НҮБ-ын тэргүүн цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюул дахин нүүрлэж байгаад түгшиж байна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш, хүн төрөлхтнийг устгах аюултай цөмийн зэвсгээр хөөцөлдөх байдал олон улсад нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэж болзошгүй гэсэн Умард Солонгосын мэдэгдэлтэй холбоотойгоор НҮБ-ын тэргүүн байр сууриа илэрхийлжээ.

Цөмийн зэвсэгтэй улс орнууд ийм зэвсгийн нөөцөө өргөжүүлж, шинэчилж байгаа нөхцөлд НҮБ-ын тэргүүн цөмийн зэвсэглэлийг хорогдуулах, бүр цаашлаад устгаж үгүй болгох хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг НҮБ-аас олон улсад хандаж уриаллаа. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил тутмын чуулганы хаалтын өдөр ийм мэдэгдэл хийжээ.

Антонио Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Зэвсгээр хөөцөлдөх шинэ түгшүүртэй аян дахин бүрэлдэж байна. Сүүлийн хэдэн арван жилд анх удаа цөмийн зэвсгийн тоо нэмэгдэж магадгүй боллоо. Ямар ч үед, хаана ч бай, ямар ч нөхцөл шалтгаантай байсан цөмийн зэвсгийг хэрэглэх нь хэмжээлшгүй өргөн хүрээний хүмүүнлэгийн сүйрэл дагуулна" гэж ярилаа.

ОХУ, АНУ хоёр дэлхий дээр хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй, дээрээс нь Хятадынх бас эрчимтэй нэмэгдэж байна. Умард Солонгос мөн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж удаа дараагийн пуужингийн туршилт явуулан дэлхий дахинд аюул заналхийлсээр байна. Стокхолмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгээс энэ оны 6-р сард мэдээлснээр, өнгөрөгч 2022 онд цөмийн зэвсэгтэй гүрнүүд тэр дундаа Хятад улс гурав дахь жилдээ дараалан цөмийн зэвсгийн нөөцөд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.

Их Британи, Хятад, Франц, Энэтхэг, Израил, Умард Солонгос, Пакистан, Орос, АНУ гэсэн цөмийн гүрнүүдэд агуулагдаж байгаа цөмийн цэнэгт хошууны нийт тоо өмнөх жилтэй нь харьцуулахад 1,6 орчим хувиар буурч 12,512-т хүрсэн боловч зэвсэг хорогдох чиг хандлага мөд эргэж магадгүй байгааг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэн мөн мэдэгдсэн байна.

Задалж буулгах цөмийн цэнэгт хошууг оруулахгүйгээр ашиглахад бэлэнг нь тооцвол тоо нь үндсэндээ өссөн дүнтэй байгааг тус хүрээлэн мөн дурджээ. Өсөлт үндсэндээ Хятад дээр гарч, цөмийн хошууны тоо нь 350-410 болж нэмэгдсэн байна.

Гутерриш дэлхийн улс орнуудыг “ямар ч нөхцөлд” цөмийн зэвсэг үл хэрэглэх үүрэг хүлээхийг уриаллаа. Мөн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хориглох гэрээг идэвхжүүлж бататгахад уриалж байна. 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан боловч хэд хэдэн гол улс нэгдээгүй шалтгаанаар одоо хэр хүчин төгөлдөр болоогүй байгаа Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай Гэрээг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа НҮБ-ын тэргүүн мөн чухалчиллаа. “Цөмийн зэвсгийн бараан сүүдэр дэлхий дээр хэтэрхий удаан нүүгэлтэж байна. Сүйрлийн ангалаас гэдрэг ухарцгаая” гэж Гутерриш уриалсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.