Засгийн Газрын "илгээлтийн эзэн" П.Сайнзориг жижиг "Тавантолгой"-г дампууруулав уу?
Одоогоос зургаан сарын өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 09-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтийн өмнө гарч ирж "...Бидний нэрлэж заншсанаар жижиг “Тавантолгой” буюу “Тавантолгой" ХК нь орон нутгийн өмчлөлд 51 хувь нь, хувийн өмчлөлд 49 хувь нь шилжсэн уул уурхайн компани. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй... Хоосон машин гарсан нэрээр “Эрдэнэс "Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас алдагдсан мөргөцгийн асуудал зэргээр “Тавантолгой" ХК-д нэлээдгүй асуудал байгаа нь тодорхой болж байна. Тиймээс тус компанид зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхэт төлөөлөгчөөр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо” гэж байлаа. Бүрэн эрхэт төлөөлөгчийн хугацаа дуусчээ. Одоо олон нийт үр дүн сонсох ёстой, түүнийгээ ч хүлээж байна. БЭТ гэдгийг товчхондоо, болохгүй байгаа, бүтэхгүй болчихсон, тонуул дээрэм нь дэндчихсэн газарт очоод хууль сахиулж, цэгцэнд оруулдаг албан тушаалтан гэж олон нийтэд итгүүлсэн. Тиймээс жижиг “Тавантолгой”-д бугшсан ямар асуудал байв, БЭТ түүнийг яаж цэгцэнд оруулж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг яаж хамгаалав гэдгийг ард түмэнд ил тод яриад явчих хэрэгтэй. Харамсалтай нь Д.Амарбаясгалан даргын зургаан сарын өмнө сүр дуулиантай илгээсэн БЭТ, түүний үйл ажиллагаа санасандаа хүрээгүйгээр барахгүй бүр ч дордуулчихсан нөхцөл байдал өнөөдөр “Тавантолгой" ХК-д үүсчээ.
Нүүрсний хэргийн шуугианаар “Тавантолгой" ХК-ийн бүх удирдлага, том хувьцаа эзэмшигчдийг түдгэлзүүлж, хорихыг нь хорьж, албан тушаалаас буулгахыг нь буулгачихсан. Одоо тэнд БЭТ П.Сайнзориг л “эзэн” сууж буй. БЭТ П.Сайнзориг юу хийх ёстой вэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбараас харчихаж болно.
Тэрээр “..."Тавантолгой” ХК нь сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй...” гэж Монгол даяар зарласан. Тэгвэл тус компанийн тайланг сөхөж харвал сүүлийн таван жил дараалан “Шилдэг татвар төлөгч топ 10 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байх юм. Хамгийн сүүлд, 2022 онд гэхэд л улсын төсөвт 290 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, шилдэг таван компанийн нэг болжээ. Уул уурхайн төслийн үр нөлөө, улсад оруулдаг хувь нэмэр ерөөсөө татвар, хураамж л байдаг. Хуулиараа ч ийм. Тэгэхээр дээрх компани улсад, төсөвт хувь нэмрээ багагүй хэмжээгээр оруулсан харагдах.
Нөгөө талаар олон нийтийн компаниуд ашигтай ажиллабал хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн манай төрийн өмчит компаниуд битгий хэл хувийн хэвшлийнхнээс ногдол ашиг тараадаг нь гарын таван хуруунд багтдаг. Тэгвэл “Тавантолгой” ХК жил бүр цэвэр ашгийнхаа 90-98 хүртэл хувийг ногдол ашиг болгон хуваарилдаг жишгийг тогтоочихсон юм байна.
Өнгөрсөн 2022онд цар тахал түүнээс үүдэлтэй хил, гаалийн онцгой дэглэмтэй хүнд үе байсан ч тус компанийн арилжаа, ашиг түүхэн дээд амжилтыг үзүүлсэн байдаг. Тиймээс цэвэр ашгийн 90-98 хүртэл хувь гэвэл ногдол ашиг ч өндөр хуваарилагдах ёстой байв. Харин БЭТ П.Сайнзориг энэ хуваарилалтыг зогсоож, 2022 оны цэвэр ашгийн 50 хувийг хувьцаа эзэмшигчдэд өгөх ёстой гэжээ. Ингээд 144.тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 2743.8 төгрөгийг тараахаар болсон шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард тэрээр олон нийтэд мэдэгдсэн. 50 хувь ч бай, 90 хувь ч бай нэгж хувьцааны үнэ 2743.8 төгрөг гэдэг төрийн өмчит компанид байгаагүй түүхэн үнэлгээ. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг. Нэг ёсондоо тус аймгийн 65 мянган иргэн үр өгөөжийг нь хүртдэг гэсэн үг. Харин хувийн хэвшлийн 49 хувийг 2000 гаруй иргэн, хуулийн этгээд эзэмшдэг.
Орон нутгийн “Тавантолгой" ашиглалтад орж байх 60, 70-аад оны үеэс ажиллаж ирсэн ахмад уурхайчид, тэдний үр хүүхдүүд нэлээд өндөр ашиг шим хүртдэг юм билээ. Бүр 100 хүртэл сая төгрөгийн ногдол ашиг авдаг ахмад уурхайчин ч бий. Нэг ёсондоо Д.Амарбаясгалан даргын “Тавантолгой” ХК нь сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй...” гэсэн нь санаандгүй тайлбар байв уу, санаатай байв уу гэдэг нь сонирхолтой.
Ийнхүү 2022 он хүртэл ногдол ашгаа хугацаандаа тарааж ирсэн тус компани энэ оноос бүдэрчээ. Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэж чадаагүй байгаа аж. Энэ нь Засгийн газраас “Тавантолгой” компанид онцгой дэглэмж тогтоож, санхүү эдийн засгийн үйл ажиллагааг нь битүүмжилсэн нь аудитын шалгалт хийгдэх боломжгүйд хүрчээ. Хуулиараа компаниуд жил бүрийн эхний улиралд багтаан санхүүгийн тайлангаа аудитын дүгнэлттэй хамт танилцуулж, ногдол ашиг тараах эсэхээ зарладаг. Үүний дагуу тухайн жилийн дөрөвдүгээр сар гэхэд ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараачихсан байх ёстой.
Гэвч 2023 он хагастаа орж буй энэ үед “Тавантолгой” ХК-д аудит ороогүй, хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэх эсэх нь тодорхойгүй байна. БЭТ П.Сайнзоригийн хууль сахиулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ажиллагаа энэ мөн үү? Цар тахлын үеийн хил гаалийн гацаан дунд ч үр ашигтай ажиллаж, бүр түүхэн амжилт гаргаж чадсан тус компанийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр саяхныг хүртэл өсөлттэй явж, нээлттэй хувьцаат компаниудын дунд жишиг болж буйг хөрөнгийн зах зээл судлаачид онцолж байлаа. Гэтэл өнгөрсөн сард гэхэд тус компанийн хувьцааны ханш- 6.58 хувиар унаж, 39.5 тэрбумын үнэлгээгээ алджээ.
“Тавантолгой” ХК-ийн гол үйл ажиллагаа нүүрсний худалдаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зарласанчлан БЭТ очоод үр дүн гаргана гэсэн хүлээлт нүүрсний экспорттой шууд холбогдоно. Товчхондоо П.Сайнзориг даргын өнгөрсөн зургаан сарын хугацаанд нүүрсний экспортыг хэрхэн явуулав гэдгээр л “Тавантолгой” ХК нүүрсний хэрэгтнүүдийн нэг үү, төрийн өмчийн хулгай луйвар хийгддэг үү гэдгийг ч харж дүгнэж болохоор. Тиймээс өмнөх жилүүдийн нүүрсний худалдааны стастистикийг сонирхъё л доо. Тус компани 2022 онд 2.7 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 3.8 дахин нэмэгдэн, цэвэр ашиг нь 20 дахин өссөн тооцооллыг цахим хуудастаа мэдээлжээ. Тэгвэл өнөөдөр жилийн хагаст, ялангуяа нүүрсний экспортын хамгийн "оргил” улиралд нийт 17 мянган тонн нүүрс л экспортлосон дүн мэдээтэй сууж буй аж. Сая тонн, зуун мянга ч биш, 17 мянган тонн. Энэ жилээс эхлэн нүүрсний экспортыг биржээр явуулах хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн. “Биржийн худалдаа нь ам нөхцөлөөр худалдаалахаас хоёр дахин үнэд хүрч байна. Уурхайн аман дээрээс тонн тутмыг нь 70,80 ам.доллараар худалддаг байсан бол биржээр 150, 160 ам.долларт хүрлээ. Ам нөхцөлөөр нүүрсийг үнэ цэнэгүй гаргаж байсан байна” гэх пи-ар сүүлийн хэдэн саруудад төр засгийн зүгээс явуулж буй. Уг нь сайхан л мэдээ. Харин бодит байдал дээр хэр явж байгааг “Тавантолгой” ХК-ийн экспортын дүн харуулчихлаа.
Өмнөх жилд нь 2.7 сая тонн нүүрс экспортолж байсан компани жилийн хагаст 17 мянган тонн гэдэг харьцуулашгүй тоо. Нөгөө талаар биржээр худалдаалсан нүүрсний үнэ өндөр юм шиг харагдаж буй ч нүүрс худалдан авагч талд очсоны дараах цэвэр ашиг ам нөхцөлөөс ч дордож буй талаар уурхайчид, уурхайн эзэд ил далд ярилцах болжээ.
Тодруулбал, бирж буюу хил нөхцөл гэдэг нь уурхайгаас Ганц мод хүргэх, тэндээ буулгах, тэндээсээ БНХАУ-ын Ганц мод боомт руу тээвэрлэж хүргэх. хадгалах зэрэг олон ажиллагаа багтжээ. Энэ дунд тээврийн зардал, талбайд буулгах, хадгалах гээд зардлууд огцом нэмэгдэнэ. Биржээр 150 ам.доллараар авсан нүүрсийг ийнхүү тээвэрлэж хүргэж өгөх зардлууд хасагдвал уурхайн амны үнээс ч дордож байгааг тэд хэлж байна.
Түүгээр зогсохгүй БЭТ П.Сайнзориг өнгөрсөн Бямба гаригт “Тавантолгой” ХК- ийн ТУЗ-ийн хуралд нэгэн ноцтой саналыг оруулж ирсэн байна. Онцгой дэглэмийн үед тус компани 18 удаагийн биржийн арилжаанд оролцсоноос дөрөв нь л амжилттай болж. Тэр дөрвөн арилжааны нэг ч болох худалдан авагч 180 ам.доллараар арилжаа хийж гэрээ байгуулж, мөнгөө компанийн дансанд шилжүүлжээ. Гэтэл П.Сайнзориг ТУЗ-ийн хуралдаа “180 ам.доллараар гэрээ байгуулсан компани үнийг 120 ам доллар болгоё гэсэн хүсэлт ирүүлж байна. Үүнийг дэмжиж өгөөч” гэсэн агуулгатай саналыг оруулсан байх юм. Энэ бол маш ноцтой үйлдэл. Хөрөнгийн зах зээл гэдэг байнгын савлагаатай байдаг. Өнөөдөр өсч байсан үнэ маргааш унана. Бид хувьцаа худалдаж авчихаад унахад нь буцаая гэдэггүй биз дээ. Хэрэв ингэж хандвал ямар тайлбар өгөх нь ойлгомжтой. Гэтэл бүр хоёр улсын хооронд болсон биржийн худалдаанд худалдагч тал ийм зохисгүй үйлдэл хийгээд үр ашгаа бууруулахыг санаархана гэдэг яавч хууль ёсны үйлдэл биш. Магадгүй үүнийг ашиг сонирхлын зөрчил ч гэж хардаж болохоор явдал. П.Сайнзоригийг хууль бус явдал үүгээр дуусахгүй. Эдүгээ нүүрсний хэрэгт хамгийн эхэнд яллагдаж, баривчлагдсан “Хишиг арвин индустрал" ХХК-ийн захирал Б.Хишигдорж гэж нөхөр бий. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас гэхэд л 2022 онд нэг их наяд төгрөгийн тендер авчихдаг зайтай эр. Төрийн өмчит энэ том компанийн жилийн нийт тендерийн үнийн дүнгийн гуравны нэг нь гэсэн үг. Гэтэл үүний цаана авлигын томоохон сүлжээ байсныг хуулийнхан илрүүлж, Б.Хишигдоржийн оффис, гэрт нь нэгжлэг хийж, хэд хэдэн хүний хамт баривчилж байв. Зүй нь бол энэ ноцтой хэрэгт холбогдсон хүн, түүний эзэмшлийн компанийн үйл ажиллагаа царцах учиртай. Тэгвэл нүүрсний хэрэгт татагдан шалгуулж байгаа Б.Хишигдорж төрийн өмчит компаниас дахиад л тэрбум тэрбумаар нь тендер авсан баримт ил болсон. Тэр тендерийг БЭТ П.Сайнзориг Б.Хишигдоржид өгчихсөн байдаг.
Тодруулбал, "Тавантолгой" XК өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд ТТХК/ 202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Хөрс хуулалтын үнэ өмнө нь м.куб нь 8000 төгрөгөөр тооцдог байсан бол П.Сайнзориг БЭТ-ээр томилогдож очоод энэ үнийг нэмэгдүүлж, 13 мянган болгож, тендерийг зарлажээ. Нийт 340 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрс хуулалт гэхээр үнийн нэмэгдлийн зөрүү ч нэлээд юм гарч таарна.
Ийнхүү гуравдугаар сарын 10-нд тендерийн дүн гарч, Б багцад “Кэй эй рентал сервис” ХХК гэх компани шалгарсан байна. Тус компани нь Б.Хишигдоржийн эзэмшлийнх байсан бөгөөд тендер зарлагдахаас ганцхан сарын өмнө Н.Эрдэнэ-Очир гэх хүний нэр дээр шилжүүлсэн түүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын дата мэдээлэлд бүртгэгджээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр Б.Хишигдорж гэх этгээд хууль зөрчиж явааг хэн ч мэдэхгүй гэж бодсон уу. Түүнийг нь “Тавантолгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг нүдээ аниад, чихээ дараад өнгөрөөсөн үү, эсвэл хуйвалдсан уу. Төрийн өмчит компанид, тэр дундаа “онцгой дэглэмтэй” компанид ийм нэг ноцтой боломжгүй явдал өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн байх юм. Хамгийн ноцтой нь “Кэй эй рентал сервис” ХХК нь тус тендерт оролцсон бусад гурван компаниасаа өндөр үнийн санал ирүүлчихсэн байхад л П.Сайнзориг дарга “Болж байна” гээд сонгочихсон нь бүр хачирхалтай. Тендерийнхээ үнийн дүнг нэмэгдүүлж байгаад нүүрсний хэрэгтэн нөхөрт өгчихсөн явдлын дүгнэлтийг уншигч танд үлдээе.
“Тавантолгой” ХК дээр онцгой дэглэм тогтоосон зургаан сар иймэрхүү л янзтай дуусч байгаа бололтой. БЭТ П.Сайнзоригийн паян ч үргэлжилсээр байгаа аж. Тус компанид таван яамны шалгалт саяхан орсон байгаа юм. Гэвч санхүүгийн тайлан алдаатай гарч, төрийнхөн хоорондоо нэлээд зөрчилджээ. Учир нь П.Сайнзориг дарга Санхүүгийн албаны даргаараа Ш.Ичинхорлоо гэх хүнийг ажиллуулахаар авч очжээ.
Ш.Ичинхорлоо нь өмнө нь Үндэсний аудитын газрын аудитороор ажиллаж байсан бөгөөд Л.Гансүх нарын гэгддэг нүүрсний хэрэгт шинжээчээр оролцож байсан нэгэн. Хамгийн сонирхолтой нь тус нүүрсний хэргийн шүүх хурал дээр үгээ хэлж, цагааддаг нягтлан бодогч Б.Мөнгөнтуяагийн нэр цохож байгаад “...АТГ-ын мөрдөн байцаагчтай хамтран өөрийнхөө чадлыг шалгаж хийсэн аудитын тайлан, тэдний гаргаж өгсөн асуултад хариулсан шинжээч нарын хариулт, тогтоолд нь гарын үсэг зурсан татварын улсын байцаагчийн мэдүүлэг гурваар би яллагдаж байна. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой” хэмээн хатуухан хэлсэн үгний эзэн аж. Тэрээр “Тавантолгой" ХК дээр очиж ажиллаад санхүүгийн тайлангаа буруу тайлагнаж, БЭТ-ийнхээ нэрийг хөлдөө чирсэн бас нэгэн фактыг компанийнхан ярьж байна.
БЭТ буюу бүрэн эрхэт төлөөлөгч гэдэг нэршил ч их сонин. БЭТ гэдэг үг, ойлголт 1991 оны БНМАУ-ын тогтоолд л байдаг. Өнөөдөр 2023 он. Монголчууд бид 1992 онд баталсан Шинэ Үндсэн хуулиа хэдэнтээ өөрчилж, хамгийн сүүлийн засвараа хэдхэн хоногийн өмнө хийгээд буй. Мордохын хазгай гэгчгээр аль 30 гаруй жилийн өмнөх тогтоол, шийдвэрээр өнөөдрийн төрийн үйл ажиллагааг явуулж буйн бас нэг сөрөг үр дагавар ч гэж харж болох биз.
Ийнхүү Засгийн газар хууль сахиулаад, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалаад ир гэж “Тавантолгой” ХК руу явуулсан БЭТ П.Сайнзориг “Болдоггүй бор өвгөн’’-ий үлгэрээр очсон газраа түймэрдэж сууна. Жил бүр ашигтай, улсдаа тэрбум тэрбумаар яригдах татвар хураамж төлж ирсэн, топ 10 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтаж ирсэн, жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж ирсэн компанийг санхүүгийн алдагдалд оруулж, нүүрсний экспортыг нь гацааж орхижээ. Төр зах зээлийнхээ зарчмаар явж буй бизнес рүү гар дүрэхээр ийм л зүйл болдог. Нөхцөл байдлыг дордуулдаг, төрөөс очсон хүмүүс өөрсдөө л ашиг хүртдэг, баяждаг, компаниа тонодог. Эцэст нь дампууруулдаг. Ингэж дампуурсан, одоо ч дампуурлын ирмэгт байгаа өчнөөн олон төрийн өмчит компани бий. Одоо тэр жагсаалтыг ашигтай, сайн ажиллаж байсан “Тавантолгой" ХК-иар үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдэг эрсдэлтэй, эмзэг цаг үе дээр байна. “Тавантолгой” ХК-д үеийн үед төрийн хяналт шалгалтууд орж явсан байдаг. Мэргэжлийн хүмүүс тухайн цаг үед дүгнэлтээ гаргаад, зөвийг нь зөвөөр, засч сайжруулахыг хэлж зөвлөөд л явж ирсэн. Гэтэл нүүрсний хэрэг гэх дуулианаар сошиалыг даган хуйларч, хэвийн ажиллаж байсан компани дээр “Онцгой дэглэм” гэгчийг тогтоон үйл ажиллагааг нь дампууруулж байгаа үйлдлийг аль ч талаас нь харсан зөвтгөх боломжгүй юм.
Тиймээс Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “онцгой дэглэм” гэх сүржин хэрнээ даржин ажлаа зогсоож, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж компанийг хэвийн горимд нь шилжүүлэх арга зам л үлдэж байна.
Өмнөговь аймагт “Эрдэнэс Тавантолгой”, “Оюу толгой”, “Энержи ресурс" гээд 15 уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаас орон нутагтаа, Өмнөговьчуудад хамгийн өгөөжтэй нь жижиг гэгддэг энэ “Тавантолгой” ХК юм билээ. Том компаниуд бол Улаанбаатар хотоос, бусад аймаг орон нутгаас ажилчдаа татчихдаг. Харин “Тавантолгой” ХК-д тэр чигээрээ орон нутгийн иргэд ажилладаг. Тэд өөрсдөө энэ уурхайдаа ажиллаад, цалин хангамжаа авахаас гадна ногдол ашиг ч хүртчихдэг. Цогтцэций сумаас эхлээд аймгийнхаа хэмжээнд бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд дээр гар татдаггүй гэж орон нутгийн удирдлагууд нь бардам ярихыг хэдэнтээ сонсож байв. Гэтэл төр засгийн илгээлттэй гээд сураггүй нэг нөхөр явж очоод нутгийн иргэдийн боломж нөхцөлийг нь булааж, зогсоож байгааг харах Өмнөговьчуудад таатай үйл явдал яавч биш. Тэд нэг л өдөр алдагдсан боломжоо нэхээд босоод ирж ч мэдэх. “Болдоггүй бор өвгөн”-ий үлгэрт Хан хурмаст өөрийн амьтдаа явуулж болдоггүй бор өвгөнийг чадаад ир гэтэл өөрсдийгөө чадаж, нөхцөл байдлыг улам дордуулдаг даа. “Таван толгой” ХК-д өрнөсөн “онцгой дэглэм”-ийн зургаан сарын үйл ажиллагааг харахад яг л энэ үлгэр үргэлжлээд байгаа юм даа...
Б.Анужин
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл