СУРВАЛЖИЛГА: Хүүхдээ зөв өхөөрдье, эцэг эхчүүд ээ!

Aдмин / Эрүүл мэнд

“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд төсөлд хамрагдаж буй цэцэрлэгийн багш, эмч, өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сэргээн засах буюу хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын тусгай сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгийн эмч оролцож, сэргээн засах тусламж үйлчилгээний ерөнхий ойлголт өгөх, хүүхдийн хөдөлгөөн засал, хэл заслын онол, дадлага хосолсон сургалт сургалт зохион байгуулсан юм.

Энэ нь хөгжлийн хоцрогдолд хүргэдэг дээрх бэрхшээлтэй хүүхдүүдийг бодит байдал дээр үзэж үнэлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, багийн туслалцаа авах, хөдөлмөр засал, хэл заслын тусламж үйлчилгээний ач холбогдлыг ойлгоход дөхөм болж буйг оролцогчид онцолж байлаа.

Түүнчлэн төслийн зорилтот өрхийн эмнэлгүүдэд нийлүүлсэн хүүхдийн хөгжлийн үнэлгээнд ашиглагдах тоглоом, туслах хэрэгслийг хэрхэн ашиглах тал дээр зөвлөмж өгсөн бөгөөд тус сургалтыг нийслэлийн хүүхдийн 10-р тусгай цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч, сэргээн засахын эмч нар удирдан явуулж, цаашдын эмчилгээ, тусламж үйлчилгээг хаанаас, хэрхэн авах талаар зөвлөгөө өгсөн юм.

Хэл засалч Д.Гэрэлмаа хэл ярианы бэрхшээлийн ерөнхий ойлголт, үүсэх шалтгаан, эмгэг, хэл ярианы бэрхшээлийг үнэлэх, арга аргачлал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хооллох арга зүй, аутизмын хүрээний эмгэгийн тухай лекц уншив.

Хөдөлмөр засалч Т.Лхагвасүрэн бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх тухай хөдөлмөр засал эмчилгээний талаар ерөнхий ойлголт өгч, хөдөлгөөн засалч Б.Бямбадэлгэр доод мөчдийн хөдөлгөөн засал эмчилгээний талаар тус туслекц уншсан юм.

-ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОГТМОЛ ТОГЛОЖ, ХАРИЛЦАЖ БАЙГААРАЙ-

Бидний зарим нялх бяцхан үрсээ хэлд орох үед буруу хэлсэн үгсийг нь өхөөрдөн, хэл ярианы бэрхшээлтэй болгодгоо төдийлөн анзаардаггүй. Тухайлбал, абаа, ээдээ, моль гэх мэтчилэн хэлэхийг нь “өөгшүүлж” болдоггүй бөгөөд зөв хэллэг, дуудлагатай болгож сургах нь чухлыг сургагч багш нар онцолж байлаа. Иймд хүүхэдтэйгээ тоглож, байнга харилцаж хэвшээрэй.

Хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийн дэмжлэг үзүүлэхдээ ажиглаж, үнэлж, зурган карт ашиглан, тоглоомын аргаар үгийн нөөцийг нэмэгдүүлдэг байна. Мөн өгүүлэх эрхтний идэвхжүүлэх дасгал ажиллуулж, үлээх, тоглоом ашиглах гэх мэтээр амьсгалын болон хэлний булчин чангалах дасгал хийлгэж байхыг сургалт дээр мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хэрэв таны хүүхэд 4 сартайдаа гунганахгүй, 9 сартайдаа шулганаж ярихгүй, 12 сартайдаа хүүхэд рүү хандан ярих үед инээмсэглэж баярлахгүй бол, 18 сартайд нэрээр нь дуудах үед эргэж харахгүй, ойр дотны хүмүүсийг дуудах үед ойлгож харахгүй, эсвэл бүр нэг үг ч дуудаж хэлэхгүй байвал хэл засалчид хандахыг сургагч багш Д.Гэрэлмаа зөвлөв.

Мөн хүүхэд тань хоёр настайдаа энгийн гуйлтыг биелүүлэхгүй, богино энгийн өгүүлбэрээр ярихгүй байвал, гурван настайдаа хэлсэн үгийг давтан хэлсэн хэдий ч өгүүлбэрээр ярихгүй байвал, 4 настайдаа хүүхдийн хэл яриаг эцэг эхээс өөр хүн ойлгохгүй, үгийг тодорхой бус дууддаг, өгүүлбэр хэлэхгүй, асуулт тавихгүй, дохио зангаагаар илэрхийлж байвал энэ нь хэл засалчид заавал хандах шалтгаан болдог байна.

Дуу авиа хөгжих үе шатны тухайд өгүүлэхэд, амны хөндийн эрхтэнүүд бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг нярай үед хүүхэд дуу авиа гаргадаггүй. Хүүхэд 3-4 сартайд ганганах гэх мэтээр эгшиг авиа гаргадаг бол 6 сартайд аажмаар б, м, л, в гэх мэтээр эгшиг авиа гаргаж эхэлдэг ажээ.

Нэг насандаа хүүхэд аав аа, ээж ээ гэж хэлдэг бол 2-3 настайдаа 3-4 үгтэй өгүүлбэрээр ярьж эхэлдэг бөгөөд 3-4 настайдаа хэн, хаана, юу гэхийг ойлгож, өдөр болгон үйл явдлаа өгүүлбэрээр ярьдаг болдог ажээ.

Хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутамд аливаа зүйлсийг нэрлүүлэх, амьтан, хүнс, хувцас гэх мэт ангиллын дагуу үгсийг тоглоомоор сургах, үгтэй зурагт карт, дүрслэх тоглоом ашиглах хэрэгтэй ажээ.

-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ХЭДИЙЧИНЭЭ ЭРТ ИЛРҮҮЛНЭ
ТӨДИЙЧИНЭЭ ҮР ДҮНТЭЙ-

Нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн хөдөлмөр засалч Т.Лхагвасүрэн:

-Өнөөдрийн сургалт цэцэрлэгийн багш, өрхийн эмч, хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулсан бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх гол зорилготой явагдаж байна. Хамгийн гол нь, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь чухал байдаг.

Үүний тулд эрүүл хүүхдийн хөгжлийн үе шатыг маш сайн мэддэг байж тухайн хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийг оношлоод, дараа дараагийн шатлал, нарийн мэргэжлийн эмчид хандан, оношлогдсоны дараа тухайн хүүхдэд тохирсон хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, эсвэл хэл заслын төв рүү явуулж, аль болох хөгжлийн хоцрогдлоос сэргийлэх зорилготой. Хэдийчинээ эрт илрүүлнэ төдий чинээ хүүхдэд үр дүнтэй гэж үздэг.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ГОЁ ДОЁ, ГОГО ГЭХ МЭТЧИЛЭН ХЭЛҮҮЛЭЭД, ХЭЛ
ЯРИАНЫ ХОЁРДМОЛ БАЙДАЛД ХҮРГЭДЭГ-

Хэл засалч Д.Гэрэлмаа:

-Энэ удаагийн сургалтад би хэл засал эмчилгээний талаар мэдлэг олгож байна. Сүүлийн үед хэл ярианы хоцрогдол, аутизм нэлээн ихэссэнтэй холбоотойгоор энэ сэдвээр багш, эмч, мэргэжилтнүүдээ түлхүү ойлголт өгөхийг зорьсон. Энэ сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Сургалт маань мөн хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа давуу талтай. Сургалтад хамрагдаж буй багш, эмч нар, өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг чадавхжуулж, хэрэглэл материалаар хангаж өгч байгаад маш их баяртай байдаг. Энэ дагуу анхан шатны мэдлэг олгох сургалт хийж байна.

Хэл ярианы бэрхшээл тархины саатай адилхан олон шалтгаантай. Ихэвчлэн органик, функциональ, орчны, сэтгэхүйн гэсэн дөрвөн том шалтгаан байдаг. Эдгээрээс орчны, сэтгэл зүйн шалтгаан нь орчинтой холбоотой. Жишээлбэл, хүүхэд хэлд орох үед эцэг, эх нь үл хайхарсан маягаар, зурагт үзүүлдэг ч юм уу, эсвэл нэг үгээ буруу хэлэхэд түүнийг нь засаж өгөөгүйгээс хүүхэд хэл ярианы бэрхшээл, хоцрогдолд ордог.

Манай эцэг эхчүүд энэ бүгдийг хүлээж авах нь бага. "Өө гайгүй ш дээ, манай хүүхэд зураг үзээд, гоё гадаад хэлтэй, Yes, ok гээд ярьдаг" гэдэг. Гэтэл хүүхэд маань хэдийнэ хэл ярианы гажуудалд орчихсон, хэл ярианы бэрхшээл үүссэнийг хэзээ хойно илрүүлж, сургуульд орохоос өмнө л анхаардаг.

Тэгээд “Манай хүүхэд энэ үгийг буруу хэлээд байна, одоо болохоо байлаа” гэдэг. Тийм болохоор хүүхдийг хэлд ороход анхнаас нь үгийг яаж зөв хэлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.

Нэг жишээ байдаг, хүүхэд гоё гээд хэлвэл гоё гэж хэлээд сурдаг. Гэтэл бид өхөөрдөж байна гэдэг нэрээр гоё доё, гого гого гэхчилэн хэлүүлээд, хүүхдийн хэл яриаг эвдээд, хэл ярианы хоёрдмол байдалд хүргээд байна гэсэн үг. Энэ мэт бид хүүхдээ хоцрогдолд оруулах, бэрхшээлтэй болгоход аав, ээж болон тухайн орчин их нөлөөлдөг.

Аутизмын хүрээний эмгэг бол ерөөсөө л зан үйлийн гажуудал, нийгэмшихүйн гажуудал, танин мэдэхүй, сэтгэхүйн цэвэр асуудал болчихдог. Хэл ярианы бэрхшээл хоцрогдлыг бага сартайд илрүүлэх тусам хүүхэд маань хөнгөн хэлбэртэй, засан сайжруулах чанар нь сайн байна. "Манай хүүхэд гайгүй ээ, зурагт үзээд, бидэнтэй харьцдаг шүү дээ" гээд байж байтал хүүхэд хэдийнэ орчноосоо өөрийгөө тусгаарлаад, давтагдмал шинж тэмдэг нь илрээд, өөрийгөө өдөөгөөд байдгийг эцэг эхчүүд маань хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн том бэрхшээл энэ.

-АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ БОЛОН ХЭЛ ЯРИАНЫ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДИЙН ТОО
МАШ ИХ ӨСӨЖ БАЙНА-

Нийслэлийн хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн хөдөлгөөн засалч Б.Бямбадэлгэр:

-Энэ сургалтын гол зорилго нь бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлэгт хамруулахын ач холбогдол, өрхийн эмнэлэг, цэцэрлэг дээр иймэрхүү эмгэгтэй хүүхэд ямар шинж тэмдэгтэй байдаг талаар ерөнхий ойлголт өгөх сургалт. Хоёр дахь жилдээ явагдаж байгаа, маш их үр өгөөжтэй сургалт гэж хувьдаа бодож байна.

Ажиглаад байхад, сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний болон хэл ярианы эмгэгтэй хүүхдүүдийн тоо маш их өсөж байна. Энэ эмгэгийн шалтгаан тодорхойгүй. Тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн анхаарал халамж маш сайн байх ёстой.

Оношлогдоод ирж байгаа хүүхдүүдэд бид хэдий хөдөлгөөн заслын дасгал хөдөлгөөн, мчилгээ хийлээ ч гэртээ очоод ээж, аав нь юу ч хийлгэхгүй бол тэр хүүхдэд ахиц, үр дүн гарах ямар ч боломжгүй. Тэгэхээр эцэг эхийн анхаарал халамж, хариуцлага чухал. Энэ хүүхдэд ийм дасгал хийлгээрэй гээд даалгахад гэртээ эцэг эхчүүд нь давтан хийлгэх ёстой. Манай эцэг, эхчүүдийн оролцоо ер нь сул байдаг.

Өнөөдрийн сургалтад хамрагдаад, гурван багшийнхаа заасныг түгээн дэлгэрүүлээд, өрхийн эмнэлэг, цэцэрлэг сургуулиудад тараагдсан хэрэглэгдэхүүнүүдийг зөв зохистой ашиглах, хүүхдээ оношлохдоо тогтмол хэрэглэхийн ач холбогдлыг ойлгож аваасай гэж хүсэж байна.

-“ХҮҮХДИЙГ ИВЭЭН САН”-ГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН
ТӨВ ТОХИЖУУЛЖ ӨГЧ БАЙНА-

Нийслэлийн 81 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Эрдэнэтуяа:

-Би тэгш хамруулах боловсролын сургагч багшаар намраас энэ сургалтад хамрагдаж байна. Хүүхдүүдээ бид тэгш, хүртээмжтэй, цогц үйлчилгээнд хамруулж чадахгүй байна гэж үздэг.

Оношлогдоогүй маш олон хүүхэд байна. Манай цэцэрлэг дээр оноштой хоёрхон хүүхэд бий. Түүнээс гадна ангиудад хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шинж тэмдгүүд илэрдэг, 4 настай мөртлөө хэл ярианы бэрхшээлтэй эмгэгтэй 2-3 хүүхэд ажиглагддаг. Тэдгээр хүүхдүүддээ анхан шатны ямар дасгал, хөдөлгөөн хийлгэх, хэл яриаг нь хэрхэн дэмжих талаар энэ удаагийн сургалтаар ойлголт авлаа.

Манай цэцэрлэг “Хүүхдийг ивээх сан”-гийн төсөлд хамрагдан, Хүүхэд хөгжлийн танхимтай болсон. Ийм танхимтай болсноор олон давуу тал гарч ирсэн. Жишээ нь: Бид оношлогдоогүй хүүхдүүдтэй ажиллах журам гаргаад, түүнийхээ дагуу хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ АУТИЗМТАЙ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ-

Сонгинохайрхан дүүргийн II хорооны “Анан” өрхийн эмнэлгийн хүүхэд хариуцсан ажилтан Э.Байгалмаа:

-Манай өрхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон 40 орчим хүүхэд бий. Одоо явагдаж буй илрүүлгээр ийм бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр бид 9, 18, 36 сартай хүүхдүүдийг эрт илрүүлэгт оруулахад шаардагдах тоног төхөөрөмж, өрөө тасалгаа, орчин нөхцөл илүү сайжирсан.

Хөгжлийн хоцрогдлын илрүүлэгт хамруулах хүүхдүүдийн хувь ч өсч байна. Эцэг эхчүүд хүүхдээ аутизмтай гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай ер нь удамдаа тийм байсан даа. Аав нь багадаа их хөдөлгөөнтэй, бүрэгдүү байсан гэж хэлдэг байсан бол сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд харьцангуй гайгүй болж байна.

Аутизм бол өвчин гэхээсээ илүү харилцааны эмгэг шүү дээ. Хүүхэдтэйгээ хэрхэн, зөв харилцаж байна, яаж бие дааж байна зэргээс шалтгаална. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ тулж харьцдаг цаг хугацаа их хомс болсон. Аутизм сүүлийн үед их нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан энэ. Мөн энэ өвчнөөр өвчлөх шалтгааны 40-50 хувь нь дэлгэцийн хэт хамаарал гэдгийг судалгаагаар тогтоосон. Эцэг эхчүүд ажлаасаа тарж ирээд, өөрсдөдөө их цаг зарцуулдаг.

Утсаа, дэлгэцээ үзээд суучихдаг. Хүүхэд мэдээж эцэг, эхээ харж хөгжиж байгаа учраас хүүхэдтэйгээ илүү их ярилцах, харилцах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ тоглох, анхаарах цаг хугацаа их бага болсон. Жишээ нь, 9, 18, 36 сартайн үзлэгт ирнэ шүү гэхэд ажилтай гээд ирэхгүй байх тохиолдол маш их гардаг.

Бидэнд сэргээн засах, хэл яриа, хөдөлгөөн, хөдөлмөр заслын сургалт маш их хэрэгтэй байсан. Жишээлбэл, хэл ярианы хоцрогдолтой хүүхэд байна гэж үзээд, хэл заслын төв рүү илгээдэг. Дараа нь хяналт тавихад маш их хэрэгтэй сургалт болж байна. Ийм сургалт хэрэгтэй юм байна шүү гэдгийг эцэг эхчүүдэд сануулах, мөн дасгал хөдөлгөөнөө хийж чадахгүй байгаа хүмүүст зааварчилгаа өгч хянаад байх боломжтой болж байна.

-ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛСНААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ХОЦРОГДОЛЫН ИЛРҮҮЛЭГ НЭМЭГДСЭН ЗЭРЭГ ҮР ДҮНГҮҮД ГАРЧ БАЙНА-

“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн ажилтан Б.Цэцэнбилиг:

-0-5 насны хүүхдийн хөгжлийг тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр дэмжих манай төсөл 2024 оноос хойш хэрэгжиж байна. Өрхийн эмнэлэг, цэцэрлэг, эцэг эхчүүдийн оролцоог бүх талаас нь хангаж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хоцрогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой төсөл.

Энэ жил шинээр төсөлд хамрагдсан “Мэнд арвижих”, “Анан”, “Нэмүүлэн” гэсэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гурван өрхийн эмнэлгээс эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүд сонгож, сэргээн засах сургалтдаа хамруулж байна.

Өнгөрсөн ес, аравдугаар сард нийт 10 өрхийнхөө эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан модул сургалт явагдаж, арваннэгдүгээр сард Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад энэ сэргээн засахын сургалт зохион байгуулагдсан. Одоо хамгийн сүүлийн буюу шинээр төсөлд хамрагдаж буй Улаанбаатар хотын өрхийн эмнэлгийн эмч, цэцэрлэгийн багш мэргэжилтнүүдийг сэргээн засахын сургалтдаа хамруулж байна.

Сэргээн засах сургалтыг хөдөлгөөн, хэл засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүд удирдан явуулж байна. Энэ сургалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг илрүүлсэн тохиолдолд дараа дараагийн ямар эмчилгээнд хамруулах вэ, эрт илрүүлгийн ач холбогдол нь юу вэ, хүүхдүүдэд ямар ямар сэргээн засах нэмэлт эмчилгээ шаардлагатай болдог вэ зэргийг ойлгуулах ач холбогдолтой сургалт зохион байгуулж байна.

Мөн аутизм, хэт хөдөлгөөнтөх эмгэг, хөгжил хөдөлгөөний хоцрогдол бүхий хүүхдүүдийг хэрхэн яаж таних вэ, тусламж яаж үзүүлэх вэ, эмгэг илэрч оношлогдоод буцаад өрхийн эмнэлгийн хяналтад ирж байгаа тохиолдолд тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө тусламжийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр дэмжлэг болох үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.