Л.Гантөмөр: Экспортоо нэмэгдүүлэх ажил хийж чадахгүй бол орлого алдагдана

Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр (2025.02.24) мэдээлэл хийв. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэнэ гэж харж байсан, оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Нэрлэсэн дүнгээрээ эдийн засаг 80 их наядад хүрсэн. Нэг хүнд оногдож байгаа ДНБ 6890 ам.долларт хүрсэн. 6800 ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларm хүргэх зорилго руу алхаж чадсан жил байлаа. Эдийн засгийг чирж байгаа салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан. Гол эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт 5 тонноор бага гарсан.
Алт олборлолтыг 17 тоннд хүргэх зорилт тавьсан байсан хүрээгүй, 12.6 тонноор хязгаарлагдсан. Сүүлийн үед Засгийн газар дээр алт олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, төв банк хэрхэн худалдан авах талаар ярьж байна.
Мөн өнгөрсөн онд 28.7 хувиар хөдөө аж ахуйн салбар унасан. 9.4 сая мал хорогдсон. Боловсруулах үйлдвэр ахицгүй байсан, үйлдвэржүүлэх бодлого дээр онцгой анхаарахгүй бол гурилын импортыг нээснээр дотоодын гурилын үлйдвэрлэл буурсан.
Эрчим хүчний салбарт өсөлт байсан, 5.2 хувьтай. Өнгөрсөн жилийг ерөнхий дүнгээрээ 5.6 тэрбум ам.долларын нөөцтэйгээр давсан, эдийн засаг 4.9 хувьтай өссөн. Валют олж байгаа хэсэг өсөлтөө авч чадсан.
Энэ жилийн хоёр сарын байдлаар экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч үнэ огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс 11 хувийн уналттай явж байна. Хятад улс цагаан сарыг урт хугацаанд тэмдэглэсэн. Баярын амралтын хугацаа нь 15 хоног үргэлжилсэн, үүнээс 7 хоногт худалдан авалт хийгээгүй хил гаалиа амраасан.
Нөгөө талдаа сайн мэдээ нь зэсийн баяжмал өндөр өсөлттэй байгаа. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ эрс нэмэгдэж байна.
Оюутолгойн талбай дээр өнөөдөр 200 сая ам.долларын зэс байна. Экспорт 11 хувиар унасан харагдаж байгаа ч Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортлох юм бол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг саад тотгоргүйгээр гаргах асуудлыг шийдэх ёстой.
Төмрийн хүдрийн худалдаа идэвхжиж байна, бирж дээр арилжаа нэмэгдэж байна, экспорт ч цаашаа нэмэгдэх төлөвтэй байна. Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна. Татварын маргаан болон бусад асуудлаа ойлгомжтой шийдэхгүй бол газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо ч үйлдвэрээ хангах түүхий эд нь хаана байна вэ гэдэг асуудалтай тулна. Хаврын чуулганаар энэ асуудлыг зайлшгүй шийдэх шаардлага байна.
Бирж ямар үед идэвхтэй байна вэ гэхээр түүхий эдийн үнэ өсч байгаа үед идэвхтэй, үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна.
Төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас идэвхтэй байна, 256 мянган тонныг арилжаалж чадсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж байсан, нэг үгээр хэлбэл үнэ өсөлттэй байсан учраас. Тийм учраас урт хугацаанд тогтвортой гэрээнүүд нь гарцаагүй ноёлох юм байна.
Богино хугацааны худалдааг нээлттэй үлдээгээд урт хугацааны гэрээгээр хийх борлуулалт гарцаагүй юм байна гэдгийг өнөөдрийн биржийн нөхцуөл байдал харуулж байна.
Өнгөрсөн жил тохиолдсон том тоо бол импорт дээр гарч ирсэн. Импорт асар ихээр нэмэгдсэн, энэ жил импорт дахиад нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар нэмэжгдсэн байна.
Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдана. Тиймээс импортоо хэрхэн зохицуулах вэ, импорт дээр ямар бодлого барих вэ гэдэг нь сорилт болж байна. Импортыг хамгийн их урамшуулж байгаа юм нь мөнгө. Импорт нэмэгдэж байгаа нь тоо талаасаа сөрөг харагдавч эдийн засгийн идэвхжлийг харуулж байна.
2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа очиж байна.
Хамгийн ноцтой нь банк, банк бус дээр давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Банкнаас зээл авсан, банк бусаас зээл авсан. Энэний өр, авлагын харьцаа 79 хувьд хүрсэн.
Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдарна. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг.
Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр, авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Тэгж байж орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх нөхцөл байдал рүү шилжинэ.
Сүүлийн үед урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй гэдэг сурталчилгаа яваад эхэлсэн. Өр, орлогын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байна.
Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлосон ийм нөхцөл байдал руу шилжиж байна. Тийм учраас санхүүгийн хариуцлага руугаа зөв яваад тавьдаг хуулийнхаа шаардлагыг биелүүлээд явах ёстой.
Валютын нөөц тогтвортой байна, өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Оюутголой дээр хуримтлагдсан 200 сая ам.долларын бараа гарахад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас валютын нөөц тогтвортой, цаашдаа нэмэгдүүлээд явах ётсой.
Өнгөрсөн жилийн импорт доторх сайн мэдээ бол аж үйлдвэрийн салбарын орц нэлээн нэмэгдсэн байсан. Аж үйлдвэрийн салбарт худалдан авсан худалдан авалт энэ жилийн эдийн засгийн эргэлтэд орох хүлээлт байна” гэв.
Тэрбээр нүүрсний үнийн уналтын улмаас төсөв хүндрэх эсэх асуултад хариулахдаа “Энэ оны нэгдүгээр улиралд төсвийн орлого тасарч байгаа юм алга. Чөлөөт үлдэгдэл том байгаа. Сүүлийн хоёр жилд орж ирсэн орлого сайн, бэрхшээл бол байна. Төсөвт 100 ам.доллараар үнийг нь тооцсон байсан нүүрс 70 ам.доллар руу буухаар энд алдагдал гарч байна. Засгийн газрын яамд ажлаа сайн хийх хэрэгтэй.
Экспортоо нэмэгдүүлэх дээр ажил хийх юм бол давж чадна, ажил хийхгүй бол орлого алдагдана. Энэ жил бол амрах жил биш үнэ унаж байгаа учраас илүү сөрж ажиллах ёстой. Бидэнд том худалдан авагч нар бэлэн байна. Тэдэнтэйгээ ойлголцож, нүүрсний биет хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.77] 2025-02-24 17:15:03
өвөл болохоор хүйтэн болдог????