Ж.Байден: Ши Жиньпинтэй хийсэн хэлэлцээнд “бодитой ахиц дэвшил” гарсан
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын цэрэг армийн хооронд шууд харилцах холбоог сэргээж, мансууруулах бодисын эсрэг хамтран ажиллахаар тохиролцсон нь сүүлийн нэг жилийн хугацаанд болсон анхны нүүр тулсан хэлэлцээний хоёр томоохон үр дүн байлаа.
Ж.Байден, Ши Жиньпин нар Сан-Франциско хотын захад дөрвөн цаг орчмын хугацаанд уулзаж, АНУ-Хятадын харилцаа хурцдахад нөлөөлсөн асуудлуудыг хөнджээ. Бээжингийн мэдээлснээр, Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимын даргын албыг хашиж байх хугацаандаа буюу 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа тасарсан цэрэг армийн шууд харилцах холбоог сэргээхээр хоёр удирдагч тохиролцсон байна.
Ж.Байден хоёр улсын цэрэг арми хоорондын яриа хэлэлцээг албан ёсны болгохыг хүссэн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хятадын Батлан хамгаалахын сайдыг томилогдсоны дараа түүнтэй уулзана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ болон БНХАУ-ын цэргийнхний харилцаа хэд хэдэн удаа хурцдах шахаж, ширүүн маргаантай байсаар ирсэн юм.
Ж.Байден, Ши Жиньпин нар АНУ-д мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх гол шалтгаан болох опиоид фентанилын эх үүсвэрийг устгахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон гэж АНУ-ын тал мэдэгджээ. Үүний дагуу Хятад улс фентанилын прекурсор үйлдвэрлэдэг тодорхой химийн компаниудыг мөрдөн шалгана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Хятад улс ойрын жилүүдэд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй гэж Ши Жиньпин Ж.Байденыг тайвшруулахыг хичээсэн бол Ж.Байдены зүгээс, Тайванийн сонгуулийн үйл явцыг хүндэтгэхийг Хятадаас хүссэн гэж албаны төлөөлөгч хэлжээ.
Ж.Байден Хятадын удирдагчийг Сан-Франциско хотоос өмнө зүгт 48 км-ийн зайд орших Филоли эдлэндээ угтан авч уулзсан бөгөөд тэд дараа нь Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ чуулга уулзалт болох газар руу явна.
Ж.Байден хэлсэн үгэндээ, АНУ, Хятадын өрсөлдөөнийг “зөрчил мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг” баталгаажуулж, харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулах ёстой гэдгийг онцолжээ. Тэрбээр мөн уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодистой тэмцэх, хиймэл оюун ухаан зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдлаа.
Өглөөний яриа хэлэлцээний дараа Ши Жиньпинтэй үдийн зоог барихын өмнө Ж.Байден олон нийтийн сүлжээний X хуудсандаа "талууд бие биенээ ойлгох нь чухал, хамтран манлайлахыг бидний зүгээс шаардаж буй дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтууд олон байна. Түүнчлэн өнөөдөр бид бодит ахиц дэвшилд хүрлээ" хэмээн бичжээ.Хоёр орны удирдагчид дөрвөн цаг орчим үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа үдийн зоог барьж, түүний дараа цэцэрлэгт хүрээлэнгээр хамт алхжээ. Ж.Байденаас яриа хэлэлцээ хэрхэн өрнөж байгааг асуухад сэтгүүлчид рүү гараа даллан эрхий хуруугаа гозойлгоод “сайн” хэмээн хэлжээ.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид “хоёр талын болон дэлхий нийтийг хамарсан олон асуудлаар илэн далангүй, ажил хэрэгч хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнтэй асуудлаар санал солилцсон” байна.
Ши Жиньпин хэлэлцээ эхлэх үеэр Ж.Байденд хандан, Бали арал дээр жилийн өмнө хийсэн сүүлчийн уулзалтаас хойш маш олон үйл явдал тохиосныг онцлоод, дэлхий нийт “COVID-19” цар тахлын ард гарсан хэдий ч түүний асар их нөлөөнд автсан хэвээр байна. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа хэдий ч эрч нь сул хэвээр байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр АНУ-Хятадын харилцааг “дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа” хэмээн тодорхойлоод, миний бие Ж.Байдены хамтаар “хоёр орны ард түмэн, дэлхий дахин, түүхийн өмнө хүнд үүрэг хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна. “Хятад, АНУ гэсэн хоёр том гүрний хувьд бие биеэсээ нүүр буруулах нь зөв зохистой сонголт биш. Нэг тал нөгөө талаа өөрчлөх гэх нь боломжгүй зүйл бөгөөд зөрчилдөөн, сөргөлдөөн нь тэвчихийн аргагүй үр дагаварт хүргэж байна” хэмээн Хятадын удирдагч нэмж хэлжээ.
Хоёр орны удирдагчид санал зөрөлдөөнийг багасгахыг арга замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд үүнд нэлээд хугацаа шаардлагатай байж магадгүй юм. Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сул байгаа, мөн Бээжин хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай, АНУ-ыг холбоотнуудаас нь холдуулж буй Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед 21 орныг эгнээндээ нэгтгэсэн АПЕК-ийн удирдагчид Сан-Францискод хуран чуулах гэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл