SPEAK OUT: МОНГОЛ УЛСЫГ ҮАБЗ УДИРДАЖ БАЙНА УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УДИРДАЖ БАЙНА УУ

Aдмин / Улстөр

Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго, хариуцлага тооц хэмээх иргэдийн жагсаалтай холбоотойгоор жижиг, том олон хандлага нийгэмд гарч ирж байна.

Түүний нэг нь өнөөдөр Монгол төрийн жолоог хэн атгаж байна гэх асуудал. Уг нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн засаглалын эрх хэнд байхыг тов тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэгвэл иргэдийн жагсаалтай холбоотойгоор УИХ өнгөрөгч даваа гаригт ээлжит бусаар цахимаар хуралдсан. Хурлаар тэд өнөөдөр онц байдал тогтоох шаардлагагүй, гэхдээ цаашид асуудал даамжирвал хэрхэхийг ҮАБЗ мэдтүгэй, маньд хамаагүй гээд орхичихсон. Тодруулбал, “цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив” хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл УИХ-аас ҮАБЗ-д хаяглаж үлдээсэн энэ эрх хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байгаа юм. Үүгээр зогсохгүй зарим гишүүд хуралдаанаар юу яригдаж, ямар асуудал дэмжигдсэнийг ч мэдээгүй байна. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод онц байдал тогтоох эсэх асуудалд ард түмний төлөөлөл ингэж хандаж болох уу даа. Тиймээс үүнтэй холбоотойгоор нийгмийн тодорхой хүрээлэлд “Өнөөдөр Монгол Улсыг ҮАБЗ удирдаад байна уу. УИХ удирдаж байна уу” гэдэг асуулт тулгарсан. Тиймээс манай сонин энэ удаад “Монгол Улсыг ҮАБЗ удирдаж байна уу, Парламентын засаглал удирдаж байна уу” гэх асуултад гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Онц байдал тогтоохгүй гээд шийдчихсэн. Бүх юм өнгөрчихлөө. Байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэзээ дуусгавар болохыг мэдэхгүй. Бүх юм өнөөдөр хэвийн байна. Цахим чуулганаар УИХ-ын гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулсан. Ард түмний амгалан тайван байдал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авах нь зөв ч байж магадгүй гэсэн асуудал ярьсан. Санал хураалт явуулсан. Онц байдал тогтоохыг би дэмжээгүй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын хийх ажлыг хуулиар тогтоогоод өгчихсөн. Энэ хүрээнд эдгээр байгууллагын бүх ажил явж байгаа. Тэр өдөр Нийслэлийн Засаг даргаас албадан тараах захирамж гарсан. Ямар нэгэн байдлаар асуудал үүсээгүй. Жагсагч иргэд залуус тарцгаасан учраас онц байдал зарлах асуудал тэгсхийгээд цэгцлэгдэж дууссан. УИХ-ын гишүүдийн олонх нь онц байдал зарлахыг дэмжсэн бол ҮАБЗ-өөс захирамж гаргаж онц байдал зарлах ёстой ш дээ, хуулиараа. УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй учраас ҮАБЗ-д өгсөн эрх гэх асуудал байхгүй. Онц байдал зарлачихвал бүр ноцтой асуудал яригдаад эхэлнэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Үндсэн хуулиараа бол төрийн эрх ард түмний гарт шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэдний төлөөллийн байгууллага УИХудирдах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Ээлжит бус цахим хуралдааны үеэр би орон нутагт албан томилолттой байсан учраас оролцож чадаагүй. Гэхдээ яригдсан асуудлыг сонссон. Гаргасан шийдвэрүүдийг бас сонссон. УИХхуулиар төрийн эрх барих дээд байгууллага. Аливаа шийдвэрүүдийг улс орны хэмжээний, тэр дундаа олон нийтийг хамарсан ийм нөхцөл байдлын үед ард түмнийг төлөөлж байгаа бага ард түмэн гэгддэг УИХбүх шийдвэрүүдийг гаргах ёстой. Өөрөө хариуцлагаас зугтааж өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт: -Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол Улсын Их Хурал гээд Үндсэн хуульд заасан. Гадаад, дотоод бодлогын төрийн аль ч асуудлыг бүрэн эрхийн хүрээнд үзэмжээрээ хэлэлцэж шийдвэрлэх эрх нь Монгол Улсын Их Хуралд байдаг. Тиймээс Монгол Улсын Их Хурал бол төрийн эрхийн хууль тогтоох дээд байгууллага. УИХэцсийн шийдвэр гаргана. Энэхүү хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Даваа гаригийн чуулганы хуралдаанаар онц байдал тогтоох шаардлагагүй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Үүнийг олонх гишүүд дэмжсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж болно. Үүнийг нь УИХгурав хоногийн дотор хэлэлцэж цуцалж болно, эсвэл баталж болно гэсэн заалттай. Үндсэн хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явагдах ёстой.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Парламент л удирдана ш дээ. Хуралд оролцоогүй учраас нарийн мэдээлэл надад алга.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд орох эрсдэл тэр орой үүссэн. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Амь насаа алдвал яах вэ. Ийм ноцтой асуудал үүсч байгаа учраас УИХшуурхай хуралдсан. Нөхцөл байдал цаашдаа хууль хяналтаас гарах эрсдэл үүсвэл Ерөнхийлөгч онц байдал тогтоох бүрэн эрхтэй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд жагсаал цуглааны асуудал ямар түвшинд байна, ямар эрсдэл байгаа талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. УИХбол хууль тогтоох дээд байгууллага. Энэ хүрээнд УИХажлаа маш сайн хийж байгаа гэж үзэж байгаа. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Ерөнхийлөгчид онц байдал тогтоох эрх нь байдаг. Ерөнхийлөгч онц нөхцөл байдал үүслээ гээд онц байдал тогтоовол УИХэрхээ Ерөнхийлөгчид өгч байгаа юм биш. Үндсэн хуульд заасан эрхээ Ерөнхийлөгч эдэлж байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ, хууль тогтоох эрх парламентад байгаа. Өнөөдөр Монгол Улсыг УИХудирдах ёстой, шийдвэрээ гаргах ёстой. Харин ҮАБЗулсыг удирдах эрхийг эдлэх ёсгүй. Нэг номерын эрх нь УИХ-д байгаа. Харин ҮАБЗ-ийн гурван гишүүн хуралдаж 100 хувь нэгдмэл байр суурьтайгаар шийдвэр, зөвлөмжөө гаргадаг байгууллага гэдгийг тодруулж хэлье.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Цахим хуралдаанд би шүүмжлэлтэй байгаа. Нэгдүгээрт, хүнд цаг үед гишүүдэд ойлголт мэдээлэл сайн өгч байж УИХ-ын үйл ажиллагааг явуулах ёстой. Хоёрдугаарт, гишүүд цахимаар хуралдаагүй удсан учраас zoom программаа шинээр татахаас эхлүүлээд, ipad ажиллахгүй ч гэдэг юм уу асуудлууд байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн хуралдааны танхимаас цахим хуралд оролцож байна гэж дүрсийг нь хараад ойлгосон. ҮАБЗ-ийн хуралдааны танхим учраас сүлжээг сарниулагч байдаг юм уу, яадаг юм бэ. Дарга нарын ярьж байгаа нь сонсогдохгүй байсан зэргээр тохь, бэлтгэл муу зохион байгуулагдсан. Ерөнхий сайд нөхцөл байдалтай холбоотойгоор товч мэдээлэл өгсөн. Дараа нь ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга мэдээлэл өгсөн. ХЗДХ-ийн сайд мэдээллийнхээ төгсгөлд нөхцөл байдал даамжирвал, онц байдал тогтоох тухай асуудлыг УИХавч үзээч гэсэн саналыг хэлсэн. Гэхдээ УИХонц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хоёрдугаарт, ХЗДХ-ийн сайдын өгч байгаа мэдээллээр 19:00 цагт Нийслэлийн Засаг дарга албадан тараах шийдвэр гаргасан гэсэн. Журмаар хоёр цагийн дотор жагсагчид тарах чиглэлийг өгсөн. Тэр цаг нь 21:00 цагт дуусна гэж байсан. Тиймээс би 21:00 цагт хэрэгжих шийдвэрийн үр дүнг харж байж дараагийн алхмаа хийх ёстой гэсэн бодолтой байсан. Техник болохгүй байсан учраас гишүүд үг хэлэх боломж хязгаарлагдмал байсан. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга онцгой байдал тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Албадан тараах үйл ажиллагаа явагдаж цаашид асуудал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж дараагийн арга хэмжээг авах нь зүйтэй гэж ойлголтоо нэгтгэж гэж УИХдарга хэлээд чуулган өндөрлөсөн. Эмх замбараагүй байдал үүсвэл онц байдал зарлах эрх УИХ-д байгаа. Чуулган завсарласан үед эмх замбараагүй байдал үүсч зайлшгүй онц байдал тогтоох шаардлага үүсвэл ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж Ерөнхийлөгч зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг долоо хоногийн дотор УИХавч хэлэлцэж зарлигийг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийднэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Тухайн өдөр ордон руу хүн оруулахгүй байсан. Ингээд хаагдчихсан байхад ордонд хуралдаж болж байна уу, үгүй юү гээд олон асуудал гарч байгаа. Яаралтай даруй шийдвэр гаргах үед УИХ-аас эрх өгөөгүй байхад шийдвэр гаргавал тэр аюул. УИХтэр эрхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шилжүүлж байгаа бол ардчилсан процесс л явж байгаа. гэхдээ шилжүүллээ гээд хүний үг хэлэх эрхийг хаах эрх өгөөгүй ш дээ. Жагсаал цуглаан аюулгүй явна гэдэг нь жагсаж байгаа залуучуудаа хамгаалж байгаа хэрэг. Тэдний толгой дээрээс нэг үс ч хөндөгдөх ёсгүй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Манайх парламентын засаглалтай улс ш дээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Парламентын засаглалтай улс парламентын засаглалынхаа ажлыг явуулж байгаа гэж гишүүний хувьд үзэж байна. Хөдөө явж байсан учраас ээлжит бус цахим хуралдаанд би оролцоогүй.


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.99] 2022-12-11 15:36:47

Үндэсний аюулгүй байдал нэртэй байгууллагад хэдэн тэтгэврийн салбараа мэдэхгүй шантаажчин эмгэн өвгөчүүл байсан одоо ч байсаар л байна. Эдгээр нь бүр дархлагдсан нөхдүүд. Хэн ч халах солих эрхгүй ардчлалын үед ч МАН намын үед ч байсан байсаар л байдаг. ҮАБЗ-ЫН НЭРИЙГ АШИГЛАН БУСДЫГ ДАРАМТЛАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АСУУДАЛД АЙМШИГГҮЙГЭЭР ОРОЛЦОХ ГЭХ ҮЙЛДИЙГ ГАРГАЖ байхад САЛБАРЫН ГАЗАР, ЯАМДЫН ДАРГА САЙД НАР ӨГШҮҮЛЖ АЖЛЫГ УНАГААСААР Л БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

зочин [103.212.118.140] 2022-12-09 10:49:51

Цагийн байдалаа үнэлж шуурхай ажилдаггүй дээд байгууллага болжээ. Авлигын болон эрүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацаа_өмч хөрөнгө хураах асуудлаар хуулийг түргэвчилсэн журмаар хэлэлцэж нийтэд мэдээлэхийг гадаа хүлээж байна. Яагаад удаад сунжраад байна. Занданшатараа асуудал хурцадвал хэн хариуцах бэ

Иргэн [103.57.92.65] 2022-12-09 09:05:34

Монгол улсыг Сү.Батболд удирдаж байгаа. УИХ ын гишүүдийг тэр хэдэн зуун саяаар цалинжуулаж байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.