ЦЕГ-ын дарга хэн болох вэ?

Aдмин / Улстөр

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн гэгдэж буй. Тэрбээр 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилогдож байсан ч 2021 оноос тус албанаасаа буух сураг дуулдсаар өнөөдөр ийнхүү албажиж байгаа бололтой. Ингэснээр ЦЕГ-ын даргын албан тушаалын марафон хөшигний ард өрнөж эхэлжээ.

Ж.Болдыг албан тушаалаа өгөх сургаар дараагийн дарга хэн болох уралдаан өнгөрсөн оноос эхэлсэн гэхэд болно. Түүний оронд цагдаагийн байгууллагыг удирдах хэд, хэдэн хүний нэр Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногоос хүчтэй яригдаж эхэлжээ. Хэнтий аймгаас гаралтай хошууч генерал Ж.Болдыг ЦЕГ-ыг удирдаж эхэлснээр түүний нутгийн фракц нэлээд хүчээ авсан гэгддэг. Тэрбээр аймгуудын Цагдаагийн газрын дарга нарыг дотоод хяналт шалгалт нэрээр сольж, чадварлаг хурандаа нар “Хэнтийн фракцтай гар нийлж ажиллаж чадахгүй” хэмээн олноороо албаа орхицгоосон гэгддэг.

Гэвч энэ удаад ч Хэнтийн фракц задрахгүй бололтой. Шинэ дарга болох магадлалтай нэрсийн дунд Хэнтийн гаралтай хүмүүс нэлээд олон байгаа аж. Хэдий тийм ч баруун чиглэлийн аймгаас ЦЕГ-ын даргыг төрүүлэх сонирхол Засгийн газрын зарим гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд нэлээд хүчтэй өрнөж байгаа.

Тодруулбал, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд зэрэг аймгаас гаралтай генерал, хурандаа нарын нэрс ч яригдаж байна. Тэдний нэг бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир. Тэрбээр фракц, танил тал гэхээс илүү цагдаагийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг чадвараараа салбартаа үнэлэгддэг гэдгээрээ нэлээд өндрөө авч байгаа сурагтай. Бригадын генерал Ц.Ням-Очир Ховд аймгаас гаралтай. Түүнийг хуучин Зам тээврийн сайд С.Бямбацогт хүчтэй дэмжиж байгаа гэх.

Бригадын генерал Р.Отгонжаргал ЦЕГ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэг. Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тэрбээр Говь-Алтай аймгаас гаралтай.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй. Бригадын генерал Р.Отгонжаргалаар цагдаагийн байгууллагыг удирдуулах сонирхол УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрчдийн дунд өндөр буй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-даа хууччуулын тоонд зүй ёсоор багтах УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй улстөрчид өөрийн нутгийн хурандааг зүтгүүлж буй сурагтай. Тэр бол ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат. Боловсролын хувьд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаагаар ажлын гараагаа эхлүүлж байсан тэрбээр өнгөрсөн оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Албан тушаал ахих боломжтой хүмүүсийн нэг гэгдэж байна.

ЦЕГ-ын шинэ даргаар яригдаж буй дараагийн хүн бол Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар юм. Тэрбээр Хэнтий аймгаас гаралтай. Ажлын гараагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2016 онд ЦЕГ-ын дэд даргаар томилогдож байсан удаатай. Хошууч генерал Ж.Болдыг өнгөрсөн онд ажлаа өгөх дуулианаар яригдсан эхний хүн бол АТГ-ын дарга З.Дашдаваа.

Тиймээс энэ удаад ч тэрбээр ЦЕГ-ын дарга болох магадлалтай хүмүүсийн жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэж буй сурагтай. З.Дашдаваа Хэнтийн уугуул. 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль, МҮДС-ийг хууль зүйн ухааны магистраар дүүргэсэн. Ажлын гараагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхэлж, шат ахисаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг ЦЕГ-ыг удирдах нэлээд амбицтай гэдгийг хуулийн салбарынхан ярьдаг.

Тэгвэл дараагийн хүн бол ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа. Мөн л Хэнтийн фракц. О.Амарсанаа 2001 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2021 онд цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга хүртэл тушаал дэвшиж томилогдсон. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр ШШГЕГ-ын даргаар томилогдсон гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Энэ удаад ч Ерөнхийлөгчийн дэмжлэг хүчтэй байгаа гэж яригдаж байна.

ЦЕГ-ын даргаар шинээр томилогдох хэн ч байсан цагдаагийн хууччуул шиг ЗХУ-д биш барууны орнуудад боловсрол эзэмшсэн хүний эрхийн мэдрэмжтэй нэгэн байхыг олон нийт хүсч байгаа аж.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [69.250.218.167] 2023-09-07 06:21:29

Ванга шиг хэлчихэе Хэнтийн Сүхболд болно 80 оны залуу

Хоцрогдсон аргыг хэрэглэх юм үү? [103.57.93.189] 2023-09-07 00:05:47

Цагдаагийн байгууллага гэж ийм их нутгархсан суурь дэвсгэртэй газар уу? Гадаа 21-р зуун болж байх юм. Ардын хувьсгал болоод 102 жил болчихоод байх юм. Гэтэл нутгарах аргаар Цагдаагийн удирдлагыг томилдогийг болиоч. Үүнийг Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч АНХААРХАЧ. Монгол Улсаа 21-р зуунтай холбооч.

иргэн [139.5.216.186] 2023-09-06 16:54:16

Энэ бичиж байгаа эргүү битгий өөрийнхөө мөрөөдлийн юм ярь заавал ингэж хагалан бутаргах жалга довны үзлээ өөртөө үлдээ битгий өдөөн турхир төрзасгийн ажлыг хүчгүйдүүлэх санаархал чинь бүтэхгүй

иргэн [66.181.180.117] 2023-09-06 12:33:38

Бахтаржав гэж Ми гийн хргийг зайлуулаахэрэгтэй

Мсм [202.131.248.206] 2023-09-06 11:53:49

Дотоодод төгссөн угшилтай юмнууд хэрэггүй ээ. Орост ч байсан хамаагүй гадаадад төгссөн шинэ хүн дунд шатнаас гарга!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.