Хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргууд

Aдмин / Эрүүл мэнд

Хүний бие махбод маш олон төрлийн эдээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ.

Хавдрыг хоёр хуваадаг. Хорт хавдар, хоргүй хавдар гэж анагаах ухаанд хоёр хувааж үздэг. Хортой эд шинээр үүсэж бий болохыг анагаах ухаанд хорт хавдар гэж нэрлэдэг. Бүх эд эрхтэнд хавдар үүсэж болно. Энэ удаад хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргуудаас та бүхэнд хүргэж байна.


Тамхинаас гарах: Тамхинаас гарах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхмуудын нэг юм. Тамхи татах нь уушгины хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, давсагны хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдрын гол шалтгаан болдог.

Мэдээж яг одоо тамхинаас гаръя гээд гарч болдог амархан зүйл биш. Учир нь тамхи нь никотиноос гадна зуршлын хүчээр донтуулж байдаг. Тодорхой давтамжаар ямар нэг үйлдэл хийх /жишээ нь хоол идсэний дараа, бие засах үеэр, машинаа халаах, гэртээ орохын өмнө гэх мэт/ үеэр тамхийг татаж хэвшсэн байдаг. Тиймээс бид танд тамхинаас гарч болох бяцхан зөвлөмжийг хүргэж байна. Энэ нь болзошгүй эрсдэл болох хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.

  • Тамхинаас гарах өдрөө урьдчилан төлөвлөж сэтгэл санаагаа бэлдэх.
  • Ойр дотныхондоо хэлж урам зориг аваарай. Мөн ойр дотны хүмүүс дотор тамхинаас гарсан туршлагатай хүн байвал зөвлөгөө аваарай.
  • Тамхинаас гаргах наалт, эм гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэх. Тамхинаас гаргах бүтээгдэхүүнүүд никотин орлуулах үйлчилгээтэй байдаг тул эмчээс зөвлөгөө аваарай.
  • Тамхи татах хүслийг өдөөж байгаа нөхцөлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, хоол идсэний дараа зүгээр л агаарт алхах, багахан хугацаа зарцуулдаг тоглоом тоглох гэх мэт.
  • Дасгал хөдөлгөөн хийх, бясалгал хийх зэргээр стрессээ тайлах аргуудыг бодож олоод стрессээс үйдэлтэй тамхи татах хүсэлтэйгээ өөрөөр тэмцээд үзээрэй.
  • Аль болох хийх дуртай зүйлүүдээ хийж өөрийгөө завгүй байлгаарай.

Тамхинаас гарснаар хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна, эрүүл мэндийн хувьд олон талын ашигтай.

Эрүүл хоолны дэглэм барих: Товчхондоо ханасан өөх тос буюу транс тосноос зайлсхийж, шим тэжээлээр баялаг хорт бодис багатай хоол хүнс хэрэглэснээр хорт хавдрыг үүсгэдэг бодисуудаас зайлсхийх замаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Ямар хоол хүнс хэрэглэх вэ:

  • Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо
  • Үр тарианы гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Тахианы мах, загас, буурцаг зэргийг түгээмэл хэрэглэж, хиам, зайдасны хэрэглээг бууруулах
  • Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж цэвэр ус, цэвэр жимсний шүүс зэргийг хэрэглэх
  • Ханасан өөх тос огт хэрэглэхгүй байж хуурсан, хайрсан хоол бага идэх
  • Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь элэг, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хэд хэдэн төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс маш бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх: Долоо хоногт хамгийн багадаа 150 минут, дунд зэргийн эрчимтэй дасгал хийснээр хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулж болдог. Жишээлбэл, хурдан алхах, дугуй унах, усанд сэлэх гэх мэт.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд шууд гүйх, алхах зэрэг дасгалуудыг хийж дадал болоход удаан байдаг. Тиймээс олон хүний дунд спортоор хичээллэж болно. Фитнессийн дасгалуудаас кардио, иог, усанд сэлэлт зэрэг нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж дархлааг дэмжсэнээр хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарла: Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарласнаар элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Хорт хавдар бол монголчуудын хувьд тахал болсон, түүнийг үүсгэж буй хамгийн том эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг нь согтууруулах ундааны хэрэглээ юм.

Зарим төрлийн вакцин хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг: Вирусын гаралтай үүсгэгддэг зарим төрлийн өвчин хорт хавдар үүсэх хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс эдгээр өвчний вакцинд хамрагдсанаар хорт хавдраас урьдчилан сэргийлж болно.

Хүний хөхөнцөр вирусийн вакцин: Тус вакцин нь умайн хүзүү, ам залгиур, улаан хоолойн хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Вакциныг 11-12 насны охид, хөвгүүдэд хэрэглэхийг зөвлөдөг боловч 9 наснаас эхлэн хийж болдог байна. Мэдээж хийлгэхийн өмнө харьяа дүүргийн эмнэлгүүддээ хандаж эмчийн заавраар тариулна.

Гепатит В вирусын эсрэг вакцин: Гепатит В-ийн вакцин нь элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд энэ нь ихэвчлэн архаг гепатитын халдвараас үүдэлтэй байдаг. Вакциныг гепатит В-ийн халдвар авах эрсдэлтэй нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд хийж болно.

Хорт хавдрын эрт илрүүлэг: Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол орсноор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эхэн үед нь бүрэн эмчлэх боломжтой болох юм. Хэрвээ та согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, нойргүйдлийн улмаас хангалттай унтаж амарч чаддаггүй, стресс ихтэй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, гэр бүлд нь хорт хавдраар өвчилж байсан хүн байдаг бол эрт илрүүлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.