Сайд бүрийн "тансаглах" 80 тэрбум ба МАН-ын ээлжит золиос
УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Өөрөөр хэлбэл, хэт тэлсэн, түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсвийг яаран баталсан. Бүр гишүүдийн саналыг тоолдог кноп ажиллахгүй шалтгаанаар нэгэн зэрэг гарыг нь өргүүлж байгаад санасандаа хүрсэн гэхэд хилсдэхгүй.
Эрх баригч намд нэг асуудлыг шийдэхдээ нөгөөг зольдог хорон тактик бий. Тэд Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг ногоон гэрлээр батлахын тулд түүнийгээ ч ашиглажээ.
Төсвийн төсөлд 18.3 тэрбум төгрөгийг ваучер буюу “Соёлын эрхийн бичиг” олгоход зарцуулахаар тусгасан нь маш их шүүмжлэл дагуулж, нийгмийн сүлжээгээр сайдыг нь “адгийн шаар” болгож “ялласан”. Үнэн хэрэгтээ энэ нь цаанаа учиртай байж.
УИХ өнгөрсөн жил дээрх ваучерыг олгох асуудлыг хэлэлцэж баталсан. Тухайн үедээ маш их шүүмжлэл дагуулсан билээ. Ч.Номин сайд “Энэ бол соёлын үйлчилгээ. Заавал үзмэр, музей үзэх билетийн асуудал биш юм” гэж тайлбарлаж байв.
Нийгмийн талцуулж, шуугиан дэгдээсэн “Соёлын эрхийн бичиг” нь нөгөө талдаа залуучуудын буюу 15 наснаас дээш иргэдийн хөгжлийн асуудал аж. Хэрвээ хөгжлийн үйлчилгээнүүдийг заавал мөнгөө төлж хамрагд гэвэл боломжтой айлын хүүхдүүд л хамрагддаг. Үүнийг бодлогоор дэмжиж, хүүхдүүдээ үйлчилгээнд хамруулах нь зүйтэйг ч салбарын сайд хэлж байсан. Асуудлын гол нь 30 гаруй их наядын төсөв дотор 18 тэрбумыг шүүмжлээд байхаас илүүтэй цаана чинь тэрнээс аймаар төсөв маш олон. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх гээд 1.8 их наядын асуудал байгаа юм.
2023 оны төсөв дээр 800 гаруй тэрбум төгрөг байсан бол хоёрхон жилийн дотор хоёр дахин өсөөд ороод ирсэн. Энэ нь нэг сайдад оногдох 80 орчим тэрбум төгрөгийн асуудал. Өөрөөр хэлбэл сайд бүрийн гарын үсгээр гарч, зөвлөгөө өгөх, хурал зөвлөгөөн зохион байгуулах, хэвлэлийн гэрээ хийх, өөрийн тойрогтоо зарцуулах “тансаглал”-ын мөнгө. Энэ 80 орчим тэрбум төгрөгийг авч үлдэхийн тулд Ч.Номинг энэ удаа “золиг”-т гаргажээ.
Ер нь төсөв хэлэлцэх бүрт бүх сенсаацийг нэг асуудал руу “овоолж”, бусад сайд нар нь төсвөө авч гардаг аргатай. 1.8 их наяд, 18 тэрбум гээд бодъё. Аравны нэг нь 180 тэрбум төгрөг. Зууны нэг нь бидний зөв үү, буруу юу гэж хэлэлцсэн, хүүхдүүдэд зарах мөнгө. 18 тэрбум төгрөг бага биш ч Монгол Улсын 1.3 сая хүүхдэд хуваагаад аваад үзвэл бага мөнгө юм.
Монгол Улсад Хүүхэд хамгааллын төсөв гэж бий. Монголын хүүхдүүд дотор хамгааллын шаардлагатайгаас гадна хөгжил шаардлагатай хүүхдүүд бас байдаг. Манай хүүхдийн байгууллагын “Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг, Хамгаалагдсан хүүхэд хөгдөг” гэсэн уриатай. Энэ хүүхдүүд хөгжиж чадвал бас хамгаалагдах юм. Иймд хөгжлийн үйлчилгээг ч бид нэгдүгээрт тавих ёстой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр өмнө нь хийсэн судалгаанаас харахад нийт хүүхдийн бараг 80 хувь нь сургуулиасаа гадна хөгжлийн нэмэлт үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Дээхнэ үед сургуулиуд дээр дууны, хөгжмийн, бүжгийн гээд дугуйлан, секцүүд тасралтгүй хичээллэдэг байсан. Үр дүнд нь хүүхэд бүр хүссэн чиглэлээрээ, тухайлбал, ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож чаддаг болоод, арван жилээ төгсөж байв. Америк болон бусад оронд бараг албан хүчээр хүүхэд болгон хөгжмийн зэмсэг эзэмшсэн байх ёстой, хүүхэд болгон спортын ямар нэгэн төрлийн хоббитой байх ёстой гээд, олон төрлийн спортоор хичээллүүлдэг жишиг бий. Улмаар түүнийг нь насан туршийн хобби болгож, хөгжүүлээд, эрүүл амьдрах хэв маягтай болох ёстой гэж үздэг юм билээ.
Монголд өнөөдөр тийм биш. Боломжтой, илүү завтай, ээж аав нь мөнгө төгрөгийг нь төлж чаддаг айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Нэг дугуйлангийн төлбөр 200-400 гаруй мянга гээд бодохоор, 3-4 хүүхэдтэй айл 300 гаруй төгрөгөөр хүүхдээ дугуйланд хамруулж чадахгүй. Гурван хүүхдээ хамруулъя гэвэл нэг сая төгрөг болно. Бидний хүүхдүүд ийм л нөхцөлд сурч хүмүүжиж байна. Иймд ирэх сард хэлэлцэх төсвийн тодотголоор сайд бүрийн “тансаглах” 80 тэрбум төгрөгийн асуудалд илүү нухацтай хандах нь чухал юм.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-11-14 09:22:19
жагсаад буулгаад л шоронд чихээд байвал малууд ингэж даврахгүй шүү дээ.
Зочин [103.212.117.89] 2024-11-12 10:11:27
Төсвийн тодотгол хэлэлцэхээс өмнө УИХ дэгийн тухай хулдаа ҮХ-ийн дагуу өөрчлөлт оруулж Засгийн газрын дээр УИХ байгааг харуулах хэрэгтэй. Лоби хийсэн сайдыг шууд огцруулдаг байх
Зочин [202.126.89.245] 2024-11-12 09:04:59
Иргэд өөрсдөө сонгочхоод эцэст нь ингэж үйлээ үзэж байна