REUTERS: Монгол Улс "Чингис хаан" үндэсний баялгийн сангаар дамжуулан хөгжил, ил тод байдалд хүрэхийг эрмэлзэж байна
Баялаг ихтэй Монгол Улс "Чингис хаан" нэртэй үндэсний баялгийн сангийнхаа удирдлагыг бэхжүүлэх, гадаад зөвлөх ажилд авах, ил тод хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж байна. Энэ нь улсын хөгжлийн зоримог төлөвлөгөөний нэг хэсэг юм.
2024 оны дөрөвдүгээр сард хуулиар байгуулагдсан "Чингис хаан" үндэсний баялгийн сан одоогийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд 2026 оны эхний хагаст хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө бүрэн боловсруулахаар төлөвлөжээ.
Уг сан нь Азийг өргөн хүрээнд байлдан дагуулсан Монголын эзэнт гүрний үндэслэгч Чингис хааны нэрээр нэрлэгдсэн байна.
Монгол Улс баялгаар арвин Азийн болон Персийн булангийн орнуудын жишгийг даган үндэсний баялгийн сан байгуулсан бөгөөд Тайвань, Индонез, АНУ зэрэг улс орнууд ч мөн ойрын хугацаанд ийм сан байгуулах зорилготойгоо зарлаад буй юм.
"Чингис хаан" үндэсний баялгийн сангийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон "Milken Institute Asia Summit" арга хэмжээний үеэр “Энэ санг байгуулах болсон гол зорилго нь уул уурхайн хөрөнгө оруулагчид болон Монголын ард иргэдийн хооронд итгэлцэл бий болгох явдал юм” гэж ярьжээ.
Тэрбээр "Бид 17 жил гаруй хэлэлцүүлэг, үндэсний хэмжээний зөвшилцөл хийсний үндсэн дээр энэхүү санг хуульчлан баталгаажуулж, ил тод, дүрэм журамд суурилсан сан болгох шаардлагатай байсан” гэж хэлсэн байна.
Байгалийн баялгаараа баян ч хүн ам цөөн Монгол Улс сүүлийн үед түүхий эдийн үнийн өсөлтөөс ашиг хүртэж байгаа ч авлигын асуудал байнга сөхөгдсөөр ирсэн. Энэ нь 2025 оны зургадугаар сард өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, Засгийн газар огцроход хүргэсэн гол шалтгаан болсон юм.
Б.Тэмүүлэн "Энэхүү итгэлцэл алдагдсан явдлыг арилгахаар тус сан иргэдэд зориулсан гар утасны аппликейшн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүгээр дамжуулан иргэн бүр “аль салбарт хөрөнгө оруулалт хийгдэж буй, орлогын эх үүсвэр хаанаас бүрдэж байгаа, ямар компаниудад ямар дүнгээр хөрөнгө оруулж байгаа, мөн тухайн иргэн ямар хэмжээний үр ашиг хүртэх боломжтойг” харах боломжтой болно" гэж онцолсон байна.
Чингис хаан сангийн бүтэц нь Сингапурын сангийн бүтэцтэй төстэй гурван тулгуурт тогтолцоотой байх бөгөөд стратегийн хөрөнгө оруулалт, олон нийтийн тэтгэвэр, үндэсний компаниудыг дэмжих чиглэлээр санхүүжилт олгох ажээ.
Цаашид байгуулагдах “Ирээдүйн өв сан” нь уул уурхайн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг гадаад дахь хөрөнгө оруулалтад зарцуулах бол “Хуримтлалын сан” нь төрийн өмчит уул уурхайн компаниудаас олсон ноогдол ашгаар санхүүжих юм байна.
Харин “Хөгжлийн сан” нь түүхий эдийн үнийн өсөлтөд ногдуулсан онцгой татвараар санхүүжиж, дотоодын дэд бүтцийн төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор анхдагч хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэх аж.
Чингис хаан санг Монгол Улсын ашигт малтмалын орд газруудад хувь эзэмшдэг "Эрдэнэс Монгол" төрийн өмчит холдинг компани эзэмшинэ.
Тус сангийн санхүүгийн хяналт, удирдлага нь Сангийн яаманд харьяалагдах бөгөөд Норвегийн 1.9 их наяд ам.долларын хөрөнгө бүхий "Норвегийн төрийн тэтгэврийн сан"-гийн загварыг дууриалган хэрэгжүүлэх зорилготой аж.
Програм хангамжийн салбарт ажиллаж байсан энтрепренер Б.Тэмүүлэн "Одоо бид ирэх жилийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг боловсруулж байна. Мөн ТУЗ-ийн хараат бус захирлуудыг томилохоор ажиллаж байна" хэмээн онцолсон.
Одоогийн байдлаар тус сангийн хөрөнгө оруулалтыг маш болгоомжтой зарцуулж байгаа бөгөөд 2030 он хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн засаглалын зохистой зарчмуудыг бүрэн хангахаар төлөвлөсөн аж.
Тэрээр “Миний үүрэг бол энэ сангийн бат бөх суурийг тавих юм” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.96] 2025-10-02 22:50:56
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг бичиж буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын өрөвдөлтэй дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ Мөн монголчууд Оросуудад ба Хятадуудад дургүй мөртлөө тэдний хэлсэн юманд итгээд байхдаа яадаг юм. Магтаал болгонд итгэдэг мангар монголчууд юм уу?