард түмний хүлээлт талаар болж, малчид хот суурин бараадаж жил тутам олон тоогоор нүүдэллэн Улаанбаатарт суурьшиж, улмаар ядуурал, ажилгүйдэл гаарсан юм.
Өмч хувьчлал эзэнгүйдэж, үйлдвэржилтийг устгасан, уул уурхайн баялаг шударга бус хуваарилалтад орсон зэрэг нь өнөөдрийн хямралд шууд нөлөөлжээ.
Энэ бүхэн цаагуураа төрийн сэнтийд шинэ цаг эхэлсэн даруй үнэхээр монгол сэтгэлгээтэй хүн байж чадсан уу үгүй юу гэдгийг гайхах эргэлзэх нөхцөл бүрдээд байгааг үндэсний үзэлтэй хүмүүс эрдэмтэд, улс төр судлаачид дүгнэж эхлээд буй.
Одоо бидэнд монгол сэтгэлгээ л хэрэгтэй. Төр барих ухааны монгол уламжлалд ардаа алагчлахгүй, тарчилгаж зовоохгүй, энхжин суухын төлөө төрийн хэрэгт түшмэдүүд өөрсдийн хувь нэр төр, жаргал цэнгэлийг умартах хэмжээний холч гүн ухааныг төлөвшүүлж чадсан өөрийн гэсэн сэтгэлгээтэй.
Сэтгэгдэл
Монгол сэтгэлгээ чинь өөрчлөгдөчихөөд байна. [66.181.189.67] 2022-11-28 09:14:59
Хуучин үеийн буюу 1911, 1921, 1941,1961 оны үеийн "монгол сэтгэлгээ" чинь 2022 он шаал өөр болчихоод байна. Одооны төрийн түшмээдүүд ЯГ "өөрсдийн хувь нэр төр, жаргал цэнгэлийг умартах хэмжээний холч гүн ухаан"-тай байж ХАРАГДААЧ. ЯГ үүний эсрэгээр төлөвшөөд хүн бүр хувийнхаа жаргал цэнгэлийн төлөө л идэвхийлэн зүтгэж байгаа. Харин одоо ЯАЖ төрийн түшмэдэд хэрэгтэй сэтгэлгээг 22-р зууны Монгол Улсад тохируулж ШИНЭЭР зохиох нь сонирхолтой байна. Хуучны ГЭНЭН сэтгэлгээ явахаа больсон.
Зочин [202.70.34.2] 2022-11-28 07:11:16
үнэндээ үнэн яаан даа