Улс төр судлаач О.Төгөлдөр: Жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай

Aдмин / Улстөр

Хуульч, улс төр судлаач О.Төгөлдөртэй Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126-д хүргэсэн. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хуульч өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж байгаа. Хуульч хүний хувьд энэхүү өөрчлөлтийг ямар байдлаар харж байна вэ?

-Юуны өмнө гишүүдийн тоог нэмэгдүүлсэнийг хуульч, улс төр судлаач хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Энэ бол парламентыг чадавхжуулах, нэг улстөрчид оногдох эрх мэдлийн төвлөрлийг задлах эрх зүйн том алхам хийгдсэн гэж үздэг. Үүнийг дагасан өөрчлөлт ирэх жилээс бодитой мэдрэгдэж эхэлнэ. Мэдээж гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн учраас үйл явцын дунд алдаатай, дутагдалтай олон асуудал гарч ирж магадгүй. Тэр бүхнийг тухай бүрд нь засаад явах эрх нь УИХ-д бий. Хоёрдугаарт, шинэчлэгдсэн Сонгуулийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсний дараа дагалдах журмыг баталдаг хуультай. Журам гэдэг бол тухайн хуулийг амь оруулагч эрх зүйн акт. Тиймээс батлагдсан хууль хэр бодитой орших вэ, амьдрал дээр ямар байдлаар хэрэгжих вэ гэдэг нь дагалдан гарах журмаас тодорхой харагдана. Одоогоор Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн ерөнхий агуулгаар шинэчилсэн. Холимог тогтолцоо дундаа яг ямар хэлбэрийг нь сонгож явах вэ гэдэг нь харин чухал асуудал.

-Сонгуулийн хууль ирэх оноос хэрэгжинэ гэж байна. Мэдээж дагалдах хууль, журам яаж гарч ирэхийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа ирэх сонгуулийг том тойргоор явуулбал хэнд ашигтай, үр дүн нь яаж гарах бол гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа улстөрчдийн хамгийн их анхаарч буй зүйл бол олныг төлөөлөх 78 гишүүнийг тойргоос сонгохдоо том, жижиг мажоритар хувилбарын аль замаар нь явуулах вэ гэдэг асуулт байгаа юм. Тэгэхээр 2020 оны сонгуульд ашигласан томсгосон мажоритар хувилбарыг сонгох нь зүйтэй гэж ихэнх судлаачид үзэж байгаа юм билээ. Энэ нь юу гэхээр дахин сонгогдох боломжоо тасралтгүй эрэлхийлж яваа одоогийн УИХ-ын гишүүд жижиг мажоритар хэлбэрээр 78 тойрогт хүч үзэх санаатай байгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд тойргоо хангалттай “усалчихсан”, тойргийн сонгогчдодоо харьцангуй танил дүрийг бүтээчихсэн шүү дээ. Нэг ёсондоо жижиг тойрогт мөнгөөр “зодох” сонирхол, боломж өнөөгийн улстөрчдөд, тэр дундаа эрх баригчдад их байна.. Өөрөөр хэлбэл, жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай. Намын нэр, намын даргын нэр хүнд гэхээс илүүтэй жалга, жалгандаа үзэлцэх нь МАН шиг “хөл” сайтай нам хамаагүй бага хохирно гэж судлаач хүнийхээ хувьд харж байгаа. Гэхдээ аль хувилбараар явах вэ гэдгийг одоохондоо эрх баригчид зарлахгүй. Он гараад, сонгууль нэлээд дөхүүлж байж зарлах байх. Энэ нь эрх баригчдад илүү ашигтай.

-Эрх баригчдын хувьд жижиг тойргийг илүү сонирхоно гэлээ. Тэгвэл бусад намуудын хувьд жижиг тойрог ашигтай гэж харж байна уу?

-Сая хэллээ, жижиг тойрогоор явах нь мөнгөтэй, тойргоо сайн усалдаг улстөрчдөд илүү ашигтай. Тэгвэл тойргоо хамгийн сайн усалж байгаа гишүүд, улстөрчид нь хэн бэ. Аль нам бэ гэдэг нь тодорхой. Мөнгөтэй улстөрчид нь хэн бэ гэдгийг ч ард түмэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Тиймээс жижиг тойргоор явбал мэдээж бусад улс төрийн хүчнүүдэд болон бие даагчдад төдийлөн ашигтай биш болов уу. Тэд том тойрогт нэр хүнд, мэдлэг боловсролоо өмнөө тавьж өрсөлдөх сонирхолтой байгаа. Гэвч уг асуудлыг Монголын хоёр том нам өөрт аль болох ашигтай хувилбараар шийдэх нь тодорхой биз. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө буюу 2019 онд өөр байр суурь илэрхийлж байсан.

-Ямар байр суурь вэ?

-Тэд ирэх сонгуулийг томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбарыг дэвшүүллээ гэж байсан шүү дээ. Угтаа эл хувилбар мөнгө тараах, “царцааны нүүдэл” ашиглах боломжийг багасгах учраас иргэдэд таалагдана. Гэвч МАН-д энэ нь ашиггүй гэдгээ тэд одоо ухаарсан байх.

-Сонгуулийн томсгосон нэг тойрог гэхээр 2008 онд сонгууль явуулсан хувилбар биз дээ?

-Тэр үед буюу 2008 онд сонгууль зохион байгуулсан томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбар л даа. Сонгуулийг аль болох томсгосон тойргийн хэлбэрээр зохион байгуулж, сонгогчид лидер болсон улстөрчдийг сонгох, сонгогдсон хүн нь иргэдээ бүрэн төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ер нь Монгол Улсын хөгжилд бүсчилсэн бодлого зохимжтой гэдгийг судлаачид бид удаа дараа ярьдаг. Тиймээс ойрын хугацаанд бүсчилсэн тойргийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Томсгосон болон жижигчилсэн тойргийн ялгааг манай сайн ойлгохгүй хүн цөөнгүй байгаа болов уу. Та үүнд хуульч хүнийхээ хувьд тайлбар хэлэхгүй юу?

-Үндсэн хуульд ард түмэн төрөө шууд сонгож байгуулна гэж заасан байдаг. Энэ нь иргэд төрийнхөө түшээдээр хэнийг сонгох вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Тиймээс сонгуульд мажоратори тогтолцоо нэвтэрсэн. Энэхүү тогтолцоо нь сонгогч нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хэнийг дэмжих вэ гэдгээ ямар нэг зуучлагч, намын оролцоогүйгээр шууд илэрхийлж, дэмжинэ гэсэн санаа. Томсгосон тойрог гэдэг нь нэг дүүргийг, эсвэл нэг аймгийг бүтнээр нь нэг тойрог гэж үзээд мандатын тоотой тэнцэх хүнийг дугуйлахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай учраас зургаа, Чингэлтэй дүүрэг дундаж учраас дөрвөн хүнийг дугуйлах тойрог юм. Гэхдээ энэ тогтолцоо нь сонгогчдын эрх тэгш байдлыг үгүйсгэж байна гэж үзсэн. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн иргэд зургаан хүний төлөө санал өгч, төлөөллөө сонгож байхад, Говь-Алтай гэх мэт цөөн мандаттай аймгийнхан зөвхөн нэг хүний төлөө санал өгч, УИХ-д нэгхэн төлөөлөлтэй болох нь шударга бус гэж үздэг тал байна. Тэр ч утгаараа өнгөрсөн 2020 оны сонгууль явуулахдаа улс орныг 76 жижиг тойрогт хувааж, нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох хувилбар гаргасан. Энэ хоёр тогтолцооны аль алинд нь сайн болон сөрөг тал бий. Ер нь сонгуулийн тогтолцоо бүрд сайн болон сөрөг тал гэж байдаг. Сайн нь гэвэл, сонгогч хэнийг дэмжих вэ гэдгээ тухайн нэр дэвшүүлсэн нам, мөрийн хөтөлбөр, хувь хүний боловсрол, цаашлаад удам судрыг нь харж сонгох бололцоо олгодог. Харин сөрөг тал нь, танил тал, хөрөнгө мөнгө тараах хэлбэрээр сонгогчдын санал худалдан авч, тойргууд хувьчлагдах үзэгдэл жижиг тойрог дээр гардаг. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүс сонгуульд ялах бололцоог нээж өгсөн. Үүнээс болж өнөөдрийн завхралын үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Тиймээс одоо сонгуулийг томсгосон тойргоор явуулах шаардлагатай.

-126 гишүүний 78-ыг нь мажораториар харин 48-ыг нь пропорционалиар гаргаж ирнэ. Ингэхдээ 48-ыг хаалттай эсвэл нээлттэй явуулна гэж байгаа. Аль хувилбар нь илүү дээр вэ?

-Намын жагсаалтыг нээлттэй байх уу, хаалттай байлгах уу гэдэг хувилбараа сонгуулийн хуульдаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байхад хуулийн төслийн ажлын хэсэг дээр хаалттай хувилбараар жагсаалтын асуудлыг шийдэхээр ярьж байсан. Ингэхдээ хаалттай жагсаалтад багтаж байгаа 48 нэр дэвшигчээ нийтэд эрт зарлаж, ил болгох хувилбар яригдаж байсан л даа. Ингэснээр сонгогчид эртнээс мэдээлэлтэй болж, нэр дэвшигчдийг жагсаалтад анализ хийсний дүнд хүмүүст нь тулгуурлаж нам дугуйлах боломжтой гэж үзсэн. Намуудын авсан саналын хувийг нь босго оноотой нь уялдуулан хувь тэнцүүлж суудал хуваарилна. Эсэргээрээ нээлттэй жагсаалтыг сонгож болно. Гэхдээ нээлтэй жагсаалт нь сонгогчдын санал өгөх хугацаа сунаж, сонгуулийн ирцтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Мөн саналын хуудсанд маш олон тэмдэглэгээ хийх тул энэ хэрээр хүчингүй саналын хуудас маш их гарах эрсдэлтэй. Энэ бол бодит эрсдэл. Манайхан нэг хүн дугуйлах гэж будилдаг. Гэтэл 2-оос дээш хүн бүрийг дугуйлна гэхээр хүчингүй саналын хуудас 10-аас зургаа болох нь энүүхэнд болов уу. Тиймээс хаалттай жагсаалт гаргаад, жагсаалтад багтсан хүмүүсээ эрт зарлах хувилбараар явуулах нь төсөв, цаг, ирцийн хувьд илүү ашигтай.

-Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн 30 хувийг дуустал эрэгтэй, эмэгтэй гэж дараалуулж бичнэ гэдэг заалтыг оруулж өгөх ёстой гэж яриад байгаа. Намууд үнэхээр жагсаалтаа хүйсээр сөөлжүүлэн бичих үү?

-Сонгуулийн хуульд намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг 1:1 гэсэн байдлаар тусгах дээр ихэнх судлаачид, хууль санаачлагчид, ажлын хэсгийнхэн санал нэгдэж байсан. Ингэснээр намын жагсаалтад эмэгтэйчүүдийн эзлэх хувийнхаа дагуу эрэмбэлэгдэхдээ нэг эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч гэсэн байдлаар бичигдэнэ гэсэн үг. Тиймээс дараагийн парламентад урд нь байгаагүй олон эмэгтэй гишүүд орж ирэх нөхцөл бүрдэх боломжтой гэж харж байгаа.

Парламент бол нийгмийн бүлэг, сегмент, газар нутгийн төлөөллийг бүрэн хангах учиртай. Одоогийн харьцаагаар бол 17 хувийг нь л эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол тэгш оролцоо, тэгш төлөөлөл огтоос биш. Мөн эцэст нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлуудыг нэг тийш болгосноор Сонгуулийн хууль бүрэн зургаараа бэлэн болж, ирэх оны гуравдугаар сар гэхэд эцэслэгдэх болов уу.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-02 10:02:43

бусадаас нэр дэвшүүлсэн хүнийг сонгомооргүй байнаа. сонгох хүн ч алга.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.