Ц.Дэмбэрэл: Монголчууд үнэн ялна гэж ярих атлаа худалд байраа тавьж өгдөг...
Багшийн чанарыг сайжруулахад төрийн оролцоо ямар байх тухай
Багшийг яаж чанартай болгох вэ?
Багшийг чанаржуулахын тулд эхлээд багшийн чадамжид суурь босго шаардлага тавина.
“Багшийг хараат бус, мэргэжлийн байгууллага хөндлөнгөөс нь үнэлнэ.” Тэгээд тэр босго оноог давсан нь “Багшлах эрх” (лиценз) -ээ авна. Энэ нь багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын төгсөгчдөд тавигдах анхны суурь шаардлага. Багшийн стандарт гэж гаргаад түүнийгээ энэ мэт хяналтаар хийнэ. Ингэхдээ ХАРААТ БУС, МЭРГЭЖЛИЙН байгууллага ХӨНДЛӨНГӨӨС нь үнэлнэ. Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн гэх гурван шаардлага заавал байна. Энэ бол боловсролын үнэлгээний байгууллагад тавигдах үндсэн шаардлага. Анагаах ухаан, эмч, сувилагчийн чиглэлээр бас ийм байна. Одоогоор манай хуулийн мэргэжил үүнд сүрхий дөхсөн. Багшлах эрх, эмчлэх эрх, хуульчийн ажил эрхлэх эрхийг дээд сургуулиуд шууд олгодог байж таарахгүй ээ. Тэдгээр сургуулиуд боловсролын зэрэг л олгох ёстой. Боловсролын хууль маань тийм. Багшийн мэргэжлээр бакалавр болох, багшлах хоёр чинь ялгаатай. Бакалавр маань багшийн стандартын анхдагч шаардлага. Үүнийг хангаж байгаа эсэхийг эхлээд тогтоох нь эхний шаардлага юм. Ингээд цааш ахина. Яаж ахих арга замууд ер нь бараг л тодорхой байгаа юм шүү дээ.
БШУЯ-д энэ талаар туршлага бий юу?
Ихээхэн үг хэл болж байж 2014 онд БШУЯ-ны Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) багшлах эрхийн шалгалт авах ажлыг анх удаа хөндлөнгөөс зохион байгуулсан.
Түүнд 4000 шинэ төгсөгч хамрагдаж, 450 хүн (11.3% тэнцсэн) тэнцэв. 2015 онд ЭМЯ-ны Эмнэлгийн Мэргэжилтний Хөгжлийн Алба-аас эмчлэх эрхийн лиценз олгох шалгалт авахад ЭМШУИС-ийн 471 төгсөгчөөс тэнцсэн нь 24 (5.1%), “Э” их сургуулийн 74 төгсөгчөөс тэнцсэн нь 1 (1.4%), “А” АУИС-ийн 180 төгсөгчөөс 1 тэнцсэн (0.5%). Байдал ийм л байна.
Зүй нь үүнийг ил тод зарлаад, чанаргүй багш, эмч бэлтгэсэн их, дээд сургуулиуд хариуцлагаа хүлээгээд ахисансан бол өнөөдөр байдал нэлээд засарчихсан байх ёстой. Дараагийн ээлжид одоо ажиллаж байгаа багш нарруугаа шилжих байсан. Ингэсэн бол ядаж л багш нарыг үнэлэх тал дээр ахиц гарах байв. Гэтэл засаг солигдоод тэгээд бүх ажил зогсоод, өнөөдөр БШУЯ-нд багш нарыгаа үнэлэх эрх үгүй болжээ. Их, дээд сургуулиас ямар ч хамаагүй аргаар нэг диплом нэртэй бичиг олзолсон л бол тэрээр багшлах эрхтэй болно гэнэ ээ. Тийм хуулийг УИХ баталсан. Эдүгээ БАГШИЙГ МАГАДЛАХ, ҮНЭЛЭХ асуудал яригдахаа больжээ. Эмч бас ийм болсон. 180 төгсөгчөөс нь 1 хүн тэнцдэг тийм их сургууль гэж байх уу? Энэ үр дүн мөн үү?
Яахаараа ийм чухал зөв ажил зогсчихдог билээ?
БШУЯ-ны дэргэдэх БМДИ болон ЭМЯ-ны Эмнэлгийн Мэргэжилтний Хөгжлийн Алба нь одоогоор хараат бус байх шаардлагыг хангахгүй байгаа, бас мэргэжлийн гэхэд хэцүү. Гэхдээ хөндлөнгөөс шалгасан нь чухал. Энэ хоёр байгууллагыг төрөөс холтгох учиртай.
Хөндлөнгийн шалгалт үнэнд дөхнө, эрхбиш нэг юм хэлнэ. Харамсалтай нь түүнийг дэмждэг инстүүцийн тогтолцооны шинэ бүтэц манайд бүрдээгүй. Бүрдээгүй гэх нь ч хаашаа юм, түүнийг бүрдүүлээгүй юм, бүрдүүлэхийг хүсэхгүй байна.Ийм хуучнаараа олхиогүй байх нь хэн хэндээ хал багатай, амар байна л даа.
Зүйрлэл хэлье. Морин тэргээ сайжруулах санаатай ТОЁОТА машины жолооны РУЛЬ авчраад мориныхоо хондлой дээр бэхэлчихье. Тэгэхлээр байдал сайжрах уу? Морь булгиад тэргээ эвдчихвэл яана. Хувийн их сургуулийн хэдэн захирал уурлаад, “За тэгвэл яам гуай та энэ олон мянган хөдөөний охидоо ав, бид сургуулиа татан буулгалаа” гэхээр яах уу, яам маань охид хадгалдаг газар болох уу? Багш, эмч болно гэж зүтгэж байгаа тэр олон мянган охидод юуных нь буруу байх вэ? Тэд яамны үүдэнд ирээд БИДНИЙГЭЭ АВ гээд жагсвал яах уу? Ингээд зөв ажил таг зогсоно. Та бид хоёрын чухал гээд байгаа зөв ажил маань будаа болно. Буруутан нь ийм ажлыг санаачилж дэмжсэн тэр нөхөр. Ингэхээр хүн шинэ ажил санаачлах уу? Зүй бус инстүүц зүй ёсны зөв юмыг хүлээж авдаггүй, авбал өөрөө дотроосоо нурчих гээд асуудал үүсгэдэг. Эндээс боловсролын инстүүцийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэг нь бас харагдана.
Энэ талаар та дэлгэрүүлнэ үү?
Аливаа ажлыг үр дүнгээр нь хэмждэг. Энэ бол ойлгомжтой. А гэх гутлын үйлдвэр байг. Тэнд үйлдвэрлэсэн 180 гутлын 1 нь хүн өмсөхөөр, үлдсэн 179 нь хэн ч өмсөхөөргүй хог болжээ гэе. Үүнийг яагаад ил тод хэлдэггүй билээ? Яамны дээр УИХ байна. Тэнд А үйлдвэрийн төлөөлөгч сууж буй, тэрээр ЭМЯ, БШУЯ-ны сайдыг томилдог. Тэгэхлээр УИХ-ын эрхэм гишүүн тэр гуайн үүсгэн байгуулсан их сургуулийн төгсөгчид ШАЛДАН байна гэж ил тод хэлэх тэнэг сайд олдох уу? Тэр хувийн их сургуулийн 180 төгсөгчийн 179 нь лицензгүй хоцорчээ гэж манай эрдэмтдээс нэг нь ч хэлээгүй, бичээгүй, хэлж, бичих аваас дарамт шахалт ихэснэ. Ингээд ажилгүй болно. Тээр дээрээс дохио өгнө л дөө, би хэн яаж дохихыг эрх биш гадарлаж байна шүү. УИХ-ын Боловсрол Шинжлэх Ухааны байнгын хороо бол хаан гэсэн үг. Тэнд 2020 оноос өмнө МАНАН бүлэглэл дээд эрх мэдлийг бүрэн атгаж байлаа. Энэ хаан чинь ШУА гэх сандалтай. Хаан шалдан байна, сандал нь ялзарчээ, өмхий үнэр танар нь хүн ойртохын аргагүй болжээ гэж хэлэх ч амаргүй дээ.
“Хаан шалдан байна” гэж хэлэхэд юу дутдаг юм бол, манай эрдэмтэд яагаад дуугуй болчихов оо?
Уг нь эрдэмтэд л чухамхүү нүцгэн хааныг шалдан байна гээд хэлчих ёстой, тийм үүрэгтэй хүмүүс л дээ. Гэвч энэ хэцүү цагт бас асуудал байна аа. Үнэн үг хэлэхийн тулд хэн ч гэсэн хараат бус байх ёстой. Хэн нэгнээс албан тушаал, санхүүгийн хувьд хараат бол тэрээр эхэлж заавал санхүүжүүлэгчээ харна, гуйж гувшиж, аргалж сөгдөж байж л цалин дээрээ хэдэн төгрөг нэмүүлэх боломж үүснэ. Манай эрдэмтдийн дотор хараат бус хүн бараг үгүй. Иймд бурууг эрдэмтдээс бус шинжлэх ухааны ЗҮЙ БУС БҮТЭЦ-ээс хайх учиртай. Одоогийн ШУА-ийн зүй бус бүтцийг засаад зүй ёсны ЗӨВ болгочихвол манай эрдмийн хүрээнд мөн ч их ахиц гарна даа. Энэ УИХ-ыг харж л сууна.
БШУЯ ойрын жилүүдэд Боловсролын Их Сургууль (МУБИС)-д гол анхаарлаа хандуулах бололтой?
Би эхлээд нэг ЗАРЧИМ хэлье. Хүний чанарыг өөр хэн нэгэн хүн гаднаас нь айжруулдаггүй юм. Хүн өөрөө өөрийгөө л сайжруулдаг. Харин өөрөө сайжрахгүй байгаа хүнийг орхиж хаядаг байх л чухал. Ингэх аваас хүн өөрөө өөрийгөө аяндаа сайжруулаад байдаг. Энэ зарчим бол зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд нийтлэг үйлчилдэг. Үүнийг анхааруулъя.
Монголчуудын өмнөөс олон арван жил төр хариуцлага хүлээж, энэ нь эцэстээ бүгдийг төрөөс шаарддаг, төрд тулгаж шахдаг болтлоо ужгирсан. Ийм үед хүн өөрөө хүн биш болчихдог. Дотроосоо гэрэлтдэггүй, өөрөө өөрийгөө гаргуунд нь хаясан, нэг тийм амьгүй ХҮНЭНЦЭР буй болдог. Ингээд төр л тэр хүнэнцэрийн өмнөөс орилоод урагшаа зүтгээд байдаг. Нөгөөх хүнэнцэр нь улам л арагшаа цахдаад байдаг.
Монголд ийм байна. Багш чинь хүн. Тэр тусмаа байнга өөрөө өөрийгөө хурцалж, цаг үеэсээ түрүүлж явах үүрэгтэй оюунлаг сэхээтэн. Одоо багш гэх тэр НАНДИН САЙХАН АЛБА-ыг өөртөө хүлээж авах хүнийг МУБИС-аар бэлтгэнэ, МУБИС-д хөрөнгө цутгана энээ тэрээ бол сая миний хэлсэн зарчимтай илт зөрчилдөнө. МУБИС бол чанартай сайн багш бэлтгэх үүрэгтэй сургууль биш. Тэрээр боловсролын зэрэг олгох л сургууль. Хуулиа хар, бодит байдлаа хар. МУБИС төгссөн л бол багш хийнэ, хийлгэнэ гэсэн хууль бас байхгүй. Тэгэхлээр, чанартай, сайн багш байх эсэх нь багшид өөрт нь хамаарах асуудал. Багшийг чанаржуулах асуудалтай төр орооцолдох тухайд би өөр бодолтой байдаг.
Тэгвэл багшийн чанарыг сайжруулахад ТӨР яаж оролцох ёстой гэж?
Төр гуай төр шиг болмоор юм. Эдүгээ Монголд багшийн чиглэлээр бакалавр бэлтгэдэг нь ганц МУБИС биш. Өөр сургуулиуд бий. Ер нь тэгээд заавал багшийн чиглэлээр ямар нэгэн сургууль төгссөн байх ч албагүй.
Багшлах хүсэлтэй хэн ч гэсэн өөрийн багшлах чадамжаа үнэлүүлээд БАГШЛАХ ЭРХ авдаг, тэр нь 4 жилийн хүчинтэй, дахин шалгуулах үнэлгээ нь кембрижийнх шиг жил тусам чангардаг ийм л тогтолцоог төр бүрдүүлэх ёстой.
МУБИС төгссөн нөхдөөс илүү мэдлэг чадвартай, багш хийх чадамжтай инженер, сэтгүүлч гэх мэт хүмүүс олон бий. Огтоос сургууль төгсөөгүй хэрнээ багшлах өндөр чадамжтай хүн байж л байгаа. Иймд багшлах хүсэлтэй хэн ч гэсэн өөрийн багшлах чадамжаа үнэлүүлээд БАГШЛАХ ЭРХ авдаг, тэр нь 4 жилийн хүчинтэй, дахин шалгуулах үнэлгээ нь кембрижийнх шиг жил тусам чангардаг ийм л тогтолцоог төр бүрдүүлэх ёстой. Төр иргэдээ тийм, ийм сургууль төгссөн эсэхээр нь ялгаварладаг байж таарахгүй ээ. Төр багшийн чадамжийн шаардлагаа л ил тод болгочих. Тэгээд хөндлөнгийн мэргэжлийн хараат бус үнэлгээний байгууллагад тэр ажлаа даатгачих. Ингээд л гүйцээ. Хялбархан юм шүү дээ, уг нь. Эдүгээ Монголд ЕБС-ийн олон мянган багш байна. Тэдний мэргэжлийг БШУЯ-ны харьяа БМДИ дээшлүүлнэ. МУБИС-аар сайн багшийг багаас нь бэлтгэнэ гэх мэт бол энэ цаг үетэйгээ нийцэлгүй төдийгүй ерөөсөө холдоо явцгүй. Ирээдүйгүй, хэрэггүй, буруу юмаар оролдохоор хэсэг сул нөхөд их ажилтай болдог тийм нэг гажиг арга манай боловсролд гүн суусан. Түүний ард мөнгө байгаа болохоор хүмүүс түүнээсээ салах дургүй. Монголчууд ҮНЭН ялна гэж ярих атлаа ХУДАЛ-д байраа тавьж өгдөг нь даанч гачлантай.
Ийм хялбар аргыг манай төр яагаад боловсролд оруулахгүй өдий хүрэв?
Төр ачаагаа мэргэжлийн байгууллага, иргэний нийгэмд шилжүүлэх тун дургүй. Болох болохгүй бүх ачааг өөрөө үүрээд, бүх эрхээ гартаа барьж, бүгдийг захирч байх нь төрд өөрт нь тааламжтай байдаг бололтой. Тоталитар төрийн үндсэн шинж нь энэ. Тоталитар төр шударга үнэнээс онц ихээр айдаг. Иргэний нийгэм, хөндлөнгийн үнэлгээ шударга талдаа. Тэгэхлээр төрийн өмнөх үед хийсэн ажлын БУЛХАЙ илэрнэ. Зүй нь илрэх ёстой л доо. Илрэх ч болно. Олон улсын ҮНЭЛГЭЭ гэж нэг шударга үнэн юм бий дээ. Мөд манай архаг, хуучинсагуудын бүтээсэн боловсролын ЗЭС, ГУУЛЬ цухуйна даа, жаахан хүлээе.
Жаахан хүлээхээр яах гэж?
Монгол улсын дунд боловсролыг энэ онд РISA үнэлгээнд хамруулах УИХ-ын шийдвэртэй. Уг нь энэ ажлыг аль эрт хийчих байсан. Элдэв арга саам хэлж хойшлуулсаар байгаад өдий хүрлээ. Одоо КОВИД бас нөлөөлсөн гэх байх. Манайхан ер нь шударга, үнэ юманд ясны дургүй болжээ. Яаж ийгээд л аргалаад, хойшоо суугаад, цаг нөхцөөгөөд байдаг. Киргизийн жишээг хэлье. Киргиз улсын дунд боловсрол манайхтай нэлээд төсөөтэй шиг билээ. Тус улс PISA (programme for international student Assessment - Сурагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр) шалгалтад 2006, 2009 онд хамрагдсан бөгөөд хоёуланд нь сүүлчийн (57 ба 65) байранд оржээ. РISA шалгалтын дүн тус улсын боловсролын үнэн төрхийг илчилжээ. Гэтэл үүнийг Киргизийн боловсролын архаг, хуучинсагууд нь хүлээж авсангүй.
Тэд РISА шалгалтыг үгүйсгэж, ШУА-аараа дэмжүүлж, хөдөө орон нутгийн хоцрогдсон иргэдийн саналыг ашиглажээ. Ингээд Киргиз улс РISА шалгалтад дахиж орохгүй... Энэ бол хөрөнгөтний аюултай шалгалт гэсэн гаж шийдэлд хүрсэн удаатай. Киргизийн боловсролын ийм дорой арчаагүй байдлыг ашиглан өөрсдийн эрх мэдлээ бэхжүүлж, төрийн өндөр эрх мэдэлд хүрсэн бүлэглэл (хэсэг нөхөд) ШУА- тайгаа хамжиж одоо хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр.
Тэд шашны архагуудаараа ар талаа хийж, Киргизийн ард түмний өвөрмөц онцлог нэрийн дор өөрсдийн хийсэн ажлын алдааг хүлээн зөвшөөрөхийн оронд РISА руу дайрч, улсынхаа боловсролын шинэчлэлийг 15 жилээр дахин хойш татсан байна. (Манай ланжгарууд Монголын дунд боловсролыг РISА-д оруулахыг 16 жилээр хойшлуулж чадлаа. Цаашид энэ тоо хэдээр нэмэгдэх бол?) РISА шалгалтыг хүлээж авахгүй бол РISА хохирохгүй харин Киргиз улс л хохирно. Киргизийн залуу үеийнхэн болон дэвшлийн төлөөх эрдэмтдийн шахалтаар сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөж, Киргиз улс РISА-д дахин 2024 оноос орохоор болж нэлээд бэлтгэл хийж байна. 2006,2009 оны РISА шалгалтаар киргиз сурагчдын ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААЖ УХААРАХ болон БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ тун хоцрогдонгуй байгаа нь илэрсэн. Тэд ердөө л багшийн заасан мэдээг цээжлэх төдийгөөр цаг нөхцөөдөг болсон байжээ. Киргизийн боловсрол олон улсын боловсролоос хол хаягдан хоцорсны гол учиг энэ юм. Киргизийн ЕБС-ийн багачуудын дунд манайхтай адилхан түргэн цээжлэх, хурдан тооцоолох чиглэлээр явагддаг тэмцээн, олимпиад байх бөгөөд түүнд цөөн сурагчийг тусгайлан бэлтгэж, бүс нутгийн шинжтэй хувь хүмүүсийн зохион байгуулдаг уралдаанд оролцуулж, алтан медалийг олноор авч, түүнийгээ ид хав болгож сурталчилдаг байна.
Жишээ нь: Оюуны арифметикийн олон улсын олимпиад нэртэй бэсрэг уралдаан. Үүнд хууртсан олон түмэн Киргизийн ЕБС-ийн сургалт муу биш, тэр тусмаа Киргизийн багачуудын ОЮУНЫ ЧАДАМЖ IQ нь их өндөр, манай хүүхдүүд сайн болохыг олон улсын ОЛИМПИАД нотолж өглөө гэхчлэн ЭНДҮҮРДЭГ аж. Үүнийг араас нь БШУЯ болон архагууд зориудаар дэмждэг болжээ.
Тэгсэн атлаа БШУЯ нь яагаад Киргизийн боловсрол РISА шалгалтаар хамгийн сүүлд байгаа учрыг тайлбарлахгүй байна. Киргизийн жишээ бидэнд тун сургамжтай. Эргэцүүлж сэтгэдэг хүмүүс бодно байгаа. Бас манай боловсролын архаг хуучинсагууд ч гэсэн ядаж нэг удаа эргэцүүлэн тунгаагаасай билээ. Эцэст нь РISА шалгалттай холбож нэг зүйлийг тэмдэглэе. Боловсролын чанарлаг тогтолцоотой улсууд гэвэл АНУ, Англи, Герман, Канад, Франц гээд араас нь голдуу Баруун Европын орнууд залгана. РISА-д байнга түрүүлдэг Зүүн Хойд Азийн улсууд энд байхгүй нь нэгийг хэлээд байгаа биз. Бодох л асуудал. Бидний тухайд боловсролоо тогтолцооных нь талаас түлхүү анхаармаар байгаа юм. Тэр явцдаа боловсролоо сайн болгох, чанарын шинэчлэлээ үргэлжлүүлэх, ерөөсөө БОЛОВСРОЛЫН ТОМ РЕФОРМ хийх гэхчлэн тал талаас нь ухаалгаар зэрэгцүүлэн ахивал онох нигууртай. Энэ асуудал бол уг чанараараа ардчилсан хүмүүнлэг иргэний боловсрол юм. Яг ийм заалт манай үндсэн хуульд байгаа.Тэгэхлээр, эдгээрийг хийхэд хуулийн талаасаа зөрчилгүй.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.252] 2023-03-29 14:53:00
Чихгүй төр ядаж ганц удаа ч болсон энэ хүний үгийг сонсоосой. Жинхэнэ шинчлэгч нараа сонсохгүй мулгуу тэнэг мухараар зүтгүүлсээр Монголын боловсрол уналаа. Түүнийгээ дагаад улс маань унаж явна. Яана даа