Г.Дамдинням: Татвар төлдөг хэсгийнхээ ачааллыг бууруулах бодлогыг энэ татварын хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлох зорилт тавьсан. Эхний улиралд нүүрсний үнэ тооцоолсноос доошилсон нь төсөвт тусгасан борлуулалтын дүнгээс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт. Улсын эдийн засгийн идэвхжил буурах юм биш байгаа?
-Ер нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлзэж байдаг. Бид сүүлийн хэдэн жилд нүүрсний үнийн өсөлтийн буяныг маш сайхан хүртлээ. Энэ хэрээр сүүлийн дөрвөн жил төсвөө дөрөв дахин томрууллаа. Одоо бид төсвийн зардал талдаа маш ухаалаг, зөв шийдэл хийх ёстой.
Хяналттай ажиллах цаг үе ирчихээд байна. Нүүрсний үнийн уналт бол ойлгомжтой. Үндсэндээ бид бүх олборлосон нүүрсээ БНХАУ-д борлуулдаг. АНУ-ын ерөнхийлөгч Трампын тариф, БНХАУ, АНУ хоёрын хоорондын худалдааны дайнтай холбоотой асуудлаас шалтгаалаад үндсэндээ дэлхийн бүх л улс орон эдийн засгийн төсөөллөө нэлээн хүлээлтийн байдал руу шилжүүлчихлээ. Энэ хэрээр бидний эдийн засгийн идэвхжил суларна гэсэн үг.
Эдийн засгийн идэвхжил сулраад ирэхээр хэрэглээ буурна. Хэрэглээ буурахаар үндсэндээ манайхаас худалдаж авах түүхий эдийн үнэ буурна л гэсэн үг. Дэлхий нэг тийм тогтворгүй нөхцөл байдалтай болоод байна. Энэ хэрээр бид нэлээн болгоомжтой хандах ёстой болоод байна.
-Нүүрсний үнэ буурсаар байвал 83 сая тоннын экспортыг 120 сая болгож нэмэгдүүлсэн ч тээврийн зардал, бусад өртгүүдээс үүдэлтэйгээр нүүрсний үнэ төсөвт суулгасан зорилтот төсөөлөлдөө хүрэхэд хүндрэлтэй болно. Бидэнд нүүрснээс өөр бараа бүтээгдэхүүнээр эдийн засгаа тэтгэх, мөнгө олох боломж байна уу?
-Мөнгө олох эх үүсвэрийн тухайд бид үндсэндээ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдаа маш сайн хамгаалах хэрэгтэй. Ажлын байр бий болгох, татвар төлөгчдөө дэмжих хэрэгтэй байна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдыг маш тогтвортой, аюулгүй, оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаална гэсэн баталгаа өгч, шинээр хөрөнгө оруулалтууд татах, орд газруудыг нээх нь чухал.
Үндсэндээ хайгуулын лицензүүдээ нээх, өнгөт металлын хайгуулаа дэмжих ийм чиглэл рүү л эрс шийдэмгий, хурдтай алхам хийхгүй бол эдийн засгийн хямрал үүсэх аюулын харанга бий болоод ирж байна. Бид энийгээ харах ёстой. Нэгд, мөнгө оруулж ирэх хөрөнгө оруулалтыг татах, хоёрдугаарт, одоо байгаа төсөв мөнгөнийхөө орлого дээр хэмнэлтийн горим руу шилжих тухай асуудал яригдана л гэсэн үг.
-Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд хэвийн, тийм хүнд нөхцөл байдалтай нүүр тулчихаагүй байгаа талаар мэдээлж буй. Харин эдийн засагчид, шинжээчид эдийн засаг хүндрэх нь ээ гэж анхааруулсаар байна. Бидэнд төсвөө тодотгох зайлшгүй шаардлага тулгарах болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сангийн сайд бидэнд мэдээлэл өгөхдөө одоо гайгүй байна л гэж байна лээ. Бид өнөөдөр гадаад худалдаан дээр “шок” авчихаад байна. Өөрөөр хэлбэл, орж ирдэг орлого дээрээ “шок” авч байна гэсэн үг. Энэ богино хугацааных уу, урт хугацааных уу.
Магадгүй АНУ БНХАУ-тай худалдааныхаа гэрээг ойрын хугацаанд гэнэт хийгээд, байдал тогтворжчихвол айх аюулгүй болчихно. Харин энэ хэвээр үргэлжлээд явбал маш эрсдэлтэй байдал руу орно шүү дээ. Яг одоо төсөв тодотгох эсэхийг хэлэх эрсдэлтэй, эргэлзээтэй байна.
Бага хэмжээний эргэлзээ, болгоомжлол, ажиглах ёстой зүйлүүд байгаад байна. Хоёрдугаарт, бид төсвийн тодотгол хийх ёстой бол дэлхий нийтийн нөхцөл байдлыг харж байгаад, том төслүүдээ эрэмбэлээд, түүний дагуу санхүүжүүлээд, гаднаас орж ирэх хөрөнгө оруулагчдаа дэмжих чиглэл рүү л анхаарч байж, хэрэв цохилт орж ирэхээр бол дааж гарах ёстой байдал руу орно. Гэхдээ яах вэ, манай эдийн засаг жижиг.
Нүүрсний үнэ унаад эхэлж байна гэхээр цаана нь төмрийн хүдрийн ханш унана гэсэн үг. Нөгөө талдаа өнгөт металлын үнэ өснө. Бүгдээрээ л критикал менерал гэж ярьж байна. Зэс, алтны үнэ өсөж байна. Гэхдээ манайд алт, зэсний үнэ өсөөд өсөөд нүүрснээс орж ирж байгаа орлогын дутууг нөхөж чадахгүй. Тийм болохоор хэмнэх ёстой.
Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалт оруулж ирэх ёстой. Гуравдугаарт, ороод ирсэн, юм хийчихсэн гаднын болоод дотоодын хөрөнгө оруулагчдаа оролдохгүй байх ёстой. Ийм л зарчим баримтлах ёстой. Тэгж байж бид эдийн засгийн хүндрэлийг давж гарна.
-Хятад гангийн эрэлтээ бууруулах шийдвэр гаргасан. Монгол Улсаас нүүрс авахгүй бол эдийн засаг маань элгээрээ хэвтэх вий гэсэн болгоомжлол хэн хүнд байна. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Хятад улс саяхан эдийн засгийн хурдаа сааруулж байгаа талаараа мэдээлсэн. Манай нийлүүлдэг нүүрсний хэмжээ Хятадын нийт хэрэглээний жаахан хувь шүү дээ. Энэ хүрээнд өнгөрсөн чуулганаар ярьсан, төмөр замын холболтыг хийсэн “Чайна энержи”-тэй байгуулсан гэрээ бидний аминд орно оо.
Ер нь нүүрс, төмөр, төмрийн хүдэр гээд маш их хэмжээний тээвэр ложистик шаарддаг, ихээр нь худалдаалдаг бараа, бүтээгдэхүүнийг олон жилийн мастер гэрээ хийж байж тогтвортой авч гардаг. Юмны үнэ өндөр байх үед бид жаахан шулуулаад байгаа юм шиг харагдана.
Нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан тохиолдолд бид аюулгүй байдалтай байх юм. Өөрөөр хэлбэл, тогтмол үнээр л нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Бас хөдөлгөх индикаторууд байгаа байх. Манайхаас тогтмол авах хэмжээгээ нэг их бууруулахгүй болов уу гэсэн найдлагатай байна.
Би түрүүн хэллээ, БНХАУ-ын хэрэглэдэг нийт нүүрсний хэмжээнд эзлэх Монгол Улсын нүүрсний хэмжээ маш жаахан. Найрсаг хөршийнхөө хувьд бидэнд илүү анхааралтай хандаж, дэмжиж, ойлгож хүлээж авах байх. Нэг зүйлийг тодорхой хэлчихье. Хэмжээг нь харвал, Монгол Улсын экспортолдог зэс, Монгол Улсын экспортын нүүрсгүйгээр Хятад улс ер сөнөчихгүй. Тэгэхээр бид ухаалаг наймаа хийх ёстой гэсэн үг.
-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн төсөл орсон. Танд татварын дарамт мэдрэгдэж байна уу. Таны ойр ажилладаг бизнес эрхлэгчид, ажил олгогчид энэ талаар ямар хүсэлттэй байна вэ. Татварыг яаж бууруулах вэ?
-Ажил олгож, ажил хийж байгаа, татвар төлж буй хэсгийнхээ ачааллыг улам нэмснээс биш татварын бааз суурийг, өөрөөр хэлбэл татвар төлдөггүй, татварт бүртгэгддэггүй хэсэг рүү чиглэсэн бодлого огт хэрэгжсэнгүй. Одоо татвар төлж байгаа хэсгийнхээ ачааллыг бууруулаад, татвар төлөхгүй байгаа далд зах зээлийг ил болгох чиглэлийн бодлогыг л энэ татварын хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой.
Хоёрдугаарт, ажил олгогчид, мөнгө олж ашиг олж байгаа бизнес эрхлэгчдээс авч байгаа орлогын албан татвараа бууруулах хэрэгтэй. Энэ хэрээр татвар төлдөггүй аргалаад, тойроод зугтаагаад байгаа хэсэг чинь татвараа төлөх сонирхолтой болж эхэлнэ.
Далд эдийн засагт байгаа хүмүүсийг татвар төлөх нь өөрсдөд нь ашигтай байдаг хэлбэрт шилжүүлж байж л бид татварын бааз суурийг тэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид анхаарах ёстой, өөрчлөлтүүд хийх ёстой. Хувь хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байна. Энэ нь өөрөө өөрийнхөө тэтгэврийн сан руу л хийж байгаа мөнгө.
Бас байгууллагын төлж байгаа татварыг бууруулах хэрэгтэй. Ингэж байж бизнесийнхний идэвхжлийг нэмэгдүүлэх ёстой. Бизнес эрхлэгчид, ажил олгогчдынхоо санхүүгийн ачааллыг бууруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдээрээ л “Нийгмийн даатгалын шимтгэл маш хүнд байна шүү” гэж ярьж байна. Энийг ярих ёстой. Энэ бол татвар, төрийн орлого гэхээсээ илүүтэй ажлын байр нэмэгдүүлэх бодлого байхгүй юу, явж явж. Энэ рүү л чиглэх ёстой.
-Зарим судлаач шинжээчид цахилгааныг либералчлах ёстой гэсэн байр суурьтай байна. Та санал нийлэх үү?
-Үргүй зардлыг бууруулах ёстой. Хяналтаа тавих ёстой. Тэгэхгүй бол манай Шадар сайд тэргүүтэй нөхдүүд шиг үнэ нэмээд, болчихлоо гэж хайппи царайлаад байж болохгүй. Сая би Исланд улсын газрын дулаанаар ажилладаг, 300 мегаваттын цахилгаан станцад очиж, газрын гүнийг ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой ажлын айлчлал хийгээд ирлээ. 300 мегаваттын цахилгаан станцад хэдэн хүн ажиллаж байна гэж бодож байна?
-Хэд вэ?
-30 хүрэхгүй хүн ажиллаж байна. Бүрэн автоматжсан. Хэрэглээг бүрэн хянаад явж байдаг. Манайд хэдэн хүн ажиллаж байна вэ, хэдэн мянга шүү дээ. Тэгэхээр энэнээс авахуулаад эрчим хүчний хэмнэлттэй, өөрөөр хэлбэл үргүй зардлаа бууруулах чиглэлийн ажлаа давхар үнийн нэмэгдэлтэй оруулж ирэх ёстой. Үнэ нэмэгдэх бол зайлшгүй байсан. Гэхдээ эрчим хүчний салбар өөрөө яаж хэмнэлт гаргах вэ гэдгээ ярих ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр иддэг хоолыг нь нэмээд, хажуугаар нь савируулж асгадаг юмных нь тоог нэмээд байвал ямар ч үр дүн гарахгүй.
Д.ЭРДЭНЭТУЯА
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.34] 2025-03-25 19:35:46
Битгий худлаа **ц, та нар ажилгүй болохооро төсвөөр тэжээлгэнэ гэж донгосоо биз дээ
Зочин [66.181.185.199] 2025-03-25 09:14:58
gaigvi zuv yarichihlaa .
Иргэн [202.21.100.210] 2025-03-25 07:17:54
Нийгмийн даатгалын байгууллага төлдөг хувийг тэглэх ёстой. Хүнийг ажилд авч цалинжуулсны төлөө урдаас нь НДШ-г төлдөг торгуулийн систем яваад байна. 1990-ээд оноос хойш хүнд хэцүү цаг үед байсан тогтолцоо одоо өөрчлөх цаг нь болсон. Байгуулага энэ татварыг төлдөггүй болсон үед хувийн хэвшил цалингаа нэмнэ, үнэн зөв цалингаа мэдүүлнэ, далд эдийн засаг хумигдана. Энэ татвараас болж цалин нэмэхэд НДШ дагаад өсдөг тул маш хүнд байгаа шүү.
ganaa [66.181.166.210] 2025-03-24 15:00:00
niigmiin daatgaliin baiguullagaas tuldug huvi hemjeeg ers buuruulah shaardlagatai baina.
Зочин [66.181.186.213] 2025-03-24 14:13:09
Европид хувь хүний орлогын албан татварын хувь 20 байхад Монголд бага байна.
Зочин [202.21.126.107] 2025-03-25 07:19:15
чи тэр европдоо амьдардаа бас татвараа 20 тэнд төлчих
Зочин [202.131.234.123] 2025-03-24 15:22:53
хуц аа. хол очиж оцгорд