Монгол Улсад 4204 нэр төрлийн эм бүртгэлтэйгээс 80 шахам хувь нь импортын эм байна

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортоор, 1000 орчим нэр төрлийн эмийг дотоодод үйлдвэрлэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-ны байдлаар Монгол Улсад 4204 нэр төрлийн эм бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 80 шахам хувь нь импортын эм. Импортоор эм оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй 220 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням: Монгол Улсад эм хангамжийн 3100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 50 хувь нь эм зүйч мэргэжлийнхэн байгаа. Эдгээр байгууллага 2021 онд 164.5 сая, 2022 онд 159.3 сая ам.долларын эмийг импортоор оруулж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувь өссөнд ковидоос эхлээд валютын ханшийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны зөвлөх Ж.Рэнчин-Амгалан: Эмийн үнийн өсөлт иргэдэд бэрхшээл үүсгэж байгаа нь үнэн. Өсөлтийг хэрхэн хязгаарлах боломж байгаа вэ гэдгийг тал талаас нь нухацтай харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Эмийн үнийг бууруулахын тулд эмийн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх гарцыг судалж үзэх хэрэгтэй. Мөн өргөн хэрэглэдэг зарим эм дээр ч энэ асуудлыг харж үзэх шаардлагатай. НӨАТ-ыг эмийн үйлдвэрлэлд, эмийн санд гэхчилэн шат шатандаа давхар төлж байна. Зах зээлд бүртгэлгүй, мэргэжлийн бус хүмүүс хийж байгаа хууль бус эмийн эргэлт байгаад хяналт тавих тогтолцоо байхгүйд онцгой анхаарах ёстой.

Манба дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, хамба Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаан 1990 оноос хойш хөгжөөд тодорхой хөгжлийн түвшинд хүрч байна. Эмийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье. Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд уламжлалт эмийн тодорхой зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийн төсөлд уламжлалт эмийн асуудлыг оруулахыг онцгой анхаарч дэмжээрэй. Уламжлалт анагаах ухааныг дотооддоо болон гадаадад хөгжүүлэх бодлогогүй, чанарын шаардлагыг хангахад арга зүйн зөвлөгөө өгөх газар байхгүй, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого алга. Тусгай жор, нотолгоотой уламжлалт анагаах ухааны аргаар хийсэн дотоодын БИБ /биологийн идэвхт бүтээгдэхүүн/-ийг зөвшөөрөх хэрэгтэй байна. Гэтэл европ болон уламжлалт эмийг хамтруулсан эм үү, эм биш үү гэдэг нь мэдэгдэхгүй зүйлсийг БИБ гэж бүртгэдэг. Уламжлалт эмийг ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулах, улсын эмийн нөөцөд оруулах хэрэгтэй байна. Дотоодоос эмийн ургамлаа түүж түүхий эдээ бэлтгэхэд зөвшөөрөл болон эрх зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх цаг нь болсон.

УАУТХ-гийн захирал Ч.Чимэдрагчаа: Уламжлалт эмийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж, эм зүйн салбар зөвлөлүүдэд уламжлалтын мэргэжлийн хүмүүсийг оруулах, ЭЭХХЗГ-т уламжлалтын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох зэргээр оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг 220 гаруй ургамал байгаа. Эмийн түүхий эдийн асуудлыг Эмийн тухай хуулиараа зохицуулдаг болохгүй бол бусад хуулиар бэлтгэхэд хүндрэлтэй байна. Уламжлалт эмийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхээр 60 гаруй жил зүтгэж байна. УАУ-ны салбарт инновац, технологийн судалгаа хийгдсэн уламжлалт эмийн судалгаа их байгаа, судалгаатай эмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байхгүй гэдэг шалтгаанаар эмийн хөнгөлөлтөд оруулахгүй байна. Эмийн хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. Уламжлалт эмийн борлуулалт нийт эмийн борлуулалтын 1.0 хувьд ч хүрэхгүй байна.

“Мөнхийн тун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг: Эмийн үйлдвэрийг хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөрийг гаргаж, эм зүйн салбарын эмийн үйлдвэрийн технологич, эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер, эмийн үйлдвэрийн химич бэлтгэх шаардлагатай байна. GMP шаардлага хангаагүй үйлдвэрүүд ажиллаад л байна. GMP шаардлага хангахад 6-8 тэрбумын хөрөнгө зарцуулдаг. GMP шаардлага хангасан үйдвэрийг шалгаад тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгадаг хугацааг уртасгах, инновац шингэсэн шинэ тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөд анхаарч, зайлшгүй шаардлагатай эмийг үйлдвэрлэж байгаа эмийн үйлдвэрийг татварын дэмжлэгт хамруулдаг тогтолцоо бий болгох.

Мөн уулзалтад оролцогчдоос
-Дулааны зардал, цалин нэмэгдсэн зэргээр үйл ажиллагааны зардал өсөж байгаа нь эмийн үнэнд нөлөөлж байна. ЭМД, НД-ын шимтгэл өссөн нь байгууллагын зардалд хүндрэл учруулах нэг шалтгаан болж байна.
-Үнэ, чанар хоёр мөнхийн хэлхээтэй байдаг. Бодит нөхцөл байдлаа тодорхойлохгүйгээр тендер зарлаж байгаа нь чанаргүй эм авах нөхцөл бүрдэж байна.
-Эмийн зөв хэрэглээ болон эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах хэрэгтэй байна. Хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эмийг хувь иргэн гар дээрээс худалдаалж байна.
-Эмийн салбарынхны цалин харьцангуй өндөр хэдий ч иргэдийн бухимдал, ачаалал эмийн сангуудад шууд очдогоос ажиллах хүнгүй болж байна. Эмийн сангийн зардал өссөн. Түрээсийн зардал нэмэгдсэн. Эмийн сан бөөний үнэ дээр 20-30 хувийг л нэмдэг ч эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх боломж гардаггүй. Зах зээл бага ч өрсөлдөгч олонтой онцлог салбар.
-Эдийн засгийн дарамтанд КОВИД, ЭМД-аас хамааралтай орсон эмийн салбарын нэр хүндийг өсгөх арга хэмжээг авах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.90.124] 2023-03-22 02:27:04

Дотоодын эмнүүдийн орцыг бас л импортолдог. Өрөвдөлтэй, импортоос хараат Монгол улс байж битгий худал бичээд бай!

Зочин [202.9.46.83] 2023-03-21 13:01:21

Монголчууд хөгшин залуугүй эмний хамааралтай болжээ.

зочин [202.9.41.26] 2023-03-21 10:55:16

бүртгэлтэй бүргэлгүй нь мэдэгдэхгүй олон нийтийн сүлжээгээр эм тариа суртачилах явдлыг бүрэн хорих хэрэгтэй олон жил үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын эмийн хугацаан дээр гэнэтийн шалгалт оруулах жн худ ийн жетро дотор байрлаж байгаа эмийн сан бол хугацаа дууссан эмээ байнга зардаг хугацаа дууссан эмээ акладаггүй хугацаагаа хяламч хардаггүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.