С.Зоригийн хэргийн гэрчүүд юу өгүүлэв

Д.Тулга / Хууль

zorig

Зураг: C.Зориг агсаны амьдарч байсан байр(зүүн талаасаа)

zorig

Зураг: С.Зориг агсан энэ хаалганы цаана хэрцгийгээр алуулжээ

zorig

Зураг: Хаалга нь лацтай байв

“Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилсан талаарх дуулиан хэд хоногийн өмнө тархаж, тун удалгүй албаны эх сурвалжууд энэхүү мэдээллийг нотлов. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн шөнө баривчилсан бол өнгөрсөн даваа гаригт хорих хугацааг нь 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.

Албаны эх сурвалжууд ямар шалтгааны улмаас түүнийг баривчилсан талаар маш их нууцлаж буй хэдий ч олон нийт үүнийг нөхрийнх нь аллагатай холбон тайлбарлаж байна. Учир нь Д.Булгантай хамт тус хэргийг үйлдсэн байж болох хоёр эрэгтэй хүнийг саатуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Тиймээс ч бүхэл бүтэн 17 жилийн өмнө гарсан энэхүү аймшигт улс төрийн захиалгат гэгдэх аллагын эзнийг олсон юм биш биз дээ гэх хүлээлт үүсээд байна.

Тэртээх 17 жилийн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болох залуугийн талаар ойр хавийн оршин суугчид нь тухайн үед "Өглөөний сонин"-д юу гэж ярьж байсныг сануулъя.

zorig

Зураг: Гэрч эмээгийн амьдарч байсан 33-р байр(С.Зориг агсаны байрны яг эсрэг талд)

zorig

Зураг: 33-р байрны орц. Энэ орцонд сэжиг бүхий этгээд цонх ширтэн зогсдог байжээ

Zorig

Зураг: 33-р байрны цонхоор С.Зориг агсаны гэрийн цонх ингэж харагддаг

-ӨӨРИЙГ НЬ ХАРААД ХААЛГАНЫ АРААР НУУГДСАН НЬ СЭЖИГ ТӨРҮҮЛЖЭЭ-

Нэгдүгээр гэрч бол С.Зориг агсны байрны зүүн талд байрлах 33-р байранд оршин суудаг нэгэн эмээ. Тэрбээр 1998.09.29-ны мягмар гаригийн өглөө нэг залуу гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байхыг харсан байна. Эхний удаа нэг их анзаараагүй ч үдээс хойш ач хүүгээ сургууль руу нь гаргаж өгөхөөр гарч ирэхэд мөн л зогсож байсан аж. Орой хүүгээ тосохоор гарахад нь ч мөн л зогссон хэвээр байсан гэх. Тиймээс гайхсан эмээ яагаад энд өдөржин зогсоод байгааг нь асуухад “Би хүн харж байна аа” гэж хэлжээ.

Маргааш нь буюу 1998.09.30-ны орой 18 цаг арай болоогүй байхад эмээ ачтайгаа талийгаачийн байшингийн булангаар гараад, гэр рүүгээ ирж явтал нөгөө залуу, өчигдрийн хувцастайгаа аптекийн үүдэнд зогсож байснаа эмээг харуутаа хаалганы араар ухарч далд орсон байна. Тэгэхэд л анх эмээд ямар нэгэн муу совин татаж, сэжиг төрсөн гэдэг. Энэ аймшигт хэрэг гарсны дараа С.Зоригийг бусдын гарт хэрцгийгээр алуулсан талаар сониноос олж уншсан төдийгүй сонин дээр гарсан алуурчны ам зургийг харсан даруйдаа хоёр хоногийн өмнөөс байрных нь ойр хавиар эргэлдээд байсан өнөөх залуутай их төстэй байсныг санасан байдаг.

ЭМЭЭ СЭЖИГ БҮХИЙ ЗАЛУУГ ДҮРСЛЭХДЭЭ: Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуу, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюк, ботинктой, догшин, ширүүн биш жирийн л нэг байдаг хүн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн яриатай.

zorig

Зураг: Хоёр дахь гэрч залуугийн амьдарч байсан 5-р байр

zorig

Зураг: 5-р байрны орцонд сэжиг бүхий залуу мөн л цонх ширтэн зогсдог байжээ

zorig

Зураг: 5-р байрны орц

-ХААЛГЫГ НЬ ХӨШСӨН БАЙСАН ТУЛ ХУЛГАЙЧИЙН ХАМСААТАН ХЭМЭЭН СЭЖИГЛЭЖЭЭ-

Хоёрдугаар гэрч бол С.Зориг агсны байрны хойд талд байрлах тавдугаар байрны оршин суугч залуу. Тэдний байрнаас С.Зориг агсны байрны цонх маш тод харагддаг аж. Энэ залуу мөн л өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гарахдаа, өдөр ч бас уг сэжиг бүхий залууг харсан байдаг. Бүр нэг удаа ч биш даваа, лхагва, пүрэв гаригт байнга харжээ. Тэр залуу орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдүгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан гэх бөгөөд “Хэнийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар” гэж хэд хэдэн удаа загнахад “Би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ өдрүүдээс хэд хоногийн өмнө буюу 1998.09.27-нд тавдугаар байранд оршин суугч залуугийн гэрийн хаалгыг хулгайч хөшсөн байсан тул тухайн үед сэжиг бүхий өнөөх залууг хулгайчийн хамсаатан байх гэж сэжиглэжээ. Улмаар хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогүй байна. Хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хүн мөн байна гэдгийг мэдсэнээ тэрбээр ярьсан байдаг.

Гэрч залуугийн хаалгыг хөшсөн гэх энэ байдал нь цагдаа ямар хугацаанд ирж болохыг мэдэх, гэмт хэргээ үйлдсэний дараа оргон зайлж болох хугацааг тандах хэлбэр байсан байж болох тухай хуулийн нэгэн ахмад ажилтан таамаглан ярьж байсан удаатай аж.

ГЭРЧ ЗАЛУУ СЭЖИГ БҮХИЙ ЗАЛУУГ ДҮРСЛЭХДЭЭ: Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргүй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан.

zorig

zorig

-ЭМИЙН САНГИЙНХ НЬ ҮҮДЭНД ӨДӨРЖИН ЗОГССОН ТУЛ АЙХДАА СЭЖИГЛЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Гуравдугаар гэрч бол тавдугаар байрны зүүн булангийн нэг давхарт байрлах, гаднаа тагт бүхий (одоо энэ эмийн сан байхгүй болжээ) эмийн сангийн худалдагч. Сэжиг бүхий өнөөх залуу түүнийг аптекаа нээх үед гадна тагтны үүдэнд зогсож байсан гэх бөгөөд өдөржин зогссон байдаг. Айж эхэлсэн эмийн санч Хөөе, чи наанаа юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм бэ?” гэхэд толгойгоороо эргэж хараад мөн л “Хүн хүлээж байна” гэх хариулт хэлсэн байдаг. Ингээд орой 16-17 цагийн үед алга болчихсон байсан гэх бөгөөд цонхоор хартал талийгаачийн байрны зүүн урд байдаг цэцэрлэгийн тэндээс аптек байрладаг байшингийн баруун өнцөг рүү гүйж байсан аж. Эмийн сангийн худалдагч орой 19 цагийн үед аптекаа хааж байхад тавдугаар байрны баруун захын орцны өмнө зогсож байсан гэдгийг гэрч бүсгүй ярьсан байдаг.

ЭМИЙН САНЧ СЭЖИГ БҮХИЙ ЗАЛУУГ ДҮРСЛЭХДЭЭ: Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй. 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хүний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ налуулж самнасан, ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нүдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нүдний шилгүй, овойж товойсон булчин, шөрмөсгүй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргүй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгүй, үсэрхэг хүн биш, айхавтар айлгахаар төрхгүй, тийм содон бус хүн байсан.

Энэхүү гэрчүүдийн ярьсан сэжиг бүхий залуу С.Зоригийг алсан алуурчин, эсвэл огт биш ч байж болно. Үүнийг хэн ч баталж чадахгүй. Харин Д.Булганыг хоёр залуугийн хамт баривчилсан гэх дуулиан гарсаны дараахан цагдаа, хууль хяналтынхан энэ хэргийг илрүүлсэн, сэжигтнийг олсон гэдэгтээ бат итгэлтэй байгаа хэмээн ярьсан талаар эх сурвалж мэдээлсэн. Одоо хүлээх л үлдлээ.

Б.ЦЭЛМЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000