Г.Өлзийбуян: Жижиг, дунд компаниудыг дэмжинэ гэдэг зөвхөн хөрөнгө оруулалт хийхийг хэлэхгүй

Aдмин / Нүүр

Жижиг, дунд компаниудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар “Гүйцэтгэлийн төгөлдөршил” компанийн гүйцэтгэх захирал Г.Өлзийбуянтай ярилцлаа.

УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ АСУУДЛААС БОЛЖ КОМПАНИУД ГАЦААНД ОРДОГ

Зөвлөх үйлчилгээг монголчууд нэг үеэ бодвол ойлгодог, хүлээж авдаг болсон. Гэхдээ зөвлөх үйлчилгээг бизнес гэж үзлээ гэхэд бид бэлэн эрэлт дээр үйлчилгээ санал болгодоггүй. Бид өөрсдөө эрэлтээ бий болгож, компаниудад танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, танай компанид ийм асуудлууд байгаа юм биш биз, тэгвэл ингэх хэрэгтэй гэх зэргээр эхлээд контент бэлтгээд түүнээсээ улбаалж эрэлтээ бий болгодог. Дараа нь үйлчилгээгээ санал болгодог. Зөвлөх үйлчилгээ нь бизнес гэхээс илүү хувийн сонирхлоороо энэ ажлыг эрхэлдэг. Тиймээс бизнесийн гэдэг агуулгаар харах биш бусад компаниудаа өсөн дэвшихэд нь туслалцаа үзүүлдэг үйлчилгээ гэж ойлгож болно.
Олон улсын жишгээрээ зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь нэлээн өндөр үнэлэгддэг. Ялангуяа бидний үзүүлдэг менежментийн зөвлөх үйлчилгээний төлбөр илүү өндөр байдаг. Тийм түвшний үнэ төлөөд үйлчилгээ авах компани Монголын нөхцөлд цөөхөн. Ихэнхдээ том компаниуд л бий. Монголын компаниудын 80-90 хувь нь 50-аас доош ажилтантай жижиг, дунд хэмжээний компаниуд байгаа. Тэгэхээр эдгээр компаниудын санхүүгийн чадамж тийм ч сайн биш.

Манай компанийн хувьд томоохон компаниудаас илүүтэйгээр жижиг, дунд компанийн менежментийн асуудалд илүү чиглэж, мэргэшиж ажилладаг. Жижиг болон дунд компаниуд үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулаад тодорхой төвшинд очсоныхоо дараа тэндээ гацчихдаг. Бизнесээ өргөжүүлж, өсөж чаддаггүй. Менежментийн буюу тогтолцооны асуудлаас болж ийм байдалд орох нь түгээмэл.

Нэгэнт гацаанд орсон компаниудыг өөрчлөхийн тулд тодорхой тогтолцоонд компанийг оруулах гэж үздэг. Тэр тогтолцоог бий болгож хэвшүүлтэл дор хаяж нэг жил, түүнээс ч их хугацаа зарцуулдаг. Компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, удирдлагын менежментийн тогтолцоог сайжруулах, шинээр бий болгох тал дээр жижиг дунд бизнесийн удирдлагууд энтрепренер хүмүүст туслах үйлчилгээ явуулаад найман жил гаруй болсон байна.

Энтрепренер бизнес гэдэг тухайн бизнесийг үүсгэн байгуулсан хүн нь өөрөө байгууллагаа ч удирддаг, бусад өдөр тутмын үйл ажиллагаанд нь ч оролцдог. Ийм төрлийн бизнесүүд голдуу жижиг, дунд хэмжээтэй, засаглалын хувьд нэг хүн дангаараа үүсгэн байгуулсан эсвэл гэр бүлээрээ, найзтайгаа хамтарсан ч юм уу, цомхон байдаг. Тухайн бизнесийн үндсэн үйл ажиллагаагаар мэргэшсэн хүмүүс байх нь олонтаа. Жишээ нь, барилгын компанийг инженер хүн байгуулсан ч юм уу, тогооч хүн хоолны газар, ресторан нээдэг. Тэд бизнесийнхээ бүтээгдэхүүн үйл ажиллагааны хувьд мэргэшсэн боловч сайн менежер байж чадахгүй тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой хэдхэн төрлийн бүтээгдэхүүнтэй, энгийн бизнесийг босгочихож байгаа боловч тэр босгосон бизнесээ цаашид өргөжүүлэхэд асуудал үүсдэг. Мэдээж эхний үед цөөхөн ажилтантай, цөөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг учир бизнес энгийн байдаг. Ингээд хөл дээрээ тогтоод цаашаа улам томруулъя, өргөжье гэхээр ажилтнуудын тоо нэмэгдэнэ. Компани нь цаашдаа бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай болдог. Стратегийн том асуудлуудаа шийдэх хэрэгтэй болох зэрэг илүү нарийн төвөгтэй болдог. Жижиг, дунд компаниуд өсөлттэй байж чадахгүй байгаад мэдээж олон шалтгаан байгаа. Гэхдээ эдгээрийн суурь шалтгаан нь компани удирдах арга барил ур чадвараас их шалтгаалдаг. Компани өөрийн гэсэн удирдлагын тогтолцоог бий болгож байж цаашид өргөжих боломжтой болдог. Гэтэл түүн дээрээ гацчихаар хүрээгээ тэлж чаддаггүй. Тэгэхээр асуудлын гарц юу вэ гэхээр, юуны өмнө менежментийн сайн туршлага санал болгодог. Компанийн стратегийн асуудлыг хэрхэн шийдэх, зохион байгуулалтыг яаж хийх, өдөр тутмын асуудлуудыг ямар тодорхой стандарт, дүрэм журамтай болгох вэ зэрэг дотогшоо чиглэсэн менежментийн шийдлүүдийг санал болгодог. Оновчтой сайн туршлага, аргачлал зарчмуудыг санал болгож, хэрэгжүүлдэг. Менежментийн өөрчлөлт хийх нь компанийн ойрын хугацааны ашиг орлогод шууд нөлөөлдөггүй. Магадгүй маркетингийн сайжруулалт хийхэд ашиг орлогод нөлөөлж болох ч менежментийн сайжруулалтын үр дүн нь их хожуу гардаг.

Блиц

2010 он: МУИС-ийн Бизнeсийн сургууль, бизнeсийн удирдлагын бакалавр.
2014 он: “Гүйцэтгэлийн төгөлдөршил” зөвлөх компанийг үүсгэн байгуулсан
"Эйч Ар Про", "Нэгдсэн мeнeжмeнтийн тогтолцоо" бизнeсийн практик номуудыг эрхлэн гаргасан.
30 гаруй компанид мeнeжмeнтийн зөвлөх үйлчилгээ, 200 гаруй удирдах түвшний ажилтанд мэргэшсэн удирдлагын сургалт явуулсан.

ТӨРӨЛЖСӨН БИЗНЕС ЗАХ ЗЭЭЛД ТЭСЭЖ ҮЛДЭХ БОЛОМЖ ӨНДӨР

Компаниудтай хамтрахад хамгийн эхний ажил бол стратегийн асуудал руу ордог. Ямар бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнаж ажиллах, ямар хэрэглэгч рүү чиглэх, ямар давуу тал бий болгох вэ гэх зэргээр зах зээлийн стратеги тал руу илүү яригддаг. Тэрийг нь тодорхойлох гэхээр хамтран ажиллаж байгаа компаниудын бараг 80 хувь нь зарах боломжтой бүх зүйлийг зарж, бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн нийтлэг хандлагатай байдаг. Гэтэл бизнесийн салбар, эдийн засаг солонгорч байж илүү үр дүнтэй, чанартай болдог. Сүүлийн үед эдийн засаг солонгорч байгаа сайн жишээ бий. Бизнесүүд төрөлжиж эхэлж байна. Үүний нэг том жишээ нь барилгын салбар. Нэг барилгыг аль нэг компани дангаараа барьдаг цаг өөрчлөгдсөн. Барилгын угсралт, засал, шугам хоолой суурилуулалт зэргээр төрөлжсөн олон компани хамтарч ажиллаж байна. Үүний цаана давуу талууд бий болж байна. Төрөлжсөн ажил гүйцэтгэдэг компаниуд нийлээд барилгыг илүү хурдтай босгож байна. Гадны ч юм уу, Европын өндөр хөгжилтэй оронд очиход бүр нарийвчилсан үйлчилгээнүүд байдаг шүү дээ. Зөвхөн оффисын цэвэрлэгээ хийдэг компани, эсвэл гэр цэвэрлэгээгээр дагнасан компаниуд байх жишээтэй. Монголд том компаниуд илүү масс зах зээл рүү орж ажилладаг. Хоол хүнс, хувцас гэсэн өргөн хэрэглээний зах зээлд их хэмжээгээр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж үр ашигтай ажиллаж байдаг. Том компаниудын зах зээл рүү жижиг компаниуд орох нь илүү эрсдэлтэй. Тэгэхээр жижиг, дунд компаниуд илүү төрөлжсөн, нарийвчилсан зах зээл рүү орж, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээгээр ялгарах хэрэгтэй. Ингэж өрсөлдөөнд цохигдохгүй, өөрсдийн гэсэн давуу талыг бий болгоод урт хугацаанд ажиллах нь оновчтой стратеги юм. Юм болгоныг хийх, олон юмны хойноос явах биш тогтсон бүтээгдэхүүн үйлчилгээ барьж, урт хугацаанд ажиллах нь илүү ирээдүйтэй гэсэн үг.

СТРАТЕГИЙН АСУУДЛУУДЫГ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛЬЖ БОЛДОГГҮЙ

Жижиг, дунд компаниудад үүсдэг өөр нэг томоохон асуудал бол засаглалын асуудал. Засаглал гэхээр компанийн эзэн, үүсгэн байгуулагчид тодорхой хэмжээгээр хоорондоо тохиролцоод хувьцаагаа хувааж эзэмшдэг. Ихэнх жижиг дунд компанийн үүсгэн байгуулагчид нь өөрсдөө компани дээрээ ажиллаж байдаг. Том компаниудын хувьд өөрсдөө тусдаа ТУЗ байгуулчихсан, ТУЗ-ийн хурлаараа гүйцэтгэх захирлаа томилдог, зарим тохиолдолд ерөнхий захирал нь компанидаа хамааралгүй, хувь эзэмшдэггүй хүмүүс ч байдаг.

Жижиг, дунд компаниудын хувьд үүсгэн байгуулагч нь өөрсдөө компаниа удирддаг. Нэгээс дээш үүсгэн байгуулагчтай бол засаглалын асуудал илүү их гардаг. Жишээ нь, нэг компани дээр гэхэд эхнэр, нөхөр, бас хүүхэд нь гээд гурван хүн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Нөхөр нь гүйцэтгэх захирал, эхнэр нь санхүү хариуцсан захирал, хүүхэд нь ямар нэг албан тушаалтай. Ийм хэд хэдэн үүсгэн байгуулагч нэг компанид байхдаа бүтэц зохион байгуулалтаа шийдэхгүй бол зөрчил үүсдэг, ойлгомжгүй байдал бий болдог.

Гүйцэтгэх захирал гээд нэг хүн байгаа ч яг бодит байдалд хоёр гурван хүн удирдаад байгаа юм шиг нөхцөл байдалд орчихдог. Энэ хүмүүсийн өгч байгаа үүрэг даалгавар, зааварчилгаа нь нэг байж чаддаггүй, хоорондоо зөрчилдөөд эхлэхээр ажилтнуудад ойлгомжгүй байдал үүсдэг. Яг хэн миний удирдлага вэ гэдэг нь тодорхойгүй болчихно. Хариуцлагын асуудал нь удирдлагын түвшнээсээ эхлээд тодорхойгүй болоод явчихна гэсэн үг. Засаглалын асуудал энгийн зүйл юм шиг мөртлөө бодит байдал дээр компани энэ асуудлаа шийдэж чадахгүй бол дараа дараагийн шийдвэр гаргалт, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөөд эхэлдэг. Энгийнээр хэлэхэд, компанийг бүхэлд нь хариуцдаг нэг хүн байх ёстой. Мэдээж хувь эзэмшигчдийн хувьд удирдлагын багт ямар хүмүүсийг ажиллуулах, ямар төсөвтэй, ямар стратегитэй ажиллах гэсэн том асуудал дээр шийдвэр гаргахдаа хамтран ярилцаж шийддэг байж болно. Гэхдээ энэ стратегийн асуудлуудыг өдөр тутмын үйл ажиллагаатай хольж болохгүй. Компани нэг гүйцэтгэх захиралтай, түүнийхээ доор алба хэлтсийн менежерүүд гээд босоо засаглалтай тэр нь тодорхой байх нь хамгийн зөв хэлбэр гэж үздэг. Хэдэн ч хувь эзэмшигчтэй байсан нэг толгойтой, хэн компанийг бүхэлд нь хариуцах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Компанийг бүтэн хариуцаж байгаа захирал өөрийн багаа бүрдүүлж, өөрийн үнэт зүйлтэй нь ижил хүмүүсийг багтаа ажиллуулдаг. Тэр хүмүүс нь доошоо өөрсдийн багаа бүрдүүлэх гэх мэт зарчмын асуудал байдаг. Хэд хэдэн захиралтай газарт хамгийн дээр байгаа хүнээ хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс дор нь бий болох магадлалтай. Иймэрхүү нүдэнд харагддаггүй зөрчилдөөнүүд гарч ирдэг тал бий.

СИСТЕМЧЛЭГДСЭН БИЗНЕС ХЭН АЖИЛЛАХААС ҮЛ ХАМААРААД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАДАГ

Жижиг, дунд компаниудад тулгараад байгаа өөр нэг асуудал бол бизнесийг системчлэх гэж нэг ойлголт байдаг. Ямар ч амжилттай бизнес давтамжтай байдаг. Тогтсон хэрэглэгчдэд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тодорхой хугацааны давтамжтайгаар хүргэдэг. Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа нь тогтсон стандартын дагуу ажиллаж байдаг. Ихэнх компани дээр гардаг тогтвортой байнгын үйл ажиллагаагаа бий болгож чаддаггүй. Жишээ нь, таван үйлчилгээний салбартай нэг компани байлаа гэж бодъё. Тэр таван салбарт нэг хүн очоод таван өөр үйлчилгээ авч магадгүй. Нэг үйлчилгээг таван өөр байдлаар үзүүлдэг гэсэн үг. Тэнд нэгдсэн стандарт байхгүй. Тэр салбарт хэн ажиллаж байгаагаас шалтгаалаад үйлчилгээ нь өөр өөр болчихдог. Тэгэхээр компани хүнээсээ хэт хамааралтай болчихно гэсэн үг. Компани нэгдсэн ойлголт бүхий дүрэм журамтай, тэрний дагуу ажил явдаг байхгүй бол нэгдсэн стандартгүй болчихоор хэн ажиллаж байгаа нь илүү чухал болчихдог. Жишээ нь байрнуудын доор ажилладаг найман нэрийн дэлгүүрүүд бол энтрепренер бизнес. Эзэн хүн өөрөө дэлгүүрээ ажиллуулдаг. Хажууд нь CU байлаа гэж бодъё. СU-д ажиллаж байгаа хүмүүс бол гэрээт ажилчид. Хувийн дэлгүүртэй эзэн амарч ч чадахгүй тэндээ суухаас өөр аргагүй. Ядаж долоо хоногт 1-2 өдөр амрах юмсан гэж мөрөөддөг. Яагаад гэвэл тэр эзэн явчихвал дэлгүүр дээр асуудал үүснэ. Гэтэл нөгөө талд CU эзэн нь байхгүй мөртлөө тэнд ажиллаж байгаа хүмүүсээс үл шалтгаалаад үйл ажиллагаа нь хэвийн хүртээмжтэй үргэлжлээд байдаг. Энд бизнесийн гол ялгаа байгаа юм.

CU бол үйл ажиллагаа яаж явагдах нэгдсэн стандарттай, тэр нь заавал цаасан дээр буусан байдаг. Гэтэл нөгөө нэг компанид цаасан дээр буулгасан юм байдаггүй. Удирдлагын заавраар бүх юм явж байдаг. Ийм төрлийн компаниуд хүнээс хэт хамааралтай болчихдог. Ийм бизнесүүд өсөлт хийж чаддаггүй. Гэтэл тогтолцоонд суурилсан, системчлэгдсэн бизнесийн хувьд хэн ажиллаж байгаагаас үл хамаараад ажил нь явж байдаг. Хүний ур чадвараас хамааралгүй өөрөө дүрэм журмын дагуу ажиллаж чаддаг байхгүй бол бизнес томрохгүй.

КОМПАНИУДЫГ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБОСОН ЭКОСИСТЕМ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэж их ярьдаг. Эдийн засгийн бүтцээр нь харах юм бол жижиг дунд компаниуд төсвийн орлогод оруулж байгаа хувь нэмэр бага ч гэлээ ажиллах хүчний 80-90 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Энэ талаас нь харвал жижиг, дунд компаниуд эдийн засгийн том ачааг үүрч байдаг. Бүх улс оронд жижиг, дунд бизнесээ дэмждэг бодлоготой.

Манай улсын хувьд жижиг, дунд бизнесийг дэмжихийг хөнгөлөлттэй зээл олгох зэргээр голдуу хараад байх шиг санагддаг. Гэтэл яг үнэндээ бий болчихсон бизнесийг дэмжих тал дээр дутмаг санагддаг. Гэтэл нэгэнт хөрөнгө оруулалт аваад бизнесээ нээлээ ч яаж бүтээмжтэй, үр ашигтай байх вэ гэдгээ сайн мэдэхгүй бол хаалгаа барих магадлал маш өндөр. Азийн бүтээмжийн төв гэж том байгууллага байдаг. манайд ч энэ байгууллагын салбар нь байдаг. Олон улсын байгууллагаасаа санхүүждэг, төрөөс ямар нэг дэмжлэг авдаггүй, төрийн бус байгууллага байдаг юм. Би энэ байгууллагын шугамаар хэдэн жилийн өмнө Малайзад нэг сургалтад хамрагдаж байлаа.

Малайзын бүтээмжийн төвд очиход жижиг, дунд бизнесийнхэнд зөвлөгөө өгдөг 200 гаруй эксперт ажиллаж байсан. Монголд болохоор зөвхөн Азийн бүтээмжийн төвөөс санхүүжилттэй хоёр гуравхан хүн ажилладаг. Гэтэл Малайзын төрөөс нь илүү их дэмжээд, бүхэл бүтэн экосистемийг нь бэлдээд өгчихсөн байх жишээтэй. Бий болсон бизнес, жижиг компаниудад тулгарч байгаа асуудлуудаа шийдэхэд нь туслах хөтөлбөр нэг талд нь бий. Нөгөө талд тэр хөтөлбөрт хамрагдахад нь туслах, дэмжлэг үзүүлэх хувь зөвлөхүүдийг бас ажиллуулдаг. Компани болон зөвлөх үйлчилгээг хооронд нь холбосон экосистем гэж ойлгож болохоор. Бүтээмжийн төвөөсөө тусгай хөтөлбөрүүд бий болгоод эдгээрт хамрагдвал танайд тодорхой урамшуулал олгоно. Энэ хөтөлбөрүүдэд хамрагдахад ийм зөвлөхүүд байна гээд жижиг, дунд үйлвэрүүдээ хөгжихөд нь туслаад давхар зөвлөх үйлчилгээгээ ч дэмжиж байгаа эрүүл орчин юм. Эндээс харахад жижиг дунд компаниудыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн хөрөнгө оруулалтын тухай асуудал биш. Дараагийн түвшинд очиход нь шаардлагатай туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Бусад улс оронд ийм төрлийн дэмжлэг байдаг учраас илүү эдийн засаг нь өсөлттэй, бизэесийн орчин нь илүү эрүүл явдаг юм болов уу гэж боддог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.