Францын Парламент Ерөнхий сайдаа огцрууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Франц улсын Парламентад өчигдөр санал хураалт явуулж, Ерөнхий сайд 73 настай Мишель Барниерыг огцруулахаар боллоо. Парламентын зүүн болон баруун жигүүрийн улс төрчид Барниерын санал хураалтгүйгээр батлуулах гэж оролдсон ирэх оны төсвийн төслийг дэмжихээс татгалзаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг шийдвэрлэх санал хураалт явуулсан байна.

Зүүн болон баруун жигүүрийн улс төрчид Барниерыг огцруулж, төсвийн төслийг буцаахын тулд Парламентын 288 гишүүний саналыг авах ёстой байсан. Санал хураалтын дүнд 331 гишүүн Барниерыг дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр Ерөнхий сайд огцрох болж байна.

Франц улсын улс төрийн түүхэнд 1962 оноос хойш 60 жилийн түүхэнд Парламентын санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулж байсан тохиолдол гараагүй. Мөн Мишель Барниер тус улсын түүхэн дэх хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн улс төрч болж байна.

Өнгөрсөн жил Франц улсад ээлжит бус завсрын сонгуулийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон зарлаж явуулсан. Тус сонгуулиар баруун, зүүн болон төвийг сахисан бүлэглэл намуудын аль нь хангалттай санал авч чадаагүй. Улмаар Макрон есдүгээр сард төвийг сахисан жигүүрийн улс төрч Барниерыг Ерөнхий сайдад томилсон юм. Ерөнхий сайдын үүргийг хүлээж авснаасаа хойш Барниер ердөө гурван сар хүрэхгүй хугацааны дараа огцорч байна.

Макрон одоогоор Саудын Араб улсад төрийн айлчлал хийж байгаа. Тэрээр айлчлалаас эргэж ирсэн даруйдаа буюу пүрэв гарагийн орой 20:00 цагт улс төрийн нөхцөл байдлын талаар улс орон даяар мэдэгдэл хийхийг Ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ.

Францын хуулиар завсрын сонгууль явуулснаас хойш хамгийн багадаа жилийн дараа дахин ээлжит бус сонгуулийн товыг зарлах ёстой. Тиймээс ирэх жилийн долоодугаар сар хүртэл дахин сонгууль явуулах боломжгүй. Макрон нэн даруй дараагийн Ерөнхий сайдыг нэрлэх ёстой болж байна.

Учир нь, энэ амралтын өдрүүдэд Франц улсын түүх соёлын өв, дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй, аялал жуулчлалын гол төв алдарт Дарь Эхийн сүмийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн арга хэмжээнд дэлхийн олон орны нэр нөлөө бүхий удирдагчид, нэн ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп уригдан ирэх юм.

Нөгөөтэйгүүр 2025 оны төсвийг батлах эцсийн хугацаа болоход ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн. Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр гэхэд төсвийн төслийг батлах хэрэгтэй. Хэрвээ Засгийн газар төсвөө батлуулж чадахгүй бол “Төсвийн тасралтгүй байдлын тухай хууль”-аар зохицуулагдаж, татвараа үргэлжлүүлэн хурааж, цалингаа тавих зэргээр 2024 оны түвшинд зардлыг барина.

Ерөнхийлөгч Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Барниер Засгийн газрын тэргүүний үүргийг түр орлож гүйцэтгэнэ. Парламентад санал хураалт явуулахаас өмнө Барниер санал хураалтаас айгаад байх зүйлгүй, гол нь Ерөнхий сайд огцорлоо гээд Францын өрийн хямрал шийдэгдэхгүй, харин ч улам дордох болно гэдгийг хэлсэн байна.

Барниерыг анх Ерөнхий сайдад томилогдоход зүүнтний Шинэ Ардын Фронт намын удирдагчид, мөн хэт барууны үзэл баримтлалтай Үндэсний Ралли намын дарга Марин Ле Пен зэрэг улс төрчид дургүйцэж байсан.

Барниерыг огцруулж төсвийг баталж чадаагүй нөхцөл байдал нь Макроныг огцруулах хүсэлтэй хүмүүст өгөөш болж, магадгүй Макрон үүнээс зайлсхийхийн тулд Ле Пен зэрэг улс төрчдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж болзошгүй гэж ажиглагчид харж байна.

Барниер ирэх жилийн төсвийг 60 тэрбум еврод багтаах гэж оролдсон. Гэвч энэ нь Франц улсад хэт хохиролтой, хортой төсөв гэж Ле Пен эсэргүүцсэн. Барниер уг төсөвт татварыг нэмж, зардлыг танаснаар ирэх жил улсын төсвийн алдагдлыг таван хувиар бууруулна гэж тооцоолсон байна. Гэвч тэтгэврийг нэмэх асуудлыг инфляцтай уялдуулан хойшлуулахаар төсөвт тусгасан нь сөрөг хүчний намуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.

Барниер өөрийнхөө санаачилсан төсвийг Франц улс эдийн засгийнхаа бодит нөхцөл байдал, өрийн хямралтай нүүр тулахаас өөр аргагүй болсон гэж хамгаалсан. Франц улсын өрийн хэмжээ Грекийнхээс давсан. ДНБ-ий 111 хувьд хүрч байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдоогүй үзэгдэл юм.

Энэ нь ковид-19 цар тахлын дараа эдийн засгийг сэргээх бодлого, Орос-Украины дайн эхэлснээс хойш эрчим хүчний салбар дахь хямралыг даван туулахын тулд төр их хэмжээний зардал гаргасантай холбоотой гэж дүгнэсэн.


Сэтгэгдэл

Зочин [15.235.216.113] 2024-12-06 00:29:01

Манай улсад хэрэгтэй туршлага байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.